“Болор цом”наадам судлагдахуун болсон



Монголчууд жил бүр тайзан дээрээс яруу найргаар ярьж, учирлаж, ухааруулсаар 42 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Би тун удахгүй яруу найргийн “Болор цом” 42 дахь удаагийн наадам болох тухай өгүүлээд байгаа хэрэг. Дорнын ард түмэн тэр дундаа монголчууд уянгалаг. Ярих нь хүртэл урлаг мэт цэцэлсэн, зүйрлэсэн, зөгнөсөн, хайрласан өгүүлэмжээр дүүрэн сонсогдох. Дэлхий дээр үгийн ур, ухааны шидээр амилах яруухан шүлгээр наадамлах ард түмэн тун ховор гэдэг. Яруу найргийн “Болор цом” наадмыг байх ёстой, эсвэл бүр огт хэрэггүй гэж маргах нь бий. Миний хувьд сэтгэлгээний олон өнгийг илэрхийлж, сэтгэлийн долоон эгшгийг уянгалуулдаг ийм наадам байх ёстой гэж бодно. Хэт их материаллаг хэрэглээ давамгайлсан өнөөгийн ертөнцөд үгийн уран, билиг оюунаар  цэнгэлдэн наадах юуны буруу байх вэ. “Болор цом” яруу найргийн наадам анх зохиогдохдоо зорилго, агуулгын хувьд даян дэлхийн энх тайван, улс орнуудын ган бат найрамдал, нөхөрлөлийг магтан дуулах байсан гэдэг. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн санаачилгаар эхэлсэн “Болор цом” яруу найргийн наадамд түүний “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлэг түрүүлсэн нь зорилго, агуулгаа төгс илэрхийлж байсныг илтгэх ажээ. “Болор цом”зохиогдох бүрдээ уг наадмын тайзан дээр шүлэг уншсан эрхмүүдээс нэгийг нь шалгаруулан, гарт нь мөнөөхөн “Болор цом”-оо атгуулж яруу эгшгийн Янжинлхам бурхны зурмал, хатгамал хөрөг, мөнгөн шагналаар мялаадаг уламжлалтай болов. Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг”-ээ хэлсний хойтон жил нэрт яруу найрагч, Ардын уран зохиолч Д.Цоодол тайзан дээрээс “Нэр нь тодроогүй баатрууд”-аа дурсан болор цом атгав. 

Нэр нь тодроогүй 
баатрууд минь Та нар
Нэлэнхүй энэ хорвоод яасан 
олон юм бэ
Бичих нэргүй, оноосон 
хөшөө ч үгүй
Биднээс чухам хичнээн нь үүрд буцсан юм бэ... хэмээн харуусал дүүрэн өгүүлж эхлэх эл шүлгийн утга санаа дайнд үрэгдсэн баатруудаа нэхэн дурсах бөгөөд бид ч мөн ялгаагүй үзэл санааныхаа төлөө та нар шиг зогсож, амиа зольж чадна гэх уриалан дуудсан өнгө аясаар төгсөх аж. Наадам зохиогдож эхэлсний гурав дахь жил Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Шагнал”-ыг тодорхойлж: 
...Орчлонг хувьсгасан Ленин
одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон...хэмээн урт гэзгээ сэгсэрсээр орж ирлээ. Эдгээр шүлгийн утга агуулга социалист нийгмийн үзэл санааг хамгаалсан өнгө аяс уншигдах бөгөөд ийм агуулгатай шүлгүүд шүүгчдийн саналыг авдаг байсан нь анзаарагдана. Дэлхийг хуваагаад байсан хоёр туйлт ертөнцийн нэг социалист лагерыг толгойлж байсан ЗХУ-д өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэж эхэлснээр улс хоорондын харилцаа дулаарч эхлэв. Энэ үед үзэл суртлын чигч, хатуу бодлого суларч эхэлсэн 1980-аад оны дулаарал урлаг, утга зохиолд ч нөлөөлж эхэлжээ. Алтай нутгийн уянгат яруу найрагч Т.Очирхүү: 
...Өвдөг тулж мөлхсөн
Өлмий тулж боссон
Сэтгэл хvлэг хоёроо 
цуг аргамжсан
Сэрvvн Алтайн минь ширхэг чулуу... хэмээн Алтайн их уулсын “Чулууны магтаал”-аа дуулан зогссон нь үүнийг гэрчлэх биз.   
Энэ үеэс хойш яруу найргийн наадам жинхэнэ “Гал” гарсан уран бүтээлийн тулааны талбар болов. Иргэний утга уянга давамгайлсан шүлэг яруу найраг үзэгч, шүүгчдийн дэмжлэгийг авч танхим үзэгчдийн нижигнэсэн алга ташилтад мансуурч байсан гэхэд хилсдэхгүй. Ардын уран зохиолч П.Бадарч “Тэмээ”-гээ туун гарч ирээд тав дахь “Болор цом”-ыг өвөртлөөд мордсон бол, Ардын уран зохиолч Т.Галсан “Жирмийн сүлжээ” дөрвөн мөртөөр үзэгчдийн сэтгэлийг гөрж зургаа дахь түрүүг авав. Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгээр овоглогдох, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: хэдэн муусайн “Малчин”-аа л гэсээр цомын эзэн яруу найрагч болж байлаа. Социалист нийгмийн үед дарагдаж унтарсан эх оронч үзэл, монгол хүн гэх бахархал омогшлыг өдөөсөн шүлэг яруу найраг 1990-ээд оны нийгмийн шилжилтийн дараа уншигдах болсноор наадмын нэр хүнд улам өсөв. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо 10 жилийн сурагч байхдаа “Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт 
өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй” хэмээн “Тэнгэр”-т шүлгээ дуудан “Болор цом”-ын тайзыг дайлаар мордов. Түүнтэй хамт Монголын яруу найргийн ертөнц сэрж оюун санаа тэнгэр мэт агуу, уужим сэтгэх ёстойг ойлгосон болов уу. Энэ үеэс л яруу найргийн “Мөнгөн үе”гэгдэх А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Ц.Хулан,  Г.Мөнхцэцэг, Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга тэргүүтэй шинээр сэтгэгчдийн арми мэндлэн “Болор цом”-ын тайзан дээрээс үзэл санаагаа тунхаглан зарлаж үзэгчдийн сэтгэл зүрхийг омогшоож, огшоож байлаа. Хамгийн дуулиантай наадмууд энэ л 1990-ээд оны эхэн болон дунд үед өрнөж байсан юм. Дөрөө харшсан “Миний муусайн найз” нартайгаа Д.Цоодол, байраа тавих болоогүй Б.Лхагвасүрэн “Хил дээр бичсэн шүлэг”-ээ уншиж, П.Бадарч, Ш.Дулмаа, Т.Очирхүү, араас нь О.Дашбалбар, Б.Доржпалам, Ш.Гүрбазар, Д.Төрбат тэргүүтэй наяад оныхон ирлэсэн тонгорог шиг хурц үгсээр ерээд онд шуугиулж явлаа. М.Билэгсайхан гэж Говь-Алтайн эрийн “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ийг сонсон Эрээнцавын Д.Нямсүрэн найрагч Монгол ахуй, оддын тоос үнэртсэн шүлгүүдээ ширтэж суусан. 
Шинэ мянган гараад хүмүүсийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлт шүлэг, яруу найргийн өгүүлэмж, утга санаагаар илэрхийлэгдэнэ. Модернист фронт командлагч гэгддэг яруу найрагч Б.Галсансүх тэргүүтэй яруу найрагчид орчин үеийн чиг хандлагатай өгүүлэмж, гүн ухааны яруу найраг бичиж, уншиж эхэлсэн юм уу даа. Бидний уншиж дадсан, сайхан сонсогддог, өөрөөр хэлбэл хүн уншихад зориулсан ээж, аав, уул ус гэх мэт үгс сонсогдохоо больж хотын яруу найраг, хотын яруу найрагчийн илэрхийлэмж рүү чиглэсэн өнгө аяс давамгайлж ирснийг судлаачид онцолдог. “Болор цом”-ын тайзан дээрээс унших шүлэг тухайн үеийнхээ оюун санааны илэрхийлэл байсан нь харагддаг. Үе үеийн тэргүүн байрын шүлгүүд нийгмийн оюун санаа, үнэт зүйлийн өөрчлөлт юунаас юу руу солигдож байгааг харуулсаар ирсэн юм уу даа.  Түүнээс гадна тэргүүн шүлгийн яруу найрагчид шүлгээ уншихдаа танхимыг автуулах, үзэгчдийг хөөргөх драм, биеийн хэлэмж “Болор цом”-д хүрэх нэг алхам болдог юм болов уу. Д.Пүрэвдоржийн уран уншлага, Б.Лхагвасүрэн, Ц,Хулан, Б.Галсансүхийн хашгирах мэт гал цогтой өгүүлэмж, Д.Цоодол, М.Билэгсайхан, П.Бадарчийн аргадангуй автуулах хэлэмж шүүгчдийн оноонд нөлөөлсөн байхыг үгүйсгах аргагүй. Ард түмэн тунхагт дуртай. Тийм ч учраас түрүү шүлгүүд бүгд шахам тунхагын шинж чанартай шүлгүүд байдаг биз.
Тухайлбал, өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн яруу найрагч С.Начингийн 
“Орчлонд өчнөөн од харваж 
болох байсан
Гэвч биднийг хооронд нь 
мөргөлдүүлсэн
Гэрэл заагч сар нь чи байсан
Онцгой учрал, энэ амьдралаас 
хүсэж таашаах бүхний
Эхний амьсгал нь яаж эхэлснийг 
чи хийгээд бид мэдээгүй
Эх хүн үрээн тэврэхдээ ямархан 
ариусалд умбадгийг
Эмэгтэй хүний сэтгэлийн 
байгальд зочилж мэдрэхсэн
Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө...” хэмээсэн “Уучлалын шүлэг”-ийг өнгөрсөн зууны оюун санааг илэрхийлэх Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн 
“Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Америкийн цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чин халуун зүрхэнд
Атомын цэнэгт пуужин ониллоо...” гэх “Хүн төрөлхтөнд хэлэх үг”-тэй харьцуулан уншихад 40 жилийн хооронд бидний үнэт зүйл, үзэл санаа газраас тэнгэрт, гараг эрхсээс зүрх сэтгэлд гэх мэтээр агуугаас өчүүхэн рүү орсон мэт хэрнээ өчүүхнээс ертөнцийг ухах санаа өгүүлэх нь ойлгогдоно. Нийгэм солигдсоны дараа хувийн өмчтэй болсон ард түмэн монгол руугаа, монгол ахуй руугаа эргэж эхэлсэн нь Ц.Чимэддорж “Болор цом” наадмын тайзан дээрээс  

“Нарны даллагатай газар дээр 
хэдэн малаа гэж
Намрын дунд сарын арван 
тавны тэнгэр ажигласан
Цаг цагийн үерт төрхөө алдаж 
эвдрэлгvй
Цадиг туvх улбаалж өвгөдийнхөө 
нутагт эзэн суусан
Шигшиг дарсан тоонондоо утаа 
зуусан хадагтай
Ширмэл тойруулга дээрээ азын 
дөрвөн бэрхтэй
Давхиад буухад цоожгvй айл 
малчин таных
Даянд ганцхан цуургагvй сэтгэл 
малчин таных
Ботгоо голсон ингээ хөөслөн 
хамт уйлна
Бороо орохгvй болохоор овоогоо 
тайж даллана
Өөнтөгч хорвоод гомдвол 
хуураа татаж тайтгарна
Өөрөө өөртэйгөө ярьж орчлонгийн ээдрээг тайлна..." хэмээн “Малчин” шүлгээ уншин түрүүлж байснаас харагдах ажээ. Зохиолч, яруу найрагчид нийгмийн түүчээ байдаг уу эсвэл нийгмийн илэрхийлэмж байдаг уу. Үе үеийн яруу найрагчдын өгүүлэх санаа, үгийн ур, сэтгэлийн өнгө зэргийг илэрхийлэх “Болор цом” наадам тэнд уншсан шүлгүүд судлагдахуун болжээ гэдгийг өгүүлэх гэсэн юм. 

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24621/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22