А.Эрдэнэ-Очирын тунгалаг гуниг оршихуйн “Зам”


 ...Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй

Цээжний минь алсад эх орон бий... 

А.Эрдэнэ-Очир 

Хармаар бүсгүй
Хар нүдэн гэлцэх юм
Хайрлаад хөл алдсан нь
Олон гэлцэх юм
...энэхэн дөрвөн мөр хэний тухай өгүүлэх гэж буйг минь хэлүүлэхгүй илтгэнэ гэхээр өчүүхэн миний өр зүрх салхийн, өвдөг чичрэн, булчин сулрах ажаам. Их хүний тухай бага бичих вий гэдэг айдас ба хүндлэл. Харгис, хүйтэн ёст энэ амьдралын халуун гал шиг явсан түүнийг тунгалаг гунигийн найрагч гэх нь бий. Хааяа би түүний тухай бодохдоо “Яагаад дорно зүгээс ийм эгшиглэнт мөр сийлэх энгүүн хэрнээ эгэлгүй найрагчид төрдөг юм бол” гэж гайхширдаг. 
Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын шүлгүүдийг маш олон судлаач задлан шинжилж, сүүрс алдан бичсэн байдаг. Судлаач, утга зохиол шинжлэгч доктор Г.Батсуурь түүний шүлгүүдийг ерөнхийд нь “Хайр сэтгэлийн”, “Ертөнц, хүмүүн хийгээд хүн зүй, нүүдэлчдийн оршихуйн”, “Эх орны тухай” гэж гурав ангилж болно гэж үзжээ. Тэрбээр “Хар нүдэн” шүлгийн 
...Дэндүү хар нүднээс
Ямар нулимс гардаг юм бэ гэж
Дэргэдээ чамайг суулгаад би
Уйлуулж үзмээр санагдах юм...
гэх дөрвөн мөртийг А.Эрдэнэ-Очир гэдэг “Эрийн зөн мэдрэмж, бүр тодотговол эр амьтных нь зөн” хэмээгээд цааш нь “Магадгүй энд хайр сэтгэл гэхээсээ илүү амьтанлаг шинж чанар, далд ухамсрын түлхэц тод агаад аливаа эр амьтны хажуу хавиргандаа байх эмэгчиндээ өөрийн эр бярыг гайхуулан, мэдрүүлэх улмаар түүнийгээ эрхшээн дагуулах, харамнан хардах зөн дүрслэгдсэн. Энэ баримт бол А.Эрдэнэ-Очирыг зөнгөө барьж бичдэг найрагч гэдгийг харуулдаг юм” гэжээ. Түүний бичсэнтэй би санал нийлж байгаа ч өөрийнхөө сэтгэлд дүрслэгдсэнээ нэмж хэлмээр санагдсан юм. Дэндүү хар нүдтэй тэр нэгэн бүсгүй найрагчийн сэтгэлийн тэнгэрт байх хүрч боломгүй сахиусан тэнгэр мэт. Дэргэдээ суулгаад уйлуулж үзмээр санагдсан нь сэтгэлийг нь онгичиж намайг гэх өчүүхэн ч болов сэжүүр байна уу гэдгийг үзэхсэн гэдэг тэчъяадсан хүсэл гэж санагдана. Энэ хүсэл нь: 
Хар нүдэн минь
Харж амжаагүй л яваа
Харын хар нүдэн минь...
хэмээн энэ бадгийг дуусгаснаас нь харагдаж байна. Тийм тэнгэрлэг гоо бүсгүйн сэтгэл ямар бол. Түүний шүлгүүдийг амтархан уншихдаа ийм зөн, сэрэл мэдрэмж надад байсан ч болоосой гэж нууцхан атаархана. “Хар нүдэн” хэмээх энэ шүлгийг яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Болор цом” наадмын онгод цалгисан дэвжээн дээрээс намуухан хоолойгоор уншиж зогссоныг нь би санаж байна. “Болор цом” наадмыг хүлээлттэй болгодог яруу найрагчдын нэг нь тэр байсан. Дорнын их найрагч Эрээнцавын Д.Нямсүрэнгээс хойш үгийг урлаж энгүй шүлэг туурвисан нь тэр. Д.Нямсүрэн найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлэг дуудах гэж нэг л удаа ирэхдээ унших шүлгээ буудалласан айлдаа орхичихоод цээжинд байх ганц шүлгээ дуудчихаад буцсан гэдэг. А.Эрдэнэ-Очир найрагч “Хар нүдэн” шүлэгтээ: 
Дэндүү хар нүднээс дэндүү хол 
явмаар, эсвэл үнсмээр
Дэр нийлүүлж орчлон мөхтөл 
ханилмаар, эсвэл үхмээр
Урт намрын сүүлчийн ганц навч 
шиг бодол
Уймраа дуутай шувуу болж цээжин дотор дэвнэ...
үүнийг л би хүрч, халдаж боломгүй сахиусан тэнгэр мэт бүсгүй юу даа хэмээн ухаж ойлгосон бөлгөө. Хар нүдэн шүлгийн халдаж үл болох санаа энэ. Уншихад л санан жаргахын хүсэл, хясал зэрэг амтагдах нь хэцүү. 
Чамин навчтай модыг эр салхин 
оролдох нь
Чамайг хүсэн санаашрах миний 
зүггүй ааш шиг
Инээд чинь сувдрах танхил 
цагаан сарны доор
Илүү жаргал гэж байдаг бол 
чамаас л гуймаар даа...

Энэ ертөнцийн эр амьтны зөн гэдэг ийм. 
Түүний “Тунгалаг гунигийн шүлэгч” гэдгийг нь тодотгодог нэг шүлэг бол “Голын тохой дээр” хэмээх хайрын дууль юм. Цээжний алсад суух “Алдааг нь цуглуулахад жаргал амтагдам хонгор”-т бичсэн энэ шүлэг бүх цаг үеийн хайрын дууль дахь шаналанг “...тэнгэрийн цээлд нараар мэтгэн” сүлжжээ. 
Тэр нэг хаврын энгэрийн чинь 
гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний 
цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг 
суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр 
эхлүүлэн чамайг бодов...

Хайр гэдэг хөгшрөлийг үзэлгүй үүрд сайхнаараа сэтгэлд үлдэх ажаам. Гуниг зовлон хийгээд, баяр хөөр нь хүртэл минийх мэт санагдах түүнийгээ сэтгэлдээ үргэлж залуугаар нь дүрслэн шүтэх. Нэгэн насны амрагтайгаа заяа нийлж амьдран сууж чадаагүй хөнгөн гуниг, харууслаа шигтгэж:
Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр гур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ...хэмээсэн нь хожимдсон ч хамаагүй дурсамжаа сэргээн хослон жаргахыг ерөөж байсан болов уу. Түүний “Болор цом” наадмын сүүлчийн шатанд уншсан “Зам” шүлэгт:
...Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам..
. гэсэн өгүүлэмж бий. Гүн бодлогшрол, орчлонгийн эрээн барааныг эрээ цээргүй өгүүлсэн мэт. Ухаан, тэнэгрэл хоёр нэг хүнд орших агаад амьдралд минь таарах сайн муу бүхэн түүнээс салаалан хөгжих буюу. 


Зам

Ээж минь анх сүүгээр чулууг нь зөөллөж
Эцэг минь өргөсийг нь түүсэн цэцэгт зам
Үйлийн үрийн усанд эвдэгдсэн эхлэлтэй
Уулзахын баярт эгцэрч яараад
Хагацлын гунигт донсолсон донхолтой
Учир байдлын хорвоод гэнэн сэрэмжгүй төөрсөн
Униарт мушгиа хавцал дээр
Ухаантан тэнэг хоёр ээрсэн
Миний зам
Хажуу бургасанд гөрөөс янзагалж
Асга хаднаас янгир хальсан энэ замд
Хаврын толгод дунд ингэ гунганаж
Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд
Тал санаашрал намрын тэнгэр уйлагнаж
Тогоруу буцсан энэ замд
Тавилан заяаны харгуй дагаж
Ноход хуцсан энэ замд
Салаа гэзэгтэй охин амраг болон учирч
Үрийн баяр хотолж хамт алхая
Салхины буруу зүүдэнд аавыгаа алдаж
Нулимс хамт асгав
Сүүлчийн ганц дэлхий цагийн хязгааргүйд уусахад ч
Сүү татуулан гэрэлтэх тодын тод зам
Энэ миний хувьхан заяаны зам аа

Голын тохой дээр

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр
Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг 
харжээ суугаад
Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд 
нараар мэтгэн
Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн 
гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь
Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад
Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой
Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь 
тохой дээр санаашран
Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд 
хөндүүр төрнө

Тэр нэг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл
Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов
Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш
Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагийн төгөлд уулзуулан зурж
Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү
Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж
Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод
Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө
Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж
Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад
Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна
Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж
Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн 
салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь
Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь
Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас
Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд
Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой
Амрагийн санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа
Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22