Швед Монголын соёлыг хэн, хэзээ, хэрхэн холбосон бэ


Шведэд Монголын түүх соёлын холбогдолтой гурван томоохон цуглуулга сан хөмрөг бий. Эхнийх нь Уппсала хотын Их сургуулийн номын санд ойролцоогоор 2000 гаруй орчим гар бичмэл, 3000 орчим гэрэл зураг бий гэх бөгөөд үүнийг цуглуулсан Жоэл Эриксон хэмээх швед хүн 1913-1915 онд хүрээнд ирж амьдарч байгаад өмнө тийш яваад дараа нь 1923-1925, 1945-1947 онуудад мөн эргэн ирж сууж байжээ. Түүний гайхалтай гэрэл зургийн цуглуулгын томоохон хэсэг нь Уппсалагийн их сургуулийн номын сан, Үндэсний архив болон Стокгольм дахь Зүүн Азийн музейд хадгалагдаж байгаа гэнэ. Стокгольм дахь Угсаатны зүйн музей болон Зүүн Азийн музейд Жоэл Эриксонтой холбоотой 700 гаруй үзмэр бий гэнэ. Түүний цуглуулгыг хүү нь өвлөж байгаад Уппсалын Их сургуулийн багш Степан Розэнд өвлүүлсэн гэдэг. Мөн энд буй өөр нэгэн сонирхолтой өв бол 1705 онд зохиогдсон гэх Ойрад, Халхын газрын зураг юм. Энэ газрын зургийг Швед рүү аваачсан хүн нь Иохан Густав Рэнат (1658-1745) хэмээгч. Тэрбээр Алтайд алтны хайгуул хийж явсан гэх бөгөөд Ойрадын Цэвээнравдангийн цэрэгт олзогдож, дайн тулаанд хамт явж их бууны эд анги, сум цутгах, зэвсэг урлах мэт дархны ажил хийж байжээ. Мэдээж тэр үнэнчээр хүчин зүтгэсэн байна. Буцахад нь түүнийг үнэнч байж сайн тусалсан хэмээн нэлээд шан харамж өгснөөс гадна, татвар бүсгүйчүүдтэй болгож буцаасан байна. Өнөөгийн Стокгольмын төв номын сангийн байшин сүндэрлэсэн буурин дээр нэгэн монгол бүсгүйн оёдлын газар байрлаж байсан гэдэг. Ойрд монгол бүсгүйчүүдийн удам Шведэд үргэлжилсээр үр хойч нь тасраагүй байх даа. Сурвалжлан хөөцөлдөж болох л сэдэв.

Манай судлаачдын онцлон сонирхдог нь дээр дурдсан газрын зураг. Густав Рэнат нутаг буцахдаа энэ газрын зургийг авч явсан нь хожмоо Шведийн хаант улс Монголыг шохоорхох гол зүйл болжээ. Үнэт ховор энэ газрын зураг нуугдмал байдлаар гараас гар дамжсаар олон он жилийн хойно мөнөөх Эриксоны цуглуулгын сантай хамт Уппсалын их сургуулийн номын санд хадгалагдан үлджээ. Хоёр дахь цуглуулгын сан хөмрөг гэвэл дипломатч, түрэг судлаач Донит Ярингийн угсаатны зүйн холбог­долтой ном, гар бичмэлийн өв юм. Энэ өв бол өмнөд Шведийн Лүндийн их сургуульд хадгалагдаж буй юм. Мөн л баримжаагаар 3000 гаруй гар бичмэл, 800 гаруй ном байгаа гэнэ. Гурав дахь нь Шведийн алдарт аялагч, судлаач Свен Хэдиний цуглуулга, баялаг бөгөөд алдартай. Свен Хединий угсаатны зүйн музей гэж байгаад эдүгээ бүх зүйл нь Шведийн Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй гэнэ. Энд Халх, Халимаг гэрээс эхлээд овор томтой бурхан, шашны эд зүйлс, Монголын түүх угсаатны зүйн холбогдолтой гар бичмэл үлэмж тоотой бий. Свен Хэдиний цуглуулгад Эриксон, Ларсон, Эндрюс, Рерих тэргүүтэн Монголд аялсан хүмүүсийн гар бичмэл, судалгааны эх сурвалжууд хадгалагдаж байдаг бөгөөд тэндэх гар бичмэлийн цуглуулга 5000 орчим гэсэн баримжаа байдаг.


Шведэд буй Монголын түүх соёлын холбогдолтой өвүүд төдийлөн судлагдаагүй. Энэ орон зайг Монголоос нөхөх боломж харагдаж байна. Лүнд, Уппасала их сургуулиудад Монгол судлаачид багшлахын хамт энд буй өвүүдийг оюутануудын хамт бүртгэх судлах, хэвлэн нийтлэх, үзэсгэлэн байгуулах ажил нээлттэй байна. Арав гаруй жилийн өмнө Монголд аялж яваа Пэр Бергстройм хэмээх швед залуугаас уулзах хүсэлт тавьсан захидал хүлээн авлаа. Орчуулагч, хэвлэн нийтлэгч тэрбээр Монголын яруу найргийн тухайд ихэд сонирхож байв. Тэрчлэн уламжлалт Монгол бичгийн тухайд, ялангуяа яагаад хэрэглэхээ больсныг асууж хуучин монгол бичгээрээ бичиж үзүүлэхийг хүсэв. Тэр уулзалтаас хойш хэдэн жил өнгөрөв. 2015 оны аравдугаар сард Алтанчимэг гэх цахим хаягаас Шведийн “Sydsvenskan” сонины аравдугаар  сарын 8-ны буюу Нобелийн утга зохиолын шагналтныг зарлахын урьд өдрийн дугаарын холбоос илгээсэн байв. Шведэд амьдардаг монгол уншигч маань надад хандан “Та Нобелийн шагналд нэр дэвшсэн юм байна” хэмээх дагалт бичвэрээ цахим хуудсанд нийтэлсэн нь нууцыг задалчихсан хэрэг. Өнөөх хэдэн жилийн өмнө уулзсан Пэр Бергстройм залуугийн бичсэн миний тухай нийтлэл болон хэдэн шүлгийг минь швед хэлнээ орчуулаад хэвлүүлснийг манай сонин сайтууд хэдийн орчуулаад хэвлэчихсэн юм.

Дөрвөн жилийн өмнө Пэрээс Швед-Монголын яруу найргийн харилцан орчуулгын хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн саналтай захидал ирэв. Тэгэхдээ Шведээс дөрвөн хүн: зохицуулагч болон гурван яруу найрагч, Монголоос мөн адил тоотой баг хамтарч ажиллая, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл байваас сайн гэжээ. Ийнхүү бид гурван жил хэлэлцсэн захидал харилцааны дараа өнгөрсөн 2023 онд төслөө хэрэгжүүлсэн. Дэлхий даяар тархсан цар тахал ч энэ төслийг гурван жил хөл хорионд оруулсан юм шүү. Магнус Олссон, Женни Түнедал, Мерима Диздаревич нарын гурван яруу найрагч, Пэр Бергстройм Швед талын зохицуулагч. Тэрбээр Шведийн Малмой хотын номын санд “Олон улсын яруу найргийн тайз” хэмээх хөтөлбөрийг удирддаг туршлагатай зохион байгуулагч аж. 

Монголын зохицуулагчаар О.Мөнхнаранг томилж, М.Уянсүх, Б.Баясгалан бид гурав сонгогдов. Орчуулгуудтай нь өмнө танилцсан учраас эхлээд эх хэлээрээ шүлгээ уншиж шүлгийн хэм хэмнэл, хэлний онцлогийг ойлголцоно. Дараа нь тухайн шүлгийн түүхээ ярина. Мөр бадаг, үг үсгээр нь задалж тайлбар хийнэ. Ингээд өөд өөдөөсөө харж суугаад англи эхээс монгол, швед хоёр хэл рүү буулгана. Хэдэн өдрийн турш хамтдаа, бие биеийнхээ яруу найргийг ойлгох гэж, хэл соёлын ялгааг даван туулах гэж, бас өөр өөрийн эх хэлнээ яруу сайхан буулгахаар ажиллав. Би бээр Шведийн гурван яруу найрагчаасаа, эхлээд нэг нэг шүлэг орчуулах гэж оролдов. Анх уншаад тэдний шүлгүүдийг огт ойлгосонгүй, ер төсөөлөлд огт буусангүй. “За больё” ийм шүлгүүдтэй ажиллаж чадахгүй гэж шантарснаа зохицуулагч нарт шивнэлээ. Тэд “ухрах газаргүй” гэж байна.

 Женнигийн шүлэг нас барахын өмнөх хүлээлгийн өрөөний тухай гэнэ. Шведэд нас барах нь тодорхой болсон хүнийг нөгөө ертөнцөд буцахын өмнө асрамжилдаг газар байдаг аж. Магнусын шүлэг ой санамжаа алдсан хүний ертөнц рүү өнгийсөн байна. Мерима Атлантын далайгаар Шведэд цагаачилж ирсэн югослав хүн юм байна. Шүлгээс нь тэр л үе нь дурсагдана. Олон ч удаа ярилцлаа. Оролдсоор байлаа. Хэдэн өдрийн дараа орчуулга тун гайгүй эвлэсээр. Нөгөө гурвынхаа дотоод шаналан, тайтгарал, шүлэгтээ илэрхийлсэн сэтгэлийнх нь эмзэглэл, хайрлалыг мэдэрсээр, ойлгосоор л байлаа. Хэд хэдэн шүлэг орчуулав. Амжилттай. Урамтай. Бидний орчуулсан шүлгүүд монголчуудад яаж буух бол. Санаа зовоосон гол зүйл энэ байлаа. Хөтөлбөрийн хаалтын уншлага болов. Шүлгийг нь өөрсдөөр нь уншуулаад дараа нь орчуулгаа бид дуудав. Уран зохиолын анд нөхөд, залуус дүү нар маань Шведийн яруу найрагчдын шүлгийг сэтгэл догдлон сонсож, шаагисан алга ташилтаар мялаав. Тайзан дээр тэврэлт. Бас дахин тэврэлт…

Швед–Монголын яруу найргийн орчуулгын хөтөлбөрөөс бидэнд үлдсэн туршлага сургамж олон. Яруу найрагч, яруу найрагчаа сонсох, яруу найрагч, яруу найрагчаа ойлгох, яруу найрагч, яруу найрагчаа орчуулах. Ийм дүгнэлтэд хүрэв. Яруу найргийн орчуулгын өвөрмөц, сонирхолтой туршлага бий болов. Өнгөрсөн хаврын дунд сард Улаанбаатараасаа мордож Шведийн хаант улсын хойд нутаг болох Умёо хот дахь Олон улсын утга зохиолын өдрүүдээс аяллаа эхлэв. Хориод орны нэг зуун тавин зохиолч уригдсан гэж танилцуулав. Миний хуучин танил Пэр Бергстройм, яруу найрагч Женни Түнедал хоёр тэнд ирсэн байлаа. Эхний орой Пэр маань дагуулсаар нэгэн гоёмсог, сэтгэл татсан номын кафед аваачив. Зохиолчдын хөрөг. Тайз. Дуу цацруулагч. Хоол. Дарс, шар айраг сөгнөөстэй. Дутуу юм алга. Хоол зооглох уу л гэнэ, дарс сөгнөх үү л гэнэ. Швед эмэгтэй зохиолч хүүрнэл зохиолын шинэ номын хэсгээсээ бараг хагас цаг уншив. Хүмүүс тун анхааралтай сонсоно. Түүний дараа дуу хуур. Шведийн уугуул Сами хэмээх цаатан үндэстний ардын дуу гэнэ. Манай цаатны аялгууг санагдуулж байна хэмээн би Пэрт шивнэлээ. Дараа нь намайг тайзнаа урив. Шүлгээ дуудаж эхлэв. Нэг шүлэг, хоёр шүлэг уншив. Пэр миний “Зөөлөн ай” хэмээх эсээг орчуулснаа дуудав. Залгаад намайг унш гэж байна, залхах болов уу гэж бодоод Пэрт,

-Одоо дуусгах уу гэвэл тэрбээр,

-Дөнгөж эхэлж байна, хүмүүс дуртай сонсож байна шүү дээ гээд инээж байна. Таван шүлэг, орчуулгатай гээд их л удах шиг. Үзэгч сонсогчид анхааран сонсч, шимтэж буйг анзаарахуйд улам зориг орж, шүлгээ намуухан дуудсаар л байлаа.

“LITT FEST” хэмээх хаяг бүхий соёлын өргөөний цогцолбор хэдэн өдрийн турш уран зохиолоор амьсгалав. Давхар бүрийн танхимуудын өмнөх талбайд хэвлэлийн газрууд номын яармаг ажиллуулж, захиалга авч, мэдээлэл түгээж, шинэ номынхоо хэвлэлт өнгө загварыг гайхуулж байлаа. Умёогийн тойронд цаа маллаж аж төрдөг самичуудын дундаас олон зохиолч, яруу найрагчид төрж байгаа гэнэ. Нэгэн үе сами хэл соёл тийм ч анхаарал татахгүй байснаа сүүлийн жилүүдэд тэдний бүтээлийг сонирхох орчуулах хэвлэн нийтлэх хүрээ өссөн гэж ярьцгаана. Ялангуяа яруу найрагчид борооны дараах мөөг шиг олон гэнэ. Онцлог нь юутай холбоотой юм бол доо гэж асуувал “Хойд нутаг ялангуяа нар ховор, голдуу бүрхэг. Үүл манан ихтэй. Тэгээд ч хүмүүс сэтгэлдээ гэрэл гэгээ ургуулах гэж, байгалийн бүрэнхийд туяа тусгах гэж шүлэг бичдэг” хэмээн нэг зохиолч инээвхийлэв. Ортой ч байж магад.

Наадмын хоёр дахь өдөр Монголын яруу найрагч би бээр Пэр Бергстройм, Женни Түнедал, Амстрдамаас ирсэн дүү орчуулагч Сумьяа нарынхаа хамт тайзнаа уригдлаа. Хөтлөгчийн чиглүүлсэн асуултанд хариулж, Монголын их утга зохиолын өв уламжлал, туулсан замнал, өнөөгийн байдал, бахархал, бэрхшээлийн тухай, монгол үндэсний уран зохиолыг дэлхийн соёлт ертөнцөд хүргэх мөрөөдийнхөө тухай хуучиллаа. Ялангуяа Швед-Монголын яруу найргийн харилцан орчуулгын хөтөлбөр хэрэгжүүлж буй түүхээсээ Пэр бид ярьж, Женни үзсэн дуулсан, орчуулахад тохиолдсон сонин сайхнаа хуучилж, орчуулгаа уншив. Би Женнигийн шүлгийг анх огт ойлгохгүй байсан, дараа нь хэрхэн хүлээн авсан, орчуулсан, тайзнаа алга нижигнэж байсан тухай ч ярив. Шведийн нийслэл Стокгольмд эргэж ирсэн даруйдаа каллиграфич Б.Алтантуяа бид хоёрын хэдэн бүтээлийг хоёр хана дагуулан донжтой нь аргагүй дэлгэсэн жижигхэн өрөөнд урив. Айлын халаасны жижиг өрөө л гэмээр атал “Galleri Orhanget” хэмээх нэртэй нэлээд нэртэй галерей ажээ. Аливаа юм зай талбай гоёмсог ихэмсэгээрээ бус, агуулгаараа хэмжигддэг аж. Маш чухал хүмүүсийн онцгой бүтээлийг л дэлгэдэг гэж бидний урмыг мялаалаа. Үзэгчид нь жинхэнэ элитүүд, нэртэй уран бүтээлчид, цуглуулагчид. Шведийн Нобелийн шагналт Транстромөрийн номын санд мөн л элит зохиолчид соёлынхон дараагийн хөтөлбөрт оролцохоор цугларсан байлаа. Шведийн Provins хэмээх утга зохиолын сэтгүүлд М.Уянсүх, Б.Баясгалан, О.Мөнхнаран бидний шүлгүүдийг швед хэлнээ орчуулан хэвлэсэн дугаарыг энд толилуулж бид ч шүлгээ уншиж, Женни нар орчуулгаа дуудаж, харилцаж ярилцав. Биднийг зорьж хуучин талууд маань ч, монголчууд маань хүрч ирж баярлуулав.

Шведэд болох Монголын яруу найргийн энэ өдрүүдэд хоёр хэлний гүүр болох сайн орчуулагч олохыг Пэр маань бидэнд даалгасан юм. Швед хэлэндээ ч, англидаа ч ус цас хүн олчихлоо. Стокгольмын эхний уулзалт өндөрлөсний дараа Пeр маань сэтгэл хангалуунаар;

-Та нарын олсон орчуулагч швед хэлээр ч, бас англиар ч сайхан ярьж, чадамгай орчуулж байна шүү хэмээн ихэд тоон өгүүлэв. Стокгольмын Их Сургуульд багшилдаг Бадамсэдийн Өлзийсайхан хэмээх чадварлаг, авьяаслаг бүсгүй бидний хөтөлбөрт сайн дураараа чин сэтгэлээсээ хамтран ажилласан нь хоёр орны уран зохиолын хоорондох гүүр болох хүнээ ч бас олсон явдал боллоо. Шведийн хаант улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж буй “Хаврын урь” уулзалтын танхимд бидний цөөн хэдэн каллиграфийг дэлгэж бэсрэг үзэсгэлэн дэлгэв.

 Гадаадад зохиож буй яруу найргийн үйл явдлуудаа Монгол бичиг соёлоороо гоёж хослуулдаг энэ уламжлалыг бид бараг хориод жилийн турш авч яваа юм. Манай багийнхны зорьсон дараагийн газар Малмой хэмээх хот. Энэ бол Пэр Бергстроймын нутаг, хойгийнхоо өмнөд үзүүрт орших энэ хот уран баримал, ногоон байгууламж, цэвэр цэмцгэрээрэн ч нүд сэтгэл булаасан амар амгалан газар ажээ. Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн яруу найргийн өдөр буюу 3 сарын 21 энд таарав. Шведийн Пен төв, Малмой хотын номын сан, Лүнд их сургууль зэрэг олон соёлын байгууллага хамтран зохион байгуулсан “Малмойгийн дэлхийн яруу найргийн наадам”-д Колумб, Серб, Румын, Финланд, Аргентин, Эстони зэрэг орноос зочид ирсэн байв. Тэрхүү яруу найргийн наадмыг Монголын яруу найрагчид нээнэ хэмээн бидний нэрсийг хөтөлбөрийнхөө эхэнд хүндэтгэлтэй залжээ. Бид буцахын өмнө Стогкхольм дахь Нобелийн шагнал гардуулдаг ордонг очиж үзлээ. Нобелийн академийн номын сангаар нь ч аяллаа. Бас Монголоос авчирсан хэд гурван номоо ч тэнд бэлэглэлээ. Пэр маань Монголд болсон утга зохиолын форумд тавьсан илтгэлдээ, “Шведийн уран зохиолын дараагийн шилдэг бүтээлийг монгол хүн зохионо” хэмээн хэлсэн нь сэтгэлд тод хадгалагдаж, одоо ч чихнээ хангинасаар авай.

ТӨГСГӨХ НЬ:

Саяхан Улаанбаатарт Швед- Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэв. Бид соёлын элчийн хувьд оролцлоо. Хаа тэртээ бөмбөрцгийн хойд бүслүүр дэх Швед орон алс дорно зүгийн Монгол орон хоёрын хооронд ийм нэгэн хэдэн зууныг дамнан үргэлжилсэн соёлын харилцаа явсаар байгаад өнөө бидний үед хүрч ирэхдээ яруу найраг, бичиг соёлоор үргэлжилвэй. Харин гэнэт, зуун уул мянган гол усыг даваад хахь өөр хоёр хэл, огт ондоо хоёр соёлыг уулзуулах гэж хэзээ, хэн, хэрхэн холбож эл үл тасрах эрхин хэлхээг буй болгосон юм бэ хэмээх асуулт нэгэн цагт тавигдах л байх даа хэмээн бодогдов. Магадгүй, бидний анд Шведийн хэвлэн нийтлэгч зохиолч орчуулагч Пэр Бөргэстрон зөгнөж хэлснээр, Шведийн уран зохиолын хамгийн шилдэг бүтээлийг Монгол хүн зохиох, тэр цагт тавигдах асуулт байж болох юм. Тэр болтол.

Швед Монголын соёлыг хэн, хэзээ, хэрхэн холбосон бэ гэх асуултаа нээлттэй үлдээвэй.

 Г. Мэнд-Ооёо

2024.09.26

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22