Өвлөн бүтээх өнөө ирээдүй


 Хорвоо ертөнцийг урнаар “хөдөлгөгч”, соёл, урлаг, инновацаас үүдэлтэй бүтээлч эдийн засаг нь тогтвортой хөгжлийг хангах, дэлхий даяар хурдацтай хөгжиж буй салбарын нэг билээ. Тиймээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэх, зорилгоор “Соёлын бүтээлч сар” аяныг арваннэгдүгээр сард орон даяар зохион байгуулж байна.  Энэ удаагийн аяныг “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2000 орчим арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, уран бүтээлчийн оролцоотойгоор төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар  хүүхэд, залуучууд, иргэдэд чиглэсэн 353 тоглолт арга хэмжээ, 203 боловсролын хөтөлбөр, 171 хэлэлцүүлэг, сургалт, хурал, 243 нөлөөллийн ажил нийт 608 арга хэмжээнд 265682 иргэнийг хамруулжээ.

 

Соёл, спортын 454 байгууллага оролцож байна

 

Соёлын бүтээлч сар аянаар “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор орчин цагийн түүхэн хүмүүн болох Улсын их дагина Цэндийн Дондогдулам, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат нарыг онцолж, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн улс, аймгийн музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүрэг, сумдын соёл урлаг, спортын 454 байгууллага оролцож байна.  Тухайлбал, Төрийн шагналт “Баянмонгол” чуулгаар овоглосон уран бүтээлчдийг дурсан санах, хойч үедээ уран бүтээлийг нь хүргэх зорилгоор “Retro Swing” сэтгэлд хоногшсон дууны концертыг энэ сарын 22-нд Филармонийн тайзнаа тоглохоор товлосон. Тоглолтыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж удирдах юм.

 

Инновац шингэсэн соёл-бүтээлч эдийн засаг

 

Бүтээлч эдийн засаг нь утга учиртай хөдөлмөр эрхлэн, орлого олж, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд туслах тогтвортой хөгжлийн чиг хандлага бөгөөд дижиталчлал, үйлчилгээний өсөлт, соёлын хандлагаар бэхжин хүчирхэг эдийн засгийн салбар болоод байна. Тиймээс ч бүтээлч эдийн засаг нь зөвхөн арилжааны бус соёлын үнэ цэнэ давхар өгдгөөрөө онцлогтой. Бүтээлч ажил нь хүний нэр төрийг хүндэтгэх, тэгш эрх, ардчилал, үндсэн эрхийг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний зорьж буй тогтвортой хөгжлийг цогцлооход ач холбогдолтой. Бүтээлч үйлдвэрүүдийн хувьд худалдаа, оюуны өмчийн эрхээр орлого олдог нь бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн өмнө шинэ боломжууд нээж өгдөг ажээ. Урлаг, гар урлал, ном, кино, уран зураг, наадам, дуу, дизайн, дижитал анимейшн эсвэл видео тоглоом гэх мэт бүтээлч салбарууд нь нийгэм, соёлын үнэт зүйлсийг түгээх хүний төсөөллийн илэрхийлэл юм.

“Соёлын бүтээлч  сар”-ын хүрээнд Монголын түүхэнд төдийгүй, уран зургийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан зураач “Цагаан” хочит Жамбын амьдрал, уран бүтээлтэй танилцах урлагийн боловсрол олгох “Эвт дөрвөн амьтан” боловсролын хөтөлбөрийг зарласан.  Зураачийн “Эвт дөрвөн амьтан”, “Жаргалын найман морь” бүтээлтэй танилцаж, онцлог, өнгө аяс, бэлгэдэлт утга агуулгыг мэдэж авах төдийгүй өөрийн гараараа хүссэн бүтээлээ урлах боломжтой. Тухайлбал, “Эвт дөрвөн амьтан” бүтээлийг дуурайж зурах, бэлэн хэвлэсэн зургийг өнгө ялган будах, бяцхан пазл тоглоом эвлүүлэх, “Жаргалын найман морь” бүтээлийн пазл тоглоомыг эвлүүлэх зэрэг олон боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Оюун санаа, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээний үр дүнд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцыг эх орондоо амжилттай хэрэгжүүлж буй Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 30 гаруй аж ахуйн нэгжүүдийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, тогтвортой хөгжлийг дэмжсэн төслүүдийг танилцуулах “Соёлын экспо” энэ сарын 20, 21-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд болно. Комик, анимэйшн, сүлжмэл гар урлал, арьс ширэн урлал, уран зураг, ном хэвлэл, дүрслэх урлагийн чиглэлээрх үйлчилгээнүүдээс гадна дэлхийд алдартай дуу хөгжмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч брэнд бүтээгдэхүүнүүдийг танилцуулах аж.

Х.Эрдэнэзаяа



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22