Ж.Чинбүрэн: “Хавдар судлалын үндэсний II төв”-тэй болсноор монгол хүн хорт хавдраар өвдсөн ч эмчлүүлж, эдгэрдэг болно


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хавдар судлалын үндэсний II төв” эмнэлгийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгууллаа. Үүнтэй холбогдуулан тус Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-“Хавдар судлалын үндэсний II төв” эмнэлгийг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх, эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор байгууллаа. Төрийн тэргүүн ивээлдээ авснаар энэ ажилд бодлогын хувьд ямар давуу тал бий болох вэ?
-Өнөөдрийн байдлаар “Хавдар судлалын үндэсний II төв”  эмнэлгийг барих газар бүрэн шийдэгдсэн,   95.300 ам метр бүхий эскиз зургийг мөн  баталсан. Энэ эмнэлгийг барьж, байгуулахад маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай. Бодит байдалд улсын төсвөөс гаргахад  хүндрэлтэй. Бид зүгээр нэг жирийн эмнэлэг барих гээгүй. Харин дэлхий дээрх хорт хавдрыг эмчилдэг хамгийн сайн технологиудыг суурилуулсан шилдэг, томоохон бүтээн байгуулалтыг эрүүл мэндийн салбарт хийхээр бэлтгэж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын тусгай төсөл хэрэгжүүлэх, санхүүгийн дэмжлэг олж авах зэрэг томоохон ажлууд ард нь бий. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авч, ажлыг эрчимжүүлнэ гэдэг маш чухал бөгөөд ач холбогдолтой. Хэрвээ Ерөнхийлөгч төрийн айлчлалаар явах бүрдээ хавдрын эмнэлгийн энэ төслийг ярьж, танилцуулж явна гэдэг нь гаднын улсуудын тусламж, дэмжлэгээр барьж, байгуулах боломжийг нээх давуу талыг үүсгэнэ гэсэн үг. Нөгөө талаасаа бид бэлтгэл ажлуудаа илүү их хангах ёстой. Энэ чиглэлд төр засгийн байгууллагууд илүү шуурхай оролцоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.  “Хавдар судлалын үндэсний II  төв” эмнэлгийг ойролцоогоор 2-5 жилийн хугацаанд бүрэн барьж дуусгах тооцоололтой байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ хугацааг шуурхайлахад нэлээд ярьж, санаачилга гаргаж байна. Гаднын улс орнуудын жишээг харахад хэрвээ хөрөнгө мөнгөний саатал гарахгүй бол хурдан хугацаанд барьдаг. Жишээлбэл, манай урд хөрш БНХАУ ганцхан жилийн дотор 100 мянган ам метр бүхий томоохон цогцолбор эмнэлэг барьчихаж байх жишээний.  Ковид цар тахлын үед эмнэлгүүдийг хэчнээн хурдтай барьж байсныг бид бүгдээрээ харсан шүү дээ. Тийм учраас эмнэлэг барих ажилд дэмжлэг үзүүлэх байгууллага тодроод, санхүүгийн эх үүсвэр нь тодорхой болбол дээрх хугацааг наашлуулах буюу аль болох хурдан хугацаанд барьж дуусгахад илүү анхаарч ажиллаж таарна. Орон сууц биш, эмнэлгийн зориулалттай 96 мянга орчим  ам метр барилга гээд бод доо.  
-Мэргэжлийн хүний хувьд, Монгол Улс хавдартай иргэддээ үзүүлж буй эмчилгээ, үйлчилгээ ямар түвшинд байгааг сайн мэдэх хүний хувьд энэ төслийн ач холбогдлын талаар та хэрхэн тодорхойлох вэ?
-Монгол Улсад хавдрын тусламж, үйлчилгээ чамлахааргүй сайн хэмжээнд байгааг тодотгох нь зүйтэй. Хавдрыг үндсэн гурван тулгуурт эмчилгээнд тулгуурлаж, эмчилдэг. Туяа, мэс засал, эмийн болон системийн эмчилгээ гэсэн үндсэн гурван баганатай. Эмийн болон системийн эмчилгээ дотроо химийн тариа, бай, дархлаа эмчилгээ зэрэг ордог. Тэгвэл энэ гурван төрлийн эмчилгээний тухайд учир дутагдалтай байсан үе бий. Харин одоо бид хоцрогдлоо даруй арилгаж, хавдрын эмчилгээ, үйлчилгээний тухайд өнгөрсөн таван жилд том амжилтууд гарсан. Та бүхэн санаж байгаа бол жишээлбэл, ХСҮТ 2018 онд анх удаа хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн. Ингэж элэг шилжүүлсэн  суулгах хагалгаа хийж чадаж байгаа эмнэлэг гэдэг маань өөрөө дэд бүтцийн хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багаараа, бүх чиглэлээрээ илүү сайн хийдэг болсон гэдгийн нотолгоо. Хоёрдугаарт, өнгөрсөн 2019 онд миний бие ХСҮТ-ийн захирал байхдаа туяа эмчилгээний 20 жилийн хоцрогдлоосоо гарч чадсан. Тэр үед анх шугаман хурдасгуур гэдэг туяаны аппарат суурилуулж байсан бол өнөөдөр гурав дахь аппаратаа суурилуулсан. Ингэснээр бид хавдрыг эмчлэх гэж байна гээд хажуу эрхтнүүдийг нь гэмтээх тохиолдол гардаг байсан бол өнөөдөр ийм үе ард  үлдсэн байна. Ийм ололттой ч  туяа эмчилгээнд протон эмчилгээ дутуу л байх жишээний. Эмийн эмчилгээн дээр  том дэвшлүүд гарсан. Тухайлбал, бай болон дархлаа эмчилгээнээс гадна оригиналь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн бүтээгдэхүүнүүдийг авдаг болсон. Үүнийг дагаад химийн эмчилгээний чанар сайжирсан. Энэ мэтчилэн сайн тал олон бий. Гагцхүү бид одоо орон зай, талбай хүрэлцэхгүйгээс гадна оочер дарааллыг бууруулах гэсэн ч орон зайн боломжгүй хэвээр, эмнэлэг ч өөрөө хуучирсан байна. Эрүүл мэндийн хуучин тогтолцоогоор ор шүтсэн бодлого барьдаг байсан бол орчин цагт хорт хавдартай хүн гэхэд өдрөөр эмчилгээ хийлгэх  боломжтой болчихсон. Заавал орон дээр хэвтэж эмчлүүлэх биш өдрийн цагаар ирж тариагаа хийлгэчихээд  гэртээ харьчихаж болдог сайхан цаг ирсэн. 1980 онд байгуулагдсан ХСҮТ маань зай талбайн хувьд ч хүрэлцэхгүй, орчин цагийн шаардлагыг ч хангахгүй болсон. Түүнээс гадна бид өнгөрсөн хугацаанд эрт илрүүлгийн аян эхлүүллээ. Дээрээс нь монгол хүний дундаж наслалт нэмэгдлээ. Хүн амын тоо ихсэж байна. Энэ хэрээр хавдрын тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо улам л ихсэх болсон.  Тухайлбал, намайг ХСҮТ-ийн захирал байхад буюу 2020 оноос өмнө  хавдрын шинэ тохиолдолд жилд 6000 байсан бол өнөөдөр 7000 гардаг болсон. Өвчлөл ингэж нэмэгдэж байгаа учраас бид эмчилгээ үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх нь нэн тулгамдсан асуудал болчихоод байгаа юм. 
-Хавдрын эмнэлгийг шинээр барих ажил өнөөдөр шинээр яригдаагүй. Олон жилийн турш ярьж, МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж,  төлөвлөж ирсэн ажил. Энэ эмнэлэг баригдсанаар зөвхөн хавдрын эмчилгээ, үйлчилгээнээс гадна цогц  байдлаар ажиллах уу?
-Хавдрын шинэ эмнэлэгтэй болох асуудал өнөөдөр яригдаж байгаа юм биш.  МАН УИХ-ын найм дахь удаагийн парламентын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хавдрын эмнэлгийг шинээр барих том зорилтыг дэвшүүлэн тавьж байлаа.  2024 оны сонгуульд ч “Хавдар судлалын үндэсний II төв” эмнэлгийн төслийг хэрэгжүүлэхээ мөн хэлсэн. Үүний дагуу Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мөн тусгасан. Ингэж удаа дараа анхааралдаа авч, санал санаачилга гаргаснаараа үндэсний хэмжээний хавдрын цогцолбор эмнэлэгтэй болох бэлтгэл ажил хангагдсаар ирсэн гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Жишээлбэл, 2020-2024 оны хооронд манай нам засгийн эрх барих хугацаанд “Хавдар судлалын үндэсний II төв”  эмнэлэг барих зорилтын хүрээнд бодит ажил хийсэн. Тодруулбал, энэ хугацаанд бид  эмнэлгийнхээ ТЭЗҮ-г боловсруулахаас гадна эскиз зургаа батлуулсан юм. Ингэснээр барилга ямар хэмжээтэй, хэдэн давхар байх, дотор нь ямар тасгууд байлгах, ямар зохион байгуулалттай байх юм гэх мэтээр нарийвчилсан зургийг нь гаргаж, бэлэн болгосон. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилийн парламентын ажлын нэг том үр дүн. Харин эмнэлэг барих  2-3 газрыг сонгосон боловч судалгааны явцад өөрчлөгдсөөр Сонгинохайрхан дүүргийн Баянголын ам буюу Орбитын эцсийн цаахна талд 12 га газарт барихаар болсон сайхан мэдээтэйгээр ажил амжилттай үргэлжилж байна. Энэ эмнэлгийг барьснаар хавдрын эмчилгээ, үйлчилгээ, ачаалал  үнэмлэхүй хэмжээгээр буурна. Үүнээс гадна хамгийн гол  зүйл нь бид шинэ технологиудыг суурилсан том цогцолбор эмнэлэгтэй болох юм.  Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг шиг хэмжээний биш. Энэ бол монгол иргэд хорт хавдраар өвдлөө гэхэд дэлхийн хамгийн шилдэг технологийн тусламжтайгаар эмчлүүлж, эдгэрч чаддаг болох том  шийдэл, том амбицтай төсөл.  Энэ ч утгаараа төсөвт өртөг нь нэлээд өндөрч гарч байгаа. Бид ирээдүйн олон жилээ харж ажил хийх хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл, ДЭМБ-ын Глобокан сан хавдрын өвчлөлийг тооцдог. Тэд 2040 он гэхэд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл одоогийнхоос хоёр дахин нэмэгдэх тооцооллыг гаргасан. Тэгэхээр өнөөдөр жилдээ 7000 хүн шинээр өвдөж байгаа бол 2040 он гэхэд 14 мянган хүн өвчилсөн байх нь байна шүү дээ. Өнөөдөр 19 мянга гаруй иргэн хорт хавдартай, эмчлүүлээд явж байгаа бол 2040 онд энэ тоо 30-35 мянгад хүрэх нь байна. Тийм учраас ирээдүйд хүлээгдэж байгаа энэ их ачааллыг даах чадвартай том эмнэлэг барих зорилгыг дэвшүүлээд ажиллаж байгаа юм. 
-“Хавдар судлалын үндэсний  II төв” төслийг хэрэгжүүлж дууссанаар хавдрын өвчлөл  хэдэн хувиар буурна гэсэн тооцоололтой байна вэ. Энэ тухайд урьдчилан гаргасан тооцоо судалгаа бий юү?
-Харамсалтай нь хавдрын өвчлөл буурахгүй, боломжгүй. Энэ төрлийн өвчлөлийг бууруулсан улс дэлхийд ганц ч байхгүй. Яагаад гэвэл  тухайн улсын хөгжил сайжрах тусам иргэдийнх нь дундаж наслалт нэмэгдэж байдаг. Товчхондоо, өндөр настай иргэдийн тоо өснө гэсэн үг. Эргээд өндөр наслах тусам хорт хавдраар өвдөх магадлал нь нэмэгдэж байдаг. Тийм ч учраас өвчлөл буурахгүй. Монголд онцгой тохиолдоод байгаа элэгний болон умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан тодорхой. Тиймээс энэ шалтгааныг устгачихвал  энэ төрлийн хавдрын өвчлөл буурна. Гэхдээ нөгөө талдаа өөр хорт хавдрын өвчлөл нэмэгдэнэ. Тухайлбал, дэлхий нийтэд, өндөр хөгжилтэй орнуудад,  хамгийн өндөр тохиолддог хорт хавдрыг аваад үзэхээр эрэгтэйчүүдэд тохиолддог түрүү булчирхайн хорт хавдар  насжилттай шууд холбоотой бол эмэгтэйчүүдэд тохиолдож буй хөхний хорт хавдрын шалтгаан тодорхой бус учраас өвчлүүлэхгүй байж чадахгүй байна. Дээрээс нь бидний хэрэглэж буй янз бүрийн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, архи тамхины хэрэглээ, илүүдэл жин гэдэг зүйлүүд байсаар байгаа нь өвчлөл буурахгүй байх шалтгаан болчихоод байгаа юм. Харин бид нас баралтыг бууруулах нь чухал. Өвчлөл ихтэй ч эрт үед нь оношилж чадаад эмчлээд байвал үхэлд хүргэдэг өвчин биш болчихсон. Тийм учраас эрт илрүүлэг маш чухал. Өвчлөл ихэссэн ч нас баралт бага байвал тухайн улс хорт хавдартайгаа тэмцэж чадаж байна гэдгийн нотолгоо нь энэ болох юм.Ганцхан жишээ татахад, БНСУ ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд нэгд ордог ч нас баралтаар дэлхийд 23 жагсаж байх жишээтэй. Гэтэл Монгол Улс ходоодны хорт хавдраар БНСУ-ын дараа ордог атлаа нас баралтаар дэлхийд нэгдүгээрт байгаа нь бид илүү эрт илрүүлэх хэрэгтэй, илүү сайн эмчлэх шаардлагатай л гэдгийн дохио. Цаашид бид эрт илрүүлгийг нэмэгдүүлэхийн хэрээр хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэх юм  байна, харин  эрт илэрснээр олон хүн эмчлэгдэж, нас баралт буурах юм байна гэж ойлгох ёстой юм шүү. 
-Шинэ эмнэлэгтэй болтол ямар сайжруулалт хийх вэ.  Цаашид үндсэн Ажлын хэсгийн зүгээс хавдрын өвчлөлийг эмчлэх, урьдчилан сэргийлэх тухайд ямар санал, санаачилга гарган ажиллаж байна вэ?
-Бид хавдрын шинэ эмнэлэгтэй болтол өнөөдрийнх шиг  ачаалалтай хэвээр яваад байж болохгүй л дээ. Улсын төсөвт тавьсан Ерөнхйлөгчийн хоригтой холбоотойгоор нэлээд таналт хийлээ. Гэхдээ энэ таналтад эрүүл мэндийн салбараас танаагүй. Харин эсрэгээр хавдар судлалын тусламжийг сайжруулах чиглэлд нэлээд олон талын санхүүжих дүнг тавьсан. Нийтдээ 39 тэрбум  төгрөгийг ирэх онд тусгаад байна. Өнгөрсөн  онд миний тавиулсан таван тэрбум төгрөг бол барилга барих бэлтгэл ажилдаа зарцуулагдаж байгаа юм. Шинэ эмнэлэгтэй болтол Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулах  бэлэн эмнэлгийг худалдаж авах, эсхүл улсад зээл төлбөрөө төлж чадаагүйн улмаас хураагдсан эмнэлэг байвал ХСҮТ-д шилжүүлж, ачааллыг 15-20 хувиар бууруулах зорилгоор ашиглах боломжтой. ХСҮТ-ийн дэргэд баригдсан IV эмнэлгийн хувьд Хөгжлийн банкны зээлээр баригдсан ч эргэн төлөлтгүйн улмаас ШШГЕГ-т битүүмжлэгдсэн байгаа юм билээ. ШШГЕГ-аас явуулдаг дуудлага худалдаа амжилтгүй болбол Хөгжлийн банкны мэдэлд очно. Ингэснээр улс боломжийн үнээр энэ эмнэлгийг ХСҮТ-д шилжүүлж  авснаар ачааллаа 15-20 хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Зарим хүмүүс энэ эмнэлгийг авчихвал  ХСҮТ-ийн ачаалал буураад сайхан болно гэж ойлгож байна. Тийм биш, энэ эмнэлгийг ашиглалтад авснаар ачаалал дээр хэлсэнчлэн 15-20 хувиар л буурах юм. 

 М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН сонгуульд ялалт байгуулж, удирдлагын багаа шинэчилсэн жил Өчигдөр
Ж.Чинбүрэн: “Хавдар судлалын үндэсний II төв”-тэй болсноор монгол хүн … Өчигдөр
Ирээдүй өнөөдрийн залуусынх Өчигдөр
“Монголын үнэн” сониноос захиалагч, уншигчдадаа учирлах үг Өчигдөр
Дөрвөн улиралд ашиглах боломжтой 45 автомашин, техник хэрэгслээр парк … Өчигдөр
Хамгийн урт гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулжээ Өчигдөр
Эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээг иргэд рүү ойртуулав Өчигдөр
27 цэцэрлэгийг ашиглалтад оруулав Өчигдөр
17 сургуулийг шинээр барилаа Өчигдөр
Хан-Уул дүүрэгт хамгийн олон бүтээн байгуулалт өрнөжээ Өчигдөр
Б.Цэрэн: Эко дүүргээ "20 минутын хот" болгохын төлөө ажиллаж байна Өчигдөр
Нийслэлд их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжилнэ Өчигдөр
Төрийн тэргүүний тэвчээрийг барсан утааны хэрүүлтэй долоо хоног Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм хүйтэн Өчигдөр
“Яндангүй бүс” байгуулна 2024/12/18
Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар хэлэлцэнэ 2024/12/18
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 2024/12/18
Япончуудын нарийн төлөвлөлт, зохион байгуулах чадвар иргэндээ ээлтэй о… 2024/12/17
​ Д.Отгонбаяр Бүтээл хийхийн тулд зүрх сэтгэлээ чөлөөл 2024/12/17