Хөгжмийн зохиолч Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдаан оны эцсийн хөл хөдөлгөөн, баярын уур амьсгалд дарагдан нам жимхэн болж өндөрлөлөө. Өмнөх уралдаанаас илүү олон оролцогчтой, илүү өрсөлдөөнтэй болсон уралдааныг зорин хилийн чанадаас төгөлдөр хуурчид ирж, шүүгчдийн бүрэлдэхүүнд дэлхийд алдартай эрхмүүд суусан нь цар хүрээг нь илтгэж байв. Уралдааны “А” ангилалд гуравдугаар байрт шалгарсан төгөлдөр хуурч А.Мандалноровыг шинэ оны анхны дугаартаа зочноор урьж ярилцлаа.
-Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдааны “А” хэсэгт мэргэжлээрээ ажиллаж байгаа, байнгын бэлтгэлтэй төгөлдөр хуурчид оролцсон нь үзэгчдийн хувьд сонирхолтой зохиолуудыг сонсох боломж олгосон. Тэдгээрээс таны хэмнэл нэмж ур чадвараа харуулсан этюдийг сонссон нь өнөөдөр уулзах эхлэлийг тавьсан юм. Сонор мялаасан хөгжмийн бүтээлүүдийг та хэдий хугацаанд бэлтгэж мэргэжил нэгтнүүдтэйгээ ур чадвараа сорьсон бэ?
-Юуны өмнө шинэ оны анхны дугаартаа намайг урьж ярилцсанд баярлалаа. Өнгөрсөн оны төгсгөлд болсон Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан миний амьдралд шинэ өнгө нэмэх онцлогтой үйл явдал байлаа. Уралдаан болохоос гурван сарын өмнө энэ талаар сонсож оролцохоор болсон. Төгөлдөр хуурчгүй байж олон улсын уралдаанд оролцох шийдвэр гаргасан нь гэр бүлийнхэнд маань ч гэнэтийн үйл явдал болсон байх. Хамгийн түрүүнд гэртээ төгөлдөр хуур худалдан авч уралдаандаа бэлтгэж эхэлсэн. Хөгжмийн зохиолын хувьд өмнө нь тоглож байсан бүтээлүүдийг сонгохгүй бол шинэ зохиол сонгон бэлтгэх хугацаа надад байгаагүй. Гэхдээ би их азтай. Уралдаанд оролцогчдын тоглох бүтээлүүд дунд миний өмнө нь тоглож байсан хөгжмийн зохиол багтсан. Бас ерөөсөө тоглож байгаагүй зохиолууд заавал тоглох бүтээлийн жагсаалтад байсан юм. Тиймээс надад уралдаан болохоос өмнө гурван сарын хугацаанд хуучин зохиолуудаа сэргээхээс гадна шинээр хоёр ч зохиолыг “гартаа оруулах” шаардлагатай болсон. Амьдралынхаа өдөр тутмын хэмнэлийг багахан өөрчилж төгөлдөр хуурынхаа ард сууж эхэлсэн. Тэгээд уралдаан эхлэх болоход “А” хэсгийн оролцогчдыг хараад сандарсан. Яагаад гэвэл, уралдаанд гурван жилийн өмнөхөөс ч илүү олон хүн оролцсон. Миний тоглох “А” хэсэгт төгөлдөр хуурын мэргэжлийн багш нар, мэргэжлийн төгөлдөр хуурчид, гадаадад сурч байгаа тоглоочид ур чадвараа сорихоор зорин ирсэн. Байнгын бэлтгэлтэй тэднийг хараад сүрдсэн байх. Хэдийгээр би мэргэжлийг нь эзэмшсэн ч тэдэн шиг байнгын бэлтгэлтэй байж чадаагүй. Тийм болохоор уралдааны эхэн үед өөртөө итгэлгүй байсан. “Уралдаанд түрүүлэх талаар бодох ч хэрэггүй юм байна. Сургуулийнхаа тайзан дээр гараад нэг сайхан тоглоод авъя” гэсэн бодол л төрж байлаа.
-Тайзан дээр байсан танаас айдас ер мэдрэгдээгүй. Харин ч өөртөө итгэлтэй харагдсан?
-Зориг гарган сонгосон зохиолуудаа яаж бэлтгэснээ харуулъя, сонсуулъя гэж бодсонтой холбоотой юм болов уу. Уралдааны нэгдүгээр шатанд И.С.Бахын Прелюдия фуга, Ф.Шопены нэг мазурка, хоёр этюд тоглохоор байсан. Германд сурч байхдаа И.С.Бахын хөгжмийн бүтээлүүдийг бүтэн жилийн турш тоглосон учраас уралдаанд оролцохдоо сэргээгээд орчихсон. Харин мазурка шинээр хийсэн. Ялангуяа миний тоглосон мазурка бусдаасаа илэрхийлэхэд амаргүй нь. Ийм онцлогтой бүтээлийг сонгосон нь надад ажиллахад хэцүү ч ур чадвараа харуулахад зөв сонголт болно гэж бодсон. Нэгэнт сонголтоо хийсэн болохоор тухайн бүтээлийн талаарх мэдээллийг түүвэрлэн уншиж, түүхийг нь ч багагүй судалсан. Youtube сувгаас дүн шинжилгээ хийсэн бичлэгүүд үзсэний эцэст мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаар шийдсэн нь намайг төгөлдөр хуурч Ц.Энхтөр ахтай уулзах шалтгаан болсон. Уралдаанд 24 этюд байсны сүүлээсээ хоёр дахь нь нэлээд хүндэд тооцогддог. Хүмүүс энэ этюдийг сонгож авдаг ч хэмнэлийг нь урагшлуулж, илэрхийллийг нь баяжуулан тоглосон төгөлдөр хуурч цөөхөн. Миний хувьд уг бүтээлийг зориг гарган хэмнэлийг нь нэлээд урагшлуулан тоглосон. Ц.Энхтөр ах ч “Хэмнэлийг нь нэмэх тусам гарт чинь илүү эвтэйхэн болно” гэж хэлсэн нь зөрөөгүй. Сургуульд байхдаа айгаад тэгж хурдлуулж тоглож зүрхлээгүй. Учир нь, гар нэлээд цуцаж, өвддөг. Харин хурдлуулаад тоглож үзэхэд гарт эвтэйхэн, тоглоход арай хялбар болж байсан. Ер нь зориг гаргаж хоёр том этюд сонгож авсан нь миний хувьд зөв сонголт болсон. Намайг тоглож дууссаны дараа хүмүүс “Гэртээ хүүхдээ хараад сууж байсан мөртлөө ийм том хоёр этюд сонгож аваад ямар зоригтой юм бэ” гэж хэлж байсан.
-Хүн орчноо мэдрээд нэг бол их зоригтой болно, эсвэл шантардаг. Төгссөн сургуулийнхаа тайзан дээр багш нар, мэргэжлийн тоглоочидтой өрсөлдөхөд ямар мэдрэмж төрж байв. Эсвэл тайзан дээр гараад хүрээлэн буй орчноосоо өөрийгөө хязгаарлаж зөвхөн бүтээлдээ орчихсон уу?
-Хүн бүр тайзан дээр гарахдаа юу сурснаа, ямар ур чадвар эзэмшсэнээ харуулъя гэж боддог байх. Түүнээс биш тэрнийг ялъя, тэддүгээр шатанд тэнцье гэсэн сэтгэлээр оролцдоггүй болов уу. Ер нь уралдаанд бэлтгээд оролцоход ажил их шаардана. Хэдэн үе шаттайгаас үл хамаарч зохиолуудаа бүрэн тоглож илэрхийлнэ. Мэргэжлийн түвшинд бэлдэж тайзан дээр гараад үзэгчдэд түүнийгээ үзүүлж чадвал том амжилт болдог.
Миний хувьд хэдэн жил, хаана сурсан, ямархуу ур чадвартай тоглооч вэ гэдгээ харуулахаас илүү яг тухайн мөчид төгөлдөр хуураа тоглож байгаа нь чухал санагддаг. Хүмүүс биеийн хэлэмжтэй, сэтгэл хөдлөл ихтэй тоглож байгаа хүнийг хараад “Сайн байна” гэж дүгнэдэг. Гэтэл үүнээс илүү нүдээ аниад сонсоход хэний хөгжим “илүү ярьж” чадаж байна. Тоглож байгаа бүтээлийг нь сонсоод сэтгэл амгалан болж байна вэ гэдэг л дүгнэлт хийхэд чухал гэж би хувьдаа боддог юм.
-Уралдааны шүүгчээр ажилласан Канадын нэрт төгөлдөр хуурч Тони Янг гала тоглолтын дараа тантай уулзсан. Түүнээс гадна энэ цагт мэргэжлээрээ тодрон салбартаа үнэлэгдсэн тоглоочид танд тусгайлан баяр хүргэсэн. Ийм их урмын дараа амжилттай хамт танд ирсэн зүйл юу байв?
-Итгэл, бас маш их урам авлаа. Тони Янг бол Ф.Шопены олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны тавдугаар байрт шалгарч байсан тоглооч. Энэ эрхэм гала тоглолтын дараа надтай уулзахдаа “Чи миний хувьд ялагч нь байсан. Тоглоочдоос хамгийн “үнэн” хөгжим тоглосон нь чи байсан шүү” гэсэн. Ийм урмыг олон хүн өгсөн болохоор цаашид мэргэжлээрээ ажиллавал амжилт гаргаж чадах юм байна гэсэн бодлыг надад төрүүлж чадсан. Энэ л миний хувьд уралдаанаас авсан хамгийн том шагнал болж байна.
-Төгөлдөр хуурч мэргэжлээр өсөн дэвшихэд манай улсын зах зээл хязгаарлагдмал. Цөөн хэд нь концертмейстерээр ажиллаж үлдсэн нь хувийн сургууль нээн үйл ажиллагаа явуулж байна. Таны хувьд сургуулиа төгсөхдөө мэргэжлийн карьераа хэрхэн төсөөлж, төлөвлөж байсан бэ?
-Монгол Улсын консерваторид сурч байхдаа төгөлдөр хуурын багшаар ажилладаг байсан. Таны хэлсэнчлэн зах зээл хязгаарлагдмал учраас төгөлдөр хуурчийн хувиар амьдрах хэцүү. Аль нэг байгууллагад ажиллахгүй бол амьдрах аргагүй. Хөгжмөө хэчнээн сайн тоглодог байлаа ч боломжгүй зүйл. Миний хувьд оюутан байхдаа ээж болсон учраас мэргэжлээрээ ажиллаагүй. Бага хүүхэд маань дөнгөж нэг ой хүрч байгаа болохоор гэртээ хүүхдүүдээ харж өсгөж байна. Одоо маш том зорилготой болсон. Ф.Шопены уралдаанд оролцсоны дараа Т.Нямсүрэн багш ч намайг зоригжууллаа. Бага хүүхэд ой хүрч байгаа болохоор тоглоочийн карьераа хөөж, аль нэг байгууллагад концертмейстерээр ажилд орвол формоо алдахгүй байх боломжтой.
-Тоглолтын бичлэгээ сонирхож явуулсан газар байгаа юу?
-Бичлэгээ мэргэжлийн камераар аваагүй учраас одоогоор явуулах боломжгүй байгаа.
-Германд сурсан тухайгаа та хальтхан дурдаад өнгөрсөн. Сургуульд байхдаа сонгодог хөгжмийг өлгий нутагт нь илүү гүн гүнзгий сурч, судлаад ирсэн юм уу?
-Гуравдугаар дамжаанд байхдаа сурагч солилцоогоор Германы Мюнхений хөгжмийн их сургуульд нэг жил сурсан. Монголоос бичлэг явуулсан сурагчдаас миний тоглох ур чадвар багшийн маань сонирхлыг татсан гэсэн. Миний төгөлдөр хуур тоглож байгаа бичлэгийг сонсоод “Энэ оюутныг би өөр дээрээ авъя” гэж хэлээд намайг Германд очиход баяртайгаар угтан авч байсан юм. Тэр үед багш маань “Чиний төгөлдөр хуур тоглож байгааг сонсоод дотор чинь ямар нэг өгөгдөл байгааг мэдэрсэн” гэсэн. Ингэж би нэг жилийн хугацаанд багшаасаа маш олон зүйл сурах боломжтой болсон. Сонгодог хөгжмийн оронд тоглоочийн хувиар сурахдаа соёлын ялгаатай байдлыг олж харсан. Монголд байдаггүй төгөлдөр хуураар тоглож, орчинд нь орохоор сэтгэл баясаж улам л сайн тогломоор санагддаг юм билээ. Тэнд сонирхолтой олон хичээл ордог. Мэргэжлийн талын хичээлээс гадна хүний бие, гарын булчин, хурууны үе хүртэл хэрхэн хөдөлж байж бид төгөлдөр хуур тоглодог талаар тайлбарлан таниулдаг.
-Багаасаа төгөлдөр хууртай нөхөрлөсөөр байгаад өөртөө ийм дэгийг бий болгочихов уу. Эсвэл хөгжимчний өгөгдөл танд хэн нэгнээс уламжилж ирсэн юм уу?
-Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Г.Цэндорж миний өвөө. Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байсан болохоор одоо хүртэл шавь нараас нь манай сургуульд багшилж байна. Хүүхдүүдээс нь мэргэжлийн хөгжимчид төрөн гарсан нь төгөлдөр хуурч Ц.Энхтөр, Ц.Энхцэцэг нар юм. Ийм хүмүүсийн үргэлжлэл болох анхны алхмыг тавьж өгсөн хүн нь Ц.Энхтөр ах. Намайг Т.Нямсүрэн багшийн шавь болгож төгөлдөр хуурч болгосон. Тухайн үед бие жижиг, нас бага байсан ч хөгжимчин болохыг олж харж намайг мэргэжлийн багшид маань хөтлүүлснээр би 2008 онд Хөгжим бүжгийн коллежид элсэн орж консерваторио 2023 онд төгссөн. Одоо бол ямар азаар Т.Нямсүрэн багшийнхаа шавь болсон юм бэ гэж боддог. 12 жил сураад дараа нь бакалаврын зэрэг хамгаалахдаа багштайгаа л хамт байсан. Ухаан орсон цагаас хамт байсан учраас багш маань миний хувьд ээжээс минь ялгаагүй. Багшаас гадна хувь хүний тал дээр намайг ойлгож мэдэрдэг. Сурагчийнхаа дотоод ертөнц рүү нь өнгийж ойлгодог багшдаа үргэлж талархаж явдаг юм.
-Мэргэжлийн хувьд улбаатай ч авьяасгүй бол урагшлахгүй. Танд өгөгдөл байсан учраас Ф.Шопены уралдаанаар тодрон гарч байна гэж ойлголоо?
-Багын дуу цөөтэй хүүхэд байсан. Сургуульд байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй хамт хөгжмөө давтаж, хичээлээ хийж цагийг өнгөрөөнө. Хамт байсаар нэгэндээ дасаж өөрийгөө илэрхийлж чадна. Түүнээс биш өөр орчинд орвол тийм ч дуу хууртай биш чимээгүй талдаа. Хөгжмийн ертөнцөд орохоор хүн өөртэйгөө ярилцах нь нэмэгддэг. Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгддэг. Ялангуяа утсан хөгжим болон үлээвэр хөгжмийнхөн ямар өнгө гаргаж байна вэ гэдгээс ямархуу хүн гэдэг нь тодордог юм.
-Их сургуульд байхдаа ямар уралдаан тэмцээнд оролцож байв?
-Сургуулийн хүүхдүүдийн оролцдог бараг бүхий л тэмцээнд ур чадвараа сорьсон. Ж.Чулууны нэрэмжит уралдааны тусгай байр, намар болгон ордог техникийн уралдааны нэгдүгээр байрт шалгарч байв. Хавар болдог И.С.Бахын уралдааны дэд байрт хоёр удаа шалгарч Испани, Орос, Итали улсад болсон олон улсын уралдаануудад оролцохдоо ихэнхдээ дэд байрт шалгарч байсан юм.
-Энэ цагийн мэдрэмж, сонголт ирээдүйн төлөвийг харуулдаг. Одоо таны сонсож байгаа төгөлдөр хуурчийг тодруулж ярилцлагаа өндөрлөе.
-Би өмнө нь төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг сонсдог байсан. Одоо оркестрын бүтээлүүдийг сонсдог болсон. Яагаад гэвэл, олон төрлийн хөгжим сонсогддог. Яг төгөлдөр хуурт зориулж бичсэн зохиолоос илүү өргөн хүрээтэй, илүү өргөн агуулгатай байгаа гэсэн үг. Дээр нь оркестрт суудаг хөгжимчин нөхөртэй болсон нь сонсох дуртай хөгжмийн жагсаалтыг нэмлээ. Одоо би төгөлдөр хуурч Чо Сон Жинийг сонсож байна. Энэ тоглооч Ф.Шопены олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд оролцоод нэгдүгээр байрт шалгарч байсан. Уралдааны бичлэгийг нь сонсож үзээд хамгийн их таалагдсан. Германд байхдаа тоглохыг нь сонсож байсан удаатай. Тэр үед “Төгөлдөр хуурыг ингэж дуугаргаж болдог юм уу” гэсэн бодсон. Яалт ч үгүй дэлхийн хүн гэж ийм байдаг гэсэн бодол төрсөн.
Гульд Гленн гэж И.С.Бахын зохиолыг тоглодгоороо алдартай төгөлдөр хуурч байсан. Тэр хүний И.С.Бахын зохиолуудыг тоглосон бичлэгийг сонсох дуртай гээд тоочоод байвал дуусахгүй.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна