Өндөр уулс, номин цэнхэр тэнгэрийн уудамд талын цэцэгс дэлгэрч, голын эрэгт адуу бэлчинэ. Энэ бол зураач У.Бямбажаргалын бүтээлүүдийн ерөнхий өнгө. Импрессионист чиглэлээр байгаль дүрслэн эх орныхоо үзэсгэлэнг зураг бүрдээ шингээхийг зорьдог нь илэрхий. Хөдөө нутагт мал хариулж өссөн болоод ч тэрүү уурга суналзуулсан адуучин, хоньчин хүүгийн дүрүүдийг ахуйтай нь зуржээ. Энэ тухайгаа “Би Монголынхоо уудам тал нутаг, амар амгалан байгалийг үнэхээр их санаж байна. Зурагтаа тэр бүхнийг илэрхийлэхийг хүсдэг. Би хурц тод өнгөөр дамжуулан эн хязгааргүй эрх чөлөөг хүмүүст мэдрүүлж, зургийг минь үзсэн хүн бүр Монголыг өөрийн биеэр очиж үзэхийн хүслэн үлэмжийн мэдрэмж төрүүлэхийг хичээх болно” хэмээсэн юм.
Монгол импрессионист
Зураач У.Бямбажаргалын бүтээлүүд импрессионист урсгал чиглэлд өөрийн хурц өнгө, хүчтэй бичлэгээр шинэ үзэгдэл болж байна. Түүнээс илэрч буй энэ хүч хаанаас өгөгдөж байгааг судлахад цаг хугацаа хэрэгтэй. Байгальд тусаж буй нарны тусгал өглөөнөөс орой болтол шилжин өөрчлөгдөж байгааг мэдрэн уран бүтээлдээ тусгаж байгаа уран бүтээлчийг импрессионист уран бүтээлч гэнэ. Байгалийн үзэгдэл болох нарны гэрэл, сарны гэрэл, бүрхэг үүлэрхэг манантай, салхитай, бороотой, цастай гэх мэт онцлогуудыг тусгаж чаддаг. Тэрбээр “Би багаасаа зураг зурах дуртай байсан. Уран бүтээл хийх нь миний амьдралын салшгүй хэсэг байсаар ирсэн. Ялангуяа уран зураг маш их тэвчээр, мэдрэмж шаардана. Бүтээлдээ анхаарлаа төвлөрүүлж, гоо сайхныг харуулах явцдаа бүх зүйлийг мартаж урлагаас таашаал мэдэрдэг юм. Хүмүүс тэр зургийг харж, илэрхийлэхийг хичээсэн зүйлийн хариултыг олоход би баярладаг. Тод өнгө ашиглан амар амгалангийн мэдрэмжийг илэрхийлэхийг хичээдэг. Би зургуудаараа дамжуулан дэлхий бол өнгөлөг, амьд, үнэ цэнтэй газар гэдгийг хүмүүст ойлгуулахыг хүсэж байна” гэж уран бүтээлч болсон зорилгоосоо хуваалцсан. Дорнодын тал нутагт төрж, өссөн болоод ч тэр үү задгай газар, хурдан моринд хайртай. Бага насаа мал маллаж, асрамжийн газарт өссөн хүүгийн авьяасыг багш нар нь анзаарчээ. Багш нарынхаа дэмжлэгээр үндэсний хэмжээний үзэсгэлэнд оролцож, Хотын даргын нэрэмжит зэрэг олон шагналын эзэн болжээ. Соёл урлагийн их сургуульд суралцан 2020 онд төгсжээ. Уран бүтээлийн арга барилын хувьд дүрсүүдийг хэрхэн байрлуулан зохиомжлох хуулийг чухалд үзэх оросын реалист академик школоос гадна урсан өнгрөх эгшин бүрийн мэдрэмжийг барьж авах мэт хөнгөн товшилтуудаар зурдаг Францын импрессионист арга барил нөлөөлж мэргэжлийн түвшний бүтээлүүд бүтээх суурь болсон нь илт. Үзэл санаа нь үзэмж, бодит байдалд суурилан өнгө будгаа сонгоно. Чөлөөт уран бүтээлчийн хувиар ямар ч нийгэм, төрийн хүлээслэлд баригдахгүй, аниргүйн дунд сэтгэл мэдрэмжээрээ амьдрах нь хамгийн их аз жаргал болдгоороо бахархана. Өнгөрсөн жилүүдэд эх орныхоо үзэсгэлэнт байгалиудаар байнгын аялал хийж тухайн газар орон нутаг зорьж очин жижиг хэмжээний судалбар зургуудыг зурьж тэмдэглэж эхэлснээс томруун болоод дунд хэмжээнд бүрэн гүйцэтгэлтэй дууссан уран зураг зурах хэмжээнд хөгжиж явна. Цаашид судалбар уран зургийн аяллыг хийхээр төлөвлөжээ. Уран зурагт шинэ технологиудыг туршиж, түүн дээрээ байнгын оролдлого хөгжүүлэлт, эрэл хайгуул болон задлан нээх боломжуудыг хайж байна. Өнгө болон өнгийн тус бүрийн шинж чанар, сэтгэлгээнд нөлөөлөх хүч зэргийг судалж уран бүтээлдээ тусгасныг дурдууштай. Урьд өмнө зурагдаагүй байгаль орон нутаг өнцгийг эрэлхийлэн зурж, уран бүтээлийн урын сангаа баяжуулахыг зорьдог аж. Монгол орон болоод гаднын улсуудаар аялан тэмдэглэл хийж судалбар бүтээлүүд чамгүй туурвижээ. Тал нутгийн байгаль дөрвөн улирлаас гадна өглөө, өдөр, орой цаг минут болгонд өнгөө хувирган өөрчилдөг. Байгаль өөрөө нарны гэрлийн тусгалаар хийсвэр сэтгэлгээнд хувирч чадаж буй нь энэ. Дахин давтагдашгүй өнгө будгийг найруулан хаашаа ч харсан хийсвэр орон зайд орно. Тиймээс хөдөөгүүр аялан, натурт явахад өнгө ялгах болон илэрхийлэх хурд сайжирдаг гэж уран бүтээлчид зүгээр ч нэг хэлээгүй. Монгол орны говь, хангай, хээрийн бүсийн онцлогт тохируулан үүрийн гэгээний хүйтэн өнгөнд зуны шөнийн сэрүүхэн хоносон тал нутагт үүрийн гэгээнээр нар гийн туссан ч зэврүүнхэн хоносон нутагт хүйтэн колоритын гэрэл тусгаж манддаг, өглөөний нар, үдээс өмнийн нар, үдийн нар, үдээс хойших нар, оройн нар , нар шингэх агшин дулаан өнгөнд өдөржин чанх дээрээс тусан халуу дүүгүүлсэн нар гудайхад, агаарын хэм халуун болж оройн нар дулаан өнгийн улбар шар колоритоор байгаль орчинд тусч байгааг харуулжээ.
Гаднын цуглуулагчдыг татав
Урлаг хэмээх сэдэвт хамаарах бүхий л зүйлс харилцан бие биесээ илэрхийлсээр байдаг. Аливаа зүйлийг утга төгөлдөр бүтээнэ гэдэг авьяас чадвар хийгээд, мэдрэмж туршлага дээр тулгуурлах нь гарцаагүй. Нүүдэлчин соёлтой монгол зураачаас Европын аль нэгэн газрын зуны дулаахан орой шиг мэдрэмж авна гэдэг ховор завшаан. Түүний зургууд Монгол, Малайз, Филиппин, АНУ, Сингапур зэрэг улсын хувийн цуглуулгад байдаг, “Саунд оф Арт” урлагийн галлерейтэй хамтран ажилладаг аж. У.Бямбажаргал нь Монголд төдийгүй олон улсад бүтээлээ танилцуулжээ. Тэр бол Сингапурт бие даасан үзэсгэлэнгээ гаргасан анхны монгол зураач. Залуу уран бүтээлчийн хувиар авьяасаа, өөрийгөө сорих дуртай. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Челтенхам урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарсан нь түүний уран бүтээлийн замналын онцгой мөч. Уг наадамд өөрийн өнгө будаг, зурах арга барилаар ялгаран олны анхаарлыг татаж амжилттай оролцсон. Их Британийн зураач Энди Даяс Давиэс нийтийн урлагийг хот бүхэнд хөгжүүлэх зорилгоор Челтенхам урлагийн наадмыг 2017 онд үүсгэн байгуулсан. Жил бүр зохиогддог эл наадмын үеэр зурсан бүтээлийг хотын өв болгож үлдээдэг аж. Сингапурт төвтэй “Саунд оф Арт” галерейн эрхлэгч Галвен Ли “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Бямбажаргалын уран бүтээл ер бусын хурдаар өссөн. Монголын байгалийг дүрсэлсэн түүний зургууд нь хил хязгаарыг давж, хүмүүсийн сэтгэлд гүн гүнзгий хүрдэг. Улмаар уран зураг цуглуулагчдыг өөртөө татаж чадсан. Түүнтэй хамтарч ажилладаг галерейн зүгээс түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гудамжны шилдэг зураачдын нэг болж Челтенхам урлагийн наадамд шалгарсанд баяртай байна. Бямбажаргалын ханын зураг Челтенхамын гудамжнаа эрч хүчтэй амьсгалыг нэмэх нь гарцаагүй” гэжээ. Өдгөө Их Британийн Ковентри хотод амьдардаг тэрбээр уран зургаараа дамжуулан олон нийтийн урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцсоор байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна