Зах хязгааргүй ертөнцөөс өөрт ногдохыг шүүрдэн явна


 

Нар буусныг бодоход цаг нэлээд оройтжээ. Хэдий тийм ч хот хөдөлгөөн ихтэй хэвээр. Гудамжинд залуус холхилдон сонин хачнаа хуучлан инээлдэх нь хөг нэмнэ. Уулзахаар товлосон хүмүүс маань ч тэдний төлөөлөл, нэгэн зорилгын төлөө нэгдсэн залуучуудын бүжгийн хамтлаг байсан юм. Уулзах цагаасаа арай эрт очиход дөрөв, тавхан хүн байгаа харагдсан. Цаг явах тусам залуус цувран ирсээр нэгэнт арав хол давжээ. Ажил, хичээлээ тараад яаран ирэх залуус дунд тунчиг хурдан хөдөлгөөнтэй, нүүрэндээ мишээл тодруулсан нэгэн байсан нь бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Золжаргал байв. Тухайн үед “Мүүн дейнс” хамтлагийн залуустай уулзахаар болзсон учир түүнтэй тухтай ярилцах цаг гараагүй. Том зорилгын төлөө тууштай хичээллэж, хичээж байгаа хамт олныг сурвалжилсан. Түүнээс хойш нүүр дүүрэн инээмсэглэж зөөлөн, дулаан мэдрэмж төрүүлсэн түүнтэй уулзана гэж явсаар хэдэн жил өнгөрчээ. “Мүүн дейнс”-чүүд өнгөрсөн жилийн төгсгөлд Австри улсын Вена хотод болсон латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрын төлөө дэлхийн аваргуудтай өрсөлдсөн. Бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж хүрэл медаль, цомын эзэд болцгоож Азидаа анхдагч төдийгүй латин бүжгийн дэлхийн шилдгүүдийн нэг болохоо баталгаажуулсан юм. Хамтлагийн бүжигчид дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхнаас нь оролцсон цөөхөн хэдэн хүний нэг нь Б.Золжаргал. Өнгөрсөн хугацаанд туршлага хуримтлуулан ур чадвараа нэмж хамтлагийнхантайгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсоор өнөөдрийг хүрчээ. Олон улсын тэмцээнд анх удаа оролцож байгаа залуу бүжигчдэдээ туршлагаасаа хуваалцан залуурдах түүнийг бүжгийн урлагт бүхнээ зориулан дурласан нэгэн болохыг олон зүйлээс нь тодорхойлж болно. Анхлан суралцагчаас мэргэжлийн бүжигчин болтлоо өсөж хөгжсөн тэрбээр бүжгийг “Ухааны урлаг” хэмээн хэлсэн удаатай. Авьяасаар хөглөгдөж ур чадвараар илрэн гоо зүйн мэдрэмж төрүүлэх бүжгийн урлагаар хүмүүжсэн тэрбээр өдгөө мэдсэн сурснаа хуваалцаж бас бусдаас суралцаж байна.


16-тай дэлхийн бүжигчин

Төрсөн нутаг, мэндэлсэн газраар яривал Б.Золжаргал Завхан аймгийн Цагаанчулуут сумынх. Гэр бүлийнхэнтэйгээ дөрвөн настайдаа Улаанбаатарт ирж их хоттой танилцжээ. Багын адтай, хөөр хөдөлгөөнтэй. Зарим хүн “Хүүхдийн ямар хүн болох багаас нь харагддаг” гэдэг. Б.Золжаргал цэцэрлэгт байхаасаа л эвсэлтэй, бүжиглэх дуртай хүүхэд байж. Түүний юунд сонирхолтойг ажигласан ээж нь охиноо найман настайд нь Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулсан гэдэг. Тэгэхдээ нэг нутгийн, хүүхдийн ордны бүжгийн багшаар дөчөөд жил ажилласан Гавьяат багш Ч.Жаргалсай­ханд охиноо даатгасан байна. Хүүхдийн бүжгийн үндэсний болон олон улсын уралдаан тэмцээнийг зохион байгуулсан, бүжигчний амьдралыг сайн мэдэх хүнээр охиныхоо бүжгийн суурийг тавиулсан нь хожмын амжилтад нөлөөлнө чинээ санаагүй биз. Мэргэжлийн бүжигчин болох асар хүнд хөдөлмөр болохыг Б.Золжаргал бага залуугаасаа ойлгож ирээдүйд хэн болохоо тодорхойлоход нь эртнээс ойлгож мэдрүүлсэн юм болов уу. Өсвөр насандаа тууштай байх занг төлөвшүүлж, зорилгынхоо төлөө шамдах болжээ. Тоглож наадахаас илүү бүжгээ бэлдэхэд цаг хугацаагаа зарцуулсны үр дүнд зорьсон замынхаа эхэнд хүрсэн гэхээр түүний хувьд бүжиг ямар утга учиртайг илтгэнэ. Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр хэдэнтээ түрүүлсэн ч биеэ тоосонгүй. Өөрийгөө дарж илүү шамдан суралцсаар латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 16-хан настайдаа оролцож мөрөөдлөө биелүүлсэн нь түүний хувьд эхлэл байв. 

Анхлан суралцагчаас бүжгийн багш болсон нь

Хүн аливаа зүйлд автах тусмаа илүү гүн гүнзгий ойлгохыг хичээдэг. Б.Золжаргал СУИС-д найруулах урлаг, бүжгэн жүжгээр бакалаврын зэргээ хамгаалсан. Дотоод, гадаадын тэмцээн уралдаанд оролцохын хажуугаар магистрын зэрэгтэй болж, одоо СУИС-ийн БУС-ийн Бүжгийн онол сурганы тэнхимд багшилж байна. Цэнгээнт бүжиг, цэнгээнт бүжгийн заах арга зүйн хичээл оюутнуудад орж, өнгөрсөн хугацаанд дэглэсэн бүтээлүүдийг шавь нар нь бүжиглэн олноо хүргэх болжээ. Тэрбээр багшлахын зэрэгцээ олон улсын тэмцээн, наадамд оролцдог. Латин бүжгийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна ОХУ-ын Улан-Үд хотод олон улсын мэргэжлийн бүжиг дэглээчдийн “Престиж” уралдаан зохион байгуулахад оролцож ур чадвараа сорьсон байна. Тэрбээр уралдааны мэргэжлийн бүжиг дэглээчдийн төрөлд эстрад бүжгээр оролцон нэгдүгээр байрт шалгарчээ. Мэргэжлийг нь эзэмшсэн хүн угаас бүжгийн бүх төрлийг мэддэг, чаддаг байх нь зүйн хэрэг. Бүжгийн шинэ урсгалаас суралцан ур чадвараа хөгжүүлсээр байна. Бүжгийн урлагийн сургуульд контемпорари бүжгийн төлөөлөгч ирж туршлага солилцоход тэрбээр оролцсон нь саяхан. Ингэж бүжиг хэмээх зах хязгааргүй содон ертөнцөөс өөрт ногдохыг шүүрдэн авч орон зайгаа бий болгохоор тэмүүлэн явна.

Тамирчин Золоо

“Энэ их ажлын хажуугаар яаж амжуулдаг юм бол” гэсэн бодол түүнийг хараад төрсөн. Бүжгийн бэлтгэл сургуулилалтаа хийхийн зэрэгцээ фитнесээр хичээллэж, өнгөрсөн онд тэрбээр “Champ cup” тав дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцжээ. Тэмцээний эмэгтэй фитнес ангилалд Б.Золжаргал ур чадвараа сорьж хүрэл медаль хүртсэн юм. Тэрбээр тэмцээний дараа “Асар их тэвчээр гаргаж сонирхолтой бас аймшигтай зургаан сарыг өнгөрүүллээ. Анх удаа фитнесээр хичээллэхдээ хоол идэх хүслээ удирдаж сурлаа. Бас бие, сэтгэл зүйн хувьд олон зүйлийг өөрчилж чадсан өдөр хоногуудын ард гарч байна. Үнэндээ өөрийнхөө биеийг ийм болно гэж төсөөлж байгаагүй учраас сэтгэл хөдлөл дээд цэгт хүрээд байна. Энэ хүчтэй спортыг мэдрүүлж, миний бодлыг өөрчилсөн багшдаа талархъя” гэсэн байв. Сонирхлоо хобби болгож тэр нь мэргэжлийн тамирчин болоход хөтөлсөн тохиолдол амьдралд олон бий. Б.Золжаргал тэдний нэг болж бүжигчний бус тамирчны хувиар олон улсад өрсөлдөхийг үгүйсгэхийн аргагүй. Хүсэл зориг байгаад хөдөлмөрлөж чадвал болохгүй гэх газаргүй юм. Магадгүй одоо тэр зааландаа бэлтгэлээ хийж байгаа байх. Шинэ он гараад удаагүй бэлтгэлээ эхлүүлснээ цахим хуудастаа тэмдэглэн үлдээсэн байв. 

Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв 2 минутын өмнө
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэ… 19 минутын өмнө
Д.Амарбаясгалан Ховд аймгийн Булган, Мөст суманд ажиллалаа 20 минутын өмнө
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж… 20 цагийн өмнө
“Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дах… 21 цагийн өмнө
Ерөнхий хяналтын сонсголоор цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин б… Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглоло… Өчигдөр
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулн… Өчигдөр
Э.Амарзаяа: Цаг хугацаа уран бүтээлчийг төрүүлдэг Өчигдөр
Хамтран ажиллах санал тавилаа Өчигдөр
Намын даргын зөвлөх Э.Эрдэнэжамъян иргэдийн төлөөлөлтэй уулзав Өчигдөр
Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд ахмадууд талархаж… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 126 гишүүнтэй шинэ парламент 30 жил гацсан мега төслү… Өчигдөр
“Атар-IV” аяныг хэрэгжүүлнэ Өчигдөр
А.Баяр: Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр агаарын бо… Өчигдөр
О.Дашпагам: Папиллома вирусийн эсрэг вакцин ирээдүйн эрсдэлээс урьдчил… Өчигдөр
Г.Пүрэвбаяр: Богино хугацаанд үр дүнтэй бэлдье-ОНЦ.МН Өчигдөр
Алдартнуудын артист Өчигдөр
Шатрын түүхийн шинэ эх сурвалжийг хөшөө дурсгалыг судалснаар олж мэдэх… Өчигдөр