Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн бэлтгэлдээ гараад байна. Туршлагатай болон залуу сагсан бөмбөгчдөөс бүрдсэн уг бүрэлдэхүүнд одоогоор 23 тамирчныг дуудаад байгаа юм. Тэд ирэх сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотод болох ФИБА эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа нь энэ. Бүсийн урьдчилсан шатны тэмцээнд Хонконг, Тайванийн багуудтай учраа таарсан бөгөөд хожсон нь ирэх долдугаар сард БНХАУ-д болох тивийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизонд өрсөлдөх эрхтэй болно. Ийм хариуцлагатай тоглолт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа учраас тамирчин, дасгалжуулагчид бэлтгэлдээ төвлөрөхийн зэрэгцээ сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа ажээ.
Монголын сагсан бөмбөгийн өргөтгөсөн бүрэлдэхүүний ахлах дасгалжуулагчаар Ч.Ижилболд, дасгалжуулагчаар Г.Ундрах, Б.Баярбат, Б.Алтанзаяа нар ажиллаж байна. Эмэгтэй багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд “Улаанбаатар Амазонс”-оос Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Ц.Болорцэцэг, Б.Болор-Эрдэнэ, Ч.Уртнасан нар багтжээ. Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй үндэсний дээд лигийн 2024-25 оны улирлын аварга багаар тодорсон “Улаанбаатар Амазонс” 100 сая төгрөгийн эзэн болоод удаагүй байна. Эмэгтэй үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын мөнгөн медалийг хүртсэн “Омни Хүлэгүүд”-ээс М.Булбул, Ө.Индра, Т.Үлэмж, Б.Цацрал нарыг өргөтгөсөн бүрэлдэхүүнд дууджээ. Тэднээс гадна үндэсний дээд лигийн хүрэл медальт “Аравт”-аас Б.Өнөрзаяа, Б.Болор-Эрдэнэ, М.Сэргэлэн нарыг, “АОДЕ Винкс” багаас Б.Энхтуул, Э.Нарангоо, У.Содцэцэг, Б.Гэрэлмаа нар бэлтгэлд хамрагдаж байна. Түүнчлэн “АО Скорпионс”-оос Н.Номин-Эрдэнэ, Н.Минжирмаа, “Старс”-аас А.Хонгорзул, МУИС-аас Б.Нямцэцэг, Э.Энхбуян, “Royal Gulls”-аас Л.Жавзандулам нар өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтан бэлтгэлд хамрагдаж байна.
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй лигийн хөгжлийн түвшнийг харуулах тоглолтод легионор О.Хуланг мөн дууджээ. БНХАУ-ын эмэгтэй дээд лигт тоглож байгаа тэрбээр карьерынхаа эхний тэмцээнүүдэд тун ч одтой яваа юм.
Хэдхэн хоногийн дараа эхлэх тэмцээний талаар ахлах дасгалжуулагч Ч.Ижилболдоос тодруулахад тэрбээр “Монгол Улсад ФИБА эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Эмэгтэй тамирчдын хувьд лигийн тэмцээн дуусаад удаагүй учир харьцангуй бэлтгэлтэй байгаа байх. Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизонд тоглохын тулд бид байгаа бүх бололцоогоо дайчлах болно. Одоогоор өргөтгөсөн бүрэлдэхүүнд 23 тамирчин дуудаад байна. Хэдийгээр тэмцээн удахгүй болох ч цаг хугацааг бүрэн дүүрэн ашиглаж чадвал бидэнд давуу тал болохыг үгүйсгэхгүй” гэсэн юм.
Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал “Монголын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн гурван жилийн хугацаанд эмэгтэй лигийн тэмцээнийг тогтвортой зохион байгуулж байна. Хоёр жилийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизонд тоглож байсан. Энэ жилийн хувьд хоёр жил тутамд болдог Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатанд БНХАУ-ын Хонконг, Тайванийн багуудтай тоглохоор болоод байна. Зөвхөн хожсон нь Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизонд тоглох эрхээ авах учраас маш хариуцлагатай байх ёстой тэмцээн. Тиймээс шигшээ баг өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаад бэлтгэлдээ гараад байна. Тамирчдын хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд түвшнээ хэрхэн ахиулж чадсан бэ гэдгээ харуулах чухал тэмцээн юм. Энэ тэмцээний онцлог нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд ФИБА эмэгтэй тэмцээн анх удаа зохион байгуулагдаж буйд ач холбогдол оршино. Мөн манай улсын эмэгтэй шигшээ баг эх орондоо томоохон тэмцээн хүлээн авч байгаагаараа онцлогтой” хэмээн ярилаа.
Улаанбаатар хотын “UG Arena”-д болох тэмцээн дөрөвдүгээр сарын 11-нд Тайвань, Хонконгийн тоглолтоор эхэлнэ. Удаах өдрийнх нь 15:00 цагт Монгол, Хонконгийн эсрэг тоглох бол 13-нд Монгол, Тайванийн багуудын тэмцээнээр ФИБА эмэгтэй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизоны зүүн бүсийн урьдчилсан шат өндөрлөх юм.
Б.Баасанхүү жингийнхнээ тэргүүлсээр байна
Жилийн эхэнд гарсан хуваарь ёсоор олон улсад тэмцээнүүд үргэлжилж байна. Шинэ оны дараах тэмцээний дүнгээр чансааг гаргасан бөгөөд жин тус бүрийн эхний 20-д манай эрэгтэй, эмэгтэй тамирчид эрэмбэтэй явна. Тэр дундаа Парисын олимпоос хойш зодоглоогүй Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү жиндээ тэргүүлсээр байгаа юм. Түүнээс гадна эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг чансааны 18 дугаар байрт бичигдэж байна. 52 кг-ын жинд Л.Сосорбарам 14 дүгээрт, 57 кг-д Л.Энхрийлэн чансаагаараа 12 дугаар байрт жагсаж байгаа юм. Эрэгтэйчүүдээс 66 кг-ын жинд Гавьяат тамирчин Ё.Басхүү ес, Б.Эрхэмбаяр 12 дугаарт эрэмбэтэй явна. Түүнчлэн манай бөхчүүдээс 73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр 15, 100 кг-д Б.Гончигсүрэн 20 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ташрамд, манай жүдочид Тбилисийн Их дуулга тэмцээнд бүтэн багаараа буюу дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер У.Эрдэнэбаатар, Ч.Болдбаатар, Гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва, Г.Болдбаатар нар ажиллах юм.
Тусгай олимпод оролцсон тамирчид эх орондоо ирлээ
Итали улсын Турин хотод болсон Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон Монгол Улсын тамирчин дасгалжуулагчид эх орондоо ирлээ. Спортын найман төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдсөн энэхүү наадамд манай улсаас 24 тамирчин өрсөлдөж таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн юм. Тамирчдаас Т.Дэлэгжаргал цасны гуталтай гүйлтийн 800 метрийн зайд, А.Азжаргал уулын цанын төрөлд хошой алт, Т.Солонгоо цасны гуталтай 25 метрийн зайд, Б.Буянтогтох цасны гуталтай 400 метрийн зайд алтан медалийн эзэн болсон. Түүнчлэн Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай 25 болон 50 метрийн зайн гүйлтийн төрөлд хошой мөнгөн медаль, А.Азжаргал уулын цана, Б.Мөнх-Эрдэнэ бүжгийн ганцаарчилсан төрөлд, А.Алтан-Очир снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 100 метрийн зайд, Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хосын төрөлд, П.Хатансайхан цасны гуталтай 400 метрийн зайд, А.Идэр цасны гуталтай гүйлтийн төрөлд оролцон мөнгөн медаль хүртжээ. Харин хүрэл медалийг М.Энхзаяа снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайд, Э.Анхзул гүйлтийн цанын 50 метрийн зайд, М.Амарболд цасны гуталтай 100 метрийн зайд, П.Хатансайхан, Б.Буянтогтох цасны гуталтай 400 болон 100 метрийн зайн багийн гүйлт, А.Алтан-Очир снөүбоардын төрөлд өрсөлдөн авч чадлаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24638/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна