Б.Долгормаа: “Ээжийн чанасан цай шиг амттай” гэдэг үгэнд урамшдаг


Сүүтэй цай бол монголчуудын соёлын өв. Алтан нар, байгаль дэлхийдээ цайны дээжээ өргөдөг үндэстэн биднээс өөр байхгүй. Дээжлэн барьдаг сүүтэй цайны соёл орчин үеийн хөгжилтэй зэрэгцээд хэрэглээнд ойртжээ. Гэрээсээ хол, хилийн чинадад амьдардаг монголчуудад ээжийн чанасан цайг нь санагдуулдаг идээ ундаан бол “Дээжлэн барих Дэлгэр сүүтэй цай”. Уусан хүн зорьж очиж авдаг энэхүү цайны жорыг нь тааруулж, ард түмэндээ түгээж буй Б.Долгормаатай ярилцлаа. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаар овоглосон энэ бүтээгдэхүүн худалдаанд гараад таван жил болсон гэхэд хэдийнэ монголчуудын уух дуртай брэнд цай болжээ. Цар тахлын үеийг даван туулаад өдгөө АНУ, БНСУ, Япон улсын зах зээлд гаргахаар зэхэж байна.

-Уламжлалт сүүтэй цайг найруулдаг хэлбэрээр худал­даанд гаргах санаагаа хэрхэн олов. Худалдаанд гаргаад хэдэн жил болж байна вэ?

-Би Говь-Алтай аймгийн Гуулин тосгон, нөхөр минь Дэлгэр сумын уугуул. Бид нийслэлд төвхнөөд нутагтаа ууж хэвшсэн аагтай, сүлэрсэн цайгаа л үгүйлдэг байлаа. Улаанбаатарчууд сүүтэй цайгаа барагтай л чанахгүй, байхуу, кофе түлхүү ууна. Хотын хэмнэл, ажил амьдралын хэв маягаас шалтгаалаад эзэгтэй нар өглөө бүр сүүтэй цай чанаж амжихгүй.   Уусдаг кофе шиг хандлаад хэрэглэхэд хялбар атлаа уугуул монгол амтаа алдаагүй найруулдаг сүүтэй цай хийх саналаа нөхөртөө хэлэхэд дэмжсэн. Тэр үед төмс, хүнсний ногоо тариалдаг, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг компанитай байв. Цайны үйлдвэрлэлээ 2017 онд эхлүүлсэн юм. “Дээжлэн барих Дэлгэр сүүтэй цай” гэсэн нэрийн санааг нөхөр гаргасан юм. Монголчууд бид цайгаа “дээжлэн барина” гэж хүндэтгэн ярьдаг. Тэр дундаа манай Говь-Алтай нутгийнхан шимтэй, аагтай шаргал цайгаараа алдартай. Шимт гэдэг нь сүү, цайны идээнээс гадна  суль, сульхир, хужир, нохойн хошуу, шар будаа гээд хүний эрүүл мэндэд тустай байгалийн 10 гаруй бүтээгдэхүүний найрлагатай.

-Бид сүүтэй цайгаа хэдэн үеэрээ чанаж ирсэн болоод ч тэр үү амт, чанарыг уугаад л мэднэ. Чанаргүй бол дахиж авахгүй. Гэтэл танайх таван жилийн хугацаанд байнгын хэрэглэгчидтэй, бүр Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн болжээ?

-Багаасаа ууж ирсэн цайны амтыг л гаргахыг зорьсон. Малчин удмын монголчуудад сүүтэй цайны амт дотно байдаг. Сүүтэй цайгаараа ундаалж, өл дардаг үндэстэн биднээс өөр үгүй. Хэд хэдэн жор, сонголтоос “Дээжлэн барих Дэлгэр сүүтэй цай”-ныхаа үндсэн амтыг гаргасан.  Дэлгэр сайхан нутгаараа овоглосон  учир амт, чанар тааруу бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй.  Цайгаа зах зээлд нийлүүлж ашиг олох зорилгогүй, ойр тойрныхондоо бэлэглэдэг байсан. Ууж, амтанд нь орсон хүмүүсийн захиалга, хүсэлтээр бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн.

-Найруулдаг кофе, бэлэн ху­далдаалдаг ундаатай адилтгаж ойлгож магадгүй. Цайныхаа ач тусаас дурдана уу?

-Би бүтээгдэхүүнээ магтаж, олон нийтэд хандсан сурталчилгаа хийж үзээгүй. Чанар, амтаараа ард түмэнд танигдаж ирлээ.  Хүмүүс зорьж ирж авдаг. Манай цайны найрлагад байгалийн бүтээгдэхүүн орсон учир  хүний биеийн дархлааг дэмжихээс гадна элэг, цөс, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг онцлогтой. Дэглэм барьдаг, эрүүл хоол, хүнсний хэрэглээтэй эмэгтэйчүүд  манай цайг ууж үзээд гэдэс дүүргэх, жин нэмэх зэрэг таагүй нөлөө үзүүлдэггүй гэж ам сайтай байдаг. Манай цайны гол орц болох сулийн гурилыг монголчууд эмчилгээнд ашиглаж ирсэн. Ялангуяа шээс задгайрсан хүүхдийг сулийн гурилаар эмчилдэг. Нохойн хошуу биеийн хор гадагшлуулдаг ашиг тустай. Энгийн жишээ дурдахад, миний ойрын хүмүүс, үйлдвэрийн ажилтнууд цар тахлын жилүүдэд ковидоор өвдөөгүй. Энэ бол “Дээжлэн барих Дэлгэр сүүтэй цай”-ны ач тус.

-Ажилтнуудынхаа болон компанийн нийгмийн хариуц­лагын хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Ажиллах хүчний нөөц компанийн нэг чухал бодлого болжээ. Ажилтнуудаа бизнесийн болон хувь хүний хандлага, хөгжлийн сургалтад хамруулдаг. Хэдхэн хоногийн өмнө МУИС-ийн багшийг урьж, брэнд хөгжүүлэлтийн сургалт оруулсан. Зөв хамт олон байхыг хичээдэг. Бас спортоор хичээллэж, сагсан бөмбөг, гар бөмбөг тогтмол тоглож байна. Үдийн хоолныхоо дараа бид ширээний теннис тоглодог. Теннисний цохиур барьж үзээгүй би хүртэл сураад, тоглох дуртай болсон. Манайх жижиг үйлдвэр ч сайн дурын аян, буяны үйлсээс хойш суудаггүй. Ядарсан нэгэндээ илүүгээ өгч, дутууг нь гүйцээхдээ сэтгэл өег явдаг. “Өгөх нь авахаасаа илүү буян” гэдэг дээ. Тэр бүрд ингэж тусаллаа гэж олон нийтийн сүлжээгээр зарладаггүй. Мөн Нутгийн зөвлөлийнхөө дэд даргын ажилтай. Энэ жил Гуулин тосгоныхоо 60 жилийн ойг зохион байгууллаа.


-Тэдгээрээс сэтгэлд үлдсэн үйлсээ дурдана уу?

-Ковидын жилүүд бидний хүн чанарыг шалгалаа. Монгол Улсад коронавирус бүртгэгдэж, бүх нийтийн хөл хорио тогтоосон бэрх цаг үед улаан шугамд ажилласан цагдаа, дотоодын цэрэг, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад бүтээг­дэхүүний дээжээсээ илгээсэн.Тухайн  үед “Баялаг бүтээгчдийн сан”-гийн уриалга, аянд нэгдэж нэг сая төгрөг өгсөн. Өглөг багаддаггүй. Нөхрөө хорт хавдраар алдсан, хотын захын гэр хороололд амьдардаг долоон хүүхэдтэй эмэгтэйг орон сууцтай болгохоор найзуудтайгаа хамтран  хандив цуглуулж байна. Тэр бүсгүй ч мөн хорт хавдрын эцсийн шатандаа эмчилгээ хийлгэдэг. Одоогоор 40 гаруй сая төгрөг цуглуулаад байна.

-Цар тахал жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хатуу туссан. Жижиг гэлтгүй гадаадын том брэндүүд хүртэл үүдээ барьсан шүү дээ. Ковидын үеийг хэрхэн даван туулав?

-Хэрэглэгчид, худалдан авагчдынхаа буянаар цар тахлын үед үйлдвэрлэлээ зогсоогоогүй. Сайхан цаг ирж байна. Жижиг үйлдвэр учраас тоног төхөө­рөмжөө сайжруулах, олноор үйлдвэрлэхийн тулд санхүүгийн асуудалтай тулгардаг. Өнгөрсөн жил ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслөө илгээж, тэнцсэн. Энэ жилийн ЖДҮХС-гийн зээл технологийн шинэчлэлд чиглэснээрээ онцлог. Тоног төхөөрөмжөө шинэчилсний дараа ажиллах хүч, бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Сав баглаагаа ч сайжруулна.

-Сав баглаа боодол брэнд хөгжүүлэлтийн  эхний алхам. Шинэ брэнд гаргах уу?

-Сүүтэй цайгаа худалдаанд гаргахдаа сав, баглаа боодлын загвараа өөрсдөө гаргасан. Эко бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гээд цайны орц найрлагад хэт анхаараад үзэмжийг нь орхигдуулсан тал бий. Савлагаа, боодлоо шинэчлэх төлөвлөгөөтэй байна. Бас бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахаар жорын судалгаа хийж байна. Гаднаас загвар сайтай сав оруулж болох ч үндэсний үйлдвэрлэгчид учир дотоодын компаниудтай хамтарч ажиллахыг чухалчилдаг.

-”Дээжлэн барих Дэлгэр сүүтэй цай” брэндийн хэтийн зорилго юу вэ?

-Хэрэглэгчдэдээ ойртож, 21 аймаг, нийслэлийн томоохон хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ худалдаална. Манай цайг хотын оршин суугчдаас гадна орон нутгийн иргэд худалдаж авдаг. Одоогоор Говь-Алтай, Архангай аймагт цайгаа түгээж байна. Япон, АНУ, Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлэх сонирхолтой хүмүүс бидэнтэй холбогдсон. Ковидоос өмнө АНУ-д бага хэмжээгээр  худалдаалсан. БНСУ-д болсон үзэсгэлэнд “Дээжлэн барих Дэлгэр сүүтэй цай”-гаа илгээсэн. Тэнд амьдардаг монголчууд “Ээжийн чанасан цай шиг амттай байлаа” гэж биднийг үгээр урамшууллаа. Өмнөд Солонгост ажиллаж, амьдардаг гэр бүл манай цайг борлуулъя гэсэн санал тавьсан юм. Тоног төхөөрөмжөө сайжруулаад хилийн чинадад амьдардаг монголчуудынхаа өдөр тутмын хэрэглээ болохыг зорьж байна.   

Х.ЭРДЭНЭ


0
angry
0
care
0
haha
0
liked
5
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22