М.Мандхай: Бүсийн чуулган нь эмэгтэйчүүдийн мэдлэг туршлагаа хуваалцах, эвлэлдэн нэгдэх чөлөөт индэр


МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ сард Дорноговь, Орхон, Ховд аймагт СДМЭХ-ны аймгийн салбар холбоодын бүсийн чуулган зохион байгуулах юм. Уг чуулганы зорилго, чиглэл, хамрах хүрээ, хүлээгдэж буй үр дүн  болон СДМЭХ-ны Удирдах зөвлөл, Ажлын албанаас хийж, хэрэгжүүлж буй  ажлын талаар СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхайтай ярилцлаа.

-Сайн байна уу. СДМЭХ-ны аймаг, нийслэлийн салбар холбоодын бүсийн чуулганыг зохион байгуулж буй цаг үед тантай ярилцаж байна. Салхийг хагалах Дорноговь аймгийн бүсийн чуулга уулзалтын талаар  мэдээлэл өгнө үү. Та бүхэн энэ чуулганаас ямар хүлээлттэй байна вэ?
-СДМЭХ нь 21 аймаг, есөн дүүрэгт салбар холбоотой, 96 мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монгол Улсын тусгаар тогтнол, хүний эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн Социал демократ үзэл баримтлал бүхий МАН-ын дэргэдэх  нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Энэ утгаараа хүн бүрд ээлтэй нийгмийг цогцлоох үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг идэвхжүүлэх зорилгоор бүсийн чуулганыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. СДМЭХ-ны Удирдах зөвлөл, Ажлын албанаас аймгуудын салбар холбоодын бүсийн чуулганыг хийхээр төлөвлөсөн ёсоор энэ сарын 7, 8-нд Зүүн, болон Говийн аймгуудын бүсийн чуулганыг Дорноговь аймагт зохион байгуулахаар товлосон. Чуулганд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл оролцоно.  СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн баталсан удирдамжийн дагуу аймгуудын  салбар холбоодоос тус бүр 30 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл ирэх юм.   

СДМЭХ-ны аймаг, нийслэлийн бүсийн чуулганд МАН-ын Удирдах зөвлөл, аймаг, нийслэлийн МАН-ын хорооны зүгээс ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаад баяртай байна. Мөн түүнчлэн тухайн орон нутгаас УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүд, төлөөлөгчдийн зүгээс ч  ихээхэн анхаарал хандуулж байгаад үнэхээр их талархаж байна. Бүсийн чуулганы үеэр төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн үйл ажиллагаануудыг хөтөлбөрт тусгасан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тухайлбал, Дорноговь аймгийн бүсийн чуулганы хөтөлбөрт тус аймгийн бизнес эрхлэгчдийн брэнд болсон содон бүтээг­дэхүүний үзэсгэлэн худал­даа зохион байгуулна. Мөн түүнч­лэн  салбар салбарын эмэг­тэйчүүдийн төлөөллийг чуул­ганы үйл ажиллагаанд урьж оролцуулна. Тухайлбал, мал­чин эмэгтэйчүүд, соёлын өв тээгчид, төрийн албан хаагчид гэх мэт. Учир нь, чуулганы үеэр  эмэгтэйчүүдэд чиглэсэн цуврал сургалт болон туршлага судлах олон арга хэмжээ зохион байгуулна. Бид Дорноговь аймгийн бүтээн байгуулалттай танилцах аялал хийнэ. Ер нь нэлээд үр өгөөжтэй чуулга уулзалт болно гэсэн хүлээлттэй байна.  Дараагийн чуулган энэ сарын 16, 17-нд Орхон аймагт  болох бөгөөд Хангай, Төвийн бүсийн есөн аймгийн эмэгтэйчүүд чуулах юм. Энэ сарын  23, 24-нд Баруун бүсийн таван аймгийн чуулганыг Ховд аймагт зохион байгуулна. Арваннэгдүгээр сард нийслэлийн чуулганаа зохион байгуулах төлөв­лөгөөтэй ажиллаж байна.  Энэ жил холбооны нэрийг шинэчиллээ. СДМЭХ-ны  Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Х.Булгантуяаг сонгосон. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчилсэн. СДМЭХ-ны үе үеийн удирдлагын баг, гишүүд дэмжигчдийн хийж, хэрэгжүүлж ирсэн, бидэнд өвлүүлэн үлдээсэн тэрхүү үнэт зүйлсийг цаашид үргэлжлүүлэн нэр төртэй авч явах итгэл найдвар, хариуцлагыг бид хүлээн авсан учраас бүтээлч санаачилгатай, итгэл дааж  ажиллахыг зорьж байна.

Чуулганы үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг сурталчлан түгээх, 2024 оны бүх шатны сонгуулийн ажлыг эрчимжүүлэх арга замуудын талаар санал бодлоо уралдуулж хуран чуулна. Бүсийн чуулганаас “УРИАЛГА”, “ЗӨВЛӨМЖ” гар­на. Бид чуулганаас гарсан шийдвэрүүдийг  бүхий л шатандаа сурталчлан таниулах нө­лөөллийн ажлуудыг эрчимжүүлэн ажиллана.

-Холбооны Удирдах зөвлөл, Ажлын албаны хувьд бүсийн чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ямар ямар үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байна вэ?

-Бүсийн чуулганаа угтаж, СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрээр ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө, удирдамж, дэгийн зөвлөмж гарган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд сар бүр эрхлэн гаргадаг “Цахим сэтгүүл”-ээрээ уламжлан, 21 аймаг, есөн дүүргийн манлайлагч эмэгтэйчүүдийг зочны хойморт урьж, тэдний улс төрийн идэвх оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх манлайлал, санаачлан хэрэгжүүлсэн бү­тээлч ажлуудыг олны хүртээл болгон алдаршуулах ажлыг зохион байгууллаа.

Үндэсний хэмжээнд тай­лан хамгаалалт зохион бай­гуулснаар аль, аль бүсийг нэгт­гэн  чуулган зохион байгуулбал илүү их үр өгөөж бидэнд авчрах вэ гэдгийг нарийн төлөвлөж, бүсийн чуулганыг дөрвөн бүсээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Мөн СДМЭХ-ны мэдээллийн сан бүрдүүлэх ажил ид өрнөж байна. СДМЭХ-ны дүрмийн дагуу Бодлогын зөвлөлүүдийг байгуулж үйл ажиллагаа нь жигдэрч байгаа бөгөөд эдгээр зөвлөл нь бүсийн чуулганы бэлтгэл ажилд ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад баяртай байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд хариуцсан бүсүүддээ ажиллана. Холбооны бүтэц, зохион бай­гуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор шинэ бүрэлдэ­хүүнийг орон нутгийн гишүүд дэмжигчдэд танилцуулах, харилцан туршлага хуваалцах эрэлт хэрэгцээ өндөр байсан. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг бүсийн чуулган олгох юм.

-Социал демократ Монго­лын эмэгтэйчүүдийн холбооны зүгээс цаашид хийж хэрэгжүүлэхээр   төлөвлөсөн ажлынхаа талаар товч мэдээлэл өгнө үү?

-СДМЭХ-ны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө таван чиглэлтэй.  Таван чиглэлийн ажлыг тодорхой үр дүнд хүргэх зорилгоор Дэд ерөнхийлөгчдөөр ахлуулсан таван Ажлын хэсгийг байгуулсан. Нэгдүгээр ажлын хэсэг нь, эмэгтэйчүүдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр, хоёрдугаар ажлын хэсэг нь, холбооныхоо гишүүд, дэмжигчдийг идэвхжүүлэх чиглэлээр, гуравдугаар аж­лын хэсэг нь, МАН-ын эмэгтэй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, чадавхжуулах чиглэлээр, дөрөвдүгээр ажлын хэсэг нь, ижил зорилготой байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэх чиглэлээр, тав дахь ажлын хэсэг, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид гадаад харилцаагаа тэлнэ.  Саяхан Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурал зохион байгуулж, олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр  Соёлын сайд, манай  холбооны Дэд ерөнхийлөгч Ч.Номин сонгогдлоо. Бага хурлын үеэр холбооны Ерөнхийлөгч Х.Булгантуяа илтгэл тавьж оролцсоноос гадна Хятадын Коммунист нам болон гадаад харилцааны удирдлагуудтай уулзалт хийж, тус намын эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд 2023 оны арваннэгдүгээр сард  БНХАУ-д айлчилж албан ёсоор гэрээ, хэлэлцээр байгуулахаар тохиролцсон. Мөн БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүч, ЖДҮ, Старт-Ап хариуцсан байнгын хорооны дарга, Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ли Чэ Жонгтой уулзаж, улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухайд хоёр улс харилцан бие биесээ дэмжих, нөлөөллийн ажлуудыг дээд түвшинд тогтмол хийж байх, БНСУ-ын улс төр дэх эмэгтэйчүүдийн квот, тоо нэмэгдүүлэхэд хэрэгжүүлж ирсэн түүхэн замналаас суралцах, харилцан туршлага солилцох, СДМЭХ анхан шатны нэгж дээрх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, сургалтад хамруулах, хамтран ажиллах талаар албан ёсны яриа хэлэлцээр хийлээ. Үүнээс гадна үндэсний хэмжээнд харилцан туршлага түгээх нөлөөллийн  ажлыг эрчимжүүлнэ. Бүс бүсийн түвшинд ажлын ололт амжилт, сургамж, сорил, туршлагаа хуваалцах сургалт аяллыг зохион байгуулна. Тайлан хамгаалалтаар тэргүүлсэн Орхон, Дорноговь аймагт бүсийн чуулган зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Цаашид үндэсний хэмжээнд туршлага болгон түгээн дэлгэрүүлэх онцлох ажлуудаар үзүүлэх сургуулилалт зохион байгуулна.

СДМЭХ-ны үйл ажиллагаа бүхий л шатандаа идэвхтэй өрнөж байгаа нь зөв бодлого төлөвлөлтийн үр дүн хэмээн харж байгаа юм. Холбооны удирдлагын зүгээс анхан шатны байгууллагууддаа хүрч ажиллахыг эрхэмлэж байна. Салбар холбоо, зөв­лөлүүдээс ирсэн санал санаачилгыг ажил хэрэг болгох, эргэх холбоотой байх тал дээр онцгойлон анхаарна. Гишүүд дэмжигчдийнхээ итгэл сэтгэлийг дааж,  МАН-ын дэвшилтэт бодлогыг сурталчлах, олны хүртээл болгох сургалтын төсөл хөтөлбөрүүдийг өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх болно. Эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарна. Энэ мэтчилэн чухал асуудлуудыг олон тусгалаас нь харж, нийгмийн сайн сайхны тө­лөөх үйл ажиллагааг бүхий л шатандаа  хэрэгжүүлэх боломж, сонголтууд  бидэнд бай­гаа юм.

-Төв холбооноос хийж, хэрэгжүүлж байгаа олон талт ажил нь  анхан шатны нэгж байгууллага, салбар зөвлөлийн гишүүдэд хэрхэн хүрч байна вэ. Мэдээллээ шуурхай  хүргэхийн тулд танай холбоо ямар арга хэмжээ авч байгаа юм бол?

-Бидний зорьж тэмүүлж байгаа чухал асуудлуудын нэг бол анхан шатны нэгж байгууллагууддаа хүрч ажиллах асуудал яах аргагүй мөн. Иймээс бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоодын дарга нарыг онлайн хэлбэрээр өдөр тутмын удирдлагаар хангахын зэрэгцээ Дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, Ажлын албаныхан батлагдсан удирдамж, чиглэлийн дагуу орон нутагт ажиллаж, анхан шатны нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах ажлыг тогтмолжуулан ажиллалаа. Хоёр дахь том давлагаа бол удирдлагын баг, гишүүд, дэмжигчдийг чадавхжуулах сургалтууд гэж ойлгож болно. Салбар холбоо, зөвлөлүүдээс ирүүлсэн саналын дагуу сургалтын багийг бүрдүүлж, тухайн орон нутагт очиж, ажиллаж байгаа нь олны талархал хүлээсэн ажил болж чадсан.

НҮБХХ, МАН хамтран зохион байгуулсан эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр дэх манлайллыг дэмжих, чадавхжуулах “Манлайлал -350” сургалт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 21 аймаг бүрээс 10, нийслэлээс 50, дүүрэг бүрээс 10 эмэгтэйг тус тус хамруулсан нь бидний зохион байгуулсан хамгийн өргөн цар хүрээтэй сургалт болсныг дурдахад таатай байна. Цаашид тухайн орон нутгийн онцлогийг тусгасан сургалт аяллуудыг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулна. Гадаад, дотоодын туршлага солилцох сургалт аяллууд нь гишүүд дэмжигчдийн идэвх оролцоог маш сайн нэмэгдүүлнэ гэж харж байна. Манай ажлын албанаас сар бүр “Цахим сэтгүүл” гаргадаг. Одоогоор зургаан дугаар гишүүд дэмжигчдийн маань гарт  хүрчээ.  21 аймаг, есөн дүүрэг, 300 гаруй суман дахь салбар зөвлөлүүддээ мэдээллийг шуурхай  хүргэдгээрээ онцлогтой. МАН, СДМЭХ-ны пэйж хуудас, 21 аймаг, есөн дүүргийн вайбэр группууд маш идэвхтэй ажиллаж байна. Ажлын албанаас бүсийн чуулганы үйл явцыг үндэсний хэмжээнд шуурхай түгээх бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Дорноговь аймагт бүсийн анхны чуулган болно. Мэдээллийг шуурхай түгээх баг бүрэлдэхүүн аль хэдийн ажилдаа орсон.

Танд баярлалаа. Бүсийн чуулганы ажиллагаанд нь амжилт хүсье.

Баярлалаа.




0
angry
3
care
0
haha
10
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.219
2023/09/07
0
0
Амжилт хүсье
Хариулах
66.181.161.60
2023/09/06
0
0
Мэдлэг боловсролтой хүн цаанаа өөр.Маш эрч хүчтэй бүсгүй байна
Хариулах
Шинэ мэдээ
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 23 минутын өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 27 минутын өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 32 минутын өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22