Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely”



 Техник технологийн дэвшлийг зөв ашиглаж чадвал бидний өдөр тутмын хэмнэлийг илүү амар хялбар болгодог гэдгийг олон зүйлээс харж болно. Тухайлбал, хүн бүрийн сайн мэддэг, өдөр тутам ашигладаг банкны аппликейшн. Тэгвэл үүний нэгэн адил байгууллага, хамт олны тогтмол хэрэглээ болсон, хүч түрэн орж буй платформ бол “Timely” аппликейшн юм. Тиймээс бид шинэ оны ууган дугаартаа “Бүтээмжээ нэм” уриатай цаг бүртгэлийн ухаалаг платформ “Timely” аппликейшны хамт олныг онцлон сурвалжиллаа.

Хүний амьдрал баялаг. Тооцоолж төлөвлөөгүй гэнэтийн асуудал гарч, ажилдаа хоцорч очих тохиолдол бий. Мөн цахим ертөнц хөгжсөн энэ үед шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллах ч үе гарна. Түүнчлэн гадуур ажиллах, сургалтад суух, томилолтоор явах,  зарим үед хэн нэгнийг орлож ажиллах ч шаардлага гардаг. Харин энэ бүхэн болж өнгөрсний дараа, цалин бодох үеэр цагийн бүртгэлтэй холбоотой асуудал үүсдэг байсан цаг саяхан. Чангахан нягтлан таарвал төхөөрөмжид бүртгүүлээгүй л бол тасалсанд тооцно, хоцорсон л бол хасалт хийнэ гээд л журам дүрэм ярина. Зарим нь нотлох бичиг авч ирэхийг шаардана. Хоёр, гуравхан жилийн өмнө би ч гэсэн цагийн бүртгэлтэй холбоотой  ийм асуудалтай нүүр тулж явлаа. Тэгвэл энэ бүх төвөгтэй асуудалд цэг тавьсан баг бол “Текстрим” компанийхан. Тодотговол, “Timely” аппликейшныг үүсгэн байгуулагч Н.Болорхүү болон А.Оч нар юм.

 

1000 гаруй байгууллагатай хамтын ажиллагааны бичиг үзэглэжээ

 

Тэд анх 2021 онд компаниа байгуулж, улмаар бүтээгдэхүүнээ хөгжүүлж, сайжруулсаар жилийн дараа буюу 2022 оны зургадугаар сард “Timely” аппликейшнаа олон нийтэд албан ёсоор танилцуулжээ. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд салбар бүртэй хамтын ажиллагаа өрнүүлж, шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар сард 1000 дахь байгууллагатайгаа хамтын ажиллагааны бичиг үзэглэсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд 40-50 мянга орчим ажилтан тус аппликейшныг ашиглаж, цагаа бүртгүүлдэг болжээ. Ийм тооны ажилтан, албан хаагч шаардлагатай тохиолдолд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч цагийн бүртгүүлж байна.

“Timely” аппликейшныг үүсгэн байгуулагч Н.Болорхүү ч гэсэн дээр дурдсанчлан цагийн бүртгэлтэй холбоотой төвөгтэй асуудалтай нүүр тулж, цалингаасаа хасуулж байсан учраас үүнийг шийдэх шийдлийг эрэлхийлж, улмаар бодит ажил болгосон нь энэ.

 “Ковид-19” цар тахлын үе уян хатан, цагийн цахим бүртгэл хэрэгтэй, шаардлагатайг ажил олгогч болон ажилтнуудад мэдрүүлсэн. Нөгөө талд цаг бүртгэлийн уламжлалт арга хэрэгсэл орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүйгээс гадна ямар нэгэн төхөөрөмжөөр нүүр, хурууны хээ таниулж бүртгэх тохиолдолд хувь хүний мэдээлэл алдагдах эрсдэлтэй байгаа нь тэдэнд цахим аппликейшн бүтээх санаа сэдэл өгчээ. Харин  хоёр жилийн өмнө батлагдсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тэдэнд хурдтай хөгжих ташуур болсон байна. Ингэснээр “Timely”-гийн хамт олон шинэ оны шинэхэн бэлгээ задлахаар зэхэж буй.

 

Шинэ оны бэлэг шинэчилсэн хувилбар

 

Тэд анх аппликейшнаа хөгжүүлж дуусаад эхний ээлжид 300 орчим ажилтантай нэгэн байгууллагад туршилтаар ашиглуулахад тооцоолж байснаас нь гадна маш олон давуу тал гарсан учраас бүтээгдэхүүнээ илүү их сайжруулж, хурдтай хөгжүүлэх ажилд ханцуй шамлан орсон байна. Ажил эхлэх, тарах цаг нь тодорхой,  тогтсон газрууд нэг хүний сард 2900 төгрөг бүхий Standart, ээлжээр ажилладаг цагийн хуваарьтай байгууллагууд мөн адил нэг хүний сард 3900 төгрөгийн өртөгтэй Premium багцыг ашиглах боломжтой гэдгийг онцоллоо.

Тус хамт олон хэрэглээнд нэвтрүүлж, байгууллага болон хэрэглэгчдийн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан тасралтгүй сайжруулалт хийсээр тэд өдгөө шинэ оны бэлэгээ задлахад бэлэн болжээ. Тодруулбал, тэд “Timely”-гийн V2.0 шинэ хувилбарыг танилцуулахаар бэлтгэл ажлаа базааж байна.

Одоогийн хувилбараасаа шинэ өнгө төрх, олон давуу талтай, дэвшилтэт болсныг онцолж байлаа. Шинэчлэлийн зорилго бол хэрэглэгчид ашиглахад илүү амар хялбар байхад чиглэжээ. Жишээлбэл, одоогийн Standart багцийн хувьд цагийн бүртгэлийн тохиргоо нь ирлээ, явлаа гэсэн хоёр сонголттой бол шинэчилсэн хувилбар дээр тухайн бүртгэл зөвхөн нэг л сонголтой байх аж. Мөн шалгалт, судалгаа, санал асуулга, мэдээ мэдээллийн булан зэрэг функцыг тухайн байгууллага өөрсдийн онцлогт тулгуурлан хүссэнээрээ удирдаж ашиглах боломжийг бүрдүүлсэн байна. Тухайлбал, шалгалт авахад хариулт дээр нь зураг сонгох боломжтой болсон гэх мэт одоогийн хувилбараас хэд дахин илүү дэвшилтэт бөгөөд ашиглахад маш амар хялбар болж буйг тэд дуулгалаа. 

Шинэ хувилбарын бас нэгэн онцлох шийдэл нь тухайн ажилтны цалинг автоматаар бодохоос гадна цалин буух хугацаанаас өмнө урьдчилгаа авах боломжийг бүрдүүлж, хөгжүүлэлт хийсэн байна. Гэхдээ гарч болзошгүй эрсдэлийг тооцоолон тухайн байгууллага өөрсдийн шийдвэрээр ажилласан хоногийнх нь цалийнгийн тодорхой хувийг олгох зохицуулалт хийх боломжтой аж.

 

Хоёр өдрийн ажлыг хоёрхон минутад шийдэгч

 

“Timely” аппликейшн ажилтны цаг бүртгэл болон тайлан, цалин тооцоолол, байгууллагын дотоод харилцааг хялбарчилсан ухаалаг шийдэл юм. Тодотговол, байгууллагын эдийн засгийг гамнагч, нягтлангийн цаг хугацааг хэмнэгч, ажилчдын хувьд стрессгүй бүртгэгч гэж хэлж болно. Тодруулбал, “Timely” аппликейшн цаг бүртгэлийн гурван хувилбартай. Нэгдүгээрт, бүсчлэх, хоёрдугаарт, тухай байгууллагын wifi-аар, гуравдугаарт, ажлын байранд байршуулсан QR кодыг уншуулж бүртгүүлэх гэсэн сонголттой.

“Timely” аппликейшн ашиглан ажилчдынхаа цагийг бүртгэдэг байгууллагуудын санал сэтгэгдлийг сонсоход цаг хугацаа хэмнэсэн ухаалаг шийдэл нэвтрүүлсэнд, мөн үргэлж шинэчилж сайжруулж, ашиглахад илүү амар хялбар болгодог хэрнээ анх тогтоосон үнэ тарифаа нэмэхгүй байгаад талархаж буйгаа илэрхийлж байлаа. Харин ажилчдын тухайд шаардлагатай тохиолдолд зайнаас бүртгүүлэх боломжтой нь давуу тал болж буйг онцлон дурдаж байв.

Жишээлбэл, ямар нэгэн төхөөрөмж, аппликейшн байгаагүй үед 50-100 ажилтантай байгууллага цагийн тайлангаа гаргаж, цалин тооцоолол хийхэд хамгийн багадаа 2-3 өдөр зарцуулдаг байжээ. Харин энэхүү “Timely” аппликейшныг ашигласнаар цагийн бүртгэлийг 1-2 минутын дотор нэгтгэж, гаргах боломжтой. Мөн цагийн бүртгэл, цалинтай холбоотой ямар нэгэн маргаантай асуудал гарахгүй. Хоцорсон, тасласан, илүү цагаар ажилласан, өвчтэй байсан, чөлөө авсан, ээлжийн амралттай зэргийг хүний оролцоогүйгээр автоматаар тооцоолон гаргадаг байна.  Тус компанийн удирдлагууд харилцагч, хэрэглэгч нартаа хамгийн хямд үнийг санал болгож, түүнийгээ удаан хугацаанд тогтвортой хадгалах бодлого барьдаг гэдгээ тодотголоо. Тийм ч учраас хамтын ажиллагаатай байгууллагууддаа “Timely”-гийн шинэчилсэн хувил­барыг байгуулсан гэрээнийхээ үнийн тарифаар ашиглах боломж­той гэдгийг үүгээр дамжуулан мэдэгдсэн юм.

 

Хоёроос хориулаа болсон нь

 

Анх бизнесийнхээ санааг олж, “Timely”-г бүтээж эхлэхэд найзтайгаа хоёулаа байсан бол өдгөө хориулаа болсон байна. Өөрөөр хэлбэл, тэд ажил олгогч, татвар төлөгч, нийгэмд нөлөөлөгч болсон. Хамт олных нь дийлэнхийг Z үеийнх эзэлж байлаа. Тэдний энэ оны төлөвлөгөө болон цаашдын зорилго зорилтыг хуваалцахад Н.Болорхүү “Хувь хүн болон байгууллагын үнэт зүйлс хоорондоо уялдаж байгаа цагт болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй ээ. Тиймээс бид хувийн биш багийн тоглолттой хүмүүсээр багаа бүрдүүлэхийг хичээдэг. Яагаад гэвэл, би төвтэй хүн өөрийгөө болон бусдыгаа үргэлж “алдаг”. Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа дутагдал бол асуудал бус хүн төвтэй маргалддаг явдал юм. Ажлаас болж маргалдах, мэтгэлцэх нь ойлгомжтой. Энэ тохиолдолд хувь хүн рүү нь дайрч давшилж, доромжилж болохгүй. Бидний дунд ажилтай холбоотой асуудлаар мэтгэлцэх бол нээлттэй. Гэхдээ хамгийн гол нь хүн бус асуудал төвтэй маргалдаж, мэтгэлцэхийг л зөвлөдөг” хэмээгээд цаашдын зорилго зорилтынхоо талаар хуваалцсан юм.

Тэд Монголын төдийгүй дэлхийн зах зээлд гарах том зорилго дэвшүүлж, түүндээ  хүрэхээр алхам алхмаар урагшилж, амжилтаа ахиулсаар. Тус хамт олон 2023-2024 онд “Шилдэг гарааны бизнес эрхлэгч”, “Шилдэг апплейкшн”, “Шилдэг стартап” гэсэн технологийн салбарын гурван том шагналын эзэд болсон нь тэдэнд зогсолтгүй урагшлах урам зориг, хүчтэй ташуур болжээ. Харин энэ жил ч мөн тэд амжилтаа бататгахын зэрэгцээ үүсгэн байгуулагч Н.Болорхүүг JCI олон улсын байгууллагаас “Нийгэмд нөлөөлж буй арван хүний нэг”-ээр нэрлэсэн байна.

 

 “Nokia”-ны тоглоом түүнийг код бичигч болгожээ

 

“Timely” аппликейшны үүсгэн байгуулагчдын нэг Н.Болорхүү МУИС-ийн МКС /Матиматек компьютерын сургууль/-ийг 2014 онд программист мэргэжлээр төгсөж, багын хүсэл мөрөөдлөө биелүүлжээ. Гэхдээ түүний энэ мэргэжлийг эзэмшсэн замнал бусдаас арай өөр хатуухан бөгөөд урт байж. Учир нь тэр ийм мэргэжилтэй болоход долоон жилийг зарцуулсан байна. Суралцах явцдаа эрүүл мэндийн шалтгаанаар завсардаж байсан хэдий ч бууж өгөхгүй, тууштай зүтгэсээр ангиасаа ганцаараа улаан дипломтой төгсөж байсан түүхээ хуваалцав. Оюутны ширээнээс ажлын байранд гарч, тухайн газартаа олон зүйлд суралцаж, улмаар түүнийгээ одоо өөрийн баг хамт олноо удирдахад ашиглаж буй талаараа ярилаа. Тэрбээр “Би хүнээс шаардаж буй зүйлээ өөрөө хийж чаддаг, үлгэр дуурайл үзүүлдэг байх зарчим баримталдаг. Өөрөөр хэлбэл, ажилчдаасаа юу хүсэж байна, би өөрөө яг л тийм байх ёстой. Зарим хүн апплейкшнуудыг хараад амархан юм шиг санадаг. Зарим нь яаж хийдэг бол гэж сонирхдог. Программ хөгжүүлэлтийн цикл гэж байдаг. Эхлээд хэрэглэгчийнхээ асуудлыг буюу энэ хэрэгтэй юу, яагаад хэрэгтэй вэ, үүнийг ашигласнаар ямар ач холбогдол, давуу талтай байх вэ гэдгийг нэг бүрчлэн тодорхойлно. Дараа нь дизайныг нь хар болон өнгөтөөр гаргаж, хэрэглэгчдээр тестлүүлж үзээд боломжтой гэж үзвэл код бичнэ. Нэг биш олон байгууллагад зориулж хөгжүүлж байгаа апплейкшн дээр бол илүү их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Хөгжүүлэлт хийгээд л болчихгүй. Энэ бүхний дараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулах, ашиглаж хэвшүүлэх гэж том ажил бий. Бас ингээд дуусахгүй. Цаашид техник технологи хурдтай хөгжиж буй учраас бүтээгдэхүүнээ үргэлж шинэчилж, сайжруулж байх ёстой” хэмээн ажлынхаа явцын талаар товчхон хуваалцав.  Түүнийг “Nokia” гар утасны могой тоглоом код бичигч болгожээ. Анх энэ тоглоомыг тоглож үзээд сониуч зандаа хөтлөгдөн программист болохоор шийдэж, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөөөр өдгөө ийнхүү “Timely”-г бүтээгч, эзэн болж технологийн салбарт өөрийн өнгө төрхөө тодорхойлж яваа шилдэг стартапуудыг ийн онцоллоо.


 С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 9 минутын өмнө
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 47 минутын өмнө
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 57 минутын өмнө
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 1 цагийн өмнө
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 1 цагийн өмнө
Б.Жигмэддорж: Монголын авто, мото спортын хөгжлийг олон улсад харуулах… 1 цагийн өмнө
​ Нийгэмд инээд ус, агаар шиг хэрэгтэй 1 цагийн өмнө
Алганд ассан авлига 1 цагийн өмнө
Бүсийн зөвлөгөөний өгөөж 1 цагийн өмнө
“Шинэ цагийн хуучин хүү” /Рemейk/ 1 цагийн өмнө
Кашмир цөмийн гүрнүүдийг хагаралдууллаа 2 цагийн өмнө
Трампын 100 хоногийг дүгнэлээ 2 цагийн өмнө
Шинэ папыг шийдвэрлэх сорилтууд угтана 2 цагийн өмнө
Ялалтын баяраар ОХУ гал зогсооно 2 цагийн өмнө
Эх оронгүй эх оронч 2 цагийн өмнө
Нийслэлийн МАН хоёр дахь зууны түүхээ бичиж эхэллээ 2 цагийн өмнө
Өнгө зассан хүүхдийн парк үүдээ нээнэ 2 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 2 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан 2 цагийн өмнө