Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого”-ын хүрээнд ипотекийн гурав болон зургаан хувийн хүүтэй зээл авах иргэдийн урьдчилгаа төлбөрт Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж эхэлсэн. Энэхүү ажлын явцын талаар Зээлийн батлан даалтын сангийн Төсөл, бизнес хөгжлийн дарга Э.Тамиртай ярилцлаа.
-Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй зарим иргэн урьдчилгаагүй, барьцаа хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар банкны босго давж чаддаггүй. Ийм шалтгаантай иргэдэд дээрх шийдвэр том дэмжлэг болно. Одоогоор хэдэн хүн батлан даалттай зээл аваад байна вэ?
-Манай сан арилжааны зургаан банктай гэрээ үзэглэсэн. Одоогийн байдлаар Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар зээл олгосон байна. Тухайн гурван банктай гэрээ үзэглэснээс хойших сарын хугацаанд Завхан, Дархан-Уул, Орхон, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн 12 иргэнд батлан даалттай зээл олгоод байна.
-Тухайн 12 иргэн ямар хүсэлт гаргасан бэ. Зээлийнхээ урьдчилгаанд батлан даалт хүссэн үү, эсвэл барьцаа хөрөнгөд үү?
-Тэд барьцаа хөрөнгө бус мөнгөн хөрөнгөд батлан даалт гаргуулсан.
-Нийт зээлийн хэдэн хувьд нь батлан даалт гаргуулсан гэсэн үг вэ?
-Зээлийн батлан даалтын сан хуулийн хүрээнд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах боломжтой.
-Иргэд зээлийн хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй удаж байна гэдэг асуудлыг хөнддөг. Зээл олгох үйл явц ямар шат дамжлагатай байна вэ?
-Олон нийт яг ямар хүнд батлан даалттай зээл олгоод байна вэ гэж хардаж байгаа юм. Холбогдох журмын дагуу ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан дарааллынх нь дагуу шийдвэрлэдэг. Тухайн иргэдэд ямар нэгэн давуу байдал олгосон асуудал байхгүй. Тэгэх ямар ч боломжгүй. Тэд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ банканд гаргасан байсан. Хүсэлтийг нь банк судлаад манай сан руу шилжүүлсэн гэсэн үг.
-Батлан даалттай зээл олгох шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн атал яагаад иргэдийн хамрагдалт бага байна вэ?
-Гэрээ байгуулсан зургаан банкны хоёр нь орон нутагт төдийлөн олон салбаргүй байгаатай холбоотой болов уу.
Ипотекийн зээлийн батлан даалт гэдэг нь Монголын ипотекийн корпорац /МИК/-аар дамжуулан үнэт цаасжуулах хэлбэрээр иргэдэд олгож буй санхүүгийн бүтээгдэхүүн учраас тусгайлсан санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Тиймээс Засгийн газраас олгож буй санхүүжилтийн хүртээмжийн асуудал гол түгжээ нь болоод байна. Цаашид санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэснээр олон хүнийг ипотекийн зээлд хамруулах боломж бүрдэнэ.
-Ийм төрлийн зээлд хамрагдах эрэлт нэлээд их байна. Тиймээс цаашид зээл олгох банкны тоог нэмэх боломжтой юу. Ялангуяа орон нутагт салбартай банк байснаар хүртээмж нэмэгдэх болов уу?
-Дээр дурдсан зургаан банкнаас гадна ипотекийн зээл олгож буй хэд хэдэн банк бий. Тухайн банкуудтай хамтарч ажиллах талаар санал солилцож байна.
-Батлан даалт хүсэж буй иргэд ямар шаардлага, шалгуур хангасан байх ёстой вэ?
-Монголбанкны ипотекийн санхүүжилтийн журамд заасан шаардлагыг хангах ёстой. Түүн дээр батлан даалт гаргуулах боломжтой гэдэг нэг л зохицуулалт нэмж оруулсан. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтад хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд худалдан авч буй орон сууцных нь үнийн дүнгийн 18 хувьд батлан даалт гаргана. Харин үлдсэн 12 хувьд нь урьдчилгаа төлбөрийг мөнгөн эсвэл барьцаа хөрөнгийн хэлбэрээр гаргуулах боломжтой. Манай сан хоёр төрлийн бүтээгдэхүүнд батлан даалт гаргаж байна.
Нэгдүгээрт, жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж буй иргэдэд олгох урьдчилгаа төлбөрийн батлан даалт. Уг зээлийн гол шалгуур нь 21 аймаг болон Багануур, Багахангай, Налайх дүүрэгт худалдан борлуулж буй орон сууц худалдан авах хүсэлт гаргасан иргэн байх ёстой.
Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд олгож буй жилийн гурван хувийн хүүгийн дэмжлэгтэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд олгох урьдчилгаа төлбөрийн батлан даалт. Энэ төрлийн хүсэлт гаргаж буй иргэдэд тавих гол шалгуур нь Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшсан буюу ажил олгогч нь тухайн орон нутагт байрладаг байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн нийгмийн даатгалын шимтгэлээ оршин суугаа орон нутгийнхаа нийгмийн даатгалын хэлтэст төлдөг байх мөн тухайн орон нутгийн харьяалалтай байх ёстой. Тус шаардлагыг хангасан зээл хүсэгч хүүгийн дэмжлэг авахаас гадна батлан даалт гаргуулах боломжтой гэсэн үг.
-Ипотекийн зээлтэй иргэн ийм хувилбараар дахиад зээлд хамрагдах боломжтой юу?
-Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмаар нэг иргэн нэг л удаа ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Манай сангаас батлан даалт хүссэн 12 иргэн өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй.
-Барьж буй орон сууц болон амины орон сууцад батлан даалт гаргуулж болох уу?
-Холбогдох журамд зааснаар улсын комисс хүлээж авсан, гэрчилгээтэй байранд ипотекийн зээл олгодог. Учир нь, хүсэлт гаргасан иргэний зээлийг шийдвэрлэсний дараа тухайн байрыг нь барьцаанд шилжүүлдэг. Харин амины орон сууцны хувьд худалдан авч буй сууц нь нийтийн шугам сүлжээнд холбогдсон байх шаардлагатай.
-Танай сан зургаан банктай гэрээ байгуулсан атал яагаад зарим нь зээл олгохгүй байна вэ?
-Дээр дурдсан гурван банк бусдаасаа түрүүлж зээл олгож буй шалтгаан нь түрүүлж гэрээ байгуулсантай холбоотой болов уу. Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн тохиолдолд банкууд зээлийн журамдаа өөрчлөлт оруулахаас гадна эдийн засагчдаа мэдээллээр хангаж, зааварчилгаа өгөх гэх мэт зохицуулалт хийх шаардлагатай болно. Тиймээс сүүлд гэрээ байгуулсан гурван банк энэ мэт асуудлаа шийдэж дуусаад иргэдийн хүсэлтийг хүлээж авах байх.
-Зээл хүсэгч эхлээд банкны босго давна. Дараа нь танай санд очих нь. Зээлийн хүсэлтийг ингэж хэд хэдэн шат дамжлагаар судлах нь эргээд иргэнд хүлээлт, хүндрэл учруулах талтай. Танайд хүргүүлсэн хүсэлтийн хариуг хэд хоногийн дотор өгч байна вэ?
-Гэрээнд заасан хэм хэмжээний дагуу 72 цагийн дотор иргэний батлан даалтын хүсэлтийг судалж, шийдвэрлээд тухайн банканд нь эргэж мэдэгдэх ёстой. Манай сан иргэний хүсэлтийг удааж, хугацаа алдах асуудал гаргахгүй. Яагаад гэвэл ипотекийн зээлийг банк маш нарийн, олон талаас нь судалж байж шийдвэр гаргадаг учраас манай сан арай хөнгөн байдлаар судалдаг. Судалгааны явцад батлан даалт гаргах боломжгүйг нь тогтоовол татгалзах эрхтэй.
-Батлан даалт гаргахад үүсэх эрсдэлийн тухайд?
-Зээл хүссэн иргэнд батлан даалт гаргаж өгснөөр Зээлийн батлан даалтын сан 100 хувь эрсдэл хүлээдэг. Тухайн зээлдэгч зээлээ төлж чадахгүй болсон тохиолдолд манай сан батлан даасан хувь хэмжээгээрээ зээлдэгчийн өмнөөс банканд төлж барагдуулна гэсэн үг. Дараа нь батлан даалт гаргуулсан тухайн иргэнээс төлбөрийн уян хатан нөхцөлөөр эргэн төлүүлнэ. Батлан даалт гаргуулах иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг нэлээд сайн судлах шаардлагатай байдаг. Банк дэмжсэн л бол манай сангаас батлан даалт шууд гаргана гэж ойлгож болохгүй.
-Төрийн үйлчилгээг банкаар дамжуулан олгоход иргэн, банк хоёрын хооронд зөрчил, үл ойлголцол үүсдэг тал бий. Зарим банкны ажилтан “Батлан даалттай зээл олгох чиглэл ирээгүй” гэх мэт хариулт өгч байгаа тухай иргэд цахим хуудастаа бичиж байна. Үүнд ямар шийдэл байна вэ?
-Төрийн зарим үйлчилгээний тухайд иймэрхүү асуудал гардаг тал бий. Гэхдээ ипотекийн урьдчилгаа төлбөрийн батлан даалтын тухайд банкнаас шалтгаалсан ямар нэгэн асуудал гарахгүй. Яагаад гэвэл, ипотекийн зээлийн эх үүсвэр хязгаарлагдмал. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан хүн бүрийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Тиймээс дараалал, хүлээлт үүсдэг. Хэрэв, батлан даалттай зээлийн талаар мэдээлэл авах, мөн банктай холбоотой санал гомдол байвал 7000-2035 дугаар руу холбогдож, мэдэгдэх боломжтой.
-Нэгэнт тантай уулзсаных жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог батлан даалттай зээлийн талаар тодруулъя. Ямар шаардлага үндэслэж олгодог вэ?
-Манай сан барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮ эрхлэгчдэд хүсэж буй зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргадаг. 2012 оноос хойш 1139 аж ахуйн нэгж, иргэний 338.5 тэрбум төгрөгийн зээлд 167.1 тэрбум төгрөгийн батлан даалт олгосон байна. Зээлдэгчдийн үйл ажиллагааг салбараар ангилж авч үзвэл үйлдвэрлэл, түүнийг түшиглэсэн худалдааны салбар давамгайлж байна. Бид батлан даалт хүссэн иргэн, аж ахуйн нэгжээс “Танайд зээл олгосноор хэдэн ажлын байр шинээр бий болох вэ, хэдэн ажлын байраа хадгалж үлдэх вэ” гэдгийг заавал тодруулж, баталгаажуулж бүртгэдэг. 2018 оноос хойш шинээр бий болгосон, хадгалсан ажлын байрны тоо 10 мянга даваад байна.
Сан дөрвөн төрлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлж байна. Нэгдүгээрт, үндсэн батлан даалтын бүтээгдэхүүн. Банк санхүүгийн байгууллагын бизнесийн зээлд олгох ба барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа хэсэгт дэмжлэг үзүүлдэг. Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банкнаас олгодог төслийн бүтээгдэхүүн. Тус батлан даалттай зээл нь банк болон Зээлийн батлан даалтын сангийн хамтарсан эх үүсвэрээр олгогддог. Хамтарсан эх үүсвэрээр ЖДҮ эрхлэгчдэд жилийн 8.88-12.34 хувийн хүүтэй арав хүртэлх жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөл бүхий батлан даалттай зээлийг олгож байна. Гуравдугаарт, банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ батлан даалт. ББСБ-ын харилцагч барьцаа хөрөнгийн дутагдалт ЖДҮ эрхлэгчдэд 80 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 хүртэлх хувийн батлан даалттай авах боломжтой. Дөрөвдүгээрт, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна