Менежмент хийснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын өрийг 600 тэрбумаар бууруулжээ



“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдах ажилтны зөвлөгөөн Эрдэнэт хотод боллоо. Тус зөвлөгөөнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд оролцож, нэгдлийн үйл ажиллагаа, бүтцийн өөрчлөлт хийснээр гарч буй үр дүн зэрэгтэй танилцав. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах чиглэл өглөө. Төрийн өмчит уул уурхайн 30 компанийг нэгтгэн “Эрдэнэс Монгол” нэгдлийг байгуулсан. Монгол Улсын Засгийн газраас эдгээр компанийг нэгдсэн удирдлагаар хангаснаар менежментийг сайжруулан, алдагдлыг бууруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ гэж үзсэн байдаг. Ийнхүү бүтцийн өөрчлөлт хийснээр “Эрдэнэс Монгол” нэгдэл хагас жилийн хугацаанд нийт өрийн хэмжээг 500 тэрбум төгрөгөөр бууруулж чадсан гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлсэн нь удирдах ажилтны зөвлөгөөнөөс онцлох мэдээлэл байлаа.

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын нийт өр 7.8 их наяд төгрөг болж буурсан байна. Ерөнхий дүнгээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн эргэлтийн хөрөнгө 1.6 их наядаар нэмэгдсэн бол борлуулалтын орлого 6.9 их наядаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Нэгдлийн нийт хөрөнгийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 20 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүрдүүлж байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудыг татан буулгахаас гадна чиг үүрэг ижил компаниудыг нэгтгэх болон хувьчлах зэрэг ажил ид үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар долоон компани, 13 ТУЗ-ийг татан буулгаад байгаа юм байна. Дээрх бодлогын хүрээнд зардал буурч, ашигт ажиллагаа нэмэгдэх боломж бүрдсэн талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн тодотголоо. ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат “Эрдэнэс Монгол” нэгдлийн уул уурхайн компаниуд олборлолтоо нэмэгдүүлэх, чадварлаг бөгөөд цомхон бүтцээр бүтээмжтэй ажиллах зорилго тавьсан гэдгийг дурдаад “Энэ хүрээнд төрийн оролцоог багасгаж, зарим худалдан авалтаа хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх зарчим баримталж байна. Төрийн өмчийн компаниуд засаглалаа сайжруулж, үр ашигтай ажиллахын тулд хүний нөөцийн оновчтой бодлого явуулах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Тиймээс төрийн өмчит компаниуд дутуу орон тоондоо нарийн мэргэжлийн боловсон хүчин, шилдэг менежерүүдийг сэлгэн ажиллуулахын зэрэгцээ өөрсдийн нөөц боломжид түшиглэн шинэ ажилтнуудыг сурган авах бодлого баримтлан ажиллах нь зүйтэй гэдгийг ч тодотгосон. 

 

С.Наранцогт: Цаашид цэвэр ашиг, орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой

 “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын мэдээлснээр тус нэгдлийн үйл ажиллагааны хагас жилийн тайлангаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 93 хувийн үнэлгээ авч тэргүүлсэн байна. Тус компанийн хувьд нийт зардлаа бууруулж чадсаны зэрэгцээ нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Харин “Цемент шохойн үйлдвэр” 80 хувийн үнэлгээ авч удаалжээ. Ийнхүү улсын эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг уул уурхайн томоохон компаниуд үнэлгээ өндөр гарсан ч “Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагааны төлөвлөгөө муу, “Дархан төмөрлөг” тээвэр ложистик хүндрэлтэй, “Цемент шохойн үйлдвэр” цементийн борлуулалт муу байгааг С.Наранцогт захирал анхааруулав. Тэрбээр нэгдлийн харьяа компаниудын хагас жилийн тайлан болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар “Манай нэгдлийн компаниудын хувьд улирал бүр ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийдэг. Үүний хүрээнд хагас жилийнхээ тайлангийн хурлыг толгой компани болох “Эрдэнэт үйлдвэр”-т суурилаад харьяа компаниудаа цуглуулан энэ бүс нутагт байрлаж, үйлдвэрлэл явуулдаг газарт нь явуулж байгаагаараа онцлогтой. Ингэснээр харьяа компаниуд өөр хоорондоо туршлага солилцох, үйлдвэрүүдтэй танилцах, үйл ажиллагаагаа уялдуулахаас гадна нэг дор цуглаж тулгамдсан асуудлаа хуваалцах том боломж гэж харж байна. Нөгөө талаас өвөлжилтийн бэлтгэл ажил хангаж эхэлсэн учраас тайлангийн хуралтайгаа хамтатган хийж байгаа юм. 2022 оны эцсийн байдлаар хуримтлагдсан өр төлбөр 8.4 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ өрийн дийлэнх хувь “Эрдэнэс тавантолгой” ХК дээр байгаа буюу нүүрсээ урьдчилан борлуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэнтэй холбоотой асуудал байгаа юм. Гэхдээ бид энэ өр төлбөрийг өндөр хэмжээнд бууруулж чадсан. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан хагас жилийн байдлаар өөрийн өр төлбөрийг өнгөрсөн жилийнхээс 50 хувиар бууруулж чадсан. Ингэснээр нийт хуримтлагдсан өр төлбөрөө 800 тэрбумаар бууруулсан дүн мэдээтэй байна. Бид цаашид энэ хурдаараа ажиллаж чадвал өр төлбөрөө барагдуулахын зэрэгцээ цэвэр ашиг, орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ч өнөөдрийн байдлаар нийт өр төлбөрөө 300 гаруй тэрбумаар бууруулаад байна. Ингээд нэгдлийн хэмжээнд нийтдээ 500 гаруй тэрбумаар өр төлбөрөө бууруулсан үзүүлэлттэйгээр хагас жилийн тайлангаа дүгнэж байна” гэлээ. Харин “Эрдэнэс Монгол” нэгдлийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн “Эрдэнэс Монгол нэгдэлд нэгдсэн нийт 40 компани бий. Эдгээр нь охин болон охины охин, хараат, төслийн нэгж компани гэсэн бүтэцтэй явдаг. Компанийн засаглал сайжруулахаас гадна олон жил үр ашиггүй ажилласан, үйл ажиллагаа нь зогссон компаниудыг хувьцаа эзэмшигч буюу Монгол Улсын Засгийн газраас цөөлөх чиглэлийг өгсөн байдаг. Үүний дагуу компаниудыг татан буулгахаас гадна хооронд нь нэгтгэх зэрэг үйл ажиллагааг эхлүүлээд явж байна. Компани татан буулгах процессыг мэдээж хуулийн дагуу явуулах учиртай. Үүний дагуу зарим компанид холбогдох процесс ид өрнөж байна. Одоогийн байдлаар долоон компанийг татан буулгасан. Хоёр компанийг нэг болгох буюу нэгтгэлээ. Мөн үүний зэрэгцээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн олон нийтэд зарласанчлан “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниудын ТУЗ-ийг цөөлсөн. Зарим компани ТУЗ-гүйгээр буюу толгой компанидаа удирдагдаад явж байна. Эхний хагас жилийн хувьд эдгээр томоохон өөрчлөлтийг хийлээ. Түүнчлэн уул уурхайн компаниудын хувьд тээвэр ложистийн асуудал маш чухал гэж үзсэнээр бид Дэд бүтэц, ложистикийн группийг шинээр байгуулсан. Учир нь нэг компанид олон вагон байхад нөгөөхөд нь огт байхгүй байх жишээний. Тиймээс эдгээрийг хооронд нь сэлгэхийн зэрэгцээ засвар үйлчилгээг нэгдсэн байдлаар зохион байгуулах зэрэг хэрэгцээ, шаардлагын үүднээс шинэ группийг байгуулаад байна. Цаашид хооронд нь нэгтгэсэн компаниудыг хэрхэн үр ашигтай ажиллуулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Мөн хууль эрх зүйн хувьд маргаантай асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүднээс томоохон Ажлын хэсгийг гарган ажиллуулж байна” гэлээ.

 

Г.Дугаржав: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хагас жилийн байдлаар 12.2 тэрбумын ашигтай ажиллалаа

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн дарга Г.Дугаржав “Манай үйлдвэрийн хувьд 20 хоногийн буюу 110 мянган тонн дизель түлшний нөөцтэй байна. Энэ бол хангалттай нөөцтэй байна гэсэн үг. Манай хоёр уурхай нийлээд өдөртөө 5000 литр түлш хэрэглэдэг. Цалингийн хувьд амралтын өдөр таарч, ганц хоёр хоног хоцорсныг эс тооцвол ямар нэг ч хоцрогдолгүй. Бид “Эрдэнэт үйлдвэр”-т бэлдэц үйлдвэрлэж нийлүүлдэг. Үүний орлого 2-3 хоногоор хоцорсон тохиолдол гарсан. Түүнээс бусдаар бидэнд хуримтлагдсан цалингийн өр байхгүй буюу цэвэр ашигтай ажиллаж чадаж байгаа. Өөрөөр хэлбэл, татвараа төлсний дараа бид хагас жилийн байдлаар 12.2 тэрбумын ашигтай ажилласан. Түүнчлэн бид үйлдвэрийн хэмжээнд сүүлийн есөн жилд хийгээгүй их засварын ажлыг хийж байна. Энэ бол манай өвөлжилтийн бэлтгэл ажлын гол хэсэг гэсэн үг. Энэ сарын 1-нээс ирэх сарын 6 хүртэл дөрвөн сектор, 56 нэр төрлийн ажлыг хийж байна. Энэ бол зүгээр нэг бэлтгэл ажил биш, сүүлийн есөн жилд хийгээгүй их засварын ажлыг өрнүүлж байна гэсэн үг. Төрийн өмчит уул уурхайн компаниуд нэгдэл болж ажилласнаар манай үйлдвэрийн хувьд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-т жилд нийлүүлэх ган бөмбөлгийн хэмжээг жил ирэх бүр нэмэгдүүлсэн хэмжээгээр нийлүүлэх боломжтой болж байна. Товчоор хэлбэл, бид бэлдэц хийж Эрдэнэтэд нийлүүлнэ. “Эрдэнэт үйлдвэр” ган бөмбөлөг болгоод Оюутолгойд нийлүүлэх гурвалсан хамтын ажиллагааг өрнүүлэх боломж нээгдэж байна. Ингэж байж дотоодын кластер болно. Ингэснээр манайх жишээлбэл, импортыг орлоод эхэлчихэж байна шүү дээ. Бид одоогийн байдлаар 250 мянган тонн төмрийн баяжмалыг экспортлоод байна. Өнөөдөр л гэхэд манай үйлдвэрт бэлэн 6000 тонн арматур байна, энэ нь 15 орчим тэрбум төгрөгийн бараа байна гэсэн үг. Тэгэхээр бид борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож болно” гэлээ. Дээрх компаниудын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажилд хэдийнэ орсон бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийтдээ 116 ажил хийхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ Төмөртэй, Цурхай, Төмөртолгойн уурхай, Гангийн үйлдвэрт өвөлжилтийн гол бэлтгэлийг төвлөрүүлэн хийж байгаа аж. Зөвлөгөөний үеэр уул уурхайн ажиллах хүчин хомстож, мэргэжилтэн залуучууд гадаадад гарах болсон талаар талууд хөндөж байлаа. Тиймээс энэ асуудалд бодлогоор анхаарах шаардлагатай болсныг дуулгаж байв. Ийнхүү уул уурхайн томоохон компаниуд хагас жилээ дүгнэн хэлэлцэж, цаашид хийх ажлаа ч хамтдаа ярилцлаа.

 Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 37 минутын өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 3 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 3 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 3 цагийн өмнө
SDY Calling you... 3 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 3 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 4 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22