Мод үнэртэж амьдрах нь тансаглал биш тав тух


Хүн төрөлхтний хамгийн анхны урлан модон байсан болов уу гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л байх. Яагаад гэвэл мод л хамгийн дуулгавартай, хөнгөн, аюул ослоос хамгаалж чадах тийм бат бөх эд.  Манай гаргийн ногоон бүрхэвч буюу нийт ургамлын 24.5 хувийг 100 мянган төрлийн гурван их наяд мод эзэлж байгаа нь дэлхийн нэг иргэн тутамд 422 ширхэг мод ногдоно гэсэн үг. Дэлхий гаргийн эко системд мод нүүрстөрөгчийг шингээн авч хүчилтөрөгч үйлдвэрлэх онцгой гавьяатай оролцоно. Агуйгаас гарсан хүн төрөлхтний анхны анжис, анхны орон гэр модон байсан нь ойлгомжтой. Хэзээнээс ч чулуугаар цайз, ордон барьж эхэлсэн юм, бодвол олон зуу, мянган жилээр тоологдох биз. Гэхдээ л модоор барьсан орон сууц өдгөө бидний үе хүртэл хэрэглээнээс гараагүй байна. Дэлхийн хүн ам найман тэрбум давахын хэрээр орон сууцны хэрэгцээ улам л нэмэгдсээр. Хаа сайгүй сүндэрлэх өндөр өндөр орон сууцны барилгуудын ханыг бетон хийцээр дүүргэх нь эдийн засаг, санхүүгийн хувьд хэмнэлттэй. Бас богино хугацаанд чанартай гүйцэтгэх арга хэлбэр. Бетон хийц даац авах, дуу чимээ тусгаарлах, хүйтэн салхи жавар нэвтрүүлэхгүй зэрэг олон сайн талтай ч чийг татах, мөөгөнцөртөх, хүйт даах гэх мэт сул тал олонтой. Харин орчин үед энэ сул талыг нөхөх аргуудыг шийдсэн байна. Энэ орчин үеийн шийдэл нь өнөөх л бидний анхдагч хэрэглэгдэхүүн болсон мод юм. Технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн байгалиас улам алсраад байгаагаа сая л анзаарч зогтусан эргэж харав. Гэхдээ одоо гартаа цүүц, алх биш мэдлэг, өндөр технологийн цахилгаан багажууд атгачихсан зогсож байгаа. Модыг ширхэг ч үртэсний хаягдалгүйгээр 1000 хувь ашиглаж, нэгж модноос гарах бүтээгдэхүүний тоо хэмжээг өсгөснөөр эдийн засгийн үр өгөөж нь ч нэмэгджээ. Ийм технологиор гаргаж авсан модон бүтээгдэхүүнд тааз, ханын модон доторлогоо багтаж байгаа юм. Тэгвэл ийм өндөр технологийн аргаар бэлдсэн эко модон рейкээр тагтны доторлогоо болон бусад өрөөний дотор орчныг таатай болгох интерьер гаргадаг нэгэн компани Монголд байгуулагдаад тав, зургаан жилийн нүүр үзэж буй ажээ. Энэ компани бол “Эко орос модон доторлогоо”. Хот, хөдөө, зуслангийн айлуудын 100 гаруй хаус, орон сууцыг орос модон рейкээр доторлож, өрөөний дотоод зохион байгуулалт, тагтны интерьерийг өөрчилсөн нь тоогоо алджээ.

“Эко орос модон доторлогоо” компанийг үүсгэн байгуулагч нь Итгэлтийн Түвшинбат гэж Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрж, өссөн залуу бий. Аав Итгэлт нь Архангай аймгийн барилга тресстийн даргын албыг хашдаг байсан болохоор ч тэр үү багаасаа л байшин барилга, засал чимэглэлийн ажил хийж өсжээ. Юуны төлөө арын сайхан хангайн залуу билээ амбан шар хөллөх арал тэрэг, алс дайдыг харах байшингийн цонх гээд модоор хийж болох бүхнийг л хийж, босгож явсаар 1998 онд их хотын шуугиант амьдралд идэр залуухан эр хөл тавив. Тухайн үед монголчууд “Бүхнийг фронтод” гэдэг шиг бүгдээрээ Өмнөд Солонгос руу гэдэг уриатай болчихсон байсан юм. Хоёр мянган оны эхээр эхнэр М.Мөнхзултайгаа танилцангуут хөтлөлцөөд Өмнөд Солонгос гараад явчихаж. Алс хол хүний нутагт ард орхисон нялх үрээ санагалзан гурван оныг үдэв. Гурван жилийг харьд үдээд эргэж эх орондоо ирээд барьж авсан ажил нь өнөөх л барилга. Ингээд барилга, засал чимэглэлийн салбарт 20-оод жил хүчин зүтгэснийхээ үр дүнг үзэж 2017 онд “Эко орос модон доторлогоо”компаниа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Зах зээлийн мэдрэмж, эргэж буцахгүй чанар нь компаниа хөл дээр нь тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэр үздэг. Хэдийгээр компанийн үүсгэн байгуулагч нь И.Түвшинбат ч эхнэр М.Мөнхзул нь одоо удирдлагыг гартаа авчээ.

 Мод  амьсгалдаг, амьд, дулаан мэдрэмж төрүүлдэг зүйл. “Эко орос модон доторлогоо” компани айл гэрт яг л ийм амьд дулаан мэдрэмжийг оруулж өгөх гээд байгаа юм. Модон доторлогооны анхных нь ажил гэрийнх нь тагт байжээ. Модон рейкээр өвч бүрэн доторлож гал тогооны өрөөнийхөө халаалтыг сунган оруулсан нь зай талбайг нь томсгож өөр өнгөний шийдэл нэмэгдсэн нь тэр чигтээ өрөөний том чимэглэл мэт л харагдах ажээ. И.Түвшинбат цахим хуудсанд “Тагтаа аваръя” хөдөлгөөн өрнүүлж маш олон айлын агуулах, хогийн тантан шиг болж хаягдсан тагтыг гэрт нь эргүүлж өгсөн гэдэг. Түүнтэй “Тагтаа аваръя” хөдөлгөөнийх нь талаар ярилцаж суухад өөрт тохиолдсон нэг түүхээ хүүрнэсэн нь одоо ч нүдэнд харагдсаар л байна. Нэгэн өглөө түүний утсанд ирсэн дуудлага хийж байгаа ажлаараа бахархах, ажлынхаа утга учир, үр үлдцийг дахин бодох эргэцүүлэл өгөх захиалга тээн ирж жингэнэснийг яахан мэдэх билээ. “Ах аа, тавдугаар хороололд бид нэгэн тагт янзлуулах хэрэгтэй байгаа юм аа. Цахимаас таны эхлүүлсэн “Тагтаа аваръя” хөдөлгөөний талаар олж мэдээд холбогдож байна. Бидэнд нэг хүндрэлтэй асуудал тулгараад удаж байна. За та ямартаа ч газар дээр нь ирээд үз” гээд хаягаа тодруулаад дуудлагаа таслав. Хийх ажлынхаа газарт яваад очтол үнэхээр эмгэнэлтэй дүр зураг үзэгджээ. Хөгжлийн бэрхшээлтэй залуу, хөгшин ижийтэйгээ цуг амьдрах. Гадаа гармаар, салхи амьсгалмаар байвч алхаад гарч чадахгүй, хөгшин эх нь үүрээд, түрээд гаргаж дийлэхгүй. Иймд тэд нэг арга бодож олсон нь сайх залууд нартай хамгийн ойр, салхи амталж, амьсгалж, нийгмийг ажиглаж болохуйц газрыг сонгон тав тух өгөхийг хүссэн нь тагт байж. Энэ ажлыг И.Түвшинбат үнэхээр сэтгэл гарган хийж гүйцэтгэсэн гэдэг. Одоо хотоор алхаж явахдаа айлын тагт өөд хараад “Ямархан жаргал зовлон нуугдаж, ямар настан энэ цонхны цаана ганцаардаж суудаг бол хэмээн шимшрэн бодох болсон” гэнэ лээ. Үнэхээр бодууштай  санаа. Хөгшид, настнууд гүйгээд гарчихаж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тагт шиг ариун дагшин газар хаа билээ. Үүнд л утга учир оршин буй мэт. Ер хүмүүний амьдрал ийм. Бие биеийнхээ утга учир болон оршихуй амьдралын мөн чанар биш гэж үү.

“Эко орос модон доторлогоо” компанийн хийж байгаа модон доторлогоо хөдөө орон нутагт төдийгүй хот суурин газрын байр сууцад ч зохимжтой. Дулаан тусгаарлах чанараараа бетоноос найм дахин, ган болон төмөрлөг материалаас 400 дахин их. Уян хатан чанар нь газар хөдлөлт болон гаднын бусад нөлөөнөөс үүсэх эвдрэл, нуралтын эрсдэл багатай, ашиглалтын хугацаа урт. Модон байшин гэхэд л өвлийн улиралд дулаан чанараа хадгалж, зуны халуун үед сэрүүн уур амьсгалыг бүрдүүлдгээрээ хүний ая тухтай амьдрах нөхцөлд  таатай байдаг даа. Орос модон доторлогоо хийлгэхэд дутах юм ер үгүй гэнэ билээ.

Модоор унтлагын өрөөгөө тохижуулбал дулаан, тавлаг орчныг бүрдүүлдэг давуу талтай. Азиуд гэр орныхоо тохижилтыг халуун дулаан байлгахыг хичээж мөн тийм өнгө сонгодог ард түмэн. Модон рейк нь тийм л дулаан уур амьсгалыг бүрдүүлэх байгалийн эерэг өнгө зонхилно.  Мод өрөөний загвар, заслын шийдлийг бүхэлд нь өөрчлөх шидтэй. Жишээлбэл, хана болон тааз хийж, өрөөний орон зайг өвөрмөц болгож, дотоод засалдаа тохирсон ор хийж болно.

Модон материалыг зориулалтаас нь хамааруулан модны хатаалт, хагаралт, уян хатан чанар, чийгшил зэргийг нь сайтар анхаарч сонгох нь чухал байдаг. Ашиглах талбай, тасалгааны зориулалтаас шалтгаалаад хавтгай рейк модыг зэрэглэлээр нь ялган сонгож болно.

Нэгдүгээр зэрэглэлийн буюу яргүй цэвэр хавтгай рейк модоор зочны болон унтлагын өрөөг тохижуулахад тохиромжтой. Хоёрдугаар зэрэглэлийн буюу бага зэргийн яртай хавтгай рейк модоор гал тогооны болон үүдний өрөөндөө илүү амьд, байгалийн өнгө, загвар хосолсон орчныг бүрдүүлнэ. Хоёр болон гуравдугаар зэрэглэлийн модыг ашиглан илүү шинэлэг загвар гаргах боломжтой. Энэ төрлийн модоор өнгөлсөн хананд уран зураг, камин зуух, номын сан зэргийг тохируулан хийж болно. Мөн хана болон таазанд ашиглах зориулалтаас хамааран хавтгай савх модны нимгэн, зузааныг зөв сонгох шаардлагатай. Таазанд ашиглах хавтгай савх мод нь нимгэн, илүү хөнгөн чанартай байх ёстой бол хана болон шаланд зузаан  тусмаа илүү тохиромжтой.

Мод нь байнга амьсгалдаг амьд материал учраас тасалгааны чийгшил ихсэх үед чийгийг шин­гээж, багасах үед чийг ялгаруулан тэнцвэржүүлж байдаг байгалийн ухаалаг бүтээл юм. Мод, модлог материал нь бетон, цемент, шохой, эмульс, замаска зэрэг материалтай харьцуу­лахад хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Технологийн дагуу бай­шин, барилгад модыг оновчтой ашиглах нь ашиглалтын хугацааг уртасгаж, хэт чийгших, ялзрах, мөөгөнцөр үүсгэдэггүй зэрэг нь хамгийн том давуу тал юм. Үүнийг зөвхөн зуслангийн бай­шин, амины орон сууцаар зог­сохгүй орон сууцны оршин суугчид байрныхаа дотоод засалд хавтгай савх модоор доторлогоо хийж байгаа нь хүмүүс өнгө загвар, тав тухаас гадна эрүүл мэнддээ онцгой анхаарч байгаагийн нэгэн илрэл юм. Улаанбаатарын утаатай өвлийг модон дунд барьсан дүнзэн байшинд амьдарч буй мэт сэтгэгдэлтэйгээр давъя гэвэл ийм модон доторлогоо л хийлгэмээр юм байна.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын үйл хэрэгт ахмадуудын оролцоо, үүрэг асар их 3 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: SDY залуучуудын хөгжил, оролцооны тэргүүлэгч байгууллаг… 4 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг үргэлж дэмжиж ир… 4 цагийн өмнө
Залуучууд, эмэгтэйчүүд чуулж, ахмадууд асуудлаа хэлэлцлээ 4 цагийн өмнө
Ерөөл, буян бялхсан номтой өдрүүд 4 цагийн өмнө
Биржийн борлуулалт нэмэгдэж, бодлогын хүү буурсныг зарласан долоо хоно… 4 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 5 цагийн өмнө
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 20 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ Өчигдөр
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна 2024/09/18
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17