Монгол хүүхэд бүр хэлд ороод л сурдаг хамгийн эхний дуу “Маамуу нааш ир”. Худлаа ярьсан хүнд “Аав, ээж” гэхээсээ өмнө “Маамуу нааш ир”-ийг дуулдаг гэхэд хэлсдэхгүй. Энэ дуу зохиогдоод өдгөө 70 шахам жилийн нүүрийг үзэхдээ мөн ч олон хөг хэмнэлээр дуулагджээ. Тэр олон хөг хэмнэл дундаас дөнгөж хөлд орж буй хүүхдийн тэнтэр, тунтар алхааны хэмнэлээр дуулсан нь багачуудын ой ухаанд илүү наалддаг байж магадгүй юм даа гэж бодож сууна. Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншаравын цоглог, хөнгөн аялгуутай энэ дууг анх олон нийтийн хүртээл болгосон хүн нь Монгол Улсын Гавьяат жүжигчин В.Долгор хэмээх өвөрмөц содон хоолойтой дуучин байв. Хүүхдийн мэт цангинасан, цоглог хоолойтой энэ дуучны тухай бичихийн тулд “Маамуу нааш ир” дууг дурдахгүй өнгөрнө гэвэл зүй ёсноос хазгай зүйл мэт санагдана биз дээ.
Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав ”Маамуу нааш ир” дууныхаа аяыг охин Л.Халиунсүрэнгийнхээ аялсан аялгуунаас санаа авч бүтээжээ. Түүний том охин, СУИС-ийн багш, хүндэт профессор Л.Халиунсүрэн энэ талаар "1956 оны зун хүүхдүүдтэй тоглож байхдаа дуу аялсан шиг байгаа юм. Үүнээс аав санаа авч, Ч.Лхамсүрэн гуайтай хамтран “Маамуу нааш ир” дууг бүтээсэн түүхтэй. Аав мандолиноор "Маамуу нааш ир" дууны аяыг тоглон би хашааныхаа хүүхдүүдтэй анх дуулсан” хэмээн дурсан ярьсан байдаг. Дуу дуучин хоёр бие, биеэ зөв таньж олно гэдэг “Ширхэг будаа зүүний үзүүрт тогтох лугаа” гээд хэлэхэд хол зөрөхгүй л болов уу. Сайн уран бүтээл эзнээ олохгүй, аргагүй сайныхаа хүчээр яваад байдаг байж ч болох л юм. Харин дуучин В.Долгорын байгалиас заяасан өгөгдөл хүүхдийн дуу, уран бүтээлд л зориулагджээ гэмээр. Хэдийгээр эл уран бүтээлч маань бидэнтэй байхгүй ч түүний хэлж ярьж байсан дурсамж, дуртгал хэвлэлийн хуудаснаа үлдсэн байдаг. Тэрбээр “Хүүхэд гэдэг их ариухан, ээлтэй. Миний өдий олон жил урлагт зүтгэж, урт насалж яваа нь зөвхөн хүүхдийн л буян. Хүүхдийн алга ташилт намайг залуужуулдаг. Уран бүтээл дундаасаа “Маамуу нааш ир” дуундаа их хайртай. Анх 1956 онд юм даа Д.Лувсаншарав багш намайг дуудаад би хүүхдийн хэдэн дуу зохиолоо. Чиний хоолойд яг тохирно. Дуулж радиод бичүүл гэсний дотор “Маамуу нааш ир”, “Алтан хараацай”, “Бөмбөг” зэрэг 10 гаруй дуу байсан. Намайг хүүхдийн заяа түшдэг” хэмээсэн байх ажээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин В.Долгор “Маамуу нааш ир” дууг нийт 3000 удаа тайзнаа дуулсан юм билээ. Өдөр бүр тайзанд гарч дууллаа гэхэд 10 шахам жил тасралтгүй дуулсан байна гээд л бод доо.
Тухайн он цаг Монгол орны хөгжил цэцэглэлтийн эхлэл тавигдаж ажилчин анги, шинэ залуу нийгэм бүрэлдэн тогтож байсан үе байв. Тийм ч болоод урлаг, уран сайхан, дуу уран бүтээл эх орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд уриалан дуудсан өнгө аясыг агуулсан шинжтэй байжээ гэж харагддаг. Хүүхдийн дуунууд ч мөн ялгаагүй уриалан дуудсан үгтэй хүсэл тэмүүллээр дүүрэн, өөдрөг ирмүүн, цоглог аялгуутай зохиогдож байв. Ийм цоглог, ирмүүн аялгуутай дуунуудыг Монгол Улсын Гавьяат жүжигчин В.Долгор гэдэг хүүхдийн мэт хоолойтой дуучин цаг үеэ олж төрөөд амилуулжээ. Мэдээж мэргэжлийн уран бүтээлчид ч үүнийг анзаарсан биз. Түүний багш Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав “В.Долгорт байгаль эхийн хишиг харамгүй заяагдсан, нарийн лимбийн эгшигтэй, найман настны хоолойтой” хэмээн дурсан ярьсан нь бий.
Хүүхдийн хоолой хүүхдийн сэтгэлээр
Түүний арвин баялаг түүх намтар, дундаршгүй уран бүтээлийн зонхилох байр суурийг хүүхдийн уран бүтээл эзэлнэ. Уран бүтээлийнх нь оргил үед В.Долгорыг хүүхдийн хоолой, сэтгэлгээгээр дуулж тэдний нижигнэсэн алга ташилт, цовоо сэргэлэн түрлэгийг харамгүй хүртэж явсан. Бүхий л амьдрал, уран бүтээлээ хүүхдүүдэд зориулж, өдгөө 2000 хол давсан тоглолтоо багачуудад хүргэж, хүүхдийн дууны цомог, уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан түүнийг урлагийнхан, олон түмэн “Хүүхдийн дууны хатан хаан” хэмээн өргөмжилсөн байдаг юм. Тэрбээр багаасаа л дуулах дуртай хүүхэд байснаа дурсжээ. Урлагийн их замд орох анхных нь сэдлийг төрүүлсэн хүмүүс циркийн урлагийг үндэслэгчид байсан гэхээр тухайн он цагийн шилдгүүд ямар олон талын авьяас билигтэй, эх оронч сэтгэлтэй байгаа вэ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Энэ тухай гавьяат дурсахдаа “Зохиолч Л.Ванган, Ардын жүжигчин Нацаг, уран нугараач Даарийжав, илбэчин Цэнд-Аюуш гээд Монголын циркийг үндэслэгч урлагийн алдар цуутнууд ирсэн юм. Шалгаруулалтад сэтгэл догдлон, бас тэнцэхгүй бол яана гэсэн айдастай орсон. Аймгийн төвөөс гурван хүүхэд тэнцсэний нэг нь би. Зуны сайхан өдөр жүжигчин ах эгч нартай ачааны машинд суун Булган хайрхандаа сүсэглэсээр их хотыг зорьсон тэр өдрийн тэнгэр нь хүртэл намайг ивээж цэлмэг сайхан байсан” хэмээжээ. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа түүний тухай “Би В.Долгорыг уран сайхны сургуульд байхаас нь мэддэг юм. Хөдөөний бор охин концертод гоцлолоор дуулж байхад нь сонсгол, ритм сайтай, хоолойны өнгө аяз нь ирээдүйн дуучин болох найдвартай харагдаж байсан даа” хэмээн анхны сэтгэгдлээ ярьж байжээ. В.Долгор 1929 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн хүн юм билээ. Нутагтаа сургууль соёлоо дүүргээд 1945 онд хотод ирж Уран сайхны сургуульд ороход дуулаачийн анги гэж байгаагүй тул жүжгийн ангид оржээ. Драмын жүжигчин болохоор гурван жил суралцах байсан түүнийг хоёр жил сургаад Улсын хөгжимт драмын театр буюу Бөмбөгөр ногоон театрын найрал дууны ангид театрын даргын зургадугаар сарын 1-ний өдрийн тушаалаар хуваарилжээ. Ийнхүү театрын алтан босгоор анх алхаж мэргэжлийн дуучны гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрбээр найрал дууны анхдагч, үүсгэн байгуулагчдын нэг болж Зөвлөлтийн мэргэжилтэн Ф.Клешко, дуучин М.Дорждагва нарын сургуулилалт, удирдлагаар ажиллаж байлаа. Түүнээс хойш найрал дууны дуучид нэмэгдсээр найрал дуу 90 шахам дуучинтай болж байсан түүхтэй юм билээ.
Тэрбээр амьд сэрүүн ахуйдаа “Бөмбөгөр ногоон” театраа дурсан ярих дуртай нэгэн байжээ. Амьдрал, уран бүтээлийнхээ гарааг тавьсан алтан тайз нь тэнд болохоор арга ч үгүй биз ээ. “Чухамдаа Монголын соёлын ганц том өв, урлагийн ууган гэр болох “Бөмбөгөр ногоон” театрын гал голомтоос одоогийн энэ олон театр, чуулга, урлагийн байгууллагууд үүссэн. Тэндээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн алдар цуутан, олон жүжигчин, дуучин төрөн гарсан. Тэр дундаа найрал дууны анги бол олон хүнд амьдрал, алдар нэр хайрласан урлагийн гэгээн сүм” гэж ярьсан нь түүхийн хуудаснаа үлдсэн буй. Үүнээс харвал “Бөмбөгөр ногоон” театрын урлагт оруулсан хувь нэмрийг бодитоор үнэлж байсан нь харагдана.
Уран бүтээлийн замнал
Хэдийгээр “Хүүхдийн дууны Долгор” нэрээр олны танил болсон ч найрал дууны сопрано хоолойн ахлагчаар 40 гаруй жил, ангийн даргын үүрэгт ажлыг олон жил хийж ирсэн байдаг. В.Долгор “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, “Шарай голын гурван хаан”, “Хөхөө Намжил”, “Чио чио сан”, “Жаргалын зам” зэрэг дуурийн 10 гаруй гол, туслах дүрд тогложээ. Мөн “Жаргалыг хүссэн Мөнхөө”, “Даланч худалч”, “Цогийн идэр нас” зэрэг 20 шахам хөгжимт драмын жүжиг, “Ламбугайн нулимс”, “Үнэн” зэрэг арав гаруй үндэсний дуурьт тоглосон нь ганцхан хүүхдийн уран бүтээлээр өөрийгөө хязгаарлаагүйг нь илтгэнэ. Түүний уран бүтээлийн баялаг намтар ингээд ч дуусахгүй. “Евгений Онегин”, “Кармен”, “Травиата”, “Тоска” зэрэг хөгжимт драм, үндэсний сонгодог 50 гаруй жүжгийн найрал дууны партийг амжилттай сурч, тоглосноос гадна найрал дууны туслах багшаар 20 шахам жил удирдаач, гоцлол, хоршил, харилцаа, зохиолын гээд олон төрлийн 400 гаруй дуу дуулсан байна. Хятад, солонгос, болгар, чех, өвөрмонгол, орос, буриадаар 20 гаруй дуу дуулж олны хүртээл болгожээ.
“Таван өнгийн цэцэг” нэртэй уран бүтээлийн анхны тоглолтоо 1975 онд тавьжээ. Үүнээс хойш тавхан жилийн дараа буюу 1980 оноос эхлэн Хүүхдийн төлөө фонд, эмэгтэйчүүдийн хорооны “Энэрэл” сан, хүүхдийн наадмууд, асран хүмүүжүүлэх сургууль, цэцэрлэг, хүүхдийн хорих газруудад 20 гаруй мянган хүүхдэд төлбөргүй тоглолт хийж, хандивын арга хэмжээг ч цөөнгүй зохион байгуулж ирсэн байдаг.
Хүүхдийг дууг хүүхдийн хоолойгоор, хүүхэд шиг сэтгэж, түүндээ итгэлтэй дуулж чадсан уран бүтээлч одоогоор төрөөгүй байна гэвэл арай гүтгэсэн болохгүй байгаа. ЗХУ-ын “Мелодия” гэдэг дуу бичлэгийн том студи байв даа. Гавьяатын маань “Маамуу нааш ир” нэртэй хүүхдийн дууны пянз, Монголын радиод хүүхдийн гоцлол, цөөхүүл найрал дууны том фондтой хадгалагдаж үлдсэн нь одоо ч олны хүртээл болж байдаг ажээ. В.Долгор “Таван өнгийн солонго”, Сурагчийн жил”, “Маамуу нааш ир” зэрэг хүүхдүүдэд зориулсан бие даасан 10 гаруй тоглолтыг бэлтгэн тоглуулахын зэрэгцээ, мэргэжлийн найрал дуучны хувьд Нийлэлийн 2 дугаар сургуулийн дэргэд хүүхдийн найрал дууны “Алтан хараацай” хамтлаг байгуулан удирдаж, хүүхдийн найрал дууны уралдаан, “Алтан намар” хөгжмийн наадмын шагнал хүртэж байв.
Тэрбээр “Маамуу нааш ир” нэртэй хүүхдийн 50 дууны түүвэр эмхтгэж, 2006 онд 15 дуутай ”Маамуу нааш ир” цомог гарган, “Өнө мөнхөд дуулагдах Маамуу нааш ир” дуртгалын номоо хэвлүүлжээ. Үнэхээр түүний хоолойн хэмнэлээр мөнхөд дуулагдах хүүхдийн дуунууд бидний оюун санаа хийгээд сэтгэл зүрхнээ оршоор л амуй.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна