Монгол хүний ухаанаар баяжуулж, мэргэжлийн үс арчилгааны салбарт шинэ өнгө нэмсэн цогц бүтээгдэхүүнийг танилцуулах ёслол хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Сөүл хотын Ганнам дүүрэгт боллоо. Шинэ брэндийг санаачлагч нь инфлюенсер Ч.Уранхолбоо бөгөөд тэрбээр гоо засал, үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 35 жилийн туршлагатай компанийг сонгон DR.Spa-г гарган авч хэрэглэгчдэдээ хүргэж эхлээд байна. БНСУ-ын уламжлалт анагаах ухааны ховор ургамлаар баяжуулан гаргаж авсан мэргэжлийн үс арчилгааны цогц бүтээгдэхүүнийх нь талаар “Уранхолбоо бюти” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Уранхолбоотой ярилцсанаа хүргэе.
-Өмнөд Солонгосын аялал жуулчлалын гол бүсийн нэг Ганнам дүүрэгт монгол хүний ур ухаанаар бүтсэн шинэ брэндийн нээлт болсныг сонсоод бахархлаа. Шинэ брэнд бүтээгдэхүүний нээлтэд ямар зочид хүрэлцэн ирэв. Уур амьсгал ямар байсныг манай уншигчдад сонирхуулна уу?
-Миний амьдралын нэгэн чухал үйл явдлаас хуваалцаж, мэдээлэл авахаар зорьж ирсэн та бүхэнд баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө олон нийтэд танилцуулсан DR.Spa нь мэргэжлийн үс арчилгааны цогц бүтээгдэхүүн юм. Өөрийн хэрэглэсэн туршлагадаа үндэслэснээс гадна монгол хүний үсний онцлог, орчин нөхцөлд тохирохоор орц, найрлагыг баяжуулснаараа онцлогтой.
Удаан хугацаанд бодож төлөвлөсөн брэндийнхээ нээлтийг бид Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах “Tra di Noi”-д хийлээ. Тэмдэглэлт үйл ажиллагааг хамгийн өндөр түвшинд хүлээн авдаг учраас энэ газрыг сонгож шинэ брэндийнхээ нээлтийг тусгай 20 зочны хүрээнд зохион байгуулаад ирсэн. Зочдын дунд DR.Spa брэндийг үүсгэн байгуулахад хамтарсан, миний бизнес ментор Хишигээ, “Глоб гейти” компанийн захирал Энхтунгалаг, энэхүү брэндийг үйлдвэрлэж байгаа Ким захирлаас гадна бүтээгдэхүүний нүүр царай болсон ази, европ моделиуд хүрэлцэн ирсэн юм.
Нээлтийн ёслолд ирсэн зочдод морин хуур, ятгын хоршлыг сонордуулж, үндэсний дээл хувцасныхаа үзэмжийг харуулсан нь уур амьсгалыг илүү хөгжөөж, тэдний сонирхлыг ихэд татсан мэт санагдсан. Үүний зэрэгцээ миний бие ая дуугаа хүргэсэн нь шинэ брэндийн нээлтэд ирсэн зочдын сэтгэлд нийцсэн гэдэгт итгэлтэй байна.
-Их ажлын хажуугаар шинэ брэндээ төлөвлөж, үйлдвэрлэгчтэй харилцаа холбоо тогтоох амаргүй. Ер нь та DR.Spa брэндийг хэдий хугацаанд төлөвлөн гаргаж байна вэ?
-Урт удаан хугацаанд бодож явсан ажлынхаа эхний алхмыг хийгээд удаагүй байна. Шинэ бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлсэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол тухайн үед би “Боломж” эвентийн хүрээнд БНСУ-д ирсэн. Тэр үед эвентэд оролцохын зэрэгцээ шинэ брэндээ үйлдвэрлэх ажилд орж байлаа.
Аливаа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахын тулд тодорхой стандартуудыг хангах шаардлагатай. Тэдгээрийг үндэсний үйлдвэрлэлээрээ хангахын тулд олон зүйл шаардаж, багагүй цаг хугацаа зарцуулна. Тиймээс бид энэ удаа DR.Spa брэндийг үйлдвэрлэгчтэйгээ хамтран хууль ёсны эрхтэй болсноор гаднын зах зээлд шинэ бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд байна. Бид эхний зорилгоо биелүүлж БНСУ-д нээлтээ хийж, анхны эксподоо оролцоод ирлээ. Үргэлжлүүлэн Саудын Араб болон Турк, Казахстан улс руу бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж байна. Эдгээрийг БНСУ-д манай брэндийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа “Глоб гейти” компанийн хамт олон хариуцан бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлэн ажиллаж байгаа юм.
-Өөрийн нэрээр овоглосон бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст санал болгоход төдий чинээгээрээ хариуцлага шаарддаг. Хүсэн хүлээсэн цаг ирж анхны үйлчлүүлэгч худалдан авалт хийхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Эхний худалдан авалтыг манай гэрээт борлуулагч хийсэн. Мөн Мьянмар улсаас ирсэн бизнес эрхлэгч залуучууд экспог зорин ирж бүтээгдэхүүнүүдийг маань худалдан авлаа. Тэдэнд хамгийн анх сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь бүтээгдэхүүний үнэр байсан. Улмаар борлуулагчаас DR.Spa брэндийн мэдээллийг аваад худалдан авалтдаа сэтгэл хангалуун байгааг харах надад үнэхээр сайхан санагдсан.
Түүнчлэн өөрийн нэрээр нэрлэсэн бүтээгдэхүүний хамгийн чухал зүйл бол таны асууж байгаа хариуцлагын асуудал юм билээ. Миний хувьд “Уранхолбоо” үс ургуулах эмчилгээний мистийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргээд гурван жил болж байна. Энэ хугацаанд бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, тагаас эхлээд шүршилтийн хошуу ямар байхад хүртэл санаа тавьж, жижиг асуудалд ч гэсэн анхаарал хандуулан ажилладаг байв. Манай брэнд хэдэн мянган хэрэглэгчтэй. Брэндийн талаар хэрэглэгчдээс байнга шахуу мэдээлэл ирүүлдэг учраас уялдаа холбоо тасралтгүй үргэлжилдэг. Хэрэглэгчээс ирсэн асуулт болгонд аль болох өөрөө хариулж, ямар ч ажил зохион байгуулсан биечлэн оролцохыг хичээдэг.
Манай шинэ брэнд DR.Spa мэргэжлийн үс арчилгааны цогц бүтээгдэхүүн гэж би ярилцлагын эхэнд тодотгон хэлсэн. Энэ бүтээгдэхүүнийг би анх санамсаргүй байдлаар хэрэглэхэд бүтэц, шинж чанар, үр дүн нь анхаарал татсан. Дээр нь ямар ч силикон агуулаагүй нь надад маш их таалагдсан. Үс арчилгааны бүтээгдэхүүн хүний үсийг хөнгөн, зөөлөн, намирсан болгох нь чухал ч ирээдүйд гарах үр дагавар ямар байхаас эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг. Учир нь, үс арчилгааны бүтээгдэхүүний үйлчлэл хуйхаар дамжин цусанд орж нөлөөлөх эрсдэлтэй байдаг.
-Саваагүйтэж нэг асуулт нэммээр санагдлаа. Та зургаан хүүхдийн ээж, багыгаа төрүүлээд удаагүй байгаа. Төрсөн эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлын нэг нь үс унах байдаг. Та яг л тийм үедээ DR.Spa -гийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн үү?
-Тийм ээ, энэ бүтээгдэхүүнийг би төрснийхөө дараа нэг их удаагүй хэрэглэсэн. Гэхдээ тухайн үед одоогийнх шиг найрлагын хувьд нэмж баяжуулаагүй байв. Гэсэн ч бүтээгдэхүүний үйлчлэл нь миний сонирхлыг маш их татсан. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчтэй холбоо барьж чадахгүй явсаар 2023 онтой золгоход найз нар маань сайхан мэдээ дуулгаж би брэндийн талаар олж мэдсэн юм.
Улмаар зургаан сарын хугацаанд харилцаа холбоогоо сайжруулж, төлөвлөж байгаад энэ бүтээгдэхүүн дээр хамтран ажиллахаар болж DR.Spa -гийн мэргэжлийн бүтээгдэхүүнүүдийг энгийн иргэд ч хэрэглэж болохоор, дээр нь “Уранхолбоо” брэндэд зориулан, үс уналтыг зогсоох, ургалтыг нэмэгдүүлэх, хамгийн чухал арчилгаа болох хуйхны цэвэрлэгээний шинэлэг хоёр бүтээгдэхүүнээ гаргасан. Өөрөөр хэлбэл, хуйхаа цэвэрлэсний дараа DR.Spa-гийн мэргэжлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж 100 хувь сэтгэл ханамж өгөх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж гаргахаар болсон.
-Хүний хуйх яг л нүүрний арьстай адил арчилгаа шаарддаг. Таны DR.Spa брэндийг сонгосноор хүмүүсийн хүсэн хүлээдэг ямар асуудлуудыг шийдвэрлэх боломжтой вэ?
-Хүний хуйх арьснаас дутуугүй арчилгаа шаарддаг. Хуйхаар дамжин ямар ч бүтээгдэхүүний үйлчлэл цусанд орж үйлчилдэг учраас хамгийн зөв орц, найрлагатай бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын үс арчилгааны бүтээгдэхүүний найрлагаас силиконыг хассан. Бид ч гэсэн органик, тансаг үнэртэй, үс уналтын эсрэг үйлчилгээтэй есөн төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Манай онцлог бүтээгдэхүүний нэг хуйх цэвэрлэх хөөсөн цэвэрлэгээ нь нүүрэнд карбоксин үйлчилгээ хийдэгтэй адилхан зарчмаар хуйханд хүчилтөрөгчийг шингээж өгдөг. Ингэснээр хуйхны нүх сүвийг чөлөөлж, амьсгалах боломжийг бүрдүүлдэг. Энэ үйлчилгээг хэрэглэгчид маань салоноор, өндөр үнэтэй авдаг байсан бол одоо гэртээ, хүссэн үедээ хийх боломжийг бид бүрдүүлэн өгч байна.
-Шинэ брэнд бүтээгдэхүүнээс гурван төрлийн, олон үйлчилгээтэй шампунийн талаар онцолж асууя?
-Юуны түрүүнд үс уналтын эсрэг зөөлрүүлэгч, чийгшүүлэгчтэй шампунийг товчхон танилцуулъя. Үс уналтын эсрэг бүтээгдэхүүн үсийг хатууруулж, ширүүн болгодог. Харин манай үс уналтын эсрэг үйлчилгээтэй шампунь өөрөөсөө чийгшүүлэгчтэй учраас үсээ угаасны дараа хатуурахаас эмээх шаардлагагүй. Миний дараагийн танилцуулах нь хагны эсрэг үйлчилгээтэй үс уналтын зогсоох шампунь. Сүүлийн хэдэн жил “Уранхолбоо” үс ургуулах эмчилгээний мистээ хэрэглэгчдэд хүргэдэг байхдаа бид хуйхны оношилгоо байнга хийдэг байсан. Тэгэхэд монголчууд маань амьдралын хэв маяг, орчны бохирдол, нийгмийн стресс, нойргүйдэл, агаар хөрсний бохирдлоос хамааралтайгаар хагталт, хуйхны үрэвсэлтэй байдгийг олж мэдсэн юм.
Тиймээс үрэвслийг дарж хагны эсрэг үйлчилгээ үзүүлж, үс уналтыг зогсоох онцгой найрлага бүхий шампунийг “Уранхолбоо” брэнд маань DR.Spa-тай хамтран үйлдвэрлэсэн. Орц найрлагыг гаргахдаа хөрс, агаарын бохирдолтой гэдэг талаас онцгойлон авч үзэж баяжуулснаараа давуу талтай. Танилцуулах удаах шампунь нь хуйхны эрүүл ахуйг сайжруулж, үрэвсэлгүй болгох энергийн үйлчилгээтэй.
Бидний хуйх энергиэ алдаж ядрах, ачаалал их авах, нүх сүв нь бөглөрч бохирдсоноос үс унаж эхэлдэг. Эдгээрээс гадна үс уналтын эсрэг ампуль, тоник, үс уналтыг зогсоож, зөөлрүүлэх тритмент буюу зөөлрүүлэгч тэжээлийн бүтээгдэхүүнийг эхний ээлжид зах зээл дээр танилцуулж байна.
-Та мэдээж клиник туршилт хийсэн байж таарна. Туршилтын үр дүнгээс мэдээлэл хуваалцах боломжтой юу?
-Манай үс арчилгааны цогц бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эхний долоо хоногоос үйлчилгээ нь мэдрэгдэнэ. Тууштайгаар гурван сар хэрэглэснээр хэрэглэгчид хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Үүнийг клиник туршилтаар баталсан. Дээр нь DR.Spa-гийн бүтээгдэхүүнийг өмнө нь хувь хүмүүст худалдаалахгүй, салоны хэмжээнд борлуулагддаг, үр дүн ихтэй мэргэжлийн бүтээгдэхүүн байсан. Ийм үйлчилгээтэйг нь мэдсэн учраас бид хувь хүмүүст хүргэхийн тулд онцгой гэрээтэйгээр үйлдвэрлэж байна.
-Та DR.Spa брэндийнхээ нээлтийг Монголд хийхээр төлөвлөж байна уу?
-Брэндийнхээ Монгол дахь нээлтийг наймдугаар сарын 8-нд хийхээр төлөвлөж байна. Энэхүү нээлтэд энэ бүтээгдэхүүний ард ажилласан мэргэжлийн багийнхан БНСУ-аас ирж оролцоно.
-Гоо сайхан, үс арчилгааны чиглэлд багагүй хугацаанд анхаарал хандуулж олон ч зүйлд суралцаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахад ямар санагдаж байна вэ?
-Би үс арчилгааны чиглэлээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс эхний хоёр жил “Уранхолбоо” үс ургуулах эмчилгээний мистээрээ 2022, 2023 оны “Beauty awards”-т импортын болон дотоодын үйлдвэрлэгчдээсээ шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч, хэрэглэгчдийн санал асуулгаар цомын эзэн болсон. Цаашид энэ салбартаа тууштай ажиллана гэсэн бодолтой.
Манай гэр бүлийн эмэгтэйчүүдийг хүмүүс төрөлхийн гоё сайхан үс зүстэй байсан мэтээр боддог. Гэтэл удаан хугацааны арчилгаа, өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэхээс гадна амьдралын зөв хэв маягт тулгуурлаж өнөөдөр үс сайхан бол зүс сайхан гэдгийг мэдрээд явж байна. Үнэндээ хүүхэд байхдаа шингэн үстэй, шанааны хэсгээрээ нэлээд халзралттай. Түүнээсээ их санаа зовж явдаг хүүхэд байлаа. Тухайн үед ээжийн маань ээж бидэнд үсээ хэрхэн зөв арчлах талаар зааж сургасан.
Бид ч эмээгийн бэлдэж өгдөг байсан ургамлын найрлагатай хандыг хуйхандаа шавшиж хэрэглэдэг байсан учраас үс маань маш гоё ургасан. Гэхдээ л духны урд хэсгээр үс багатай учраас ихэвчлэн үсээ задгай тавьж явдаг байлаа. Энэ асуудлыг өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр шийдвэрлэж чадсандаа туйлын баяртай байна. Би үс шилжүүлэн суулгуулах, тариа тарилга хэрэглэхгүйгээр, өдөр тутмын арчилгаагаараа үснийхээ асуудлыг шийдвэрлэж чадсан.
Би зургаан хүүхэд төрүүлсэн. Бүгдийг нь хөхөөрөө хооллож, тээж төрүүлсэн учраас биологийн алдагдал ихтэй, үс байнгын уналттай байсан. Гэхдээ дотроосоо, гаднаасаа зэрэг тордож зөв арчилгаагаа хийгээд явбал үс унахгүй байх боломжтой гэдгийг туршлагаасаа олж харсан.
Үсийг хүмүүс гоо сайхантай холбож ойлгодог. Гэтэл үс бидний эрүүл мэндийн толь юм. Үс үзүүр хэсэг рүүгээ шингэрсэн бол эрүүл мэндэд асуудал байгааг илэрхийлдэг. Яагаад гэвэл үс эзнийхээ хамгаалалтын систем болдог. Тиймээс үсээ эрүүл байлгаж, гурван сар тутамд үзүүр хэсгээс гурван хуруу тайруулна гэдэг нь бид энергиэ шинэчилж буйн илрэл юм. Тэгэхээр ярилцлагын төгсгөлд уншигчдадаа “Үсээ нэг ажиглаад үзээрэй” гэж зөвлөе.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24604/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна