М.Баярмаа: Хүүхдүүд уран зургаас аз жаргал мэдэрч чадвал тэр нь миний ажлын үр дүн болно


Хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийн ордон болсон аз жаргалын урлангаар зочиллоо. Хана, тавиур, цонхны тавцан гээд өрөөний бараг бүх хэсэгт тэдний зурсан зургийг байрлуулсан байв. Нар инээж, загас нисэж, үүлнээс амттанууд бороо адил орох ертөнцийг хүүхдүүд “бүтээжээ”. Тэднийг ийм ертөнц төсөөлөн зурахад хөтөч болсон хүн нь “Bell art ceramic” урлангийн багш М.Баярмаа юм. Өдрийн ихэнх цагийг урланд хүүхдүүдтэйгээ өнгөрөөхдөө түүртэлгүй харин ч тэднийг төлөвшүүлэх, анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалдаг түүнийг энэ удаа ярилцлагын зочноор урилаа.

 

-Хүүхэд багачуудтай ажилладаг танаас хамгийн түрүүнд аз жаргал, хайр ямар өнгөтэй байдгийг асууя?

-Хүүхэд бүр хайрыг өөрийнхөөрөө, хүссэн өнгөөрөө илэрхийлдэг. Ажиглахад голдуу солонгын долоон өнгөнөөс сонгож хамгийн эрхэм эсвэл дуртай зүйлээ зурдаг. Тэд аз жаргалтай үедээ дулаан, гэгээлэг бүх өнгийг ашигладаг. Одоо таны харж байгаа зургуудын дийлэнхэд хүүхдүүд гэр бүлийнхнээ зурсан байгаа биз. Энд бараан өнгө байхгүй, бараг бүгдэд нь дулаан өнгүүд давамгайлсныг та ажиглаж байгаа болов уу.

-Бага насны хүүхдүүдийн зурагт солонгын өнгөнүүд багтжээ. Энэ байдал тэдний өсвөр насанд хэрхэн өөрчлөгддөг вэ?

-Өнгөлөг зургийг 12-оос доош насныхан түгээмэл зурдаг. Харин түүнээс дээш настай хүүхдүүдэд өнгөний хувьд өөрчлөлт ажиглагддаг. Магадгүй аливаа зүйлийн талаар ухаж ойлгодог, хүрээлэн буй орчинд нь бодох зүйл олонтаа, стресс ихтэй байдгаас шалтгаалж өөрчлөгддөг байх. Дээр нь “Би муухай зурах болов уу. Зурж чадахгүй гэж хүмүүст дооглуулах болов уу” гэсэн дотоод айдас хүүхдүүдэд үүсдэгтэй холбоотой. Энэ мэт санаашрал эргэлзээнээс шалтгаалан хүүхдийн зурсан зурагт бараан өнгө давамгайлж эхэлдэг. Өмнө нь үүлийг ягаан, шараар төсөөлж буддаг байсан бол энэ насанд өнгөний сонголт багасаж бараан өнгөнүүд орж ирдэг. Гэхдээ энэ өөрчлөлт зөвхөн хүүхдэд хамаатай биш, насанд хүрсэн хүнд ч ажиглагддаг.

Манай “Bell art ceramic” урланд дөрвөөс дээш насныхан хичээллэдэг. Насанд хүрсэн хүн ч урлангаар маань зочилж зураг зурах,  керамикаар хүссэн зүйлээ хийх боломжтой. Энэ нь нэг талаараа урлагийн тусламжтай стрессээ тайлах эмчилгээ болдог.

-Хүүхэд нас нэмэхийн хэрээр илүү дотогшоогоо болж, илэрхийлж байгаа зүйл нь өөрчлөгддөг юм байна, тийм үү?

-Тийм шүү. Энэ өөрчлөлтийг зургаас гадна хувцаслалтаас нь ажиглаж болно. Мөн адил хүүхэд нас нэмэх тусмаа хар бараан өнгийн хувцас сонгох нь нэмэгддэг. Өсвөр насныхны хувьд дотогшоо, дуу цөөтэй хүүхдүүд ихэвчлэн хар, бор өнгө сонгосон байдаг.

-Тэгэхээр хар бараан өнгөний сонголт давамгайлаад ирэхээр  хүмүүст асуудал үүссэн байна гэсэн үг үү?

-Энэ зөвхөн сонголт болохоос тухайн хүнийг илэрхийлэх гол зүйл биш шүү дээ. Тиймээс асуудал үүссэн гэвэл өрөөсгөл ойлголт болно. Урлаг судлаач, уран зураг уншдаг мэргэжилтнүүд зураач нарын бүтээлийн өнгө аясыг хараад “Энэ хүний амьдрал одоо ийм үйл явцтай байгаа юм байна. Тогтворжиж байна” гэх мэтээр өнгө сонголтоос нь хараад уншдаг. Хэрвээ хүүхэд өсвөр насандаа хар бараан өнгө сонговол стресстэй байна гэж шууд хүлээн авч болохгүй. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа учраас бараан өнгө сонгоод байж магадгүй юм. Эсвэл хэн нэгнийг харж тухайлбал, ойр дотнын найзынхаа сонголтыг өнгөний хувьд дуурайсан байж ч болно. Тэгэхээр шаардлагатай бол мэргэжлийн хүнд хандсанаар энэ талаар илүү ихийг мэдэх боломжтой гэсэн үг.


-Та өөрийгөө хүүхдээр хүрээлүүлжээ. Олон сэдэв, субьект дундаас яагаад ойлгоход бэрх хүүхдийг сонгон ажиллах болов?

-Би дизайн, технологийн багш мэргэжилтэй. Монгол Улсын Боловсролын их сургуулийг 2014 онд төгссөн. Багш болох намайг мэргэжлээ эзэмших үед нэгдүгээр сонголт байгаагүй. Архитектор мэргэжилтэй болох миний зорилго байлаа. Тухайн үед надад МУБИС-аас урилга ирсэн нь багш болох эхлэлийг тавьсан. Гэр бүлийнхэн маань ч багшийн мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлын талаар ярьснаар би сонголтоо хийж байв. Их сургуулиа төгсөөд орос сургуульд мэргэжлээрээ ажиллаж байгаад олон улсын “Найрамдал” зусланд бүлгийн удирдагч багшаар ажилласан. Тухайн үед багшийн сургууль төгссөн ч олон хүүхдийн өмнө гарч ярих итгэл бүрэн тогтоогүй байсан юм. Тэндээ хоёр жил ажилласны дараа л би мэргэжлээ зөв сонгосноо ойлгосон доо. “Хүүхдүүдтэй ажиллах ийм сайхан байдаг юм уу” гэж бодох болсон хэрэг. Яагаад гэвэл, хүүхдүүдтэй ажиллахад ямар ч стрессгүй. Хүсэл зорилгоо чөлөөтэй илэрхийлдэг, яг л юу ч бичээгүй цагаан цаас шиг. Бүлэг удирдаж байгаа багш бүх зүйлд хүүхдүүдээ манлайлах ёстой. Дээр нь олон зуун хүүхдийг хариуцаж, итгэлийг даана гэдэг хариуцлагатай ажил байсан юм.

-Зургийн багшаар ажиллаад хувь уран бүтээлдээ анхаарал хандуулалгүй явжээ?

-Би гурван хүүхэдтэй. Бага насны хүүхдүүдтэй хүн бусад зүйлд зав гаргах амар ажил биш. Харин хүүхдүүдээ хичээл, цэцэрлэгт нь явуулангаа зургийн багшаар ажиллах нь надад хол санагдаагүй. Тиймээс урлангийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн. Хүүхдийн энерги гэж сайхан шүү. Бүх зүйл цаанаасаа бүтээд одоо ч хүүхдүүддээ зургийн хичээлээ заагаад сууж байна. Яаж ч ядарсан хүүхдүүдээ хараад ядаргаа тайлагдах шиг болдог. Уран зургаас авч мэдэрч байгаа бүхнээ хүүхдүүдэд дамжуулан ийм гоё ертөнц байдгийг ойлгуулах, мэдрүүлэхийг хүсдэг. Зарим эцэг эх “Манай хүүхэд хөдөлгөөнтэй болохоор тогтвортой суугаад зураг зурж чадах болов уу” гэж асуудаг. Хариуд нь би “Зураг зурах дуртай л бол аваад ирээрэй” гэж хэлдэг юм. Зургийн тусламжтай анхаарлыг нь төвлөрүүлж, суулгаж сургаж болно. Уран зургаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлдэг.


-Зурсан зургаар нь тухайн хүүхдийн сэтгэлзүй ямар байгааг мэдэх боломжтой. Та энэ чиглэлийн сургалт явуулдаг уу?

-Манай урлангийн хүүхдүүд өнгөрсөн зургадугаар сард тайлан үзэсгэлэнгээ гаргасан. Тухайн үед би урлангаа урлагийн сэтгэл заслын сургалттай болж байгаагаа эцэг эхчүүдэд албан ёсоор танилцуулсан юм. Урлагийн сэтгэл засал яагаад хүүхдэд хэрэгтэй вэ. Учир нь, томчуудтай харилцдаг шиг тэдэнтэй ярилцсанаар бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Тэр битгий хэл хүүхэд стресстэй байгаагаа өөрөө ч мэддэггүй. Айлын ганц хүүхэд байж байгаад олон дүүтэй болсон, эцэг эх нь ажлын ачаалал ихтэйгээс тэдэнтэй үргэлж ярилцаж чаддаггүйгээс шалтгаалан хүүхэд өөрөө ч мэдэхгүй бухимддаг болчихсон байдаг. Тиймээс би зургийн хичээлээ өнгө болон зураасын төрлөөр эхэлдэг. Тэдгээрээс хүүхэд зургаа олон дахин баллуурдаж байна уу, шулуун зураасыг ашиглаж байна уу, ямар өнгө сонгож байгааг нь ажигладаг. Зургаа баллуурдаад л байвал хүүхэд өөртөө итгэлгүй байна. Юу зурах гээд байгаагаа мэдэхгүй сараачаад байвал хүүхэд стресстэй байна гэсэн үг. Энэ ажиглалтдаа тулгуурлан дараа дараагийн хичээлээс хүүхдүүдтэй ярилцаж эхэлдэг. Эхэндээ ярилцахгүй байсан хүүхдүүд хичээлийн дунд үеэс өөрийгөө илэрхийлэх оролдлого хийнэ. Үр дүнд нь хүүхэд тогтвортой болж байгаа нь ажиглагддаг.

-Дүрслэх урлагийн чиглэлээр явах авьяастай хүүхэд багаасаа мэдэгддэг үү. Таны хичээл заадаг хүүхдүүд дунд тийм өгөгдөлтэй хүүхэд бий юү?

-Манай ангид найман настай нэг хүүхэд бий. Багшийн зааваргүйгээр нэг хичээл дээр хэд хэдэн зураг зурдаг. Тэгсэн мөртлөө маш чөлөөтэй сэтгэдэг. “Би зурж чадахгүй шүү дээ” гэж хэлдэг мөртлөө гайхалтай уран сэтгэмжтэй. Би багшийн хувьд эцэг эхтэй нь ярилцаж хүүхдийг нь зураг зурах авьяастайн талаар хэлсэн. Түүнийг эцэг эх нь хүлээн авснаар одоо хүүхдээ дэмжин хөгжүүлэхэд анхаарал хандуулаад явж байна.

Ер нь хүн бүр зураач байдаг. Бичиж чадаж байгаа бол зурж чадна гэсэн үг. Бичиг ч гэсэн нэг төрлийн зураг. Хүн бүрийн бичгийн хэв өөр байдаг шиг сэтгэмж нь хүртэл харилцан адилгүй. Ганцхан хөгжүүлж чадаж байна уу гэдгээс их зүйл шалтгаалдаг бөгөөд илрэх байдал нь өөр юм. Шилжилтийн насанд хүртлээ хүүхэд бүр зураач байдаг. Тэгэхээр жоохон урам өгвөл хүүхэд илүү  зурах хүсэл сонирхолтой болдог.

Уран зураг хүүхдийн сэтгэн бодох чадвар, математик болон хэл ярианы чадварыг хөгжүүлэхэд ихээхэн тустай. Зураг зурснаар хүүхдийн сарвууны булчинг давхар хөгжүүлдэг.


-Хотын төв номын сантай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрөө танилцуулаач. Хүүхдүүд хүсэл мөрөөдлөө зурсныг цахим хуудсаас нь уншлаа?

-Намайг зургийн хичээл заахаас өмнө хүүхдүүдэд үлгэрийн цаг ордог. Үлгэрт гарсан үйл явдлыг хүүхдүүдээр сэтгэн бодуулж зуруулах нь миний ажил. Ингэж ярилцаад зурахад хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар хөгждөг. Хамгийн чухал нь хүүхэд ном унших дуртай болдог юм. Үлгэрийн цагаар мэдэж авсан үлгэрийн баатруудаа зураад, уншаад дуусахаар мартдаггүй. 

-Хувь уран бүтээлчийн хувьд аль чиглэлээр мэргэшсэн бэ?

-Өнгөрсөн хугацаанд багшлах ажилдаа илүү анхаарч ирсэн. Саяхнаас хувь уран бүтээлдээ орж байна. Хүүхдүүд бага байгаа учраас тэдэнд анхаарал, халамж шаардлагатай. Тиймээс одоохондоо урландаа хүүхдүүдтэйгээ зургаа зурж байна. Хувь уран бүтээлчийн хувьд аль нэг чиглэлд баригддаггүй. Керамик талдаа илүү сонирхолтой. 

-Та өөрийгөө илэрхийлэх өнгийг аль хэдийнэ олсон байх. Голдуу ямар өнгийг бүтээлдээ шингээж байна вэ?

-Би цагаан өнгөнд дуртай. Цагаан өнгөөр өөрийгөө илэрхийлэхийг хүсдэг. Яагаад гэвэл цагаантай ямар ч өнгө хослуулсан өнгөлөг, гэгээлэг байж чаддаг юм.

-Танай урлан гэгээлэг, та ч өөрөө цагаан өнгийг сонгосон болохоор бүх зүйл тань өнгөлөг үзэмжтэй харагдаж байна. Ийм дулаан мэдрэмж төрүүлэх урланг зорин ирэх хүүхэд олон байдаг болов уу?

-Өмнө нь гурван ч газар урлангийнхаа үйл ажиллагааг явуулж байсан. Анх урлангаа нээхэд хамрагдаж байсан хүүхдүүдээс одоо хүртэл зорин ирж зургаа зурж байна. Хүүхдүүд маань өнгөрсөн зургадугаар сарын 1-нд “Мөрөөдлийн өнгө” нэртэй үзэсгэлэнгээ “Blue moon”-д гаргасан. Тэдэн дунд анхны хүүхдүүдээс маань ч байсан. Одоо урлангаа хөгжүүлж хүүхдийнхээ мөрөөдлийн өнгийг олоход нь багшийн хувьд туслахаар зорьж байна.


-Урлангийнхаа үйл ажиллагааг цаашдаа хэрхэн өргөжүүлье гэж бодож байна вэ?

-Зураг зурах дуртай, урлагийн сэтгэл засал шаардлагатай хүүхэд бүрд хүрч ажиллахыг хүсдэг. Ийм ажлыг эхлүүлэхэд санхүүжилт шаардлагатай. Тиймээс төсөл бичиж санхүүжилттэй болохоор зорьж байна. Захын хорооллын хүүхдүүд хэдэн автобус дамжиж хотын төвд сургалтад хамрагдах хэцүү. Нийгэм ийм их ачаалал, түгжрэлтэй байлаа ч хүүхэд мөрөөдлөө хаяж болохгүй. Тэдэнд хүрч ажиллахын тулд аль чадахаараа хичээх болно. Урлангийн үйл ажиллагаа тогтворжоод ирвэл надад ашиг орлого чухал биш. Уран зургаас аз жаргал мэдэрч байгаа хүүхэд өөрийг нь ямар гайхалтай ертөнц хүлээж буйг мэдэж авбал тэр нь миний ажлын үр дүн болно. Хүүхэд баярлуулах бол аз жаргал. Ирээдүйд их том зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд одооноос бага багаар урагшилна даа.

 -Ярилцсанд баярлалаа. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24617/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22