Жороор олгох эмийг жоргүй худалдсан тохиолдолд тооцох хариуцлагын тогтолцоог чангатгажээ


Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сарын 1-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ширхэг эм, тариурыг ч эмчийн бичиг, жороор авдаг болно гэх мэдээлэл цацагдаж, маргаан өрнөөд буй. 

Тиймээс холбогдох албаныхан эл асуудалд тайлбар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд жортой олгох эмийг жороор нь олгох тухай заалт тусгаснаас жороор олгох эмийг нэг бүрчлэн нэрлэж заасан заалт байхгүй аж. Харин жороор олгох эмийг замбараагүй, дураараа зарж болохгүй байх тухай хариуцлагын тогтолцоог тусгажээ. Холбогдох албаныхны мэдэгдэл, тайлбар мэдээллийг хүргэж байна. 
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Цахим орчинд үүсээд буй асуудал шиг бүх эмийг жороор олгох эрх зүйн зохицуулалт, дүрэм журам гаргаагүй. Өнгөрсөн тавдугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ сараас хэрэгжүүлж эхэллээ. Тус хуулиар эмийн зохисгүй, замбараагүй хэрэглээг хязгаарлах үүднээс эм худалдан борлуулж буй байгууллагад ногдуулах хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, жороор олгодог эмийг жоргүй олгох асуудал гардаг байсан. Тэгвэл  энэ асуудлыг цэгцлэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн гэсэн үг. Эм нь нэг талаараа тухайн хүний өвчнийг эмчилж, анагаадаг бол нөгөө талаараа эмчийн зааваргүй, дур мэдэн хэрэглэвэл хор болох аюултай. Тиймээс зохистой хэрэглээг бий болгох нь зүйтэй. 
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар: Тус хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан “Бүх эмийг жороор олгоно” гэдэг ташаа ойлголт иргэдийн дунд бий болж байна. Манай улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг. Харин 1100 гаруйг нь жоргүйгээр эмийн сангаас хэвийн олгож байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй, хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас олгохыг анхааруулж байна. 

Эмийн зохистой хэрэглээг бий болгох хөшүүрэг ба хариуцлага

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16.7-д "Эмийг улсын бүртгэлд бүртгэхэд мансууруулах эмийн жороор, сэтгэцэд нөлөөт эмийн жороор, энгийн жороор, жоргүй олгох, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх гэж олгох нөхцөлийг тогтоож, хэрэглэх зааварт тусгана" гэж заасны дагуу эмийг жороор хэрхэн олгох нь зохицуулагддаг байна. 
Иргэд, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд буй зүү, тариур, өвчин намдаах эм, нойрны эм зэргийг эмчийн жороор олгодог болсон гэдэг нь шинэ бус 14 жилийн өмнө батлагдсан жортой олгох эмийн жагсаалтад тусгасан зохицуулалт юм. Тэгвэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг мөрдөж эхэлснээр жортой эмийг жоргүй олгодог байсан асуудал дуусгавар болсон учраас эл асуудал шинэ зохицуулалт мэт сөхөгдөж, ташаа ойлголт бий болгожээ. Өөрөөр хэлбэл, тус хуулийн шинэчилсэн найруулгад жороор олгох эмийг жоргүй олгосон тохиолдолд тооцох хариуцлагын тогтолцоог чангатгасан байна. Тодруулбал, жоргүй эм олговол өмнө нь эмийн санчийг 50 мянгаар, эмийн санг 500 мянгаар торгодог байсан бол тус хуулийг мөрдөж эхэлснээр эмийн санчийг 500 мянгаар, эмийн санг 30 хүртэлх сая төгрөгөөр торгох заалт хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр эмийн санд тавих хяналт чангарч, хууль, журмаа мөрдөж иргэд ч эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах шийдэл болж буй.  
Таны авах гэж буй эм жороор олгогдох эсэх талаарх мэдээллийг www.druginfo.mohs.mn сайтаас харж болно. Тус сайтад хандаж, эм гэсэн хэсгийг сонгож худалдааны нэр эсвэл олон улсын нэршил гэсэн хэсгийн аль нэг дээр эмийн нэрийг кириллээр бичиж хайна. Ингэснээр тухайн эмийн дэлгэрэнгүй болон жороор олгох, жоргүй олгох талаарх мэдээллийг харах боломжтой. 

Эмтэй холбоотой олон асуудлыг цэгцлэх эрх зүйн орчин бүрджээ

Монгол Улсад 3400 гаруй нэр төрлийн эм импортолж, 1000 орчим  нэр төрлийн эмийг дотооддоо үйлдвэрлэж байна. Эдгээр эмийн чанар, аюулгүй байдал, үйлчилгээний идэвхийг бодитойгоор үнэлж, дүгнэлт гаргах лавлагаа лабораторийн чадавх бэхжээгүй, эм үйлдвэрлэх, хадгалах, түгээх, худалдах зохистой дадал бүрэн хэвшээгүй зэргээс шалтгаалан эмийн чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийн баталгааг хангах үйл явц сул,  хүн амын дунд эмийн чанар, үйлчлэлд үл итгэх, эргэлзэх хандлага гарсаар байна. Тодруулбал, холбогдох байгууллагуудын хамтран хийсэн хяналт шалгалт, үнэлгээгээр эмийн үнэ үйлдвэрлэгчтэй байгуулсан хэлцлийн үнээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дунджаар 2.1 дахин нэмэгдсэн, жижиглэнгийн үнийн хувьд үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувь нь 45 хүртэл, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 
Мөн эмийн 26 үйлдвэрийн ес буюу 35 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/-ын шаардлага хангаж байгаа бол төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийсэн аудитын гүйцэтгэлийн үнэлгээнд импортын эмийн 6.1 хувь, дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байна гэж дүгнэжээ. Түүнчлэн хуурамч, стандартын бус эмтэй тэмцэх үүрэг хариуцлагыг тодорхойлсон хуулийн зохицуулалт байхгүй талаар тус үнэлгээнд дурдсан байна. 
Тиймээс иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, үйлчлэлийн идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хяналт, зохицуулалттай хол­богдсон харилцааг зохицуулах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуулийг шинэчлэн найруулж, батлуулж, өдгөө ийнхүү дагаж мөрдөж эхлээд буй. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дараах шаардлага тавьж байна 

  • 10.1.1.эмийн сангийн зохистой дадлын стандартыг хангаж, өөрийн худалдсан бүтээгдэхүүний хадгалалттай холбоотой чанар, аюулгүй байдлыг хариуцах 
  • 10.1.2.жороор олгох эмийг стандартын шаардлага хангасан жороор олгох
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8.5-д заасан эрүүл мэндийн байгууллага нь амбулаториор үйлчлэх эмийн сантай байж болох бөгөөд энэ тохиолдолд зөвхөн тухайн эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн эмийн жороор үйлчилнэ.
  • Алслагдсан багт ажиллаж байгаа эмч үйлчлэх хүрээнийхээ хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэгцээтэй эмийг харьяа сумын эрүүл мэндийн төвийн эмийн сангаас авч иргэнд олгож болно.
  • Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмээс бусад эмийг цахим жор болон захиалгын дагуу хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох бөгөөд энэ тохиолдолд эмийн хадгалалт, түгээлтийн зохистой дадлын стандартыг ханган ажиллах үүрэгтэй.
  • Эм найруулах стандартын шаардлага хангасан өрөө бүхий эмийн санд эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн эмчийн бичсэн эмийн жорыг үндэслэн эмийн бүртгэлд бүртгэсэн эмийн үйлчлэгч бодис, чанарын шаардлага хангасан эмийн туслах бодисыг ашиглан эм зүйн технологийн дагуу эм найруулна.
  • Энэ хуулийн 10.5-д заасны дагуу найруулсан эмийн чанарыг эм зүйч шалгаж баталгаажуулсны дараа үйлчлүүлэгчид олгоно.
  • Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүнээр үйлчилж болно.
  • Худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах үйл ажиллагааг хориглоно
  • Бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах; 
  • Эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх байгууллагаас бусад эх үүсвэрээс авах;
  • Эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдийг эм найруулах, бэлтгэх, шалгах, худалдах үйл ажиллагаанд оролцуулах
  • Хуурамч эм, стандартын бус эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах
  • Вакцин худалдах
  • Жороор олгох эмийг жоргүйгээр, эсхүл хүчингүй жороор олгох
  • Эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм худалдах
  • Үнэ төлбөргүй олгох болон хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдах
  • Нэгж тунгаар савласан эмийн нэр, тун, тоо хэмжээ, хүчинтэй хугацаа, хэрэглэх зааврыг агуулсан шошгогүй бүтээгдэхүүнийг худалдах
  • Энэ хуулийн 47.8-д заасны дагуу тогтоосон дээд хязгаараас илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлж эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг үндэслэлгүйгээр нэмэх

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24618/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22