Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай уулзалт хийв.
Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлөөс хамтран зохион байгуулсан уулзалтыг Б.Баатарзориг дарга нээж үг хэлэхдээ төрийн албаны өөрчлөлт, шинэчлэлт хүрээгээ тэлж буйтай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлуудын талаар зөвлөлдөх, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахын тулд нэгдмэл мэдээлэл, ойлголттой байх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Улсын Их Хурлаар дээрх төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хийсэн бөгөөд гишүүд тойрогтоо ажиллаж байгааг уулзалтад оролцогчдод мэдээллээ. Улсын Их Хурлын гишүүд долоо хоногийн хугацаанд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар иргэд, сонгогчдодоо мэдээлэл танилцуулж, санал бодлыг нь сонсох юм байна.
Нэн тэргүүнд Улсын Их Хурлын дарга 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд эхлүүлж буй эрх зүйн шинэчлэлийн талаар товч мэдээлэл танилцууллаа. Геополитикийн сүүлийн үеийн нөхцөл байдал, дэлхийн дэг журам өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ цар тахал, биологийн эрсдэлт нөхцөл тулгарсан. Дэлхий дахин цар тахлыг амжилттай даван тууллаа гэдгийг өчигдөр ДЭМБ-аас албан ёсоор зарласан. Гэхдээ дараагийн эрсдэл ойрхон байж болзошгүйг эрдэмтэд сануулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна