УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ 2022 оны 54 дүгээр тогтоолоороо “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнийг төлөөлөх УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулах асуудлыг судлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгаад байсан юм.
УИХ-ын тогтоолын дагуу тавдугаар сарын 3-нд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь парламент энэ хавар улс орны хөгжил, ирээдүйг тодорхойлох өөрчлөлтийг Үндсэн хуульд суулгаж өгөх нь гэсэн хүлээлтийг үүсгэлээ.
Уг төсөлд УИХ-ын гишүүдийн тоог хүн амын тоотой уялдуулан 152 болгон нэмэгдүүлэх, мөн тойргийн эрх ашгийг төлөөлдөг сонгуулийн мажоритар системийг нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хамруулдгаараа онцлогтой пропорционал системтэй хослуулан, парламентыг хоёр системээс сонгогдсон 152 гишүүнтэй болгох. Ингэснээр сонгогчдын төлөөлөх эрх нэмэгдэх, УИХ-ын гишүүдийн бие биедээ тавих хяналт чангарах зэрэг бодлогын өөрчлөлт хийхээр төлөвлөөд байна.
УИХ-ын гишүүд, эрдэмтэд, судлаачдын төлөөллөөс бүрдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг болон ЗГХЭГ энэхүү хуулийн төслийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдэд танилцуулж, нийт 22 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, биечлэн оролцсон 6000 орчим иргэнээс 5000 гаруй саналын хуудсаар санал авч, давхардсан тоогоор 33900 гаруй санал цуглуулжээ. Мөн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд ч хуулийн төсөлтэй хэдийнэ танилцаж, саналуудаа багтаажээ.
Яагаад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой болов гэсэн асуулт энэ өдрүүдэд олны анхаарлын төвд байна. Геополитикийн нөхцөл байдал сүүлийн үед эрс өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор дэлхийн дэг журам ч өөрчлөгдөж буй. Дэлхий дахин цар тахлыг амжилттай даван туулсан ч дараагийн эрсдэл ойрхон байж болзошгүйг эрдэмтэд сануулах болсон.
Нөгөө талаар 1990 оноос хойших 33 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг бараг 300 дахин өссөн хэдий ч ядуурлын хувь 5-6 хувиар өөрчлөгдсөн. Мажоритар тогтолцооны хамгийн алдаатай хэсэг нь энэ. Монгол Улсын эдийн засаг өсөж байсан ч улсын төсвийг хөрөнгө оруулалт нэрийн доор 76 тойрогт жигд хуваарилж ирснээс макро эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрөө монголчууд огт хэрэгжүүлж чадаагүй. Хамгийн сүүлийн цахилгаан станц 1980-аад оны дундуур ашиглалтад орсон. Түүнээс хойш 40 жилд нэг ч цахилгаан станц шинээр нэмж ашиглалтад оруулж амжаагүй. Жил бүр эрчим хүчнийхээ 25-30 хувийг импортоор авч байгаа нь УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцооны алдаа байсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ыг тойргийн эрх ашгийг төлөөлдөг 76 гишүүнтэй ижил саналын эрхтэй улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох өөр 76 гишүүнээр нэмж өргөтгөх асуудлыг шийдэх гэж байна.
Үүнийг дагаад улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацаан, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоо халагдаж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүд тогтвортой хэрэгжиж эхэлнэ гэсэн хүлээлт ч бий болжээ. Энэхүү өөрчлөлт нийгэмд нутагшсанаар бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй явж ирсэн төрийн бодлогоос шалтгаалан алдагдалд хүлээж, өндөр сорилттой тулгарч ирсэн хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал сайжирна гэдгийг хууль тогтоочид ярьж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа:
- 2000, 2011, 2015, 2017 онд өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналуудад тусгасан хүн амын өсөлтөд нийцүүлэн УИХ-ын гишүүний тоог тэнцүүлэх төсөл,
- УИХ-ын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
- Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол,
- “УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, УИХ-ын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төслийг боловсруулж, УИХ-ын өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан УИХ-ын 2022 оны 54 дүгээр тогтоол,
- “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г тодорхойлж, үүнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан УИХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоол,
- УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга,
- Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “Сонгуулийн холимог систем бүхий олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих,” “сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, УИХ-ын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах” тухай улс төрийн 21 намын хамтарсан уриалга, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцлийг тулгуур баримт болгон ашиглажээ.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг баталснаар:
- Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
- Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
- Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
- Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
- Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдна.
- Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
- Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
- Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь бусад хууль, тогтоомжийг өөрчлөх асуудлыг хэлэлцэхтэй ижил биш. Парламент заавал гурван хэлэлцүүлэг явуулдаг. Хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран ажлын долоогоос доошгүй өдөрт багтаадаг бөгөөд энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үздэг хуультай.
Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэд, сонгогчдод танилцуулж, санал бодол, байр суурийг нь сонсгохоор УИХ-ын гишүүдийг тойрогт нь ажиллуулж эхэллээ. УИХ-ын гишүүд 21 аймагт ажиллаж, сонгогчдын байр суурь, саналыг нэгтгэн, тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Тус байнгын хороо энэ сарын 18-ны өдөр эдгээр саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж тус аймгийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж, дараа нь Өвөрхангай, Архангай аймагт ажиллах гэж байна.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна