102 жилийн түүхтэй МАН жендэрийн мэдрэмжтэй намын байгууллагыг анх удаа шалгаруулсан юм. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо уг шагналыг хүртсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатартай ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо ажлын үзүүлэлт, бүтээмжээрээ улсын хэмжээний шилдэг хороогоор шалгарсантай холбогдуулан тантай ярилцаж байна. Жендэрийн мэдрэмжтэй анхны намын байгууллага ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо эгнээндээ 16 мянга гаруй гишүүнийг нэгтгэсэн, том байгууллага. Манай МАН-ын хороо улс төрийн сүүлийн хоёр сонгуульд 100 хувийн амжилттай оролцсон. Бидний амжилтын гол үндэс бол намын эв нэгдэл. Миний хувьд дүүргийн МАН-ын хорооны даргаар томилогдсон анхны хуралдаан дээр намын гишүүддээ хандаж “Эв нэгдлийг эрхэмлэж, дүүрэг орон нутгийн хөгжлийг түргэтгэх том зорилго, үзэл санаан дээр нэгдэж байгаа шүү” гэдгийг тодорхой хэлсэн.
Манай МАН-ын хороо намын бусад хорооноос ялгаатай. Орон нутаг, нийслэлийн ИТХ болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа арай өөр байдаг. Тухайлбал, орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд давамгайлж нэр дэвшсэн, ялалт байгуулсан. Манай хорооны орон нутгийн сонгуульд өрсөлддөг улстөрчдийн олонх нь хорооны Засаг даргаар ажилладаг, өдөр бүр иргэдтэйгээ тулж ажилладаг бүсгүйчүүд байдаг. Нийслэлийн ИТХ-д ч манай эмэгтэй нэр дэвшигчид 100 хувийн амжилт үзүүлсэн. УИХ-ын сонгуулийн таван тойргийн хоёрт нэр дэвшсэн бүсгүйчүүд мөн ялж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Шат шатны сонгуульд ингэж өндөр ялалт байгуулсан шалтгаан бол нэгдүгээрт, намын хорооны эв нэгдэл. Нөгөө талаар жендэрийн тэгш оролцоог хангасны үр дүн.
Улс төрийн нам бол цэвэр үзэл санааны нэгдэл учраас зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, амьдардаг хүмүүсийг мерит зарчмаар дэвшүүлэн томилж, ажиллуулах ёстой гэдэг зарчим баримталдаг. Өөр дүүрэгт ажиллаж, амьдардаг хүн ирээд шууд Засаг дарга, ИТХ-ын даргаар томилогддог үзэгдэл манайд байхгүй. Энэ бол намын гишүүдийн эв нэгдлийг эвддэг асуудал. Тийм ч учраас бид сүүлийн сонгуулиудад олон түмний итгэлийг 100 хувь авч чадсаныхаа хариуг иргэд, сонгогчдодоо барих, тэднийхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалт, тохижилт хийх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх талд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Үүний тулд томилогдсон албан тушаалтны ажлыг улирал бүр хамт олноороо хэлэлцэж, сонгуулийн мөрийн хөтөлбөртэй уялдуулан авч үздэг.
-Дүүрэг бүрд тулгамддаг боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийн асуудал танайд харьцангуй боломжийн түвшинд хүрсэн юм билээ. Үүний зэрэгцээ иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс дүүргийн хэмжээний авто замын ажлын талаар?
-БШУЯ-наас явуулсан боловсролын хүртээмжийн судалгаагаар манай дүүрэг нийслэлийн төвийн зургаан дүүргийг тэргүүлсэн. Бид 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө иргэд сонгогчдод хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж амласан. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүртээмж 90 орчим хувьд хүрсэн.
Үндсэндээ ээж, аав, эмээ, өвөө нь хардаг, тогтмол цэцэрлэгт өгдөггүй хүүхдүүдээс бусад нь цэцэрлэгт хамрагдсан гэсэн үг. Есдүгээр сарын 1 болоход хүүхэд цэцэрлэгт хамруулж өгнө үү гэдэг бичиг олон ирдэг байсан бол одоо больсон. ЕБС-ийн тухайд манай дүүрэгт сүүлийн жилүүдэд 20 гаруй сургууль шинээр баригдаж, өргөтгөл хийлээ. Эрүүл мэндийн хүртээмжийн тухайд Сонгинохайрхан дүүрэгт гурван том эмнэлэг ашиглалтад орлоо. Нэг нь улсдаа жишиг болохуйц Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, нөгөө нь “Цамбагарав” үйлчилгээний төвийн ойролцоох Эрүүл мэндийн нэгдлийн өргөтгөлийн есөн давхар барилга. Гурав дахь нь Баянхошуунд ашиглалтад орсон Ахмадын эмнэлэг.
Одоо бид дөрөв дэх эмнэлгийг байгуулахаар газар, хөрөнгө оруулалтын асуудлыг хөөцөлдөөд явж байна. Эрүүл мэндийн хувьд бид том ахиц гаргасан. Дүүрэгт байгуулагдсан шинэ эмнэлгүүд маань олон төрлийн мэс ажилбар хийж, иргэддээ үйлчилж эхэлсэн. Манайх хотын төвөөс зайтай, захын дүүрэг учраас хүмүүс очиж ажиллахад хүндрэлтэй байдаг. Үүнийг даван туулахын тулд эмнэлгүүд нарийн мэргэжлийнхний цалинг нийтлэг цалингаас өндөр байлгах зарчим бариад ерөнхийдөө ажлаа жигдэлсэн. Ирэх долдугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нарын баг 1.4 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэлтэй ирж долоо хоног ажиллах гэж байна.
Энэ эмч нар Монголд хийх боломжгүй, зарим мэс ажилбарыг газар дээр нь хийж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Манай эмч нарт ч туршлага судлах, чадвараа нэмэгдүүлэх боломж гарна гэж харж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны шат, шатны сонгуульд нэр дэвшигчдийн амласан нэг зүйл бол дүүргийн гэрэлтүүлэг. Манай дүүрэг Баянгол дүүрэгтэй хиллэдэг. Шөнийн цагт хоёр дүүрэг өдөр, шөнө шиг ялгаатай харагддаг байсан. Хамгийн сүүлийн тоон мэдээгээр Сонгинохайрхан дүүргийн 23 мянган гудамж гэрэлтүүлэгтэй болсон байна.
Үүнд мэдээж УИХ-д сонгогдсон нийт гишүүдийн хүчин чармайлт нөлөөлсөн. Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг гэрэлтүүлэг тавихад ашиглаж чадсан. Өнгөрсөн долоон жилд бид гэр хорооллын дундуур 68 км авто зам тавьсан. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт. Энэ жил Сонгинохайрхан дүүрэгт хоёр том замын ажил эхэлж байна. Тухайлбал, нэгдүгээр хорооллын араар тавьж буй хоёр урсгалтай, зургаан эгнээтэй авто зам. Энэ зам нийслэлийн түгжрэлийг шийдэлцэж өгнө. Улаанбаатар хотод бараг анх удаа ийм зам тавих гэж байгаа нь энэ, одоогоор газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай явж байна. Нөгөө нь нэгдүгээр хорооллыг урагшаа Яармагтай холбосон томоохон авто замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.
-Дүүргүүдэд нийтлэг байдлаар тулгамддаг асуудлуудаа ерөнхийд нь давчихаж гэж ойлголоо. Дүүргийн хөгжлийн дараагийн үе шатыг та хэрхэн харж байна вэ?
-Боловсрол, эрүүл мэндийн хүртээмжийг нэмэгдүүллээ, одоо дүүргийн дараагийн хөгжлийг “чанар”-т чиглүүлэхийг зорьж байна. Өнгөрсөн жил бид Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд Кэмбрижийн хөтөлбөртэй сургууль байгуулсан. Одоо бол төрөлжсөн сургууль байгуулахаар төлөвлөж байна. Ирэх есдүгээр сарын 1-нд Толгойтод орос дөрөвдүгээр сургууль нээлтээ хийнэ. БШУЯ ОХУ-ын Гэгээрлийн яамтай гэрээгээ байгуулсан. Москвагаас багш нар ирж есдүгээр сарын 1-нээс хичээлээ заах бэлтгэлээ хангаж байна. Одоогоор багш нарыг байршуулах ажил жаахан хүндрэлтэй байна. Үүнээс гадна ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн сонгоны нэг ангийг Толгойтын 42 дугаар сургуульд байгуулна.
Мөн нэгдүгээр хорооллын ЕБС-уудаас нэгийг нь сонгоод нэг, 11 дүгээр дунд сургууль шиг математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС байгуулахаар дүүрэг, орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Төрөлжсөн сургуулиуд байгуулагдахын хэрээр сургалтын чанар өсдөг болохыг хүн бүхэн мэдэх байх. Цаашдаа англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС, бүлэг байгуулах амбийцтай байгаа. Өөрөөр хэлбэл тогтвортой засаглал, эв нэгдэлтэй засаглал ямар үр дүнд хүрч болох вэ гэдэг нь манай СХД-т харагдаж байгаа байх аа гэж бодож байна.
-Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо хүний хөгжил рүү чиглэсэн, сонгогчдыг соён гэгээрүүлэх ажлыг хэр зэрэг хийдэг вэ?
-Мэдээж хэрэг хүний хөгжлийн асуудлыг анхаарах ёстой. Тодорхой санал санаачилга гаргаад ажил хэрэг болгоод явж байна. Хувь иргэний хөгжил төлөвшил гэр бүлээс бүрэн хамааралтай учраас гэр бүл төлөвлөлтөөс авахуулаад олон асуудалд бодлогоор анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тухайлбал, энэ сард бид хороо бүрээс залуу гэр бүл болох 4600 эхнэр, нөхрийг сонгон сургалт зохион байгуулна. Гэр бүл төлөвлөлт гэж юу юм, өрхийн орлогоо хэрхэн зөв төлөвлөх вэ, хуримтлал хэрхэн үүсгэх вэ, хүүхдийн боловсролд хэрхэн, яаж анхаарах вэ, хувь хүний хөгжилд яаж анхаарах вэ зэрэг сэдвийн хүрээнд сургалтын загвар гаргасан. Эндээс үр дүн гарвал цаашид хүний хөгжлийн томоохон сургалтуудыг үргэлжлүүлнэ.
-Танай дүүрэг гэр хороолол ихтэй. Хамгийн тулгамдсан гэмээр, шийдэхэд хүндрэл дагуулж буй ямар асуудал байдаг бол?
-Гэр хороололд шийдэхэд маш хүнд асуудал бол хөрсний бохирдол. Өөрөөр хэлбэл, нүхэн жорлон. Зарим айлын хашаа дахин жорлонгийн нүх ухах аргагүйд хүрсэн. Бид дүүргийн хэмжээнд 10 мянган айлын жорлонг эко болгох зорилт тавиад одоо 5000 гаруйг нь хийгээд явж байна. Гэр хорооллын жорлонг соруулдаг болгох, хөрсний бохирдлоос сэргийлэх, зарим гэр хороололд дундын дэд бүтэц шийдэх ажлуудыг хийгээд явж байна. Манайд хийж буй хамгийн том бүтээн байгуулалтын нэг бол “Толгойт” дэд төв. Ерөнхийдөө “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төв шиг гэр хорооллыг орон сууцжуулах эрүүл мэнд, боловсролын асуудлыг шийдэх, ажлын байрыг нэмэх дэд бүтцийг шийдсэн цогц төсөл юм. Тавдугаар сард газар чөлөөлөх ажил хийх гэж байна. “Баянхошуу” дэд төвийг дагаад автозам тавигдаж, цэвэр, бохир, дулааны шугамууд очсон. Бид “Толгойт” дэд төвийг хоёр жилийн дотор яг ийм байдлаар бүтээн байгуулж дуусгахаар төлөвлөж байна. Энэ бол цаашдаа хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд иргэдтэй ойлголцоод орон сууц барих боломжийг л бэлдэж өгч буй төсөл. Орон сууцжуулалтын хувьд энэ онд Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 2048 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлнэ. Мөн 24 дүгээр хороо буюу Баруун салаанд НОСК 1000 айлын орон сууц эхлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хуучин ашиглалтын шаардлага хангахаа больсон дан байруудыг нурааж 768 айлын орон сууцны хотхон барих ажил өрнөж байна. Дүүргийн Төв стадион, Цэнгэлдэх хүрээлэнгийн ажлын бэлтгэл, Толгойтын зам дагуу газар чөлөөлөлт дуусаж байна. Зургадугаар сарын 1-нд Хүүхэд залуучуудын театр нээлтээ хийнэ. Гэрлэх ёслолын өргөөтэй болсон. Толгойт хөгжлийн төвд Ахмадуудыг чийрэгжүүлэх, залуучууд спорт заалаар үйлчлүүлэх төв ашиглалтад орсон гээд бүхий л чиглэлийн ажил хийж байна.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна