МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Н.Ууганбаатартай ярилцлаа. Түүний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн Ажлын хэсэгт УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх үндэслэлийг математик шинжлэх ухааны үүднээс тайлбарлан таниулах үүрэгтэйгээр орж ажилласан юм.
-Та Ажлын хэсгийн гишүүний хувиар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт оролцоод “Бидний биш тэдний парламент болчихож” гэсэн дүгнэлт хийжээ. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүдийн тоог олон болгох тухайд та илүү итгэл үнэмшилтэй болсон шиг санагдлаа. Таны байр суурийг сонсъё?
-Би судлаач, эрдэмтэн учраас тасралтгүй ажиглалт хийдэг. Бидэнд үндсэн хоёр үүрэг бий. Нэг нь тасралтгүй сонсох, нөгөө нь тасралтгүй ажиглах. Бодсон бодол, ажиглалт хоёр хоорондоо нийцтэй байх ёстой. Үнэнд хүрэх хоёр зам нь энэ. Нүд болон тархиа ашиглана гэсэн үг. Одоогийн байдлаар хүн төрөлхтөн ийм маягаар урагшаа явж байна. Энэ рефлексээрээ тавдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн гишүүнээр орж суулаа. Эхлээд Байнгын хороо, дараа нь УИХ-ын чуулганы хуралдаанд суусан. Хуралдаанд суухдаа бүтэн өдрийн турш үндсэндээ ажиглалт хийлээ. Ингээд “Энэ бол бидний биш тэдний парламент юм байна” гэдэг дүгнэлт хийгээд сошиал хуудастаа нийтэлсэн. Би өмнө нь УИХ-ын чуулганд оролцож байгаагүй. Чуулганы танхимд орж үзэх хүртлээ “Парламент бол бидний төлөөллийн байгууллага, гишүүд ард иргэд биднийг төлөөлж тэнд суудаг” гэж ойлгодог байлаа. Харамсалтай нь очоод нүдээр харахад “Энэ бол миний, бидний биш тэр хүмүүсийн байдаг газар юм байна. Энэ хүмүүсийн дүрмээр бүх зүйл өрнөдөг, тэр хүмүүсийн илүү эрх мэдэлтэй байдаг газар юм байна” гэдэг дүгнэлтэд хүрсэн. Миний бодоход бид өөрсдөө энэ хүмүүсийг ийм болгосон юм болов уу. Бид өөрсдөө л “Гишүүн, гишүүн” гэсээр байгаад энэ хүмүүсийг эвдчихэж. Манай нийгэм бусад тохиолдолд ч ийм хүмүүсийг “бүтээсэн”. Жишээлбэл, бид багш нараа эвдсэн. Манай хүүхдэд арай илүүг заачих болов уу гэдэг хандлагаар урдуур нь гүйсээр байгаад багшаа эвдсэн, эмчийг ч мөн ийм маягаар л эвдсэн. Эцэст нь өнөөдөр бид боловсрол, эрүүл мэндийн хувьд асар их асуудалтай нүүр тулгарчихсан сууж байна. Бид өөрсдөө л ийм нөхцөлийг үүсгэчихсэн шүү. Үүний адилаар 76-гаа ч бид өөрсдөө эвдсэн байна. Тал талд нь гарч гүйсээр байгаад “хаданд гаргачихсан”. Харин одоо УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор өнөөх “хаданд гаргасан” хүмүүсийн эрх мэдлийг багасгана гэсэн итгэл үнэмшил юм. Миний дүгнэж байгаагаар 152 болгох үндэслэл нь бидний үүсгэсэн шалтгаан буюу саарал ордон өөрөө юм. Манай хүн ам, газар нутгаас илүү өнөөгийн үүссэн нөхцөл байдал биднээс өөрчлөлтийг буюу гишүүдийн тоог олон болгохыг шаардаж байна. Эцэст нь УИХ-ын гишүүдийн тоог нэмж олшруулах шаардлагатай болсон юм байна гэдэгт илүү итгэл үнэмшилтэй болсон.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх тухайд чуулганы ерөнхий уур амьсгал хэр байв. Хэлэлцүүлэг ажил хэрэгч байдлаар өрнөөд, гарах үр дүнг та хэрхэн харж байна?
-Олон зүйл бий л дээ. Систем өөрөө буруу байна. Тооны өөрчлөлт бол ямар ч байсан харагдахуйц хэмжээний өөрчлөлт авчрах байх. Үүнийг дагаад улс төрийн шинэ соёл үүсэх ёстой. Энэ тухайд тодорхой баримжаатай улстөрч байна уу үгүй юү гэхээр харагдахгүй л байна. 152 гишүүнтэй, хэд хэдэн намтай. Нам нь магадгүй дотроо хэд хэдэн фракцтай байх тохиолдолд улс төрд мэтгэлцээний орчныг бид яаж зөв бүрдүүлэх вэ гэдэгт хүртэл дахиад цоо шинээр сэтгэмээр санагдсан. Хамгийн наад захын жишээ, чуулганы танхимд гурван өндөр суудалтай, урдаа индэртэй, доороо намхан суудалтай, Ажлын хэсгийн гишүүд бол бүр доор нь буюу шалтай зэрэгцээд үг хэлэх эрхгүй суух жишээний. Гэтэл зарим орны парламент тийм биш. Бусдаас 30-40 см өндөртэй суудалд спикер сууна. Хоёр талд нь гишүүд өөд өөдөөсөө харж суугаад мэтгэлцэж, ярилцдаг. Ингээд бусдынхаа ярьж, хэлж байгааг сонсдог. Бүгд нэг дор суугаад, нэг микрофон дээр ирээд ярьдаг. Гэтэл манайд чуулганы танхимынх нь суудал хүртэл шатлалтай. УИХ-ын дарга нь бүр өндөрт байх жишээний. Яагаад ингэсэн юм бол, бараг эндээсээ эхлэх ёстой юм биш үү. Бид хүний эрх, эрх чөлөөг дээдлээд тэгш эрхтэйгээр хамтдаа урагшилна гэж ойлгосон маань юу болчихов. Дарга, цэргийн бүтэцтэй байгаагаа УИХ-ын горим гэдэг зүйлээр хамгаалаад биччихсэн. Гэтэл миний суусан хуралдаанд тийм зүйл болоогүй. Орж ирлээ, ирцээ бүрдүүллээ, асуулт асуух нэрээ өгчихөөд бүгд гараад явчихаж байгаа юм. Телевизээр шууд дамжуулдаг учраас өрөөнөөсөө ч юмуу үздэг бололтой юм, бодвол давхар ажилтай байдаг байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэх хуралдаанд тасралтгүй сууж байгаа нь Ажлын хэсгийнхэн болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан. Бусад гишүүн бол орж гараад байгаа юм. Санал хураах болохоор цуглах жишээний. Орж ирж кнопоо дарчихаад гараад явчихсан хүнийг байгаад тооцох уу үгүй юү гэх мэтээр баримтаас харахад эргэлзээ төрсөн. Үүнээс гишүүд бусдыгаа нэг их сонсдоггүй юм болов уу гэж ойлгосон. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх эсэх тухайд тодорхой хэсэг нь дэмжиж байгаагаа шууд хэлсэн. Зарим нь эргэлзэж байгаагаа хэлсэн, тэднийг ойлгож байна. Сөрөг хүчин бол эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж байна лээ. Гэтэл эсэргүүцэхэд учир шалтгаан байх ёстой. АН-ынхан маань өөрсдийн гэсэн үнэ цэн, үнэт зүйл, имижээ алдчихсан юм болов уу гэмээр харагдсан. Ер нь аливаа байгууллага үнэт зүйлээ алдчихаар явахаа больчихдог л доо. Дахиад нэг анзаарах ёстой зүйл нь хэлбэр болон бүтэц. Гишүүд “Чи ингэх ёстой, тэгэх ёстой” гэх мэтээр хүнд заах, загнах сонирхол их өндөртэй юм. 21 дүгээр зуунд хүн төрөлхтний ерөнхий трэндийг харахад хэн нэгэнд юу хийхийг зааж, зааварчилдаг, хатуу хэлдэг арга барил аажим аажмаар арчигдаж байна. Хүний нийгмийн хөгжил өөр чигт яваад байна гэсэн үг. Илүү нээлттэй, илүү сонсдог, сайн ойлголцдог болсон. Ийм маягаар урагш явахаас ч өөр сонголтгүй. Одоогийн энэ парламентад тийм соёл алга. Яах вэ, ганцхан өдрийн ажиглалтаар ингэж дүгнэх нь учир дутагдалтай байх. Гэхдээ сонсож, ажиглах явц ийм л байлаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн хэсгийн тайлбар ерөнхийдөө хүн амын тоотой харьцуулаад үзэхэд нэмэгдүүлэх шаардлагатай болсон нь бодит үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
-Тогтолцоотой холбоотойгоор гээгдсэн саналын асуудлыг цөөнгүй гишүүн хөндсөн. Энэ тухайд бусад улс орны жишээ хэр оновчтой байсан бэ?
-Тогтолцоотой холбоотойгоор үүсдэг асуудал буюу гээгдсэн саналыг хөндсөн. Энэ бол гарцаагүй зөв өнцөг. Ялангуяа мажоритар тогтолцоотой улсад гишүүдийн тоо олон байдаг. Зарим гишүүн буруу мэдээлэл өгөөд байсан нь 100 хувь пропорционал системтэй улсуудын жишээг авч үзээд байна лээ. Энэтхэг жишээ нь цөөхөн гишүүнтэй гэх мэтээр яриад байсан. Гэтэл Энэтхэг улс 100 хувь пропорционал системээр сонгуулиа явуулдаг. Шинэ Зеландыг мөн хүн амтай харьцуулахад цөөхөн байна гээд байгаа юм. Гэтэл энэ улс хувь тэнцүүлсэн холимог тогтолцоотой, бараг пропорционал гэсэн үг байгаа биз. Хэрвээ пропорционал элементтэй байвал дэлхийн жишгээ дагаад цөөхөн гишүүнтэй байж болно. Гэтэл манайх шиг 100 хувь мажоритар тогтолцоотой нөхцөлд гишүүдийн тоо олон байгаа. Ийм харилцан адилгүй улс, нөхцөл байдлыг хольж сольж жишээ авч, өөрт ашигтай байдлаар яриад байсан. Гишүүн учраас үг хэлэх давуу байдлаа ашиглаж байгаа юм л даа. Энэ л үүднээс миний парламент биш юм байна гэж дүгнээд байгаа юм.
-Тэдний парламентыг биднийх, ард түмнийх байлгахад 152 гэдэг тоо хэр хувь нэмэр оруулах бол. Гишүүдийн тоог өөрчлөх нэг хэрэг, үр дүн түүнээс ч чухал байна шүү дээ?
-Үлдсэн 50 хувийн пропорционал дээр л нэлээд найдлага тавьж байна. Үүн дээр улс төрийн намуудын хүсэл зориг байх хэрэгтэй, төлөвших хэрэгтэй, үзэл баримтлалаа ерөөсөө мартаж болохгүй. Эрх баригч намын зүгээс жагсаалтад ямар хүмүүсийг оруулж ирэх вэ гэдэгт анхаарахаа илэрхийлж байсан. Үндсэндээ хэн хамаагүй хүнийг жагсаахгүй гэх мэтээр жагсаалтад төлөөллийг илүү хангана гэдгээ илэрхийлсэн. Ажил мэргэжил, нас, хүйсийн төлөөлөл жагсаалтад л хангагдана. Тийм ч учраас үүнд улс төрийн намын хариуцлага л хамгийн чухал. Жагсаалтыг хэрхэн, яаж гаргах вэ гэдгээ улс төрийн намын дарга нар ирэх өдрүүдэд маш тодорхой болгох хэрэгтэй.
-Ажлын хэсгийнхэн хэдэн янзын тоог хэлэлцүүлэгт оруулсан юм бэ. Шууд 152-ыг зүтгүүлчихлээ гэдэг шүүмжлэлд та ямар тайлбар өгөх вэ?
-Зэргийн хууль гэж зүй тогтол байдаг. Энэ нь хоёр хувьсагч хоорондоо хамааралтай буюу манай тохиолдолд хүн амын болон парламентын гишүүдийн тоо. Энэ хоёр хоорондоо хамааралтай байж болох юм. Хамаарал дотроо олон янз байж болох бөгөөд эхнийх нь пропорцолдог шугаман маягийн хамаарал. Энэ хамаарал нь хүн амын болон парламентын гишүүдийн тоонд байхгүй нь тодорхой байгаа юм. Дараагийн түвшний хамраалал нь зэргийн хууль буюу нэг хувьсагчийнх нь зэрэг нөгөө хувьсагчийн нэг зэрэгтэй маш сайн хамааралтай байхыг хэлж байгаа юм. Энэ тохиолдолд 1970-аад оны үед хийсэн болон түүнээс хойших судалгаа бүрд энэ хамаарал гарч ирээд байгаа юм. Тодруулбал, парламентын гишүүдийн тодорхой нэг зэрэг нь хүн амынхаа тодорхой зэрэгтэй шугаман хамааралтай байна. Зэрэгт дэвшүүлэхээр шугаман хамааралтай болчихдог зүйлийг бид яаж шалгадаг вэ гэхээр хоёр хөршийнхөө логрифмыг аваад харчихдаг. Ингээд харахаар хоёр хамаарал нь нэг шулуун дээр байгаад байдаг. Яг нэг шулуун дээр биш ч ойролцоогоор нэг байдаг. Одоогийн дата ч тийм. Дэлхийн дунджийг аваад үзэхээр зэрэг нь куб язгуур буюу гуравны нэг байдаг. Энэ зэргээр нь Монголын тохиолдолд авч үзэхээр 152 гэдэг тоо гарч ирж байгаа юм. Ардчиллын хувьд манайхаас илүү хөгжилтэй улсууд бий. Тэднийг бид ажиллагаатай ардчилал гэж нэрлэдэг. Манай улс бол алдаатай ардчилал гэдэг хоёрдугаар ангилалд ордог. Монгол, Энэтхэг зэрэг улс багтдаг. Тэгэхээр ажиллагаатай ардчилал тал руу нь сонирхож үзэх нь зөв юм. Тэнд сонирхолтой тал нь 30 орчим улс байгаагаас 24 нь 12 саяас дотогш хүн амтай. Өөрөөр хэлбэл, жижигхэн улс ч сайн ардчилалтай байх боломжтойг эндээс харж болно. 12 сая доторх хүн амтай улсуудыг аваад дээрх тооцоог хийгээд үзэхээр дахиад өнөөх шулуун гарч ирж байгаа юм. Яалт ч үгүй хоорондоо хамааралтай гэсэн үг. Энэ хамаарлынх нь коэффицентыг үнэлээд тооцоод үзэхээр манай улсад 137-138 гэдэг тоо гарсан. Скандинавын улсууд ажиллагаатай ардчилал дотроо жижигхэн буюу 10 сая дотор хүн амтай ч ардчилал нь нэлээд сайн таван улс бий. Эдгээрийн стандартаа үнэлж үзвэл 163 гэж гарч байгаа юм. Эдгээр тооцоо ямар ч маргаангүй хийгдэж байгаа. Тэгэхээр манайд гурван янзын тоо гарсан байгаа биз. Дэлхийн жишгээр 152, ажиллагаатай ардчилалтай жижгэвтэр улсуудын хувьд 138, ажиллагаатай ардчилалтай дотроо хамгийн супер буюу Скандинавын орнуудыг авч үзвэл 163 гэдэг тоо гарч байна. Тэгэхээр би жишээлбэл, ганцхан хариутай ороогүй. Ганц тоо барьж орсон бол өөр. Аргачлалаа тайлбарласан, гурван өөр хариу гарч байгаагаа хэлсэн, сонсоогүй. За мэдээж цаашдаа тооны хувьд сонгуулийн системээс олон зүйл хамаарна. 100 хувь пропорционал байвал гишүүдийн тоо цөөвтөр, мажоритар тогтолцоотой бол манайх шиг цөөхөн гишүүнтэй байх боломжгүй.
-Тэгвэл УИХ-ын гишүүдийн тоо цөөн байгаагийн сул талыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Нөгөө л дээр дурдсан дүр зураг. Төлөөлөхөө болиод ард түмнээсээ тасарчихаж, дарга болчихож. Ярианых нь өнгөнөөс үзэхэд л дарга болчихсон байна, хүнд талархаж ч бараг мэддэггүй юм биш үү. Яах вэ, би эрдэмтэн хүн учраас үнэний, зөвийн талд зогсох үүргийнхээ хүрээнд шүгэл үлээж байна. Баримттайгаар харсан үзсэнээ ярьж байгаа минь л энэ. Өмнө нь би хувьдаа УИХ-ын гишүүдийн сайн, муун тухай ямар нэгэн коммент хэлж байгаагүй, одоо бодит дата-тай болчихоор 76 үнэхээр асуудалтай байгаа юм байна гэж харж байна. Гэхдээ энэ нь хүмүүсийн гэхээсээ илүү системийн алдаа юм болов уу. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс гадна эрх тэгш болох асуудлыг ч хөндөх хэрэгтэй юм байна. Сандал, ширээнээсээ авахуулаад эхэлмээр байна. Яагаад ийм эрх давуу эрхтэй, даргын байр суурьтай байгаа юм, яагаад бие биенээ сонсдоггүй юм. Цаашид 76 даргаа 152 болгочихвол үнэхээр асуудал болно. Ингэхгүй байх гол найдлага нь Сонгуулийн тухай хуульд оруулж буй өөрчлөлт. Мөн Үндсэн хуульд мажоритар, пропорционал хоёрыг тавь тавин хувьтай авч үзэж байна. Дээрээс нь Улс төрийн намын тухай хууль, намуудын жагсаалт зэрэгт найдаж байна. Тэгэхээр бид зөвхөн 152 гэдэг тоонд бус Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг давхар анхаарч явах ёстой юм.
-Эцсийн дүндээ тооны өөрчлөлт чанарынх болж чадах болов уу. Та хэр итгэл үнэмшилтэй байна?
-Чадахаас өөр арга замгүй. Яваандаа намууд суудлынхаа бус саналынхаа тоог олон болгохын төлөө өрсөлддөг болох хэрэгтэй. Зөв зүйл хийж байгаа эсэх нь ерөөсөө эндээс л эхэлнэ. Ингэж байж пропорционалаар орж ирэх 50 хувь үүнд нөлөө үзүүлэх юм. Үнэхээр ард түмэнд хэрэгтэй зүйл хийж байж, олон санал авч байж 50 хувийн дэмжлэг авна шүү дээ. Мажоритар элемент тодорхой хэмжээнд байх нь зөв. Ингэхдээ газар нутгийн төлөөллийг хангах болон засаг, улс төр тогтвортой байх ёстой гэдэг өнцгөөсөө хэрэгтэй. Пропорционал элемент нь парламентад салхи орж ирээсэй гэж хүссэнийх, орж ирэх байх гэж найдаж байна. Мэдээж баталгаа өгч чадахгүй учраас нийтээрээ Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиа анхаарч, ач холбогдол өгөх хэрэгтэй. Эцэст нь бид өөрсдөө сонгогчийнхоо хувьд улстөрчийг эвдэх ёсгүй. Тэр хүнд нэг их ач холбогдол өгөхгүй бол тэр эргээд бидэнд ач холбогдол өгнө шүү дээ.
-Судлаач, эрдэмтэн хүний хувьд танаас асууя. Нэгэнт 76 даргатай болчихож гэж нийтээр дүгнэж байгаа энэ үед эрх баригч нам холимог тогтолцоог хуульчлаад гишүүдийн тоог нэмэх саналыг оруулж ирлээ. Үүнийг бид хэрхэн хүлээж авах ёстой вэ. Өнөөгийн нөхцөл байдлыг өөрчлөх хүсэл зоригийн үүднээс эрх баригч намынхан ийм алхам хийлээ гэж харах уу эсвэл өөр өнцгөөс хандах ёстой юу?
-Энэ бол зоримог алхам. Эрх баригч намын улс төрийн шийдвэр болов уу гэж харж байна. Бодвол олон талаас нь хэлэлцсэн байх. Энэ зоримог алхмаа цааш үргэлжлүүлж үр дүнд хүргээсэй гэж бодож байна. Парламентад шинэ соёл бий болгоосой гэж хүсэж байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлж, тогтолцоог өөрчлөөд асуудал шийдэгдчихгүй. Ийм соёлыг мэддэг, бүрдүүлдэг, хүлээж авдаг, үүсгэж бий болгодог парламенчдыг төрүүлээсэй, тийм хүмүүсийг сонгоосой гэж хүсэж байна. Соёлыг шинэ дүрмээс гадна шинэ хүмүүс бүрдүүлнэ шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна