Хаа сайгүй жендэр ярьж, хүүхнүүдийн улс төрийн идэвх сэргэсэн, гадаадын зочид төлөөлөгч олонтой, хурал чуулган ихтэй долоо хоног өнгөрч байна. УИХ дээр Сонгуулийн тухай хууль хэлэлцэж, Монгол Ардын намын бүлэг 30-аас доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл 2024 оны сонгуульд нэр дэвших 126 хүний 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн үг. Хүүхнүүдийг хуулиар дэмжих энэ төсөл уначих вий гэж олон хүн эмээж, хаа сайгүй жендэрийн эрх ярьсан хурал зөвлөгөөнүүд үргэлжилж байна.
Тэр ч бүү хэл Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, ноён Бан Гы Мун газардлаа. Тэрбээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн тэгш оролцоо” сэдэвт чуулга уулзалтад оролцож “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулахад анхаарах зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлээр бодитой ахиц дэвшил гаргахын тулд түншлэлүүдийг бий болгох хэрэгтэй" хэмээн мэдэгдэв.
Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх энэ асуудал сошиал орчинд ч багагүй талцал маргаан, хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл авчрав. Хамгийн сонирхолтой нь нэр дэвших хүүхнүүдийг тоог нэмэгдүүлэх асуудал дээр эрчүүд бус эмэгтэйчүүд илүү эмзэглэж, бас тэд шүүмжлэл өрнүүлж байна. Сайхан хүүхэн сайхан хүүхэндээ дургүй гэгчээр, эмэгтэй улстөрчид эмэгтэйчүүдийнхээ анхаарлыг илүү татаж, атаа жөтөө, амбицыг илүү хөдөлгөдөг ч байж магадгүй л юм.
Өнгөрөгч өдрүүдэд Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн XVI чуулган Улаанбаатар хотноо боллоо. Манай экспортод гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн экспорт. Тиймээс уул уурхайн бус, ХАА-н гаралтай болон бусад бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлье гэдэг байр сууриа Монголын талаас илэрхийлж, ОХУ-д хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлэх, БНХАУ-тай ноолуур боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр яриа хэлэлцээр хийсэн байна. Монгол Улс 3000 гаруй Засаг даргатай. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хорооны удирдлага оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” чуулга уулзалт болж 3000 Засаг дарга номын дуу сонслоо. Энэ зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий сайд “Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө” гэдгийг онцлон сануулж байсан юм.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 8 дугаар бага хурал өнгөрөгч долоо хоногт эхэллээ. Хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Франц, Казахстан, Филиппин, Турк, АНУ, Вьетнам зэрэг орнуудын төлөөлөгчид, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид оролцож байна. Тэд “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Азийн энх тайвны ирээдүй”, “Зүүн хойд Ази дахь цар тахлын дараах эдийн засгийн хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжих нь” гэсэн үндсэн таван сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож байна.
Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар мах, сүү, гурилны үнийг хэлэлцлээ. Эхний ээлжинд хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрээд аажмаар буурч байгаа юм байна.
Инфляц буурч байгаа хэдий ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлэх болжээ. Тиймээс мах сүү, гурилын үнийг буулгахгүйгээр Засгийн газар цалин тэтгэвэр нэмээд бодит үр дүнд хүрэхгүй гэдэгтэй санал нэгдэв. Учир нь Засгийн газраас 1.8 орчим их наяд төгрөгөөр төсөв тодотгож, цалин, тэтгэвэр нэмж байгаатай холбоотойгоор инфляцад тодорхой хэмжээний өөрчлөлт орно гэж үзжээ.
Тиймээс аймаг орон нутгаас Улаанбаатар хот, хүн ам төвлөрсөн суурин газар руу борлуулагдаж байгаа мал, махан бүтээгдэхүүний хорио цээр болон мал эмнэлгээс тавьж буй хүндрэлтэй нөхцөлүүдийг хөнгөвчилж, Улаанбаатар хотыг тойруулан мал, мах борлуулах цэгүүдийг олноор байгуулах, өрсөлдөөн бий болгож, махны үнэ өсөхгүй байх нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна.Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар “5Ш” ажиллагааны талаар ярилцаж, гэмт хэрэгт холбогдоод хил давж зугатаасан “шувуу”-нуудыг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ. Өнөөдрийн байдлаар оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэхээр бэлтгэлээ хангаж байгаа гэнэ.
Засгийн газрын хуралдаанаас Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.Энэхүү хуулийн төсөлд А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамруулахаар тусгасан байна.Манай улсад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакциныг товлолын дагуу, үнэ төлбөргүй хийдэг. Хууль батлагдвал заавал хийх вакцины тоо нэмэгдэх нь.
Сүүлийн хэдэн сарын турш олны хэл амны бай болоод байгаа Боловсролын сангийн зээлийн асуудлыг Засгийн газар нэг мөр шийдэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд зээлийн сангийн шалгаруулалтыг автомат системд шилжүүлэхээр болж байгаа гэнэ. Сонгон шалгаруулалтын материалыг хүн биш автомат системээр шалгаад, шалгалтын дүнг уяж хашихгүй, хүлээлгэхгүй шууд гаргадаг болгож өөрчлөхөөр шийдвэрлэжээ.
Энэ долоо хоногийн хамгийн таатай мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өглөө. Тэрбээр орон нутгийн нислэгийг тогтмолжуулж, тийзний үнийг 2-2.5 дахин бууруулснаа танилцуулав. МИАТ ТӨХК есөн аймаг руу тогтмол, хямд үнээр нислэг үйлдэхээр болж байна. Хөвсгөлийн Мөрөн рүү өмнө нь хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол тийзний үнэ хямдарч 500-680 мянган төгрөг болжээ.
Өөр нэг чих баясгах сайхан мэдээ гэвэл ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 35 дүгээр хуралдаанаар Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулжээ. Ингэснээр Чингис хааны өлгий нутаг аялагчдын анхаарлыг татаж, газрын олон улсын ач холбогдол нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах нь дамжиггүй. Сонирхуулж хэлэхэд Монгол Улсаас 9 газар Шим мандлын нөөц газруудын Дэлхийн сүлжээнд бүртгэлтэй байдаг юм байна.
Өнгөрч буй долоо хоногт улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж, 40 гаруй мянган хүүхэд 12 жил юу сурч мэдсэнээ шалгуулж байна. Элсэлтийн шалгалт дөрвөн өдөр үргэлжлэх юм.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна