УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жил бүр “гар хүрдэг” ч өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улс төрийн намын тухай хуульд салхи оруулаагүй. Сүүлийн гурван парламентын босгыг давж чадаагүй Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад буй. Ирэх долоо хоногоос УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буй тус хуулийн төслийн талаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Амарзаяатай ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэрхэн дүгнэж байна. Ямар заалтыг нь онцолж, хэлэх вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд бид өнгөрсөн оноос “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагад зориулсан зургаан удаагийн цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Шинэчилсэн найруулгын төслийг одоо дагаж мөрдөж буй Улс төрийн намын тухай хуультай харьцуулж, бүтэн агуулгаар нь харахад илүү сайжирсан, улс төрийн намын одоогийн дүр зураг, нөхцөл байдлыг эрс өөрчлөх, дэвшилттэй заалтууд багтсан гэж дүгнэж байна.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагын зүгээс онцлох заалтаар намуудын татвар, хандив, санхүүжилттэй холбоотой зохицуулалтыг нэрлэж байгаа. Мөн дотоод ардчилал, жендэрийн тэгш эрхийг хангах, гишүүдийн оролцоо, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүх бүлгийн оролцоог дэмжсэн, бодлогын нам болгох чиглэлд тусгасан заалтууд бий. Түүнчлэн намын үйл ажиллагааг идэвхгүйд тооцох, намын үйл ажиллагааг зогсоохтой холбоотой зохицуулалтыг онцолж байна. Бид бүхэн улс төрийн намын тухай хуулийн санхүүжилтийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах чиглэлд нэлээд анхаарч, ажилладаг.
-Хуулийн төсөлд тусгасан улс төрийн намуудын хандив, санхүүжилттэй холбоотой зохицуулалт одоо мөрдөж буй хуулийнхаас юугаараа өөр, дэвшилттэй болж байна вэ?
-Намууд санхүүгийн тайлан гаргах, мэдүүлэх, аудит хийлгэх, нийтэд мэдээлэх, тайлантай холбоотой алдаа зөрчилд тооцох хариуцлагын талаар тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, хувь хүн болон компанийн хандивыг хязгаарлалттай байхаар тусгасан. Одоо үйлчилж буй хуулиар намууд гишүүд, дэмжигчдийнхээ татвараар санхүүжих ёстой. Гэсэн ч бодит байдалд намууд хувь хүн, компаниудаас хандив авдаг нь эргээд авлигын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тиймээс олон улсын жишгийн дагуу энэ үйлдлийг хязгаарлаж, гишүүдээсээ бага дүнтэй татвар авч, төрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хандлага руу явж байна. Одоо мөрдөж буй хуулиар нийт авсан санал, суудлаар тооцож төрөөс санхүүжилт олгож байгаа ч түүнийг юунд яаж зарцуулсан нь тодорхой бус байдаг. Энэ талаарх тайлангаа өгөөгүй бол хариуцлага тооцох механизм нь ч сул.
Одоогийн шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэх, эргээд тооцох хариуцлага нь ч нэлээд өндөр болж байгаа. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хуулийг сурвалжлах KNOW-HOW” гэсэн вакумжуулсан сургалт зохион байгуулж, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг тал бүрээс нь нэлээд задалж, хэлэлцсэн. Улс төрийн намын тухай хуулийн төслийн томьёоллын дагуу одоогийн парламентад суудалтай таван нам байлаа гэж үзэхэд жилд нийтдээ долоо орчим тэрбум төгрөг төрийн санхүүжилтээр олгогдох тооцоолол гарч ирж байсан.
Энэ өндөр санхүүжилтийг дагаад хяналт нь ч мөн чангарна. Тухайлбал, улс төрийн намуудыг жилд хоёр удаа үйл ажиллагаагаа тайлагнах, бие даасан нягтлантай байх гэх мэт заалт байгаа. Хэрэв санхүүжилт, үйл ажиллагааныхаа тайланг хуулийн дагуу гаргаагүй тохиолдолд тухайн намыг “идэвхгүй” төлөвт шилжүүлэх хувилбар бий. Ийм төлөвт шилжсэн тохиолдолд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй, бүр сонгуульд ч оролцох эрхгүй болно гэсэн үг. Ингэж тодорхой хязгаарлалт тавьж, улс төрийн намуудыг тайлангаа өгөхөөс өөр аргагүй болгох замаар хариуцлагажуулж байгаа юм.
-Сүүлийн найман жил сонгуульд оролцоогүй, хурал цуглаан хийдэггүй гэх мэт үйл ажиллагаа нь тогтворгүй намуудыг “идэвхгүй” төлөвт шилжүүлэх зохицуулалтын цаад үр дагавар юу байх вэ?
-Энэ бол эерэг үр дүн гарах, зөв зохицуулалт. Нам бол иргэдийн улс төрийн үзэл санаагаараа эвлэлдэн нэгдэх эрхийг хангадаг байгууллагын хувьд хамгийн түрүүнд дотоод ардчиллаа бэхжүүлэх ёстой. Хуулийн төсөлд УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй, мөн хугацаанд санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй, намын удирдах дээд эсвэл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд намыг “идэвхгүй” төлөвт шилжүүлэхээр заасан байгаа.
Мөн намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсооно. Гэхдээ нэр дэвшигчид нь бие даагчаар оролцож болох зохицуулалт бий. Одоогийн улс төрийн намуудын нийтлэг дүр зураг бол гишүүн, дэмжигчгүй, дарга нь тамгаа цүнхлээд нам гээд хэлж, яриад явж байдаг. Энэ бол иргэдийг төлөөлж чадахгүй. Тиймээс идэвхгүй төлөвт шилжихгүйн тулд гишүүн, дэмжигчидтэй болох, улмаар хурал цуглаанаа тогтмол зохион байгуулах, иргэдээс дэмжлэг, хандив авч, эргээд түүнийгээ тайлагнадаг болох ёстой. Улс төрийн намын тухай хуулийн төсөл Венецийн комиссын зөвлөмжийн дагуу эерэг, дэвшилттэй заалтуудыг тусгасан, мөн олон улсын жишгийн дагуу хувийн хэвшлийнхний хандивыг бууруулах ёстой.
Харин иргэдийн хандивыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Яагаад гэвэл, иргэдийн хандив их, бага байх нь гол биш тэдний дэмжлэгийг авч буйгаа харуулах нь чухал. Хэрэв хувийн хэвшлийн хандивыг бууруулж, хязгаарлахгүй бол үүнийг дагаад авлига нэмэгдэж, ар өврийн хаалганы асуудал гарах эрсдэл нэмэгдэнэ л гэсэн үг. Тиймээс толгой компани нь хуульд заасан мөнгөн дүнгээр хандив өгсөн бол дахиж охин компаниудаараа дамжуулж өгөхгүй гэсэн заалт Сонгуулийн тухай хуульд бий.
-Парламентад суудалтай намуудад нэг гишүүний суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцож, улсын төсвөөс олгодог санхүүжилтийг хуулийн төсөлд хэвээр үлдээж байгаа юм билээ. Энэхүү санхүүжилтийг улс төрийн намууд юунд зарцуулах үүрэгтэй байдаг вэ?
-Одоогийн дагаж мөрдөж буй хуульд маш ерөнхий тусгасан байдаг. Улс төрийн намууд ч санхүүжилтээ тайлагнадаггүй, ил тод биш. Харин хуулийн төсөлд төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг олон нийтэд таниулахад зарцуулах маш чухал зохицуулалт орсон.
Тодруулбал, намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн оролцоог хангах, намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд зарцуулна гэсэн үг. Энэ нь нэг талдаа улс төрийн намуудыг хариуцлагажуулж, үүрэгжүүлэхээс гадна нөгөө талдаа иргэдийг сонгуулийн боловсролтой болгож буй нь давуу тал болж байгаа. Хуулийн төслийг баталж, хэрэгжүүлснээр бүх нам санхүүгийн тайлан, мэдээллээ сонгуулийн төв байгууллагад хүргүүлж, олон нийтэд мэдээлдэг болно.
-Одоогийн дагаж мөрдөж буй хуулиар хуулийн этгээд 10, иргэн нэг сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний хандивыг намд нэг удаа өгөх боломжтой зохицуулалтын мөнгөн дүнг хуулийн төсөлд нэмэгдүүлж тусгасан байсан. Үүнд та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогийн хуулийн төсөлд жилд иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин, хуулийн этгээдийнх нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүүгүй байхаар заасан. Ингэхдээ иргэний хандивыг ХАОАТ-аас чөлөөлөхөөр, хуулийн этгээдийнхийг хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газрын өгсөн хандивын нийлбэр дүнгээр, намд өгсөн хандивын хэмжээг мөнгөн болон мөнгөн бус хандивын нийлбэр дүнгээр тооцохоор нарийвчлан зааж өгсөн байгаа нь одоо хэрэгжүүлж буй хуультай харьцуулахад илүү тодорхой болсон гэж харж байна. Түүнчлэн хандивыг зориулалтын дагуу захиран зарцуулах тухай зохицуулалт оруулж өгснөөс гадна хандивлагч хуулийн этгээд санхүүгийн тайлангаа намд болон сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх тухай заалт орсон нь хандивын хянах боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг та бүхэн хаврын чуулганаар батлахыг уриалж байсан. Хойшлуулах нь ямар эрсдэлтэй гэж үзэж байна вэ?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлж, батлах ёстой олон хуулийн нэг энэ Улс төрийн намын тухай хууль юм. Одоогийн байдлаар нэлээд чамбай болсон энэхүү хуулийн төслөө задлахгүй, бас хойшлуулахгүйгээр хаврын чуулганыхаа хугацаанд батлах нь зүйтэй гэж харж байна. Бид өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй хамт сайтын хэлэлцүүлэгт орсон. Тэр үед Д.Тогтохсүрэн гишүүн ирэх сарын 7-ноос өмнө батлах төлөвтэй буйгаа хэлж байсан.
Хэлсэн энэ хугацаандаа батална гэж найдаж байна. Дотоод ардчилалтай, төлөвшсөн, бодлогоороо өрсөлддөг, хандив, санхүүжилт нь ил тод, нээлттэй нам байх амлалтдаа хүрэх улс төрийн хүсэл зориг байна уу үгүй юү гэдгээ харуулах боломж нь энэ. Хэрэв хаврын чуулганы хугацаанд баталж чадахгүй бол тухайн хуулийн төслийн гол зорилго чиглэл өөрчлөгдөх, хуулийн төсөл санаачлагч эргүүлэн татах гэх мэт эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сайн хуулийн төслийг саад багатай байлгахын тулд тал талаас нь чанартай хэлэлцэж, богино хугацаанд батлах хэрэгтэй.
-Улс төрийн намын тухай хуулийн төслийг баталж, хэрэгжүүлснээр улс төрийн намуудын одоогийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөнө гэж харж байна вэ?
-Манай улсад албан ёсоор бүртгэлтэй 36 нам бий. Хуулийн төслийг баталж, хэрэгжүүлж эхэлбэл улс төрийн намуудын дийлэнх нь “идэвхгүй” төлөвт шилжиж, шигшигдэж эхэлнэ. Нөгөө талдаа дотоод ардчилалтай, үйл ажиллагаа нь тогтвортой, гишүүд, дэмжигчдийн тоо нэмэгдсэн, ил тод нээлттэй намуудын тоо нэмэгдэнэ. Ингэснээр парламентад суудалтай чанартай намуудын тоо нэмэгдэх магадлал өндөр. Холбогдох хуулиудад тусгаж буй зохицуулалтаар парламентад нийгмийн бүлгүүдийн төлөөлөл нэмэгдэж, солонгорох байх гэж найдаж байна. Улс төрийн намууд илүү дотоод ардчилалтай болно. Намын санхүүжилт дан ганц сонгуулийн үед бус өдөр тутмын үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болно. Ингэснээр авлига багасна. Энэ мэт олон давуу тал бий болно гэж харж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна