-МАН-ын удирдлагууд 46 суманд ажиллаж байна-
МАН-ын Удирдах зөвлөл, Ажлын албанаас намын гишүүд, дэмжигчид, иргэдэд намаас хийж, хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулах “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Энэ хэлэлцүүлэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт энэ сарын 13-18-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Монгол Ардын Нам нь Социал Демократ үзэл баримтлалтай, хүн төвтэй улс төрийн хүчин. Энэ ч утгаар намын анхан, дунд шатанд ажиллаж байгаа гишүүдээ чадавхжуулахад анхаарч ирсэн. Энэ хүрээнд ирэх жилүүдэд хийх ажилдаа намын гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг авах юм. Цаашид намын анхан болон дунд шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг цахим бүртгэлийн системийг тогтмол ашиглах нөхцөл, боломжийг сайжруулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлгийг өрнүүлэхээр МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, А.Ариунзаяа болон Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва, Хэвлэл Мэдээллийн Газрын дарга Г.Баярхүү, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын Албаны дарга С.Далхаасүрэн нар нийт 10 баг болж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 46 суманд ажиллаж байна.
Тэтгэврийн зөрүүг ойртуулна
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Дорнод аймгийн Хэрлэн сумын өндөр настан Д.Рагчаа, Ц.Цээсүрэн, Д.Энэбиш нарт хүндэтгэл үзүүллээ. Уулзалтаар ахмадуудын санал, бодлыг сонсохын зэрэгцээ МАН-ын бодлого, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулав. 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 481 мянган иргэнд тэтгэвэр олгож байгаа бөгөөд үүнээс 20 мянган иргэн цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байна. Засгийн газраас Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 550 мянган төгрөгт, Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөгт хүргэсэн.
Тэтгэврийн зөрүүг ойртуулах арга хэмжээнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна. Үүний үр дүнд ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүү ойртох юм.
Орон нутагт бодитой ажлуудыг хэрэгжүүлсэнд талархав
МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын ахмад гишүүд Д.Балчиртуяа, Д.Сүхбаатар, Ш.Тоорой нарт хүндэтгэл үзүүлж, намаас хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг танилцуулсан юм. Хөдөө орон нутагт шилжиж буй аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлснээр орон нутгийн хөгжилд болон ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой. Ахмадууд хөдөө, орон нутагт бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн зээл олгоно
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд Дорнод аймгийн Гурванзагал сумын намын ахмад гишүүн Д.Жавзмаагийнд зочиллоо. Уулзалтын үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд намаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Монгол Улсын болон олон улсын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн энэ өдөр тус сумын ахмад гишүүн С.Уранчимэгт хүндлэл үзүүлж уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын нэг цөм хэсэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хөдөөгийн сэргэлтээр орон нутагт орон сууц худалдан авч, тухайн газраа суурьшин амьдрах иргэдэд зориулж жилийн гурван хувийн хүүтэй Ипотекийн зээл олгохоор болсон. Эдийн засгийн энэхүү дэмжлэгийг явуулсны үр дүнд жилдээ 5600 өрх Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжинэ гэсэн тооцоог Засгийн газар гаргаад буй.
Нийт 217 мянган албан хаагчийн цалин нэмэгдэнэ
МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа Дорнод аймгийн Баянтүмэн суманд “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, намын бодлого шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ 100 гаруй гишүүд, дэмжигчдийн саналыг сонслоо. Уулзалтын дараа МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа өндөр настан Ч.Жамсранжав, Г.Пүрэвсүрэн, Л.Сүхчулуун нартай уулзлаа. Ахмадууд цалин, тэтгэвэр нэмж байгааг сайшаав.
2023 оны долдугаар сарын 1-нээс 217 мянган албан хаагчийн цалин нэмэгдэнэ. Тодруулбал, боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлж байна. Төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн 565 мянган төгрөг байсан суурь цалингийн хэмжээг 750 мянган төгрөг болон нэмэгдүүлэх юм.
Эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй байна
МАН-ын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва Сүхбаатар аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Эрдэнэцагаан сумын МАН-ын хорооны наймдугаар үүрийн ахмад гишүүн, 82 настай Б.Нацагдорж гуайнд зочилж намын үйл ажиллагаа, Засгийн газраас гаргасан шийдвэр болон бусад асуудлаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Мөн тус сумын МАН-ын хорооны хоёрдугаар үүрийн ахмад гишүүн, 80 настай А.Буяндэлгэр, тавдугаар үүрийн ахмад гишүүн, 83 настай Н.Цэвээнжаргал гуай нарт хүндлэл үзүүлж, намын бодлого шийдвэрээ дуулгаж, сургаалын үгийг нь сонссон юм.
Энэ оны нэгдүгээр улиралд төсвийн орлого давж, эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний биет хэмжээ зургаа дахин өссөн нь цалин, тэтгэвэр нэмэх гол үзүүлэлт болсон.
Үндэсний үйлдвэрлэл хөдөөгийн хөгжлийг сайжруулна
МАН-ын Хэвлэл Мэдээллийн Газрын дарга Г.Баярхүү Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав. Тэрбээр Халхгол сумын МАН-ын хорооны хоёрдугаар үүрийн ахмад гишүүн Б.Лхамуужавтай уулзлаа. Ахмад гишүүн Б.Лхамуужав намын цахим шилжилтийн үйл ажиллагааг өөрөө ашигладаг, цахимд шилжихийн чухлыг онцлон ярьж байв. МАН-ын Хэвлэл Мэдээллийн Газрын дарга Г.Баярхүү тус сумын МАН-ын хорооны гишүүн С.Бадам-Арилд, М.Хишигт нарт хүндэтгэл үзүүлж уулзав. Ахмад гишүүн С.Бадам-Арилд тэтгэвэр нэмэгдсэнд төр, засагтаа баярлаж байгаагаа илэрхийлж байв. Харин ахмад гишүүн М.Хишигт үндэсний үйлдвэрлэл тэр дундаа хөдөө, орон нутгийн хөгжлийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй Хот, хөдөөгийн сэргэлтийн хэрэгжүүлж байгаад талархсанаа уулзалтын үеэр хэлж байлаа.
Цахим системийн мэдээллийн санг шинэчлэх сургалт зохион байгууллаа
Хүний Эрх Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал Дорнод аймгийн Чулуунхороот суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчдэд зориулсан "Нээлттэй нам" уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсын 2050 он хүртэлх урт хугацааны хөгжлийн бодлого гэх мэт олон сэдвээр гишүүд, дэмжигчдэд мэдээлэл өгсөн юм. 2022 оны 10 дугаар сараас МАН-ын “Цахим Нам 2.0” буюу цахим шилжилтийн хоёрдугаар үе албан ёсоор эхэлсэн бөгөөд МАН албан ёсоор цахим нам болсноо зарласан. Энэ хүрээнд сумын гишүүдэд цахим бүртгэлийн системийн тогтмол ашиглах нөхцөл боломжийг сайжруулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх сургалт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Ахмадууд МАН-ын бодлого, шийдвэрийг дэмжиж байна
Дорнод аймгийн Булган суманд ажиллаж байгаа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тус суманд амьдарч буй намын ахмад гишүүн С.Баднаагарав, гэргий Ц.Оюун, Х.Ламзав, Д.Дуламсүрэн нарт хүндэтгэл үзүүлэн уулзлаа. Ахмад гишүүд МАН-ын өнөөгийн бодлого, шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Хүний эрхийг хангах тал дээр тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалахад онцгой анхаарч ажиллахыг хүслээ. Мөн тус суманд “Нээлттэй нам” уулзалт боллоо. УИХ-ын хаврын ээлжит чуулганаар тэтгэвэр нэмэхээр болсонд тус сумын ахмадууд талархалтай байна.
Иргэд, аж ахуйн нэгжид жилийн нэг хувийн хүүтэй зээл олгоно
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн өндөр настан Д.Дарьсүрэн, Буянтбулаг багийн өндөр настан Д.Осогмаа, Арвин багийн өндөр настан Д.Санжмятав нарт хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтын үеэр МАН-ын бодлого, Засгийн газраас хөдөө, орон нутгийн хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй шийдвэрийн тухай мэдээллийг өгөв. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод үүсээд буй хэт төвлөрлийг саармагжуулж, хөдөөг чиглэсэн хэд хэдэн бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд орон нутаг руу ажлын байр шилжүүлэх зорилгоор аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоно. Орон нутаг руу шилжсэн ААН-д 500 хүртэл сая төгрөгийн зээлийг жилийн нэг хувийн хүүтэй олгоно. Мөн иргэдэд 50 хүртэл сая төгрөгийн зээлийг дээрх нөхцөлөөр олгоно. Ингэснээр хөдөө орон нутагт жилдээ 2000-4000 ажлын байр шинээр бий болно гэсэн судалгаа гарчээ.
Орон нутагт жилдээ 4000 хүртэл ажлын байр шинээр бий болно
УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын Албаны дарга С.Далхаасүрэн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллаж ахмад гишүүн Г.Даариймаа, Ш.Цэндсүрэн, Ж.Лхамсүрэн нартай уулзлаа. Мөн Баян-Овоо суманд “Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө орон нутагт ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хөдөө, орон нутагт жилдээ 2000-4000 ажлын байр шинээр бий болно гэсэн судалгаа гарчээ.
Ийнхүү “Нээлттэй нам” уулзалт хэлэлцүүлэг хөдөө, орон нутагт үргэлжилж байна.
Н.Энх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна