Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Киргиз Улсын төрийн тэргүүн 21 жилийн дараа Монгол Улсад айлчлах юм.
Айлчлал Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд ахиц гаргахад чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровтай албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхана.
Айлчлалын үеэр Төв Азийн бүс нутагт түүх, соёлын гүнзгий хэлхээ холбоотой Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцэл, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, бүс нутаг болон олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцана.
Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна