​ Эвийн хүчээр нэгдсэн тэргүүний холбоо


Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо /СДМЭХ/-г манай сонин энэ дугаартаа онцоллоо. Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр 2002 оны зургадугаар сарын 12-ны өдөр үндэс сууриа тавьж байсан энэхүү эмэгтэйчүүдийн байгууллага ихээхэн онцлогтой. Байршлын хувьд Улаанбаатар хотоос алслагдмал оршдог ч намын  төв аппараттайгаа нягт, уялдаатай ажилладаг. Байгуулагдсан цагаасаа гурван үеийн хэлхээг хадгалан тэдний санаа бодлыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлсээр өдийг хүрчээ. Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар анх ажилласан хүн бол Д.Оюунгэрэл /2002-2014 он/.  Дүүргийнхээ  эмэгтэйчүүдийн байгууллагын үндсэн бүтцийг гаргаж, уялдаа холбоотой ажилласан түүний гавьяа их юм.

Эмэгтэйчүүдийн байгууллагыг Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байхад Ф.Мөнхгэрэл /2014-2019 он/ Багахангай дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан ажиллаж байжээ. Тэрбээр намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа байнгын  хамтын ажиллагаатай байж дүүргийн хэмжээнд олон ажил санаачлан зохион байгуулсан. Тухайлбал, “Есөн бүтээлч ажил”, “Эмэгтэйчүүдээ сонсъё” зэрэг аяныг нэрлэж болно. Түүнчлэн гурван үеийн эмэгтэйчүүдийн онцлог, сонирхолд нийцсэн ажлыг үр бүтээлтэй хийжээ. Тэдгээрийн заримаас дурдвал, хүүхэд залуусын хөгжил, чөлөөт цагаа  үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор “Бяцхан мисс” тэмцээн, охидын уулзалтыг зохион байгуулжээ. Холбооныхоо ахмад гишүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, дүүргийнхээ удирдах албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийнхээ уулзалтыг хийсэн гээд тоочвол Ф.Мөнхгэрэл даргын санаачилсан ажил олон бий.

Харин өдгөө СДМЭХ-г тэргүүлж буй хүн нь Х.Цогцэцэг юм. Намын байгууллагад олон жил ажилласан тэрбээр өдгөө алсын хараагаа тодорхойлон дүүргийнхээ эмэгтэйчүүдийн дуу хоолой болон ажиллаж байна. Түүний Багахангай дүүрэгтэй холбогдсон түүх сонин. 1977 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн Х.Цогцэцэгийг дөрвөн настай байхад аав, ээж нь төмөр замын томилолтоор Багахангай зөрлөгт 1981 онд шилжин иржээ. Улмаар 1985 онд төмөр замын тосгонд байрлах бага сургуульд элсэн орж, 1999 онд “Тэнгэр” дээд сургуульд монгол ёс заншил, түүх нийгмийн багшийн мэргэжил эзэмшсэн байна. Х.Цогцэцэг ажил амьдралын гараагаа төрөлх сургуулиасаа  эхлүүлсэн нэгэн. Тэрбээр 2019 оноос Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх СДМЭХ-ны  тэргүүнээр сонгогдон хоёр салбар зөвлөл, 17 тэргүүлэгчийн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Багахангай дүүргийн СДМЭХ нь ажил үйлсээрээ 2004 онд дэд байр, 2015 онд нийслэлд дөрөвдүгээр байр эзэлж байсан шилдэг, тэргүүний холбоодын нэг ажээ.

Д.Оюунгэрэл: Манлайлагч эмэгтэйчүүдээ дадлагажуулж, идэвхтэн гишүүдээ бэлтгэх нь чухал

Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулж, АСЭХ-ны даргаар ажиллаж байсан Д.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.    

-Нийслэлээс алслагдмал хороо байхад та Багахангайд эмэгтэйчүүдийн байгууллагын үндэс суурийг тавьжээ. Ажлын гараагаа хэрхэн  эхлүүлж байсан бэ?

-МАХН-ын /тэр үеийн нэрээр/ дэргэдэх Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоог Багахангай дүүрэгт байгуулах анхдугаар чуулганыг 2002 оны зургадугаар сард хэдэн нөхдийн хамт зохион байгуулж байлаа. Тухайн үед би ЗДТГ-ын НХХ-ийн эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан зохион байгуулагчаар томилогдон ажиллаж байсан юм. Намаас С.Анхныбаяр, С.Эрдэнэбаяр, Д.Тэгшээ Ц.Цэцгээ, Л.Мөнхцэцэг нар тусалж, эмэгтэйчүүдээс Д.Мөнхдэлгэр, С.Батгэрэл нарын хамтаар урилга мэндчилгээ тараах, чуулганы танхим засах, НХХ-ийн Ц.Дэнсмаа даргын удирдлага дор  илтгэл бичих зэрэг зохион байгуулалтын бүх ажлыг цэгцэлж чуулганаа амжилттай зохион байгуулж, энэ байгууллагын анхны тэргүүнээр сонгогдож байлаа. Тухайн үед тэргүүлэгчээр Д.Мөнхдэлгэр, С.Батгэрэл, Ж.Дариймаа, Б.Энхбаяр нар сонгогдон, 107 гишүүн, 43 дэмжигчтэйгээр олон сайхан ажлыг хамтдаа зохион байгуулж, дүүргийнхээ охид эмэгтэйчүүд, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэн, тэдний талархлыг хүлээсэн.

-Багахангай дүүргийн эмэгтэйчүүдийн байгууллагад оруулсан хувь нэмэр гэвэл та юуг нэрлэх вэ. Мэдээж зорилго, зорилтоо тодорхойлчихсон байсан болов уу?

-МАСЭХ нь 2008 онд  Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон нэрээ өөрчилж, үзэл бодол, санаа сэтгэл нэгдсэн эмэгтэйчүүдээр хүрээгээ тэлсэн. Эдүгээ хүчирхэг ТББ болон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна. Намын дэргэдэх ТББ-ын үйл ажиллагаа бол багийн ажиллагаа маш ихээр шаарддаг. Ганц хүний хийх ажил биш. Эрхэм зорилго бол гэр бүл бүхэн аз жаргалтай, амар тайван байх явдал учир энэ зорилгод чиглэсэн бүхий л үйл ажиллагааг эмхлэн зохион байгуулахыг хичээж ирсэн. Эмэгтэйчүүдийн судалгааг зорилтот бүх хэлбэрээр гарган төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэн, ажиллаж чадсан нь хамгийн том хувь нэмэр юм болов уу.

-Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлэх идэвхтэн, гишүүдээ хэрхэн бэлтгэж байсан бэ?

-Намын дэргэдэх ТББ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдахын тулд хүний нөөцийн бодлогыг зөв тодорхойлох явдал зайлшгүй чухал. Нийгмийн амьдралд оролцох эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэн идэвхжүүлж, тэднээс манлайлагч залуу эмэгтэйчүүдийг сонгон сургаж, дагалдуулж байж идэвхтэн гишүүдээ бэлтгэж байлаа. Ер нь бол оролцож байж л хөгждөг шүү дээ.

-2014 он гэхэд Багахангай дүүргийн МАН-ын дэргэдэх НАМЭХ хэчнээн гишүүнтэй, ямар үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг болсон байсан бол?

-АСЭХ нь дэргэдээ өсвөр үеийн “Үе тэнгийхэн”, эмэгтэйчүүдийн “Лидер” клубийг байгуулан “Хамтдаа суралцаж, хамтдаа хөгжье” гэсэн уриатайгаар ажиллаж байсан. Улс нийслэлд жил бүр зохион байгуулсан ажлаараа сайшаагдаж,  2004 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан гурван сарын аяны хүрээнд хийсэн ажлаараа улсад дэд байрт шалгарсан нь төрийн болон ТББ-ын хоорондын уялдаа холбоо, эмэгтэйчүүдийн идэвх оролцоо сайн байсны илрэл юм. Энэхүү байгууллагыг 12  жил удирдан ажиллахдаа иргэдийн  сэтгэлд хүрсэн олон сайхан арга хэмжээ, уралдаан тэмцээнийг жил бүр  зохион байгуулсан.

Олон улсын сувилагчдын өдрийг угтсан “Алтан гарт сувилагч” шалгаруулах уралдаан, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүйн ээж”, “Сургаалт ээж” зэрэг есөн эрдэнийн ээж өргөмжлөх ёслол, дүүргийн “Шилдэг гэр бүл” шалгаруулах арга хэмжээ, мөн “Шилдэг эмэгтэй удирдагч” шалгаруулах уралдаан зохион байгуулж байв. Үүний зэрэгцээ хууль, эрх зүйн мэдлэг олгох “Центавр”, АХА, АСТ зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хийсэн. Түүнээс гадна спорт, соёл урлагийн ажилд бид бүхэн манлайлан оролцож, оролцсон төрөл бүрдээ амжилт үзүүлдэг байлаа. Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн дурын хөдөлгөөн байгуулан ажиллаж, гэр бүлд зөвлөгөө өгөх, хүүхэд багачуудад насны онцлогт тохирсон сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах зэргээр хамтын хүчээр ажлаа эмхэлж ирсэн.


Х.Цогцэцэг: Дүүргийн намын хорооны удирдлагууд эмэгтэйчүүдээ дэмжин ажилладаг

Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх СДМЭХ-ны тэргүүн Х.Цогцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Удирдлагын академид нийгмийн удирдлагын менежерээр, МУБИС-д боловсролын удирдлагын чиглэлээр суралцаж магистрын зэрэг хамгаалсан. Боловсролын байгууллагад 14 жил ажилласан туршлагатай бөгөөд 2008-2012, 2012-2016, 2016-2020, 2020 оны дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон эдийн засаг, нийгмийн бодлого зорилтыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтэд нь хяналт тавих  үйл ажиллагаанд иргэдийн дуу хоолой болон ажиллаж байна.

-Та 2019 онд дүүргийнхээ намын хорооны дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлжээ. Одоо хэдэн тэргүүлэгч гишүүн, ямар бүтэц бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ? 

-Багахангай дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх СДМЭХ нийгмийн хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, тэдний идэвх оролцоо, манлайллыг дээшлүүлэх, үр хүүхдээ зөв боловсон, мэдлэг чадвартай, амьдрах ухаантай болгон хүмүүжүүлэхэд анхаарч бодлого, чиглэлдээ тусган ажиллаж байна. Манай холбоо өдгөө 17 тэргүүлэгч, хяналтын хорооны таван гишүүнтэй.  306 гишүүн, 242 дэмжигч эмэгтэйтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Би дүүргийнхээ Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны салбар хорооны тэргүүнээр 2019 онд сонгогдсон бөгөөд анхны хуралдааныхаа үеэр үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлсноо танилцуулж байв. Юуны түрүүнд эмэгтэйчүүдийн манлайлал, тэднийг чадавхжуулахад санаачилга гарган, жендэрийн эрх тэгш байдлыг орон нутаг­таа хангахад анхаарна. Нийгмийн сэтгэл зүй, нөх­цөл байдлыг эмэгтэйчүүд бид эерэгшүүлж, зөө­лөн болгоно. Тиймээс хандлагаа өөрчилж аливаа асуудалд дандаа зөв, эерэг мессеж түгээхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм. Мөн охид бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, зөв дадал зуршилтай болоход нь дэмжих зэргээр гол чиглэлээ тодорхойлоод ажиллаж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дээр дурдсан ажлуудаас аль алийг нь хийж, хэрэгжүүлэв?

-Хамгийн түрүүнд “Эмэгтэйчүүд бид хандлагаа өөрчилье” уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү уулзалтдаа тухайн үеийн НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдээ урьж оролцуулан эмэгтэйчүүдийн салбар холбоо маань ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байгааг танилцуулсан. Энэ үеэр Багахангай дүүрэгт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд ямар бодол саналтай явдгаа харилцан ярилцсан нь уулзалтаас онцлох зүйл байв. Учир нь, бид энэхүү уулзалтаас цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон юм. Олон улсын охидын өдөр жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдөр тохиодог. Энэ өдөр бид дүүргийнхээ өсвөр насныхны бодол санааг сонсож тэдэнд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлээд хэвшсэн байна. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч, хяналтын хорооны гишүүдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн ажлыг тогтмол зохион байгуулдаг. Нэг бодлого чиглэлтэй хүмүүс учраас ажлын албаныхаа эмэгтэйчүүдийг ч гэсэн аливаа үйл ажиллагаанд татан оролцуулах ёстой гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.  

-Багахангай дүүрэгт эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа талаар мэдээлэл өгөөч?

 -Дүүргийн  хэмжээнд шийдвэр гаргах буюу удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. Тухайлбал, манай дүүргийн ИТХ-ын даргаар эмэгтэй хүн ажилладаг. Засаг даргын орлогч мөн эмэгтэй хүн бий. Хоёр хорооны Засаг даргын нэг нь эмэгтэй,  ЗДТГ-ын дөрвөн хэлтсийн даргын гурав нь эмэгтэй гээд дурдвал олон. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, төмөр замын байгууллагын 51 хувийг эмэгтэйчүүд удирдан ажиллаж байна. Энэ мэтчилэн манай дүүргийн хэмжээнд эмэгтэйчүүдийн оролцоо, идэвх маш өндөр байдаг учраас дүүргийн намын хорооны удирдлагууд маань биднийг дэмждэг. 

-Танай дүүрэг манлайлагч олон эмэгтэйтэй юм байна. Тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд та хэрхэн анхаарч, ажилладаг вэ?

-Дүүргийн удирдах түвшинд хүйсийн тэнцвэрт байдал 50:50 хувьтай. Бид энэ харьцаагаа цаашдаа хадгалахад анхаарч ажиллана. Улс төрийн бодлого, чиглэлээ тодорхойлсон эмэгтэйчүүдээ сургаж дадлагажуулах, залуу үеэ бэлтгэн гаргах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ дунд хүний нөөцийн судалгааг хийсэн. Манай дүүргийн манлайлагч эмэгтэйчүүдээс нийслэл, улсын хэмжээнд тодорхой түвшинд хүрч ажиллая гэсэн зорилготой төлөөлөл бий.

-Төгсгөлд нь ирэх саруудад хийхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа танилцуулна уу?

-Монгол Улсад төмөр замын тээвэр үүсэж хөгжсөний ой ирэх наймдугаар сард болно. Тэр үеэр төмөр замын байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийнхээ хүрээнд уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай СДМЭХ аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэргүүлдэг эмэгтэйчүүд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Бид энэ намар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ хамруулсан уулзалт хийнэ. Мөн авьяаслаг эмэгтэйчүүдийнхээ дунд урлагийн  тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд намын болон холбооны гишүүн эмэгтэйчүүд оролцох юм. Багахангай, Багануур, Налайх дүүргийн оёдолчдын дунд ур чадварын уралдаан зохион байгуулна. Энэ үеэр зорилтот бүлэг рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил өрнүүлэхээр төлөвлөөд байна. 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 7 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 7 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 8 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 8 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22