Энхтайвныг тогтоох үйлсэд эмэгтэйчүүдийн үүргийг бэхжүүлж, Монгол Улсаа дэлхийд сурталчлав


Б.Батцэцэг: Эмэгтэйчүүдэд асар их хүч бий

 “Монгол Улс бол эрх чөлөөг эрхэмлэгч, урам зоригтой, бардам атлаа эгэл сайхан сэтгэлтэй, 3.4 сая  хүн амтай улс. Бид мянга мянган жилээр тоологдох төрт ёсны түүх, давтагдашгүй соёл, уламжлал, ардчилсан өөрчлөлтийг авчирсан орчин цагийн түүхээрээ бахархдаг.  Монгол Улс эрч хүчтэй, ардчиллыг тууштай хэрэгжүүлэгч оронд тооцогддог. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж байна. Бид жендэрийн тэгш байдлыг хуульчилсан Азийн анхны орнуудын нэг гэдгээрээ бахархдаг. Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө бид хамтран ажиллах ёстой. Эмэгтэйчүүд бидэнд асар их хүч бий”...  

Энэ бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг нээж хэлсэн үг. 

Зургадугаар сарын 29-30-ны өдөр Улаанбаатар хотноо  дэлхийн 19 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар чууллаа.   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад  төдийгүй Азид анх удаа Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг зохион байгуулсан юм.  Энэ уулзалтаар  Гадаад хэргийн эмэгтэй сайд нар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо" гэсэн гурван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, Улаанбаатарын тунхаг баримт бичгийг батлав. 


Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй, тариалангийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа нь эмэгтэйчүүдийн өмнө тулгараад байгаа томоохон бэрхшээлийн нэг. Учир нь, энэ салбарт эмэгтэйчүүд түлхүү ажилладаг. Цаашлаад  дэлхий даяараа хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжлэх зайлшгүй нөхцөл бүрдээд байгааг Гадаад хэргийн эмэгтэй сайд нар хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Мөн энэ уулзалтаар феминист гадаад бодлогыг хэлэлцсэн нь шинэ уур амьсгалыг бүрдүүлсэн юм.


У.Хүрэлсүх: Энхтайвныг тогтооход эмэгтэйчүүдийн манлайлал, зүтгэл нэн чухал

Энэ уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан. Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Энхтайвны үйл явцад эмэгтэйчүүдийн нөлөөллийг таниулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн энхтайвны үйл явцад  эмэгтэйчүүдийн манлайлал, та бүхний хамтын ажиллагаа, хичээл зүтгэл нэн чухал” гэдгийг онцоллоо. Цаашлаад “Монгол Улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа орон. Тиймээс бид цөлжилттэй тэмцэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байна. НҮБ-ын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 3/1 орчим нь хүнсний эрсдэлд ороод байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтыг ханган хэрэгжүүлэх зорилгоор "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байлаа.  Эмэгтэйчүүдийг чадавхжуулж, хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэр бүлд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал байдгийн адил хүн төрөлхтний хөгжилд эмэгтэй удирдагчдын оролцоо салшгүй чухал” хэмээн тодотгосон юм.


“Олон улсын энхтайвны төлөө хамт байна”

Энэ удаагийн уулзалтад биеэр оролцож амжаагүй зарим улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нар илгээлт ирүүлсэн байлаа. Тухайлбал, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи-гийн мэндчилгээг  БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо уншиж танилцуулав. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд эрхэмсэг хатагтай Чой Сөн Хи мэндчилгээндээ “"Өнө эртний түүхтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа  Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт бол дэлхийн энхтайван, эв нэгдлийг тогтоох, хүн төрөлхтний оршин тогтнох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нааштай хувь нэмэр оруулах  болно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг дурджээ. “Миний бие энэ уулзалтад өөрийн биеэр оролцох боломжгүй ч олон улсын энхтайвны төлөө хамт байна” гэдгээ нотлоод дэлхий даяар эмэгтэйчүүдийн байр суурь, үүргийг  бэхжүүлэхэд энэ уулзалт амжилттай болно  гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна. 


С.Оюун: Гадаад харилцааны эмэгтэй сайд Б.Батцэцэг зөв ажил санаачлан хэрэгжүүлсэнд талархаж байна

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидын эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эмэгтэйчүүд, охидын сурч боловсрох, эдийн засгийн хувьд чадавхжих зэрэг үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцож, цаашдын үүрэг амлалт, хамтын ажиллагааг тодорхойлсон юм.

ГХЯ-ны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд  “Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэй удирдагчдыг авчраад, тэдний дуу хоолойг сонсон, тэр дуу хоолойг гадагшаа олон улсын тавцанд гаргаж байгаа тохиолдол Монгол Улсын хувьд дэлхийд анхных. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын энэ уулзалт олон улсын тавцанд эерэг мессэжийг гаргаж өгөх чухал арга хэмжээ боллоо. БНАСАУ-ын Гадаад хэргийн эмэгтэй сайд видео мессэж өглөө. Энэ нь дэлхийн тавцанд эмэгтэй удирдагч нар гараад ирсэн байна. Аюулгүй байдал, энхтайван тогтоох үйлсэд эмэгтэйчүүдийн дуу хоолой шийдвэр гаргах түвшинд очсон байна. Бусад улс орон эндээс үлгэр жишээ авч, энэ хандлагыг дэмжээсэй гэсэн манай Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүргэхээр эхний оролдлогыг хийлээ. Манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг анхнаасаа санаачлан, дэмжиж, зохион байгуулсан нь маш их хүчин чармайлт, асар том бодлогын үзүүлэлт юм” хэмээсэн бол “Уур амьсгалын ногоон сан”-гийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.Оюун:

-Аливаа арга хэмжээнд эмэгтэйчүүд ширээний ард сууж байх ёстой. Тэр дотроо уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, дэлхийн тогтвортой байдал, энхтайвны асуудалд ч эмэгтэйчүүдийн оролцоо маш чухал. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар дээрх асуудалд анхаарлаа төвлөрүүлж байгаа нь маш чухал байна. Манай ГХЯ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг санаачлаад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээлдээ авч Монгол Улсад энэ том хурлыг хийж байгаа нь маш сайн хэрэг гэж бодож байна. Гадаад харилцаа гэдэг улс орноо зөв таниулаад, байр сууриа хүчтэй таниулан авч явж чадаж байгаа нь эцсийн дүндээ иргэн бүрд нэмэртэй. Үүний цаана хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт бий болдог. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын хурлыг санаачлан хийж байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт зөв ажил хийж байгаад нь  маш их  талархаж байна” хэмээн онцолсон юм.

Энэхүү уулзалт Монгол Улс олон улсын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байр сууриа хүчтэй болгож байгааг харуулахаас гадна дэлхий дахинд тулгамаад байгаа сорилт, бэрхшээлийг даван туулах, энхийг тогтоох үйлсэд эмэгтэйчүүд чухал үүрэг гүйцэтгэдгийг тодоор илэрхийлж байлаа.


Феминист гадаад бодлого тэлж байна

Энэхүү уулзалтад Зүүн хойд Азийн бүс нутгийн болон феминист, феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг Андоррын Хант улс, БНАСАУ, Бүгд Найрамдах Перу улс, БНСУ, Люксембургийн Их Гүнт улс, Нидерландын Хаант улс, Монакогийн Хант улс, Шинэ Зеланд улс, Япон улс, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж. Мохаммед, НҮБ-ын орлогч ЕНБД бөгөөд Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Рабаб Фатима зэрэг 10 гаруй төлөөлөгч цахимаар оролцлоо.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтаар феминист гадаад бодлогыг тодорхойлж байлаа. Анх Швед улсын Гадаад харилцааны сайд асан Марго Валлстром 2014 онд “Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүх түвшинд хүйсийн төлөв байдлыг харгалзаж үзэх Засгийн газрын бодлого” гэсэн томьёоллоор феминист гадаад бодлогыг танилцуулжээ.  Эдүгээ дэлхийн 20 гаруй орон феминист гадаад бодлого баримталж байгаа гэдгээ зарласан байна. Энэ нь гадаад харилцааныхаа салбарт хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах тухай ойлголт юм.

Монгол Улсын гадаад бодлогод  феминист хэв шинж хадгалагдаж ирсэн. Энэ нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэнд тусгалаа олжээ. Тэрбээр “НҮБ-ын Ерөнхий ассамблей Монгол Улсын санаачилгаар Эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай тогтоолыг 1976 оноос хойш баталж ирсэн. Монгол Улсын гадаад бодлогод эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь тогтмол өсөж байна. 1990 он хүртэлх хугацаанд ГХЯ-ны ажилтнуудын 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байсан бол өнөөдөр ажилтнууд болон удирдах албан тушаалтны тэн хагас нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсын 31 Элчин сайдаас  зургаа нь эмэгтэй байна” гэдгийг Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Даяаршил, дижитал үйл явц хөгжил дэвшлийн шийдвэрлэх хүчин зүйл болж, үндэсний эдийн засаг дэлхийн зах зээлийн хуулиар зохицуулагдаж, гадаад болон дотоод бодлогын зааг ялгаа улам бүр багасаж буй үед феминист гадаад бодлогын агуулга, хамрах хүрээ ч өргөжин тэлсээр байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Азид анх удаа зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт илтгэв.

Басхүү энэ уулзалтаар гадаадын олон хэвлэлийнхэн сайд нараа дагалдан ирсэн. Ийнхүү Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачлан, зохион байгуулсан энэ уулзалтаар Монгол Улсаа дэлхийд томоор, тодоор сурталчиллаа.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 4 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 7 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 7 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 7 цагийн өмнө
SDY Calling you... 7 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 7 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 8 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22