Үерийн дараа гарах эрсдэлт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхээс тодрууллаа.
-Үерийн дараа ямар өвчлөл гарах эрсдэлтэй байдаг вэ?
-Төрөл бүрийн халдварт өвчин гарах эрсдэлтэй. Тэр дундаа гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл нэлээд өндөр байдаг. Зөвхөн үерийн дараа гэлтгүй, ерөнхийдөө урин дулаан цагт хоолны хордлого, гэдэсний халдварт өвчин гарах хандлагатай байдаг. Ийм үед Улаанбаатар хотын зарим хэсгийн орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбай үерт өртсөн нь энэ төрлийн өвчлөл гарах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай.
-Үерийн бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин гарсан тохиолдол бий юү?
-Олон хүнийг хамарч, голомтолж гарсан тохиолдол байхгүй. Ерөнхийдөө дулааны улиралд энэ төрлийн халдварт өвчлөл нэмэгддэг.
-Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Гэдэсний халдварт өвчнөөр бүх насныхан өвддөг. Гэхдээ эрсдэлт бүлэг болох жирэмсэн эмэгтэй, өндөр настан, бага насны хүүхдүүдийн хувьд илүү хүндрэх эрсдэлтэй. Тиймээс бид үүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг төрөл бүрийн сувгаар дамжуулан олон нийтэд хүргэж байна. Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний энгийн арга бол гараа савандаж, халуун бүлээн усаар угаах явдал юм. Яагаад гэвэл, бүх зүйлд хамгийн түрүүнд гараараа хүрдэг учраас гар энэ төрлийн өвчлөл дамжих эх үүсвэр болдог. Түүнчлэн гэр орон, хашаа хороогоо зориулалтын бодис ашиглаж, ариутгах хэрэгтэй. Ялангуяа үерт өртсөн хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, тэр дундаа гэр хорооллын айл өрхүүд заавал цэвэрлэгээ хийж, дараа нь зориулалтын бодис ашиглан халдваргүйжүүлэх ёстой. Ингэхдээ мэргэжлийн байгууллагаар, аль эсвэл мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу хийж, гүйцэтгэх хэрэгтэй.
-Урин дулаан цаг ирж, хөдөө гадаа аялж, зугаалах хүмүүсийн урсгал нэмэгдэж байна. Тэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдахгүйн тулд юунд анхаарах ёстой вэ?
-Хоол хүнс, ундны усандаа онцгой анхаарах хэрэгтэй. Ундны усыг баталгаатай газраас авч хэрэглэх, хоол хүнсээ бүрэн гүйцэт болгож, боловсруулж идэх, түүхий болон чанаж болгосон хоолыг тус тусын саванд хадгалах, хоносон хоол хүнс хэрэглэхгүй байх нь зүйтэй. Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй зөвлөмж зааврыг дагаж мөрдөх хэрэгтэй. Гараа савандаж, халуун бүлээн усаар угааж хэвших нь гэдэсний халдварт гэлтгүй олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эхний, энгийн арга гэдгийг дахин сануулъя.
С.Аз
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна