Аюулгүй байдлын стандарт-аз жаргалын индекс


САЙН ЖИШЭЭ

 Нийслэлчүүд өнгөрсөн хавраас “Битлз”-ийн хөшөөний дэргэдэх гудамжны хоолыг амтлах гэж урт дараалал үүсгэх болов. Энэ тухай хотын дарга нүүр номдоо онцолж, бизнес эрхлэх гэж байгаа иргэдээс шаарддаг байсан 74 төрлийн зөвшөөрлийг өнгөрсөн жил хүчингүй болгосноо дурдсан удаатай. Дал, наян зөвшөөрөл гэдэг бол хүнд суртал мөн. Авлигын нэг шалтгаан ч мөн. Тэр олон зөвшөөрлийн оронд ганц сайн стандарт байхад болдог гэдгийг иргэн Б.Нарангэрэл явуулын хоолны үйлчилгээгээрээ харуулж байна. Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдарсан, солонгос хоолны амт, чанарыг, гудамжны хоолны стандарт, соёлыг Монголдоо нутагшуулахаар зорьжээ. Гудамжны хоол гэхээр шороо, тоостой, тостой хуушуур, буузханаас цааш гардаггүй бидний төсөөллийг тэр эвдэж чадав. 

Өнгөрсөн нэгдүгээр сард “Степпе Арена” мөсөн ордонд хоккейн ДАШТ болсон. Өвлийн хот Улаанбаатарт өвлийн спортын тив, дэлхийн АШТ анх удаа зохион байгуулагдсан нь энэ. Олон улсын стандартад нийцсэн өвлийн спортын ордонтой болсныхоо ид шидийг ийн үзэв. Өвлийн хот, өвлийн спорт гэснээс өвөл цагт Улаанбаатар хотын агаарын бохирдол түгшүүрийн харанга дэлддэг байсан. Харин сүүлийн дөрөв, таван жил энэ толгойны өвчнөөсөө бараг салаад байгаа нь стандарт шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсний үр дүн. Айл өрх бүр дур дураараа Багануур, Шивээ-Овоо, Шарын голын гээд янз бүрийн чанартай нүүрс түлдэг, амьжиргааны чадавх, орлогын түвшин зэргээсээ шалтгаалаад автомашины дугуй хүртэл түлдэг байхад Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байв. 2018 оноос хойш зохих стандартын дагуу үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан. Амьдралын чанар, аюулгүй байдалд стандарт хэрхэн нөлөөлдгийн тод жишээ энэ юм. 

Гачуурт-Налайхын авто зам ашиглалтад ороод гурван жилийн нүүр үзэв. Азийн авто замын АН3 сүлжээний, олон улсын А1 зэрэглэлтэй, хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий 20.9 км урт энэ зам олон улсын стандарт ямар байх ёстойг монголчуудад мэдрүүлж байгаа. Олон улсын стандарт гэдгийг мэдрүүлдэг өөр нэг авто зам бол Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх хоёр урсгал, зургаан эгнээ бүхий 32 км хурдны зам юм. Энэ бол Монголын анхны хурдны зам. Нийслэл болон аймгийн төвүүдийг холбосон авто замууд дээрх мэтээр олон улсын стандартад нийцсэн 4-6 эгнээ бүхий, эсрэг урсгалыг тусгаарласан зурвастай, гэрэлтүүлэг, гарц, тэмдэглэгээ нь стандартад нийцсэн бол орон нутгийн зам дээр жилд 500 гаруй хүн амь насаа алддаг харамсалтай, эмгэнэлтэй “хар” статистик бичигдэхээ болино. 

 

СТАТИСТИК 

Ер нь статистик мэдээллийг харахад бараан тоо нэлээд бий. Тэр дундаас хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой тоон мэдээллийг шүүрдэж үзвэл амьдралын чанар, стандартын тухай ярихаас өөр аргагүй болно. Зам, тээвэр, барилга дээр жишээ авъя. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 12-оос дээш жилийн насжилттай автобусыг явуулахгүй гэсэн стандарт бий боловч амьдрал дээр 75 хувь нь 10-аас дээш жилийн настай гэсэн судалгаа гарчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын 75 хувь нь шаардлага хангахгүй байгаа гэсэн үг. Нийслэлд бүртгэлтэй автомашинуудын 47.9 хувь нь 16-аас дээш жилийн насжилттай байгааг “Монголын дата клуб” ТББ өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн судалгаандаа дурджээ. Хуучирсан нийтийн тээврийн автобуснууд осол аваар гаргах эрсдэлтэй. Зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Энэ бол нийтийн тээврийн стандарт зөрчигдсөнөөс зорчигчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа нэг жишээ. 

Барилга, орон сууцны стандарт алдагдсанаар Улаанбаатарын өнөөгийн олон хүндрэл, бэрхшээл бий болсон. Орон сууцны барилгын гадна орчинд автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай байх ёстой мөрддөггүй. Ийм стандартаар баригдсан 40, 50 мянгат, 3, 4 дүгээр хороолол гээд хуучны бүх орон сууцны хорооллын доторх ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайд барилга бариад дүүргэчихсэн. Шинээр барьж байгаа орон сууцнууд гаднах орчны стандартыг мөрдөх нь байтугай галын машин орж гарах гарцгүй шахам болсон. Дээр нь барилгын чанарыг ярих юм бол хана, шал, тааз, хаалга цонх, сантехникийн шугам бүгд л ямар нэг байдлаар стандартын зөрчилтэй. Тухайлбал, манай улсад үйлдвэрлэж буй цонх, хаалганы 80 хувь нь стандартын бус байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон байдаг. Өнөө цагт завсраар нь салхи үлээж, мөстөж цантдаг вакуум цонхгүй шинэ орон сууц олоход бэрх. 2007 онд манай улс вакуум цонхны стандартыг баталсан боловч үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд бас л мөрддөггүй. Тиймээс вакуум цонх үйлдвэрлэгчид өөр өөр орны стандартаар цонхоо үйлдвэрлэсээр. Сүүлдээ хэрэглэгчдийг ч, өөрсдийгөө ч төөрөгдүүлсэн таван өөр стандарттай болсон гэдэг. 

 

СААР ЖИШЭЭ 

Авто замын стандартаар бол хажуугаараа явган хүний болон дугуйн замтай, тусгаарлах зурвас буюу ногоон байгууламжтай, борооны ус зайлуулах сувагтай байх ёстой гэсэн стандарт ихэнхдээ мартагддаг эсвэл монголчлогддог. Зуны улиралд жаахан бороо ороход хотын төвийн бүх зам усанд автдаг нь стандартад нийцсэн ус зайлуулах байгууламжгүйнх. Сая наадмын өмнөх хэдхэн өдрийн бороонд нийслэл Улаанбаатар үерт автаж, Сэлбэ голын үерийн далан сэтэрсэн нь аюулгүй байдлын стандартыг зөрчиж, олон барилга байгууламж барьсных байв. Сүүлийн үед зарим орон сууцны хороолол болон гэр хороолол дундуур тавьсан авто замууд айлын хашаа, байшинд нэг метр хүрэхгүй зайтай байгаа нь стандартгүй улсын л стандарт гэхээс өөр аргагүй. Нэгдүгээр хорооллын ардын дэнж дээгүүр Авто сургуулийг Гэмтлийн эмнэлэгтэй холбосон авто зам л гэхэд гэр хорооллын дундуур айлын хашаанд төө хэрийн зайтай тулсан, дээр нь хоёр машин арай чүү зөрөх нарийн бөгөөд явган хүний замыг ор тас мартжээ. “Натур” худалдааны төв орчмын орон сууцны хороолол дундах авто замууд ч мөн ийм. Явган зорчигч явахад эрсдэлтэй. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гарц, дуут гэрлэн дохио, шат зэрэг стандарт дэд бүтцүүд Улаанбаатарт тун хангалтгүй. Хотын төвийн зарим гудамжинд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэх нарийн зам бий ч тэр нь стандарт шаардлага хангадаггүй. Мэргэжлийн байгууллагын шалгалтаар харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан тэмдэг, тэмдэглэгээ, тэргэнцэртэй иргэд зорчих налуу зам барьсан ч ихэнх нь шаардлага хангахгүй байжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад гүүрэн гарц хамгийн аюулгүйд тооцогддог. Гэтэл “Бөмбөгөр” худалдааны төв болон Зуун айл дахь гүүрэн гарцуудад хөгжлийн бэршээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц огт хийгээгүй ажээ. Уг нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн гурван ч стандарт байдаг юм билээ. 

Баталсан хуулийг мөрддөггүй, гаргасан стандартыг хэрэг­жүүлдэггүй энэхүү “өвөрмөц онцлог” нь өнөөгийн Монголыг муу муухай харагдуулж байгаа билээ. Өдөр бүр, алхам тутамд тохиолдож буй бэрхшээл, саад, хүнд хэцүү, муу муухай бүхэн дээрхээс л үүддэг. Энэ нь дэлхий нийт нэг стандарттай болохоор зорьж байхад монголчууд бид стандартгүй амьдрахаар зүтгээд буй ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Нийслэлд “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжүүлж, “Ubike” унадаг дугуйн прокатын үйлчилгээг нэвтрүүлэхийг оролдож байсан боловч мөн л стандарт шаардлага бүрэн хангаагүйгээс бүтэлгүйтсэн. Явган хүний замыг будаад л дугуйн зам гэж нэрлэж байгаа нь жинхэнэ монгол стандарт. Хотын төвийн Их, Бага тойруу хавийн төр захиргааны байгууллагууд болон үйлчилгээний газруудын үүдэнд унадаг дугуйн зогсоолууд мэр сэр бий ч мөн л нэгдсэн стандартгүйгээс ашиглахад төвөгтэй эсвэл өнгө үзэмж тааруу, чанаргүй зэрэг дутагдал ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд унадаг дугуйгаар зорчих иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад стандарт дугуйн замууд олноор барьж байгуулах шаардлага тулгарч буй. 

 

СТАНДАРТ

Олон улсын стандартын байгууллага ISO нийт 24 мянган стандарт баталсан байдаг аж. Манай Улсад нийт 6510 үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний 544 нь зам, тээврийн 5 салбарт мөрдөгдөж байгаа стандартууд юм. Авто замын салбарт 223 стандарт мөрдөгдөж байгаагийн 80 орчим хувь нь ХБНГУ, Их Британи, Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын стандартууд байна. Бусад салбаруудаас авто тээврийн салбарт 143, төмөр замын салбарт 165, агаарын тээврийн салбарт 13 стандарт тус тус мөрдөгдөж байгаа аж.Эдгээр стандартыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулахаар эрх зүйн бичиг баримтыг боловсруулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу өнгөрсөн жил "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийгболовсруулан, 13 яам, 20 аймаг, агентлагуудад хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

2017 онд тухайн үед улсын хэмжээнд мөрдөгдөж байсан 6200 гаруй стандартыг шалгаж нягтлахад 300 гаруй стандарт нь шаардлага хангахгүй болохыг тогтоож байсан аж. Мөн 2000 гаруй стандартыг шинэчлэн сайжруулж олон улсын түвшинд хүргэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан аж. Нийгмийн хөгжлийг дагаж шинэ стандарт бий болох, өмнө мөрдөж байсан нь хэрэглээнээс гарах зэрэг нь хэвийн үзэгдэл. Манай улс стандартуудынхаа тоог наанадаж 4-5 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудад 40-50 мянган стандарт мөрддөг. Ингэж бүхий зүйл нь стандарттай байж улс орон хөгждөг байна. 

 

ХОТЫН СТАНДАРТ  

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг 2017 онд шинэчлэн баталсан. Энэ хуульд "стандарт" гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг хэлнэ хэмээн тодорхойлжээ. Мөн стандартчиллын баримт бичгийг Монгол Улсын буюу үндэсний, байгууллагын, олон улсын болон бүс нутгийн гэж гурав ангилсан байна. Үүн дээр нэмж “хотын стандарт” гэсэн нэр томъёог 2021 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулжээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх шаардлагатай болсноор дээрх нэмэлт, өөрчлөлтийг хийсэн аж.

Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хүрээнд Хотын стандартыг боловсруулан, эхний хэсгийн есөн бүлгийн 38 стандартыгбатлан, өнгөрсөн оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн. Хотын стандартын дараагийн хэсэг буюу долоон бүлгийн 14 стандартын төслийг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүү­лэн баталсан. 

Эдгээр стандарт нь хотын иргэд, оршин суугчдын ая тухтай, эрүүл, аюулгүй орчныг цогцлоох, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, хотын өнгө төрх, төлөвлөлт, зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгох үндсэн суурь болно. Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, Унадаг дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавих ерөнхий шаардлага, Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавих ерөнхий шаардлага, Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага гэх мэтээр хотын 50 гаруй стандарт батлагдан мөрдөгдөж байна.

 

ЕВРО СТАНДАРТ 

Австралийн зоогийн газар, баар, рестораны үйлчилгээний хэм хэмжээ, дүрэм горим, соёл нь Их Британийхтай ижил, Австрийнх Германыхтай адилхан, тэр бүү хэл Ази тивийн Өмнөд Солонгосын үйлчилгээний газрууд АНУ-ынхтай яв цав нийцэж байдаг нь Евро стандарт буюу Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээг мөрддөгийнх. Ийнхүү нэг стандарттай байхын давуу тал олон. Евро стандартыг нэвтрүүлсэн улс орнууд хоорондоо 7200 гаруй бараа, бүтээгдэхүүнийг тарифын болон тарифын бус хөнгөлөлттэй нөхцөлөөр харилцан солилцдог. Монгол Улс энэ даяаршсан сүлжээнд багтаж, гадаад худалдаагаа өргөжүүлэхийн тулд Евро стандартыг нутагшуулах шаардлага тулгарч буй. Европын холбоотой хамтран “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийг 2014-2017 онд хэрэгжүүлсэн. Эхний ээлжид Евро стандартаас хүнсний чиглэлийн стандарт, барилгын стандарт, төмөр замын чиглэлийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлж эхэлсэн. Манай улс хүнс, худалдааны салбарын нийт стандартын 90 хувийг евро норм болон олон улсын стандартад нийцүүлнэ, ингэснээр Европын Холбооны зах зээлд худалдааны тусгай хөнгөлөлттэйгээр буюу татваргүй 7200 нэрийн бараа экспортлох боломж нэмэгдэнэ гэж тухайн үед мэдээлж байв. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн салбартаа төдийгүй төрийн захиргааны салбартаа ч Евро стандартыг нэвтрүүлэх бодлого барьж байгаа. 

 

ДЭЛХИЙН ХЭЛЭЭР АЗ ЖАРГАЛ ГЭЖ БИЧЬЕ 

Стандарт бол дэлхий дахины нийтлэг хэл. Яг хөгжимтэй адил. Хүн бүхэн түүнийг ямар нэг орчуулгагүйгээр ойлгож, мэдэрч, хэрэглэдэг. Тиймээс энэ хэлээр ярихгүй бол хүн төрөлхтөнөөс тусгаарлагдана. Хөгжлөөс хоцорно. Монгол Улс Евро стандартыг нэвтрүүлэхээр зорьж байгаа нь дэлхийн хэлээр хүн төрөлхтөнтэй ярилцах гэснийх. 

Дэлхийн ямар улс орнуудад хүмүүс хамгийн аз жаргалтай амьдардгийг тодорхойлдог “World Happiness Report” судалгааны 2022 онытайланг Финланд, Дани улсууд тэргүүлжээ. Дани, Финланд, Швед, Норвеги зэрэг улс орнууд аз жаргалын индекс, хүний хөгжлийн үзүүлэлт, амьдралын чанараараа дэлхийд тэргүүлдэг. Эдгээр улс оронд хүний аюулгүй байдал дээд зэргээр хангагдсан, амар тайван, тав тухтай, нийгмийн үйлчилгээ нь чанартай, хэвлэлийн эрх чөлөө хамгийн их хөгжсөн, авлигын индекс маш бага гээд дурдвал олон сайн үзүүлэлт бий. Энэ бүхэн олон хүчин зүйлийн үр дүн. Тэр дундаас сайн стандартыг онцлох ёстой. Европын нийгмийн загвар нь амьдралын өндөр стандарт, ажиллах сайн нөхцөлийг эдийн засгийн өсөлттэй хослуулсан нийгмийг төлөвшүүлэхэд чиглэгддэг. Тэр тусмаа Скандинавын орнуудын хөгжлийн өнөөгийн түвшин, түүнд хүрсэн арга зам, хөгжлийн загварыг стандарт гэдэг дэлхий нийтийн хэл дээр “унших” нь бидэнд өгөөжтэй.

Хүн бүхэн аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг. Хүний нийгэм түүнд л тэмүүлдэг. Улс орны хөгжил ч иргэдийнх нь аз жаргалтай амьдрал, эрүүл, аюулгүй орчин, тав тухаар хэмжигдэнэ. Стандарт гэдэг нэр томъёог англи хэлний толь бичгүүдэд хүлээн зөвшөөрөгдөх, хүсүүштэй гэж үзсэн чанар, амжилт, чанарын өндөр түвшин, зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн түвшин, маш сайн гэж үзсэн хэмжүүр гэх мэтээр тайлбарлажээ. Энэ утгаар нь авч үзсэн ч стандарт бол амьдралын дээд чанар, дээд түвшинг илэрхийлсэн хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл хувь хүний аз жаргал, нийгмийн хөгжлийн үндэс ажээ. Монголчууд бид стандарт гэдэг дэлхийн хэлээр аз жаргал гэж бичих цаг ойрхон байгаасай.

 Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 6 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 6 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22