Хуваарилалтаас хуримтлалын тогтолцоо руу шилжинэ



Маргаан, шүүмжлэл, эргэлзээ, хүлээлт, шударга бус байдал дагуулж байсан асуудлыг шийдэв. Тодруулбал, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сууриар нь өөрчлөх бус зөвхөн нэмэлт өөрчлөлтөөөр засвар хийж ирсэн Нийгмийн даатгалын багц хуулийг хаврын чуулганаар шинэчлэн баталж, эдгээр асуудлын түгжээг тайлав. Ингэснээр тэтгэврийн шударга тогтолцоо бий болж төлсөн хэмжээгээрээ үр шимийг нь  хүртэх эрүүл тогтолцооны суурь бий болж байна. Мөн хуримтлал үүсгэх, тэтгэврийн даатгалын нэрийн дансны хийсвэр бичилтийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогоос зохих хувийг өвлүүлэх, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, зарим салбарын хуулиар шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулж байгааг хязгаарлаж, зөвхөн нийгмийн даатгалын хуулийн хүрээнд зохицуулах, нийгмийн даатгалын байгууллагын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын сангуудаас олгох тэтгэмж, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, шимтгэлийг нөхөн төлөхийг хориглох зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлтийг оруулжээ. Гэхдээ тэтгэвэр тогтоолгох насанд өөрчлөлт оруулаагүй.
Нийгмийн даатгалын багц хуулийг 28 жилийн дараа иж бүрнээр нь хэлэлцэж, хуваарлалтаас хуримтлалын тогтолцоо руу шилжих эрх зүйн үндэс тавьсныг УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга, ажлын хэсгийн ахлагч П.Анужин тодотгов. Тэрбээр “Олон жил тогтвортой ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн иргэн илүү тэтгэвэр авах, ажиллаж байсан  үеийнхээ цалингийн үнэ цэнтэй дүйцүүлэн бодсон тэтгэвэр авах боломжтой боллоо. Мөн иргэн бүр нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болж түүнийгээ нийгмийн асуудалдаа зарцуулах боломжийг нээж өгсөн” гэв. 

 Тэтгэврийг инфляцтай уялдуулж жил бүр нэмнэ 

Хуулийн онцлох заалт болох тэтгэврийг үнийн өсөлт, инфляцтай уялдуулан жил бүр нэмэх, мөн тэтгэвэр тогтоох дараалсан жилийг өөрчилсөнд олон нийт ам сайтай байна. Тодруулбал, иргэд, даатгуулагч, ахмадуудын толгойн өвчин болсон тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор инфляцтай уялдуулж жил бүр нэмэхээр болов. Өнөөдөр тэтгэврээ тогтоолгосон хүн тав, арван жилийн дараа тогтоолгож буй хүний хооронд зөрүү гарч, ялгаа үүсгэхгүйн үүднээс ийм зохицуулалт оруулжээ.  Тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийн цалинг тав болгох, олон жил шимтгэл төлөхийг урамшуулж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр болж байна. 
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд шимтгэлийн хувь хэмжээг нэмэхгүй, ажил олгогчид санхүүгийн нэмэлт дарамт үүсгэхгүй, хөдөлмөр эрхлэлттэй холбоогүй орлогод шимтгэл ногдуулахгүй байхад анхаарчээ. Мөн даатгуулагч, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо зөвхөн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой олсон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг хамааруулахаар тусгасан байна.  
Ажил олгогчийг дэмжсэн зохицуу­лалтын тухайд үйлдвэр­лэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг ажлын байрнаас хамааруулан ялгаатай төлөх, ажилтнаа тогтвортой ажиллуулсан ажил олгогчид  таван жилд нэг удаа арван хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэх зохицуулалт багтжээ.
  
Өвлүүлэх, хуримтлуулах боломжтой болов 

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслөөр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн ажил олгогчтойгоо хамтарч, хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах, ажилтны төлж буй шимтгэлийн тодорхой хувийг ажил олгогч хариуцан төлөх,  тэтгэврийн хуримтлал үүсгэх, уг хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, тэтгэвэр олгох, өвлүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулжээ. Тодруулбал, иргэдийн нийгмийн даатгалд төлдөг 17 хувийн хоёрыг нь хуримтлалд шилжүүлэх боломжтой. Ингэснээр тэтгэврээ өвлүүлэх нөхцөл бүрдэж байна. Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын хэлбэрээр хамрагдах бөгөөд хамгийн багадаа арван жил нэмэлт шимтгэл төлнө. Энэ хугацаанд тухайн иргэнд зайлшгүй хэрэгцээ гарах тохиолдолд хуримтлуулсан мөнгөний 30 хүртэлх хувийг боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зээлийн урьдчилгаанд зарцуулах боломжтой аж. Мөн төлж буй шимтгэлийг татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Түүнчлэн 20-оос дээш жил хамтран амьдарсан хоёр хүний нэг нь нас барсан тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь  20 хувийг нь шилжүүлэх зохицуулалт оруулжээ. 

Малчдын НДШ-ийн 50 хувийг улс хариуцаж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ 

Монгол Улсын хэмжээн дэх 223 мянга орчим малчны 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Тиймээс малчдын шимтгэл төлөлтийг идэвхжүүлэх, ирээдүйн баталгааг нь хангах, нөгөө талдаа сангийн бүрдүүлэлтийг дэмжих зорилгоор малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл 50 хувийг улсын төсвөөс таван жилийн хугацаанд хариуцан төлөхөөр болов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг улс хариуцна. 
Монгол Улсын ажиллах хүчний 80 гаруй хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 748.9 мянга орчим хүн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр авдаг байна. Манай улсын нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчийн тоо 2015 оноос нэмэгдэнэ гэж үзжээ. Турхайлбал, арван даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2022 онд гурав байсан бол 2030 он гэхэд энэ тоо долоо, цаашид ес болж нэмэгдэх тооцоолол гаргажээ. 
Иргэд хаана байгаагаас үл хамааран сайн дураар даатгуулах гэрээ цахимаар байгуулан шимтгэл төлөх боломжийг бүрдүүлээд буй. Манай улс ОХУ, БНСУ, БНУУ, БНПУ, БНТУ, БНЧУ гэсэн зургаан улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулжээ. Ингэснээр тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, өндөр насны болон бусад богино хугацааны тэтгэвэр, тэтгэмж тогтоон олгох, хоёр улсын хооронд тэтгэврийн хуримтлал, төлбөрийг харилцан шилжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ иргэдийн ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах ач холбогдолтой аж.  
Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлсэн 20 гаруй жилийн хугацаанд 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тэгвэл энэ удаад Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай зэрэг таван хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ оны нэгдүгээр сарын 9-нд өргөн барьж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн, шинэчлэн найруулж баталснаар дээрх өөрчлөлтүүдийг оруулсан юм. Ингэхдээ нийгмийн бүх төлөөллийг хамруулсан долоон хэлэлцүүлгийг зохион байгуулахын зэрэгцээ арав гаруй аймаг, Улаанбаатар хотод нийт 6000 гаруй, мөн цахимаар 21000 иргэнд хуулийн төслийг танилцуулж, 1300 санал хүлээн авчээ. Тэдгээр санал, хүсэлтийн 60 гаруй хувийг тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгах, тэтгэвэр тогтоох дараалсан долоон жилийг тав болгох, хамтын тэтгэврийг хэрэгжүүлэх, хүнд нөхцөлийг хэвээр үлдээх зэрэг асуудал эзэлсэн тул эдгээр асуудлыг дээрх байдлаар шийдвэрлэж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөнөөр нийтлэлийн өмнө дурдсан хүндрэл бэрхшээл дахин үүсэхээргүй болж байна. Мөн Нийгмийн даатгалын  сангийн санхүүгийн чадавх сайжирч, тогтвортой байх нөхцөл бүрдэх аж. 


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 5 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 5 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 6 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 6 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 6 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 6 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22