​ “Тасам”-аар сэрсэн эзэнт гүрний баримтат түүх


Төрийн соёрхолт, “Тархан суурьшсан монголчууд /ТАСАМ/” ТББ-ын тэргүүн, урлаг, соёл судлаач Ц.Санчиртай ярилцлаа.

-Таны ярилцлагууд голдуу “Тасам” гэдэг нэрийн талаар асууж эхэлсэн байх юм. Гэхдээ үгийн язгуур, утга агуулга гэхээсээ товчилсон нэрийн утгийг л лавласан байна. Тэгэхээр хоёулаа “Тасам” гэдэг үгний тайлал, таны олсон Монголыг танаас хайх эрлээр эхэлье? 

-Тасам гэдэг язгуурын монгол үг. Түүхийн нугачаанд дэлхийд тархан суурьшсан монголчууд болон ойрад монголчууд маань гурвын тоо, гурамсалж сүлжсэн сур, дээлийн эмжээр зэргийг тасам гэдэг. Түүхийн нугачаанд уудам дэлхийд тархан суурьшсан монголчуудын цөөнгүй хэсэгт энэ үгийг язгуур утгаар одоо ч хэрэглэсээр байгаа. Нөгөө утгаараа “Тархан Сагуришигсан Монгголчуд” гэсэн үгний монгол бичгийн товчлол. “Тархан суурьшсан монголчууд түүх, соёлоороо дэлхийг гурвантаа эмжинэ” гэсэн гүн утгатай олон улсын оюуны өмчөөр хамгаалсан манай байгууллагын “ТАСАМ” төслийн брэнд нэрээр олон нийт илүү мэддэг байх. 

-Тасам гэдэг үгийг баруун аймгийн гаралтай миний үеийнхэн там тум гадарладаг. Бидний үеэс хойш ер нь л мартсан үгийн ангилалд орох болов уу. Судалгааны ажлаар хилийн чанад дахь угсаатнуудтай уулзаж явахад энэ мэт мартагдсан монгол үг хэрэглэж байгаа тохиолдол байх юм уу? 

 -Бидний судалгаа, зураг авалтын зорилтот бүс нутаг бол найман зууны тэртээх Монголын эзэнт гүрний их хаад, тэдний байлдан дагууллын улбаа болж тархан суурьшсан монголчуудын амьдран суугаа, Монголын түүх соёлын буурь туурь үлдэж хоцорсон газар орон юм. Тэдний дунд найман зууны дараа ч гэсэн Алтай язгуурын дундад эртний монгол хэлээр ярьдаг угсаатнууд байсаар л байна. Мөнөөх угсаатнуудын хэл ярианд Алтай язгуурын дундад эртний монгол үг хэллэгээр “Монголын нууц товчоо” шиг, үлгэр домгийн үг хэллэг шиг, монгол бичгийн галиг шиг хэлэгддэг үгс ч бий. Харин эргээд харахад их эзэнт гүрний гал голомтоо сахин суугаа бидний монгол хэл маш их харьжсан. Жишээ нь бид 20-иод жилийн өмнөөс Тэнгэр уулын монголчуудын судалгаа, зураг авалтаар Бортал, Баянмонгол, Ховог сайр, Цонж, Хошууд, Хар ус, Харшаар зэрэг 80 гаруй сум, сууринд очсон. Анх очоод тэндхийн монголчуудаасаа “Автобусны билет хаанаас авч явах вэ” гэж асуугаад “Автобусны билет” гэдэг үгийг тайлбарлах шаардлагатай болж байгаа юм.

Бидний монгол хэл сүүлийн 100 жил гаднын хэлний дайралтад өртсөн нь илт мэдэгдэнэ. Ялангуяа сүүлийн 30 жил англи хэлний нөлөөлөл маш хүчтэй орж ирлээ. Техник, технологийн нэр, нэршлээс эхлээд орчуулж болох, болохгүй үгс орж ирсээр л байна. Алтай язгуурын хэл маш онцлогтой. Жишээ нь Цагаан монголчууд, Шарай голын монголчууд, Хөх нуур, Төвөдийн өндөрлөгт байгаа монголчуудын хэлдэг нэг үг бий. “Асгандаа хот иднэ”. Энэ үгийг манай баруун монголчууд тэр дундаа торгууд, дөрвөдүүд сайн мэднэ. Энэ нь “Орой сайхан будаа иднэ” буюу орой сайхан хоол иднэ гэсэн утга. Энд “будаа” нь “хоол” гэдэг утгаар илэрхийлэгдэж байна. Орчин цагийн монгол хэлэнд “будаа” гэж тутаргыг хэлдэг. Харин тархан суурьшсан монголчуудын хувьд “хоол” гэдэг үгийг “нохойн хоол” гэдэг утгаар ойлгодог. Тархан суурьшсан монголчуудтай уулзаж, ярилцаж явахад энэ мэт сонирхолтой үг хэллэгүүд таарах нь бий. Төвөдийн өндөрлөгт үлдсэн гурван бүлэг монголчуудын нэг хэсэг 1227 онд тасарч үлдсэн Цагаан монголчууд өдгөө ч идэхийг “цөлмөх” гэж яг л дундад эртний монгол хэл, хэллэгээр нь аваад үлдчихсэн. Монголчуудын аян дайны амжилтын нэг түлхүүр нь эр зориг, дайчин чанараас гадна хурд байж. Идээд, найрлаад, назгайраад суувал хэрхэн эрхшээн захирах билээ. Иднэ гэж “цөлмөөд”-л мордоно биз дээ. Тэгэхээр хурд буюу шаламгай, гавшгай чанар монголчуудын амжилт, ялалтын салшгүй хэсэг. Би хэлний мэргэжилтэн биш хэдий ч зорин судалдаг угсаатнуудынхаа онцлог үг, хэллэгээс бичиж, тэмдэглэж авдаг. Миний очиж байсан бүс нутгийн хэл яриа, мөн бидний хэл яриа найман зууны дараа хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харьцуулах сонирхолтой шүү. 


-Тэртээх Төвөдийн өндөрлөгт байх монгол туургатан, хойш Ижил мөрний тал нутаг дахь халимагууд гээд тархан суурьшсан монголчууд дунд хэл ярианаас гадна язгуурын монгол гэж танигдах зан араншин ч юм уу ямар нэг зүйл ажиглагддаг уу?
-Тархан суурьшсан монголчуудаас нийтлэг харагддаг нэг зүйл байдаг. Хүн судлал, генетикийн шинжлэх ухааны үүднээс авч үзэхэд монгол ген маш хүчтэй үлдсэн. Төвөдийн өндөрлөгт одоогоос дөрвөн зууны өмнө Цогт хунтайж, Гүүш хааны тулалдааны үеэр үлдсэн Цогтын хойчис халх, Гэгээн гүүш буюу Төрбайх хааны хойчис торгууд, хошуудууд гэсэн гурван бүлэг монголчууд бий. Төвөдүүд голлон амьдран суудаг автономит засаглалтай. XIII-XIV зууны үед монголчууд хүчирхэг байх үед зорчиж байсан араб, перс, франц, итали жуулчин судлаачдын тэмдэглэж үлдээсэн дүр төрх, Плано Карпини, Марко Поло, Рашид ад -Дин, Жувейни гэх мэт Монголын эзэнт гүрэнд ирж байсан, харилцаж байсан улсууд маш тодорхой тэмдэглэж үлдээсэн сурвалжууд бий. Монголчуудыг “Бахим цээжтэй, сүр жавхлантай, нүдний харц цог золбоотой хийгээд дайчин чанартай, оргилуун тэмүүлэлтэй” гэж тэмдэглэсэн байдаг. Энэ дүр төрх одоо ч Алтай, Тува, Ижилийн Халимаг, Сарт Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд Монгол, Цагаан Монгол, Цастын Монгол, Хөх нуурын Монгол, Бор талын Монгол, Ховог сайрын Монгол, Ганьсугийн монголчуудаас ч харагдана. Би зураачийн нүдээр тоймлоход монгол үндэстний дүр төрх бусад угсаатнаас анатомийн хувьд ялгаатай. Европ хүний толгойн өндрийн хэмжээ биедээ долоо буюу нийтдээ найм дахин багтахуйц харьцаатай байдаг бол, Монгол хүний толгойны өндөр хэмжээ биедээ зургаа буюу нийтдээ долоо дахин багтахуйц том гэх мэт.

 
-Баруун аймгаас гаралтай яруу найрагч эмэгтэй надад монгол хүний гаднах төрхийг тодорхойлон ярихдаа “Эрчүүд нь өндөр бахим биетэй, эрүү түүшин өргөн, улаан хацар, монхор хамар, ногоондуу нүдтэй, майжиг хөлтэй үзэсгэлэнтэй харагддаг дүр төрхтэй” гэж байсан? 
-Ази гэхээр Вьетнам, Тайланд, Лаос бүгд л ази шүү дээ. Бүх тивүүдийн эх тивд өдгөө 50 гаруй улс, олон зуун үндэстэн, угсаатан аж төрдөг. Гэтэл монголчууд бусад азиудаасаа тэс өөр. Чингис хааны тухай Монголын эзэнт гүрний Ил хаант улсын сангийн сайд, түүхч  Жувейни тэмдэглэхдээ “Их хаан нуруу өндөр, хүдэр чийрэг биетэй, буурал тэргүүнтэй мөн оюун ухаан төгөлдөр, туйлын ажигч, эрэлхэг, эрч хүч цалгисан хүн байлаа” гэсэн байдаг. Монголчууд дэлхийн хаана ч явж байсан танигддаг өвөрмөц дүр төрхтэй гэж би түрүүн хэлсэн. 15 сая хүнтэй Тегеран, дөрвөн сая хүн амтай Кабулын гудамжаар явж байхад тэр олон үндэстэн, угсаатан дундаас “Энэ яах аргагүй монгол угсааны хүн байна даа” гэдэг асуулт үүсэх дүр төрх таараад очоод асуухад алдах нь тун ховор. Монгол хүмүүс ази төрхтөн дотроо байгаль, цаг уурын орчин нөхцөл, нүүдэл соёлынхоо нөлөөгөөр анатомийн хувьд зөв төрхтэй, үзэсгэлэнтэй хүмүүс л гэж хэлдэг дээ.

 
-Та бид хоёр, эсвэл дээрх яруу найрагч бүсгүй монгол хүн болохоороо өөрсдийгөө үзэсгэлэнтэй гэж бодоод байдаг юм биш биз?
-Үзэсгэлэнтэй гэдэг миний хэлсэн үг биш. Рашид ад-Диний сурвалжаас соёл судлаач, орчуулагч Цэрэнгийн орчуулснаар оны өмнөхөн манайхаас эрхлэн гаргасан “Хаан билиг” хэмээх судрыг олон улсын судалгааны эргэлтэд орууллаа. Монгол бичиг, кирил үсэг, англи хэлнээ хэвлүүлсэн энэ бүтээлд “Баргужин төхөм болон Онон, Хэрлэн нутагт төрсөн хөвүүд тухайлан зааж сургаагүй ч төрөлхийн мэргэн ухаантай хийгээд авхаалж самбаа, эр зориг төгс. Мөн энэ нутагт төрсөн охид сам, үсний хавчаар, оо энгэсэг үгүйгээр үзэсгэлэн төгөлдөр, бас ч үгүй ер бусын гавшгай, ажилсаг билээ” гэж найман зууны тэртээх Ил хаант улсын төрийн сайд Рашид ад-Диний тэмдэглэн үлдээснийг орчуулж, эрхлэн хэвлэсэн. Өдгөө ч Хэрлэн, Онон, Туул, Орхон мөрний сав нутагт төрсөн хүмүүний язгуур чанар алдагдаагүй байгаа гэж боддог.  
 
Инновацын байлдан дагуулал

-Гадаадын зарим зохиолчдын Монголын Эзэнт гүрний аян дайны тухай түүхэн романд их эзнийг нэг их үзэсгэлэн төгөлдөр бусаар бичсэн байдаг. Заримд нь монголчуудын тухай арай ч үгүй байлгүй дээ гэмээр өгүүлэмж ч тааралддаг?
-Гадаадын зохиолчдын Монголын эзэнт гүрний талаар бичсэн бестселлер болдог уран зохиолуудад би судлаачийн хувьд төдийлөн талтай биш. Түүхэн эх сурвалж, уран зохиол хоёр газар, тэнгэр шиг ялгаатай шүү. Тодорхой зорилго, бодлогоор орчуулж байгаа зарим зохиолууд борлуулалт, худалдан авалт өндөртэй байх нь бий. Зарим уран зохиолд “Кызылкум”-ын цөлд монголчууд эцэж туйлдан, өлсөж, ядрахын эрхэнд унасан мориныхоо цусыг ханан ууж амьд үлдэж байгаагаар дүрсэлдэг. Харин Монголын эзэнт гүрний байлдан дагууллын тэмцэл, ялалтын ард монгол морь, нохой, тэмээ гурав маш их үүрэг гүйцэтгэсэн. Монголчууд эртнээс молор эрдэнэ болсон морио амь шигээ хайрлаж ирсэн. Эзэнт гүрний үеийн дайчид гурваас зургаан сарын хугацаанд “Үхлийн хөндий” гэж алдаршсан Каракум, Кызылкум, Такла-Макан болон “Хуурай бас гашуун” буюу Ганьсугийн цөлүүдийг хэрхэн давж байсныг мэдэх зорилгоор хахир хатуу цөлүүдийг би бас судлан туулж байсан. Эдгээр цөлийг монгол хүн мориныхоо цусыг ууж амьд үлдээд ганцаараа туулах боломжгүй. Аль болохоор л унаа хүлгээ тордож, сэргээж байж хүрэх ёстой газраа хүрнэ. Яг үүнтэй адилхан түүх торгуудын зүүнш буцах үед ч гардаг. Ижил мөрнөөс нүүсэн торгууд түмэн Зүүнгарын нутагтаа буцаж ирэхдээ мөнөөх хахир хатуу цөлийг тэмээнийхээ хүчээр туулж ирсэн тухай. Нэмээд хэлэхэд энэ их нүүдэлд өвлийн урт шөнө үлгэр туульсаа хайлж, урт холын аяныг өнө эртний соёлынхоо хүчээр давсан билээ. Гадаадын зохиолчид уншигчдын сонирхлыг татах зорилгоор монголчуудыг харгис, харанхуй, бүдүүлэг түрэмгий, эвдэн бусниулагч, сүйрэл мөхөлд хүргэгч мэтээр бичсэн уран зохиолуудыг орчуулж, өнөөдрийн нийгэм рүү шахах нь хожмоо маш хор хөнөөлтэй. 
Манай “TAСAM” төсөл нь Монголын эзэнт гүрний үеийн байлдан дагууллын мөрөөр монголчууд эзэлсэн нутаг орондоо өрнүүлсэн уран барилгын, одон орны, урлаг соёлын, шинжлэх ухааны бүтээн байгуулалтуудаас эхлээд хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, эргэлт шинэчлэлт, үлдээсэн соёлын өвийг судалдаг. 
Дундад Азийн уран барилгын соёлын нэг хэсэг болсон гэрийг бэлгэдсэн бөмбөгөр орой, нумыг бэлгэдсэн хаалга цонх, тэнгэрийг бэлгэдсэн номин цэнхэр өнгөтэй, монгол хээгээр чимэглэсэн адар, туургатай одон орон, шинжлэх ухаан, урлаг соёлын том дурсгалууд Өлзийт хааны нэрээр  дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн жишээтэй. Нөгөө таны хэлээд байгаа орчуулгын бүтээлүүдэд биднийг морио унаж, сэлмээ эргүүлж мал адууныхаа бэлчээрийг хайсаар яваад Адриатын тэнгис хүрчихсэн мэтээр бичдэг. Өнөөгийн бид тэр номыг нь худалдаж аваад, гайхан бишрээд үр хүүхдэдээ уншуулаад, тэдний нүдээр эргэж Монголоо хараад байдаг. Гэтэл монголчууд 365.25 хоног нэг жил болдог гэдгийг Хүлэгү хааны одон орныг судлах төвд албан ёсоор тогтоож, Барулас аймгийн Төмөр хааны ач хүү Үлэгбэх одон орны шинжлэх ухаанд 1018 одыг шинээр нээж, эзэнт гүрний баруун хязгаарт 32 мянган эрдэмтний орон сууцны хороолол, таван ухааны сургалттай шинжлэх ухааны академи, 400 мянган номтой номын сан, олон улсын эрдэмтдийг урьдаг шинжлэх ухааны хотууд байгуулж байсан түүхийн бахархалт баримтыг бид баримтжуулдаг ажилтай. Энэ л түүхэн үнэнийг бид ирээдүй хойчдоо өвлүүлэх үүрэгтэй. Бидний түүхийн томоохон хэсэг өнөөдрийн дотоодын мөргөлдөөнтэй, исламын шашинт, хаалт хоригтой бүс нутагт найман зууныг тэсээд ирсэн. Эдгээр дурсгал орчин үеийн нийгэм, соёлын нөлөө, дайн дажин, дотоодын мөргөлдөөнд устаж сүйрэх аюулд байгаа тул “TAСAM”-ын зүгээс эдгээрийг “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв”-д буулгаж, үндэсний төдийгүй олон улсын судалгааны эргэлтэд оруулахаар 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. 


-Монголын эзэнт гүрнээс хаа хамаагүй өмнө үеийн мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө, Билэгэ хааны дурсгал гэх мэт газруудыг Туркийн Засгийн газар манай эцэг өвгөдийн дурсгал гээд хайрлаж хамгаалаад, сэргээж додомдоод л явах юм. Манай улсын зүгээс эзэлж явсан улсуудад байгаа түүх дурсгалаа өөриймсөж хамгаалах ажил хийдэг үү?  
-Би Монголын эзэнт гүрний их хаадын түүх соёлоо судлан туулдаг урлаг, соёл судлаач мэргэжилтэй хүн. Харин Монголд төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн археологич Д.Эрдэнэбаатар гуай “Өнөөгийн Турк улс түрэгийн үеийн дурсгал хоорондоо ямар ч хамааралгүй” гэж саяхан хэвлэлд ярьсан байдаг. Тэгэхээр хоёулаа энэ үгээр Түрэгийн үеийн дурсгал, өнөөдрийн Турк хоёрын тухай яриагаа цэг тавиад орхиё. Харин Монголоос тухайн улс оронд байгаа соёлын дурсгалд ямар байдлаар ханддаг вэ гэх юм бол би нэг ч жишээ хэлж чадахгүй юм байна. Гэтэл өнөөгийн дэлхийн 40 улсын түүхэнд Монголын эзэнт гүрний байлдан дагууллын төдийгүй бүтээн байгуулалтын түүх байна. Дээр өгүүлсэн Исламын Бүгд Найрамдах Иран улсын Занжонь мужийн Султание хотод байдаг Өлзийт хааны ордон дэлхийн хамгийн анхны тоосгоор барьсан бөмбөгөр оройт барилга. Бөмбөгөр орой нь огт тулгуур баганагүй бөгөөд 200 тонн жинтэй, гурван давхар, найман талтай, нийт 24 талтай. Гэрийг бэлгэдсэн бөмбөгөр оройтой, нумыг бэлгэдсэн хаалга цонхтой. Үүгээрээ дэлхийн уран барилгын түүхэнд цоо шинэ үзэгдэл болсон хэмээн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн. Үүний дараа Барулас аймгийн доголон Төмөр хааны бунхан мөн зохиомжлогдоод, түүнээс алдарт Таж Махал болон Италийн Флоренц хотын Санта Мариа дел Фюрье сүмийг шууд хуулбарлан загварласан гэдгийг Флоренцын их сургуулийн эрдэмтэд баталсан. Зөвхөн дэлхийн уран барилгын түүхэнд гэхэд л бидний бахархах өв ийм байна. Монголын эзэнт гүрний дөрвөн их улсын нэг Ил хаант улсын түүх ил юм шиг хэрнээ нууц ихтэй. Ийм ч учраас бидний судалгааны гол чиглэл тийш ханддаг. Алтан орд, Их Юань улсын түүх бол харьцангуй судлагдсан. Ойрхи Дорнод, Араб, Персийн урлагт тухайн үед хүн дүрслэл хориотой байжээ. Хүлэгү хааны үеэс монголчууд Араб, Персийн урлаг, соёлд шинэчлэл хийсэн. Уран бүтээлчид чөлөөт сэтгэлгээг эрхэмлэж, мэдрэмжээрээ хүссэн зүйлээ зурж, бүтээж болно гэж монгол хаад үзэж байлаа. Үүнээс хойш ташуу захтай дээл хувцастай хүн дүрслэл, Монголын элч довтолгож байгаа, мод тарьж байгаа, одон орон судлаж байгаа гэх мэт дүрслэлүүд урлагт орж ирсэн. Энэ мэт биет соёлын дурсгалууд байгаа улс орнууд, хэдийгээр дипломат харилцаатай ч элчин консул суудаггүй бүс нутгуудад бид ажилладаг. Дипломат төлөөлөгчийн газаргүй болохоор дээр дурьдсан соёлын дурсгалуудыг манайхан төдийлөн мэддэггүй. Харин “TAСAM” Чингис хаан болон түүний залгамжлагчдын очсон Монголын эзэнт гүрний мянга гаруй хот сууринд сүүлийн 22 жилийн хугацаанд багадаа 10 удаа, хамгийн олон нь 35 удаа очиж угсаатны онцлогтой баяр наадам, жилийн улирал, зан заншил, хувцас зүүсгэл, идээ шүүс, хууч түүхийг нь буулган авч олон нийтэд үзүүлж ирсэн. “Эзэнт гүрний соёрхолт өв” төслөөрөө “Монголын эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт”, “Монголын эзэнт гүрний шинжлэх ухааны төв, одон орны оргилууд”, “Монголын эзэнт гүрний урлаг, соёл” хэмээх гурван боть номыг 12 жилийн хугацаанд бүтээж кирилл, латин, монгол бичгээр эрхлэн хэвлээд байна. Бид дэлхийг эзэгнэж явсан их хаадын түүхийг баринтаглаж байна. Найман зууны тэртээ түүх бичлэг хүчээ авч, ном бүтээх өндөр соёлтой болсон хаадын үр хойч хэрнээ өнөөдөр жирийн А4-ийн цаасан дээр жирийтэл бичээд буулгахыг хүсэхгүй. Ойрхи Дорнодыг эзэгнэн сууж асан монголчуудын түүхийг хөвөрдөж, соёлын дурсгалыг хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр баримтжуулж аваад орчин үеийн жишигт нийцсэн ном бүтээх шаардлагыг хамгийн дэвшилтэт технологиор буулгахыг эрмэлздэг. Энэ бол хаадын түүх. Бид тэдгээр өв соёлын дурсгалаа хайрлан хамгаалж, сэргээн засварлаж чаддаггүй юм аа гэхэд монгол хүн бүр, айл болгон үүнийг судлаж, уншаад үр хойчдоо ийм агуу түүхийн нэг хэсэг гэдгийг нь ойлгуулж таниулаасай гэсэндээ бид ийн алд биеэ алжаахыг үл тооцон явж байгаа. 


-“Ази бол шилэн хоргонд бөглөөтэй шинэ санааны уурхай юм” гэсэн утгатай үг В.Хюго хэлсэн байдаг. Би XVI зууны шинжлэх ухаан, урлагийн “Сэргэн мандал”-ыг Монголын эзэнт гүрний байлдан дагуулалтай ямар нэг байдлаар холбоотой гэж бодох дуртай?
-Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай, ахуй төр минь бүү алдартугай” гэдэг сургаал бий. Энэ сургаалийг хүмүүс зүгээр л сургаал гэдгээр нь сонсоод  өнгөрдөг. Хүний биеийн алтан тэгийг зурж гаргасан их эрдэмтэн, зохион бүтээгч, уран зураач, уран барималч, архитектор Леонардо да Винчигээс гурван зууны өмнө мэндэлсэн Чингис хаан хүний бие өөрийнхөө алдтай тэнцдэгийг хэлсэн байж. 
Үүнчлэн дэлхийн оюуны өвд оруулсан олон зүйл бидний өвөг дээдэст бий. Алтан ордны улсын нийслэл Батын Сарай гэж хотын туурь одоогийн ОХУ-ын Астрахань мужид байдаг. Алтан ордны улсад монголчууд Бэрхийн Сарай, Бага Сарай, Бахчисарай, Их Булгар зэрэг 150 гаруй хотыг барьж байгуулсан. Эдгээр нь гурван гэр барьчихсан нэр төдий хот байсангүй. Плано Карпинигийн тэмдэглэлд “Алтан ордны Батын Сарайг алсаас харлаа. Үзэсгэлэнтэй хот байлаа. Эрдэнийн чулуун чимэглэлтэй, торгон туургатай их хааны өргөөнд хоёр мянган зочин багтдаг” зэргээр бичжээ. Түүний тэмдэглэлд бичсэн зүйлс өрнийхнийг маш их цочирдуулсан. Би эдгээр хотын туурин дээр очиж байлаа. Эзэнт гүрний үеийн хот байгуулалт маш нарийн тооцоо судалгаатай байж. Алтан ордын улсын 150 хот, Ил Хаант улсын 32 мянган гадаад эрдэмтний хотхон, Цагаадай, Их Юань улсын хотууд бүгд нэгдсэн хэв маягтай. Хурын усыг ашиглаж, зайлуулах систем нь бараг л төгс. Дээврийн усыг доош буулгаж гудамжны голоор гаргасан шуудуугаар гадагш урсгаж тариан талбайн усжуулалтын системд нийлүүлэх жишээний. “Мөнх хааны өргөөнөөс морины уяа хүртэл харвасан сум тусах зайд байлаа” гэсэн тэмдэглэл бий. Эзэнт гүрний мэргэн Есүнгэн харвасан дээд амжилтаар сум тусах зай 560 метр газар. Энэ нь өнөөдрийнхөөр бол авто зогсоол төлөвлөх зай. Стандарттай байгаа биз. Гэтэл бидэнд өнөөдөр ямар стандарт байна. Их Юань улсын Хаанбалгасаас дөрвөн зүг, найман зовхист эзэнт гүрний бусад хот руу довтолгон одох элчин төлөөлөгчдөд зориулсан хаяг самбар, замын хоёр талаар суулгасан модтой. Хотыг ингэж төлөвлөж, барьж бүтээн байгуулна гэдгийг дэлхийд зааж явсан ард түмний хойч болсон өнөөдрийн өөрсдийнхөө байгааг харъя л даа. Түүхээ мэдэхгүй байгаа учраас өнөөдрөө, ирээдүйгээ ч бат суурьтай барьж байгуулж чадахгүй.  

“Шударга үнэний нударга буусан хот”

-Таны яриаг сонсож суухдаа би тэмдэглэлийн дэвтэртээ “Үнэт зүйлийн эрэлд” гэж бичлээ. Өнөөдөр бид үнэт зүйл гэдгийг өөр, өөрийнхөөрөө тодорхойлоод бусдад тулгах гэж оролдсоноос үүдэж хөл толгойгүй маргаанд хутгалдаад байна. Та Монголоо хайхаас гадна ийм үнэт зүйл, үзэл санааны эрэлд яваад байна уу?
-Би 12 жилийн өмнө яг наадмын урдхан нэг ярилцлага өгч байлаа. Ярилцлага “Бид хүндлэх дээдэстэй, бахархах түүхтэй, бүтээх ирээдүйтэй монголчууд” гэдэг сэдэвтэй байв. Бид асар их бахархах өв соёл, язгуур түүхтэй үндэстэн. Гагцхүү үүнийгээ нийтээрээ мэдэхгүй эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь л гунигтай. Миний хувьд Чингис хаан болон түүний залгамжлагчдын очсон дэлхийн 1000 гаруй хот, сууринд очсон. Монголын түүхтэй холбоотой хот балгад, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан, Монгол хаад орд өргөөгөө барьж байгуулж байсан, бүтээн байгуулалт, нээлт шинэчлэлүүдээ хийж байсан хамаарал бүхий улс, хотуудад очиход эргээд эзэнт гүрний гал голомт байсан Монгол Улсын хөгжил дэвшил өнөөдөр ямар байгаа билээ гэдэг асуулт руу ирнэ. Гэтэл эзэнт гүрний гал голомт болсон Монгол Улсад өдгөө аймгийн, сумын, жалга довны үзэл хэтэрхий газар авчихаж. Гадны нөлөөнд хэт автсан, тахин шүтсэн соёлын довтолгоонд эзлэгдчихсэн ийм байдалтай сууж байна. Зүйрлээд хэлэхэд асар том биетэй хүн жаахан хүүхдэд зодуулаад уйлж суугаа мэт. Бидэнд эзэнт гүрний үзэл санаа асар эрхэм зүйл. Дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрнийг байгуулж явсан хаадын хойчис толгой дээгүүр, ихэмсэг том санаатай, хөгжил дэвшилтэй байх ёстой. Түүхийн нугачаанд дэлхий даяар тархан суурьшсан монголчууд одоо хэр нь эзэнт гүрний үзэл санаагаа хадгалсаар байгаа шүү. Тэдэнтэй  уулзахад Монголын нийслэл Хархорум хэвээрээ юу гэж асуудаг. Монголын нийслэл Улаанбаатар гэхээр үзэл сурталжсан он жилүүдийн түүх хүүрнэх ёстой болдог. Таны надаас асуугаад, хайгаад байгаа нэг үзэл санаа, нэг үнэт зүйл энэ л юм шүү дээ.  


-Өнөөгийн дэлхий ертөнц дээр оршин тогтнож буй гурван хэт их гүрэн буюу ОХУ, БНХАУ, БНЭУ монголчуудын шууд нөлөөгөөр бий болжээ гэж боддог. Бодох ч юм байхгүй эх сурвалжууд  тэгж дүгнэдэг байх?
-Одоо хэр Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулсан газрын зураг байдаггүй. Индонезийн Суматра арал дээр Хубилай хааны тэнгисийн цэргийн флот очиж хэдэн мянган завь буулгаж байсан тухай сурвалж бичиг бий. 700 гаруй хэл соёлтой, 300 гаруй үндэстэн хэдэн мянган аралд хуваагдан суудаг угсаатнууд Монголын эзэнт гүрний нөлөөгөөр нэгдэж их гүрэн болсон гэж үздэг л дээ. Эзэнт гүрний үеийн монголчууд дэлхийн түүхийг шинжлэх ухаан, урлаг гоо зүй, барилга архитектур, танин мэдэхүйн шинэ түвшинд гаргаснаас гадна улс үндэстнүүдийг бүрэлдэн тогтох, өсөн дэвжихэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Гадаадын зохиолчдын бичдэг шиг галдан шатааж, эвдэн сүйтгэж, хүн ардыг нь тэрэгний дугуйтай тэнцүүлэн хяргасан хот миний очиж үзсэн мянган хотоос тав зургаа л бий. Исламын Бүгд Найрамдах Иран улсын Нишапур, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын Мазари Шарифын Балх, Казакстаны Отрар, Туркменистаны Мерв. Эдгээр таван хотод  шударга үнэний нударга бууж тэнгэрийн хилэнг амссан. Тухайн үед Хорезмын хилийн хот байсан Отрарын захирагч Иналчук Чингис хааны илгээсэн 450 элчийг хороож, учрыг лавлан илгээсэн элчийг доромжлон буцаахдаа дэлхийн түүхийг өөрчлөх тэнэглэл үйлдэж байгаагаа мэдээгүй биз. Отрар үнэхээр сайхан хот байжээ. Хоёр давхар бэхлэлт цайзтай. Отрарын туурийг харж зогсоход “Шударга үнэний нударга буусан хот” гэдэг үг л толгойд эргэлдээд байсан. Ирээд энэ үгээрээ гарчиглан нийтлэл бичиж байв. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр эргээд л эзэнт гүрний үзэл санаа гэдэг утгыг давтан гаргаж ирэх гээд байна. XXI зуун хүн төрөлхтөн түүхийнхээ бүх үед туулж байгаагүй соёлын довтолгоонд өртөж маш олон угсаатан, ястан мөхөж байна. Нэрлэхгүйгээр харамсан өгүүлэхэд саяхан очиж байсан тархан суурьшсан монголчуудын маань нэг хэсэг соёлын хувьд бараг л мөхөөд байгаа нь гунигтай. Бид ирээдүй үедээ өөрсдийн энэ бахархалт түүхийг ойлгуулан таниулж, нэгдмэл үзэл санааг тархи, зүрхэндээ тамгалахгүй бол маш харамсалтай зүйл болоход тун ойрхон боллоо. Миний судалгааны, манай “TAСAM” төслийн гол зорилго ийм. Бид түүхийн баримт, дурсгалуудыг “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв”-д буулгаж ирдэг. Одоогоос жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны хөргийг Элчин сайдын яамд, төрийн алба, боловсролын байгууллагууд, айл өрх залсугай гэдэг зарлиг буулгасан. Энэ бол дэлхийн монголчуудын хувьд түүхэн зарлиг. Энэхүү зарлиг гарахаас 12 жилийн өмнөөс эрхлэн баринтаглаж байсан “Хаан билиг” номоо оны босгонд эрхлэн хэвлэж чадсан нь манай “TAСAM” төслөөс их хааныхаа мэлмий гийсэн их ойд зориулсан бүтээл байв. 


-Тантай ярилцахаар зорихдоо хувийн амьдрал, бага насны тань тухай илүү их яриулах юмсан гэж бодож ирсэн. Ингэхэд таны бага нас хаана өнгөрсөн юм бэ. Хотод уу, хөдөө юу? 
-Би хэвлэлд хувийнхаа амьдралыг ярих дургүй. Яагаад гэхээр миний зорьж хийж байгаа үйлс, миний хувийн амьдралын тухай ярианд хуваагдчихвал дэмий санагддаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 300 гаруй ярилцлага өгсөн ч энэ тухай төдийлөн ярьж байгаагүй. Төрийн Соёрхол хүртсэнээс хойш сэтгүүлчид яалт ч үгүй хувийн амьдралыг сонирхож эхэлдэг юм байна. Асуухаар хариулахгүй байж болохгүй шүү дээ. Би офицерын гэр бүлд төрсөн. Одоогийн телевизийн дэнжид миний хүүхэд нас өнгөрч дээ. Дээрээ гурван ахтай, гурван эгчтэй. Цэрэндоржийнх гэдэг өнөр айлын отгон охин. Түрүүн би яриандаа монгол эрчүүдийн гайхамшигт чанарын талаар дурьдаад өнгөрсөн. Энэ чанарыг би ааваасаа харж өссөн. Аав маань цэргийн хүн хэрнээ маш уран дээл хувцас оёно. Мод, төмрийн дарх хийнэ, цан тэшүүрийн мастер, мэргэн бууч, их л цэмцгэр хүн байлаа. Тухайн үеийн цэрэг, эзэнт гүрний үеийн цэрэг, одооны цэрэг гурвыг харьцуулаад үзэх юм бол тэнгэр газар шиг ялгаа харагдана. Генералын мөрдэстэй биеэ захирч дийлэхгүй гүзээ унжуулсан нөхөд яаж цэргээ захирах билээ. Энэ утгаараа өнөө цагт цэргийн нэр хүнд дор орж байх шиг. Монголчууд шиг дайчин чанартай ард түмэн эр цэргийн албыг заавал хаах ёстой гэж би үздэг. Бид тууштай, зоригтой, хэлсэндээ хүрдэг, нэг л нүүртэй, шаламгай байх чанаруудыг ааваасаа өвлөж авсан. Монгол дайчин хөвгүүд ийм л болох хэрэгтэй. Дайн тулаанд явах гээд байгаа юм биш. Ажиллаж амьдрах чадвар нь дээшилнэ. Ийм эрчүүдтэй байх нь эх оронд ч, өрх гэрт ч хэрэгтэй. Би багадаа эмээтэйгээ өссөн. Эмээ маань цэргийн оёдлын үйлдвэрт ажилладаг байлаа. Хийж байгаа болгоныг нь сурах гэж хичээнэ. Сүүлдээ зарим оёдлыг нь ч хийдэг боллоо. Цэргийн ар гэр гэдэг өрхийн тэргүүнтэйгээ л хамт тушаал авдаг, үүрэг хүлээнэ. Намайг наймдугаар ангид байхад манайх Эрдэнэт хотын мод бэлтгэлийн Хялганат тосгонд нүүж очсон. Аав бид хоёрын хамгийн сайхан мартагдашгүй дурсамжууд тэнд бичигдсэн дээ. Хялганат тосгонд манайх хоёр өрөө байранд орсон. Гэртээ тавилга хийж тавихаар шийдээд би загварыг нь гаргаж, модны үйлдвэрээс таван сантиметрын зузаантай банз авч ааваар 1.5 сантиметр болтол нь харуулдуулж билээ. Одоо бодохоор яах гэж тийм нимгэхэн болтол харуулдуулсан юм бол, яагаад зузаанаар нь хийгээгүй юм бол гэж гайхдаг. Хийж дуусаад тосон лакаар лакдсан нь ямар гоё харагддаг байсан гээч. Ингээд хойтон жил нь манайх гэр бүлээрээ нүүж очсон. Аав маань ер зүгээр суудаггүй хүн байлаа. Би дагаад гар хөлийнх нь үзүүрт зарагдаад л явна. Тэгсний ч хэрэг гарч би төмрийн дархаас бусдыг хийж сурсан даа. Би наймдугаар ангидаа хөдөө гарсан болохоор хөдөөний ахуй, амьдрал юу ч мэдэхгүй. Хялганатад нүүж очсоны дараа аав бид хоёр нэг удаа хонь гаргав аа. Аав хонио төхөөрөөд, би гэдсийг нь цэвэрлэж эхэлсэн. Хотын хүүхэд миний огт хийж үзээгүй ажил. Ганцаараа гэдэс цэвэрлээд, өөхийг нь шаргааж бараг гурван литр тос гаргасан. Аав чиглүүлж өгсөн. Одоо бодоход нөгөө монгол хүний язгуур мөн чанар сэрсэн байна. Дараа нь манай их сургуульд багшилж байсан америк мэргэжилтэн маань намайг 13 жуулчинг нэг сар Орхоны хөндийгөөр морин аяллаар газарчилж, хэлмэрчилж явах даалгавар өглөө. Би дөрөвдүгээр дамжааны оюутан. Морь унаж чадахгүй гэдгээ хэлвэл нөгөө америк мэргэжилтэн “Чи морь унаж үзээгүй байж болно гэхдээ морь унаж чадахгүй монгол хүн байхгүй. Та нарын язгуур мөн чанарт чинь морь унах ген хадгалаатай бий” гэснээр би зориглон замд гарлаа. Эхний өдөр үнэхээр хэцүү байв. Хүмүүс өдрийн 60 километр явах нормтой. Эхний өдөр ердөө хоёр километр явсан ч аяллын сүүлийн өдөр 130 километр явсан байв.
-Таны ярианд хөтлөгдөн  суусаар цаг өнгөрснийг ч анзаарсангүй. Элдэв асуултгүйгээр таны үгээр ярилцлагаа жаргаая. 
-Бид өнөөдөр монгол үндэстний гал голомтонд амьдарч, дэлхийн улс орнуудаар чөлөөтэй аялж, чөлөөтэй бодож сэтгэж байгаа болохоор энэ их эрх чөлөөгөө үнэндээ мэдэхгүй, мэдрэхгүй байна. Дэлхийн монголчуудаас бидэн шиг архи дарсанд илүү анхаарсан, ааш муутай, биенээ хэмэлдэг улс алга. Тархан суурьшсан монголчуудын хувьд Монголоороо үлдэх тэмцэл байдаг. Тэд байгаа улс орныхоо соёлд уусаад, ахуй соёлоо өөрчлөөд, хэлээ мартаад сайхан амьдраад явах боломж бүрэн бий. Тэдэнд бидэнд байхгүй үнэт зүйл, их гүрний үзэл санаа байна. Өв соёлоо авч үлдэхийг хичээж байгаа тэдгээр монголчууд биднийг мөн л өөрсөд шигээ өдөр бүрийнхээ ажил, амьдрал, амьдралын чанар, бүх зүйлээ монголоороо үлдэхийн тулд зориулж байдаг гэж боддог. Гэтэл бид амьдралын чанараа сайжруулахын тулд харийн соёлд дөнгөлүүлчихээд, шүтэн дууриагаад, даган баясаад явж байна. Бидэнд хүндлэл гэдэг зүйл алга болсон. Биесээ хүндэлж, дэмжиж туслахаа больсон. Өөрийгөө ч хүндлэхээ больж дээ. Аав маань тэнгэрт морилохын өмнө надад “Хэтэрхий шударга чанараасаа болоод аав нь үр хүүхэддээ ямар ч хөрөнгө чинээ үлдээж чадсангүй” гэж хэлж байсан. Өнөөдөр би тантай ярилцаад сууж байхдаа миний аав Цэрэндорж гэдэг хүний үр хүүхдүүддээ, мөн надад үлдээсэн аливаад тууштай, шударга, нэг нүүрээрээ байдаг, дайчин, зоригтой, зорилгодоо хүрдэг, эх орныхоо төлөө боломжит бүх нөөц чадлаа шавхан зүтгэж чаддаг монгол язгуур чанар, өв тархан суурьшсан монголчууд буюу “TAСAM” байгууллагаар дамжиж, энэ нэрээр дамжуулж найман зууны дараа Монголын эзэнт гүрний түүхийг энэ үндэстэнд, дэлхий дахинд үлдээсэн гэж боддог. 
-Таны энэ үгээр ярилцлагаа жаргааж байгаа даа би туйлын их баяртай байна. Танд амжилт хүсье гэхээс өөр үг үлдсэнгүй. Баярлалаа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


0
angry
1
care
0
haha
7
liked
3
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.162.170
2024/11/10
0
0
Сайхан сэтгэлт тархан суурьшсан монголчуудын дэмжлэгийн их сайн хүртсэн азтай
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 6 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 6 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22