“Дэвших ирмүүн хурд” авто сургуулийн захирал С.Санжмятавтай ярилцлаа.
-“Дэвших ирмүүн хурд” авто сургууль хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-“Дэвших ирмүүн хурд” авто сургуулиа 2020 оны долдугаар сард байгуулсан. Миний бие энэ салбарт тасралтгүй 34 жил жолооны дадлагын болон дүрмийн багшаар ажиллаж байна. Тиймээс мэдлэг, ажлын туршлагаа түшиглэн сургуулиа байгуулан гурав дахь жилдээ В ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Манай авто сургууль ХНХЯ, ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвд харьяалагддаг.
-Танай авто сургуулийн онцлог юу вэ?
-Бид соёлтой, хариуцлагатай жолооч бэлтгэх зарчим баримтлан ажилладаг. Тиймээс ганцхан дүрмийн хичээлд баригдалгүй жолоочийн ёс зүй, хариуцлага, замын хөдөлгөөнд оролцох соёлын тухай хичээлийг тодорхой цагаар нэмэлтээр зааж байна. Мөн тухайн суралцагчийн сэтгэл зүйтэй илүү ойр харьцахыг хичээж ажилладгаараа онцлогтой. Түүнчлэн дүрмийн хичээлийг хүүхэд бүрд сонгоод ирсэн цаг тутамд нь ганцаарчлан зааж өгдгөөрөө давуу талтай. Нэг ёсондоо үндсэн сургалтын төлбөрөөр vip сургалтыг авчихаж байгаа юм.
Жолоочоор төгсөж байгаа суралцагчдаас замын хөдөлгөөний дүрэм болон жолоодлогын шалгалт авдаг. Тиймээс манай авто сургуульд суралцаж байгаа суралцагчдаа чанартай бэлтгэн сургаж, 100 хувь төгсгөхөд бид анхаарч, “Бид чанартай жолооч бэлтгэнэ” гэсэн уриа дэвшүүлэн ажилладаг.
-Та 1998 оноос хойш жолооны багшаар ажилласан гэлээ. Өнөөдрийн жолооч бэлтгэж байгаа авто сургуулиудын сургалтын үйл ажиллагаанд өөрчлөлт орсон уу?
-Мэдээж, асар их ялгаатай. Авто сургуулиуд 2015 оноос нэгдсэн холбоотой болж, ТЦА-тай хамтран нэлээд хэдэн арга хэмжээг зохион байгуулаад байна.
2017 оноос ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв байгуулагдаж дүрмийн шалгалтаа нэгдсэн зохион байгуулалттай тодорхой хуваарийн дагуу цахимаар өгч байна. Мөн жолоодлогын шалгалтыг тодорхой заасан газруудад байцаагч нар нь ирж авч байгаа гээд давуу талууд их болсон.
Жолоодлогын шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож байгаа болон тээврийн хэрэгслээ жолоодож яваа байдлыг харгалзан үзэж, тээврийн хэрэгслийн жолооч болгодог болсон. Ингэснээр чанартай, сайн жолооч бэлтгэж байна гэсэн үг. Суралцагчдын чанар сайжирсан.
-Танай авто сургууль ямар ангиллын жолооч бэлтгэдэг вэ?
-Манай авто сургууль B ангиллын жолооч бэлтгэж байна. Манайх долоо хоногийн даваа-бямба гараг бүр бүтэн ажилладаг. Жолоодлогын дадлага долоо хоногт гурван удаа явагдана.
-Суралцагчдад ямар боломж олгодог вэ?
- Ерөөсөө л сурах боломжийг л бүрэн олгохыг зорьж байна. Хариуцлагатай сайн жолооч бэлтгэхийн тулд орчин маш чухал. Манай хүүхдүүд саруулхан цэвэрхэн орчинд цахимаар, бичгээр гээд л аль сонгосон төрлөөрөө шалгалтандаа бэлтгэдэг ном сурах бичиг, цахим тест, тест бөглөдөг цаас хүртэл бэлтгэж өгдөг.
Мөн тэдний завтай цагийг харгалзан үзэж өглөө эрт, болон цайны цагаараа, мөн орой ажил тараад ирж хичээлд суух боломж олгож байгаа.
Жолооч маш өндөр хариуцлага үүрдэг. Тиймээс суралцагчдадаа хариуцлагаа ухамсарлахад нь чиглүүлж, зөвлөдөг. Жолоодлогын дадлагыг “Sonata” маркийн автомашин дээр хийнэ. Мөн суралцагчийн саналыг харгалзана. Зарим суралцагчид механик автомашин дээр дадлага хийх саналтай байдаг. Манай авто сургууль суралцагчдадаа суралцах цаг завыг нь харгалзан уян хатан цагийн зохицуулалтын хуваарь гаргадаг.
-Жолооч нарыг хариуцлагагүй байна, орон нутгийн замд осол гаргаж байна гэдэг. Үүнийг жолооны сургуультай холбож шүүмжилдэг. Үүнд та тайлбар өгнө үү?
-Социализмын үед бол жолооч тусдаа мэргэжил байлаа. Одоо тээврийн хэрэгсэл өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэдэг болсон. Тийм учраас жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ ягштал мөрдөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцдог байх хэрэгтэй. Үүнийг чанд мөрдөж, хэвшил болговол зам тээврийн осол гарахгүй.
Дулааны улиралд зам тээврийн осол нэмэгддэг. Энэ талаар Тээврийн цагдаагийн газраас сэрэмжлүүлэг болгож, улирлын аян зохион байгуулдаг. Өнөөдөр гэхэд л “Нэг зам-Нэг соёл” аян өрнөж байна. Бид энэ аянд нэгдэж, замын хөдөлгөөний дүрмийн талаар олон нийтэд тайлбарлан, таниулж байна.
-Хэр мэргэшсэн багш нар хичээл зааж байна вэ?
-Манай сургуульд уран жолоодлогын болон дүрмийн мэргэшсэн багш хичээл зааж байна. Манай багш нар хамгийн залуу нь 6-7 жил ажилласан. Бусад нь түүнээс дээш жил авто сургуульд хичээл заасан туршлагатай багш нар бий.
-Та хэдэн жил жолоочоор ажиллаж байна вэ?
-Би тээврийн салбартай ажил, амьдралаа холбосон хүн. Авто тээврийн техникумыг жолооч мэргэжлээр төгссөн. Жолоочоор 40 гаруй, дадлага болон замын хөдөлгөөний дүрмийн багшаар 25 жил ажиллаж байна.
Автомашин, техник, жолооч мэргэжлийг бэлтгэж байсан тухайн үе, өнөөдөр хоёр асар өөр. Жолоодлого, дүрмийг тухайн үеийн мундаг багш нар заадаг байлаа. Шаардлага өндөртэй, тэр шаардлагыг нь биелүүлнэ. Автомашиныг задлаад, буцааж угсруулна. Миний жолоочоор суралцаж байх үед хугацаа урт байлаа.
Өнөөдөр техник, технологи, орчин өөр болсон. Хүмүүст мэдээлэл нээлттэй, автомашин хэрэглээ болсон шинэ цаг үе ирсэн.
Х.Ганчимэг: Манай авто сургууль сургалтын хуваарийг гаргахдаа суралцагчийн саналыг харгалздаг
“Дэвших ирмүүн хурд” авто сургуулийн багш Х.Ганчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та жолооны авто сургуулийн багшаар хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би энэ салбарт ажиллаад найман жил болж байна. Үүнээс дүрмийн багшаар ажиллаад гурван жил болж байна.
-Жолооны авто сургуулиуд олон байна. Танай авто сургуулийн онцлог юу вэ?
-Тийм ээ, өнөөдөр бид зах зээлийн өрсөлдөөн дунд үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс бид суралцагчдынхаа цаг завыг харгалзан хуваариа гаргаж, сургалтаа явуулж байна. Сургалтыг танхимаар явуулдаг. Ингэснээр суралцагчидтайгаа багш нар тулж ажиллана. Тиймээс суралцагчид чанартай сайн сурч, шалгалтаа амжилттай өгч, төгсдөг.
-Замын хөдөлгөөний дүрэмд суралцахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?
-Замын хөдөлгөөний дүрмийг “Цусаар бичигдсэн дүрэм” гэдэг. Дүрэмгүйгээр жолооч болохгүй. Миний хувьд суралцагчдадаа замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдүүлэх талаас нь сэтгэл зүйтэй харьцахыг хичээдэг.
Замын хөдөлгөөнд оролцоход тэмдэг, тэмдэглэгээгээ мэдэж байх хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийн 800 бодлого дотор хэрэггүй зүйл байхгүй. Тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцоод явахад хэрэгтэй бүх зүйлийг багцалсан.
Бид хүүхэд бүртэй тулж харьцахыг хичээдэг. Тухайн өдрийн хүүхдийн сэтгэл зүй маш чухал. Тиймээс аль болох сэтгэл зүйд ойр харьцаж, аль болох ойлголцож харилцан ярилцахыг хичээдэг. Зарим үед харилцаа хандлагатай холбоотой лекц хэдхээн минутаар дунд нь хавчуулах бөгөөд жижигхэн хошин өнгө аястай жишээнүүд авч тайлбарлаж харилцан ойлголцдог доо.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Жил бүр өндөр настнуудаа хүлээж авч, хүндэтгэл үзүүлдэг. ЕБС-уудын сурагчдад замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг тодорхой хэмжээгээр заадаг.
Ковидын үед замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг онлайнаар явуулж байлаа. Жолоодлогын дадлага хийх боломжгүй, хөдөлгөөн хорьсон байсан. Онлайн сургалт, танхимын сургалтын хооронд ялгаа их бий.
Танхимын сургалт явагдаж байхад хэн хичээлдээ идэвхтэй байна, хэн ойлгож байна, хэн юунд эргэлзэж байна гэдгийг хараад мэднэ. Тиймээс танхимын сургалт илүү үр дүнтэй байдаг.
Бид оюутан, залууст хандаж, нийгмийн хариуцлагын чиглэлээр сургалт зохион байгуулахыг зорьж байна. Тухайлбал, амьдралын боломж тааруу, бүтэн өнчин, харж хандах ах дүүгүй мөртлөө амьдрах гэж бор зүрхээрээ зүтгэж, хичээж яваа хүүхдүүдийн төлбөрийн 50 хувийг сургуулийн хуримтлалын сангаас гаргаж сургах, оюутнуудад тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэхээр судалж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/