ЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
-Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв уламжлалаа таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ жилийн хувьд наадмыг “City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм хэмээлээ.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав:
-Эрт дээр үеэс лам хувраг, сүсэгтэн олныг хамарсан хүрээ цам, хүрээ даншиг наадам, хүрээ майдар гэсэн гурван үйлийг уламжлал болгон зохиож ирсэн. Эл үйлд хүрээ болон бусад олон газраас сүсэгтэн олон, үзэгч сонирхогчид чуулдаг байсан түүхтэй. Энэ уламжлалаа бид сэргээн, даншиг наадмыг зохион байгуулж буй. Ерөөс цам харайх ёслол нь хүний дотоод сэтгэлийн бясалгалтай холбогдсон Очирт хөлгөний нарийн бүжиг юм. Бүжгийг дэглэхдээ эхлээд Ямандаг бурхны авшиг авч, түүний дараа Дамдин Чойжоо бурхны жанан авсны дараагаар арваад хоногийн бясалгалд суун, Жагар цамын гурван өдрийн их хуралд суусны эцэст бүжиг биеллээ олдог. Түүнчлэн бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан, цагаан өвгөн, нийслэл хотыг хүрээлэх дөрвөн уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, уран яруугаар үзүүлдэг. Мөн наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн болдог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчой айлдвар, Очирвааний тахилга, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээг зохион байгуулна гэсэн юм.
Монгол бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав:
-“Даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна. Энэ удаад үндэсний бөхийн 256 хүчит бөх, Өвөрмонгол, Буриадын 64 бөх зодоглоно. Барилдааныг уламжлал ёсоор сугалаагаар зохион байгуулна. Орон нутагт 3-4 наадам давхцаж байгаа ч зодоглох бөхийн тоо хангалттай. Одоогоор ӨМӨЗО-оос 19 бөх хүрэлцэн ирээд буй. Бай шагналын хувьд бусад наадмаас өндөр, мөн Даншигийн цол олгоно. Цолны хувьд түүх, уламжлалаа сэргээн 2015 оноос олгож эхэлсэн гэсэн юм.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хурдан морины уралдааны зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Энэ жилийн даншиг наадмаар хоёр насны буюу хязаалан, их насны морьдын уралдаан зохион байгуулна. Олон наадам давхцаж байгаа учраас хязааланг 1.4 км-ээр, их насыг нэг км-ээр богино зайд уралдуулахаар төлөвлөж байна. Өмнө нь нэг өдөр хоёр насны морь уралддаг байсан бол энэ жил иргэддээ хүртээмжтэй байлгах үүднээс наймдугаар сарын 5-нд хязаалан, 6-нд их насны морьдыг уралдуулна. Мөн жороо морины уралдааныг хоёр өдөр зохион байгуулна. Иргэд, олон нийтэд жороо морь унах, зураг авах боломжийг бүрдүүлсэн гэв.
Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш:
-Даншиг наадмын хүрээнд соёл, урлагийн 7-8 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, нүүдэлчдийн нийслэл хэзээ үүсэж, хэрхэн хөгжиж, цаашид яаж хөгжих вэ гэх чиглэлээр “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Тус эрдэм шинжилгээний хуралд есөн орны 50 орчим эрдэмтэн, монгол судлаач хүрэлцэн ирж оролцох юм. Түүнчлэн нүүдэлчдийн нийслэл, даншиг наадмын үүсэл хөгжилтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэнг гадаад, дотоодын жуулчдад толилуулна. Мөн нүүдэлчдийн нийслэл ямар дуу хөгжимтэй вэ, уламжлалт дуу хуураа орчин үеийн хөгжмийн урсгалтай хэрхэн хослуулан хөгжүүлж байгаа вэ гэдгийг илэрхийлэх бүрэн хэмжээний шоу тоглолт зохион байгуулна. Уг тоглолтод Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE, Өвөрмонголын дуучин Танан, Ойрадын Ансамбль Калмыкияу зэрэг 17 уран бүтээлч оролцох юм. Түүнчлэн үндэстний хувцасны үүх түүхийг харуулсан загварын шоуг бэлдсэн байгаа. Үүний зэрэгцээ нийслэлийн есөн дүүрэг тус бүрээс соёлын 30 өвлөн уламжлагч, уран бүтээлч, ардын авьяастан оролцсон баг ажиллаж байгаа. Баг бүр өөрсдийн гэрт байрлаж, иргэд, жуулчдад үзүүлбэр, тоглолтоо толилуулах болно хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин ирж, даншиг наадмыг үзэж сонирхсон гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн нь жуулчдад төдийгүй монголчуудад ч сонирхолтой байх болов уу хэмээлээ.
“Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-тай холбогдуулан Нийслэлийн Нийтийн тээврийн газраас тус чиглэлд нэмэлтээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар төлөвлөж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна