МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, Археологийн судалгааны төвийн захирал, доктор, профессор Ц.ТӨРБАТТАЙ ярилцлаа. Тэрбээр буган хөшөөг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх судалгааны багийг 2016 оноос ахлан ажиллажээ.
МОНГОЛ СУДЛАЛ, МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ЯМАГТ СОРИЛТТОЙ ТУЛГАРЧ БАЙДАГ
-Нантын музейд нээлтээ хийсэн “Чингис хаан: Монголчууд ертөнцийг өөрчилсөн нь” үзэсгэлэн олон улсын анхаарлыг татаж, гадаадын хэвлэлүүдэд Монголын тухай нийтлэл, ярилцлага
гарч байна. Ийм өргөн хүрээг хамарсан үзэсгэлэнг нөлөө бүхий орнуудад гаргах нь Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?
-Францын баруун эргийн Нант хотод энэ өдрүүдэд гарч буй “Чингис хаан: Монголчууд ертөнцийг өөрчилсөн нь” үзэсгэлэнгийн зохион байгуулалтад би огт оролцоогүй. Хөндлөнгийн судлаачийн зүгээс, бас монгол хүний хувиар харахад Монголын соёлыг дэлхийд түгээж байгаагаараа чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Гэхдээ нэг бяцхан оролцоо байгаа нь үзэсгэлэнтэй холбоотойгоор Францын соёл ба медиа мэдээллийн долоо хоног тутмын “Телерама” сэтгүүлд гарсан нийтлэлд хамтран ажилласан явдал төдий юм. “Телерама” бол долоо хоног бүр хагас сая хувь хэвлэгддэг том сэтгүүл. Нийтлэлд молхи надаас сурвалжилж авсан хэдэн үгийг эшилсний дээр “Таван толгой”-д хийж буй манай малтлагын талаар тусгайлан бичжээ.
Ташрамд хэлэхэд, би Парист 2001 онд гарсан “Александраас Чингис хаан хүртэл”, Герман, Нидерландад 2013 онд гаргасан “Талын дайчдын өв соёл” үзэсгэлэнгийн зохион байгуулалтад оролцож байсан хувийн туршлагаас үзэхэд ийм томоохон хэмжээний үзэсгэлэн гаргах бол маш том сорилт байдаг юм билээ. Энэ удаагийн үзэсгэлэнг үргэлжлүүлээд олон улс хүлээн авч гаргавал манай улсад л хэрэгтэй байх. Бид жижиг ч гэсэн эртний соёлоороо дэлхийн хэмжээний гүрэн. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулсан цөөхөн үндэстний нэг шүү дээ. Соёлын яам, Чингис хааны музей гээд томоохон институцтэй болсон нь тус нэмрээ өгч эхэлжээ. Цаашид Монгол Улсыг сурталчлах үзэсгэлэнгүүд тогтмол гарч Монголын имижийг сайнаар бүрдүүлж байгаасай гэж боддог. Ийм имижийг бэлэн мөнгөөр үнэлэх боломжгүй ч улсад төдийгүй монгол хүн бүрд хүртээлтэй. Өөрөөр хэлбэл, гадаад ертөнцөд бидний үзэгдэх байдал буюу визибилити чухал. Нэг ийм улс байдаг даа гэсэн эерэг бодол ганц улс оронд төдийгүй гадаадад яваа монгол хүн бүрд ч эргээд сайнаар тусна шүү дээ.
-Онцолж Нантад гаргасан нь Монгол, Францын археологийн судлалын хамтын ажиллагаатай уялдаатай юу?
-Францын археологичид Европын орнуудаас анх удаа 1994 оноос Монгол Улсад судалгаа хийж эхэлсэн. Би эхний жилээс нь оюутан байхдаа оролцож ажиллаж байлаа. Үүнээс хойш Францтай хамтарсан археологийн олон төсөлд оролцож, ялангуяа 2003 оноос Францын хамтарсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байна. Одоогоор бол хамтарсан хоёр том төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн дээр нь Франц, Монакогийн хамтарсан нэг төсөл бий. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын хүрээнд хэдхэн хоногийн өмнө Монакогийн төслийн удирдагч, доктор Жером Магайд гадаадын иргэдэд олгодог төрийн дээд шагнал “Найрамдал” медаль олгосныг дурдах хэрэгтэй. Жером Магай 2001 оноос манай улсад судалгаа хийж, Монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх талаар ихээхэн амжилт гаргаж, Европод олон үзэсгэлэн гаргасан судлаач. Түүний удирдсан Монгол, Францын хамтарсан экспедиц Хойд Тамирын буган хөшөөний цогцолборын суурь судалгааг хийсэн. Мөн Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одонт судлаач Пьер-Анри Жискар 1992 оноос “Эгийн гол”, “Гол мод”, “Евразиат” гэсэн гурван том төслийг эхлүүлэн удирдсан. Түүнчлэн палеолит, неолит, хүннү судлалын төслүүдийг санаачилж, дэмжин ажилласан байдаг. Энэ хугацаанд хэдэн сая еврогийн хөрөнгө оруулалтыг Монголын археологид оруулсан гавьяатай. П.Жискар ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” медаль, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор шагнуулсан байдаг. Монголын төлөө амьдралаа зориулж, залуу наснаасаа эхлэн археологийн судалгаа хийсэн цөөн хүн бий. Тэднийгээ урамшуулах нь зүйн хэрэг. Энэ бол зөвхөн тэр хүнд олгосон шагнал биш. Цаад улс, байгууллагуудад нь энэ хүнийг Монголын төр, ард түмэн анхаардаг, дэмждэг шүү гэсэн эерэг мессеж өгч байгаа хэрэг. Үнэндээ гадаадын хамгийн сайн судлаач, судалгааны баг төсөв, хөрөнгөө өрсөлдөөний замаар олж босгоод Монголд ирдэг. Тэгээд ч хамтарсан судалгаа хийгээд гарсан бүх олдвор нь манайд л үлддэг биз дээ. Эцсийн үр дүн нь Монгол л хожиж Монголын түүхийг баяжуулдаг ач холбогдолтой.
-Аль улсын археологичид Монгол судлалд түлхүү ажиллаж байна вэ?
-Хоёр хөрш мэдээж биднээс уйдахгүй. Монголыг хаяхгүй сонирхол нь хэзээд байна. Дээр нь БНСУ, Япон, өрнөдийн том улсууд болох АНУ, Франц, Германд Монголын археологийн судалгаа төвлөрдөг. Түүнчлэн онцгой сонирхлын хүрээнд судалгаа хийдэг орнууд бий. Тухайлбал, Израилд Монголын эзэнт гүрэн судлалаас улбаалаад дундад зууны археологиор дагнасан тусгай баг ажиллаж эхэллээ. Энэ сонирхол нь одоогийн Палестин, Ойрхи Дорнодын бүс нутаг Монголын эзэнт гүрний нэг хэсэг байсантай холбоотой болов уу.
-Тэр улсын тусгаар тогтнолд хэрэгтэй учраас судалж байгаа юм байна даа?
-Магадгүй. Тусгай сонирхол байна.
-Гадаадын судлаачдыг “Монголоор хоолоо олж идэж байна” гэх зэргээр шүүмжилдэг хүмүүс мэр сэр байна. Гэтэл ганцхан монгол судлаачийн ард улс төр, эдийн засгийн асар том нөлөө байдаг. Монгол судлаачийн түүхэн үүргийг та хэрхэн хардаг вэ?
-Монгол Улс дэлхийд нөлөө багатай жижиг орон гэдэг үнэн. Харин нүүдлийн соёл иргэншлийн голомт нутаг, дэлхийн соёлын чухал төв болсон ОХУ, БНХАУ-ын дунд оршдог гэдгээрээ сонирхол татдаг. Энэ хоёр улсын эртний соёлыг судлах түлхүүр ч гэж ойлгодог. Археологийн үүднээс авч үзвэл Дундад Ази, Сибирийг дамнаж Хятад руу чиглэсэн эртний соёлын их замыг судлахын тулд Монголыг сонирхохоос өөр аргагүй. Гэхдээ Монгол судлал, Монголын археологийн судалгаа ямагт сорилттой тулгарч байдаг. Харьцуулж харахад одоо цагийн археологичдод хамгийн гүйлгээтэй сэдэв гэвэл Хятадын археологи байна. Хятад судлаачдыг дэмждэг нь Хятадын төрийн хувьд зөв бодлого. Харин Монголд Монголын судлаачдыг мөнгө санхүүгээр овоотол нь дэмждэггүй юм аа гэхэд урмаар сайн дэмжмээр санагддаг. Юуны өмнө хуруу дарам цөөн монгол судлаачдыг “харлуулахгүй” байх нь манай хувьд сайн бодлого. Ташрамд хэлэхэд, Монголын археологиор докторын зэрэг хамгаалаад ажлын байраа олох эсэх нь дэлхийн аль ч улсад маш эргэлзээтэй. Хэрвээ тэр хүн Монголын биш харин Хятад, Солонгос, Японыг судлахаар сонгосон бол ажиллах судалгааны төв, хүрээлэн арвин байна.
-Монгол судлалын хүрээг та юу гэж төсөөлдөг вэ. Үүнд археологийн эзлэх байр суурь хэр их бол?
-Манай улсын нутаг дэвсгэр дээр явуулж буй шинжлэх ухааны бүх судалгааг Монгол судлал гэж ойлговол өрөөсгөл болов уу. Жишээлбэл, Монголын биологи, палеонтологи зэрэг шинжлэх ухааны судалгаануудыг монгол судлалд хамруулбал зөрчилтэй асуудал болно. Эдгээр байгалийн ухаан яг монгол гэдэг онцлогийг судлаагүй шүү дээ. Гэтэл Монголын түүхийн сурвалж бичиггүй, түүхээс өмнөх үеийг судалдаг археологи бол гарцаагүй монгол судлал. Уламжлалт ойлголтоор монгол судлал бол түүх, хэл шинжлэл, уран зохиол судлал байсан. Харин сүүлийн жилүүдэд монгол судлалын хүрээг бодлогоор нэмж байгаа нь зөв байх. Тэгээд ч археологийн судалгаа хүчтэй хөгжиж байгаа учраас динамик нь эрчтэй байгаа. Жилд хийж буй судалгаа, хөрөнгө оруулалт, гарч буй бүтээгдэхүүн, ном өгүүллийн тоо, бэлтгэж буй боловсон хүчин, мэргэжлийн судлаачдын тоо нь өссөн. Уламжлалт монгол судлалын зарим салбарын үзүүлэлтийг ч давсан. Цаашид ч монгол судлалд чухал үүрэгтэй байх болов уу. Археологийн шинжлэх ухааны туслах салбарууд ч цаг үеэ дагаад хөгжиж байна. Өмнө нь бид малтлага хийж олсон эд өлгийн зүйлдээ дулдуйдаж түүх бичдэг ерөнхий загвартай байсан. Одоо олдвор дээр анализ хийж байгалийн ухааны үр дүнд тулгуурлаж бичдэг болсон. Наад зах нь хүний ясанд хийсэн генетик судалгаанууд монголчуудын угсаа гарлын түүхийг шинээр бичих хэмжээний чухал өөрчлөлтүүд гаргаж байна. Манай улсад одоогоор санхүү, хөрөнгө нөөц хомс учраас археологийн судалгаануудыг төрөөс бие даан санхүүжүүлэх боломжгүй. Байдал дээрдэж байгаа ч толгой даатал хол байна. Тиймээс гадаадтай хамтарсан судалгаа хийсээр байх болов уу. Нөгөөтэйгүүр манайд хамтран ажиллах эрх зүйн орчин, уламжлал сайн, хүмүүсийн хандлага эерэг байдаг.
Хүннүгийн судалгаануудтай эн зэрэгцэх газар одоо байхгүй
-Археологийн олон соёлын уулзвар нутаг гэж Монгол орныг тодорхойллоо. Тэгвэл сүүлийн жилүүдэд аль үеийн соёлын судалгаа трэнд болж байна вэ?
-Монголын археологийн сүүлийн 30 жилийн судалгаанаас харвал Хүннү судлал эрчтэй хөгжсөн. Хүннүгийн археологийн судалгааны төв болсноос гадна дагнасан олон судлаач докторын зэрэг хамгааллаа. Манай Хүннүгийн судалгаануудтай эн зэрэгцэх газар одоо байхгүй. Нийгэмд эерэг нөлөө үзүүлж байна. Археологичдын судалгааны ачаар монголчууд Хүннүг шинээр нээсэн гэж хэлж болно. 1990 оноос өмнө Хүннүгийн тухай ойлголт нийгмийн хүрээнд нимгэн байжээ. БНМАУ-ын түүх, дунд сургуулийн сурах бичигт Хүннүгийн тухай мэдээлэл ховор байв. Харин өдгөө Хүннү бол монголчуудын тулгар төр гэж хүлээн зөвшөөрч, улсын баяр наадмаар албан ёсоор дурддаг боллоо. Академич Д.Цэвээндорж (1949-2022) багшийн санаачилгаар 2011 онд Төрийн албан тоололд оруулж жил бүрийн улсын баяр наадмаар байгуулагдсаных нь ойг нэрлэдэг болсон байх жишээтэй. Мөн Монголын эзэнт гүрний үе сүүлийн жилүүдэд манай салбарын халуун сэдэв боллоо. Бид л эзэнт гүрнийхээ түүхийг судлахгүй бол өөр хэн судлах билээ дээ. Заавал байх ёстой сэдэв. Ганц монголчуудын булш оршуулгаас гадна тэр үеийн хот суурины судалгаагаар дагнасан “Хархорин”, “Аваргын балгас”, “Хархул хааны балгас” гэсэн гурван том төсөл хэрэгжсэн. Ингэснээр арван жилийн өмнөхөөсөө л гэхэд хамаагүй баялаг ойлголттой болсон. Жишээлбэл, Герман, Монголын хамтарсан төсөл Хархориныг хотын хэрмээр хязгаарлалгүй Орхоны дунд урсгал дагуу бүтэн хүрээгээр нь судалж байна. Хот бол оршин суугчдаа хангадаг аж ахуйн бүтэн системтэй байдаг. Тухайлбал, шавар шатаах зуухнууд, янз бүрийн ордон хэрэмт байгууламжууд, аж ахуйн үйл ажиллагааны төв, оршуулгын газрууд гээд дурдвал олон. Хамгийн сүүлийн үеийн технологийг судалгаандаа ашиглаж байна. Үүнээс гадна буган хөшөө, хадны сүг зураг зэрэг сэдэв эрэлттэй байна. Сүүлийн 15 жил уйгагүй ажилласны үр дүнд буган хөшөөг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүллээ. Бас дээр нь Монгол бол хадны сүг зургаар дэлхийн хамгийн том байгалийн галерей. Баримжаа тоогоор 1000 гаруй дурсгалт газар байна. Мянган зураг биш шүү харин дурсгалт газрыг хэлж байна. Дурсгалт газар гэхээр ширхэг янгир сийлсэн хад юм уу эсвэл хэдэн зуун мянган зурагтай бүтэн уулын хөндий ч байж болно. Цагаан салаа-Бага Ойгорын дурсгал гэхэд 15 км урт уулын голын хөндий байдаг. Сая километр квадрат газарт ногдож байгаа хадны зургийн дурсгалаараа Монгол дэлхийд тэргүүлдэг.
Хулгайн малтлагыг өөгшүүлдэг олон суваг байна
-Археологи бол сонгодог мэргэжил. Холливудын кинонуудад ч гардаг. Энэ шинжлэх ухааны ном, каталогиудын эрэлт их байдаг. Манайд археологиор сонгон суралцах хүсэлтэй хүн олон байдаг уу?
-Археологи үүсэхдээ XVIII, XIX зуунд элитүүдийн мэргэжил байсан. Тухайн үед хувь хүн нь өөрөө санхүүгийн бололцоотой байж малтлага судалгаа хийдэг цаг байжээ. Х.Шлиманн зэрэг XIX зууны алдартай археологичид хувийн санхүүжилтээр ажиллаж байж. Одоо бол шинжлэх ухааны бусад салбарын адил судалгааг дэмждэг системийн хүрээнд санхүүжилтээ олж судалгаа хийж байна. Иймээс ч археологи “ардчилагдсан” гэж хэлээд байгаа юм. Манай улсад археологийн судалгаа сайн хөгжиж байгаагаас гадна археологийн сургалтын систем хангалттай бүрдэж чадсан. МУИС археологийн мэргэжлийн бакалавр, магистр, докторын гэсэн гурван шатны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсний цорын ганц дээд боловсролын институц болж хөгжсөн. Энд шилдэг судлаач багш нарын баг бүрдсэн. Одоогоор зөвхөн бакалаврын түвшинд 60 оюутан суралцаж байна. Харин энэ суралцагчид төгсөж гараад ажлын байртай байж чадах уу гэж асуувал хариулт өгөхийн тулд жижиг тооцоо бодъё. Сүүлийн 30 жилийн өмнөхтэй харьцуулахад манай улсын хүн ам хоёр дахин, харин эдийн засаг хэдэн арав дахин өсжээ. Үүнийг дагаад археологич мэргэжлийн орон тоогоо нэмэх шаардлага байна. Сум аймаг бүрд соёлын байгууллагууд бэхжиж байна, наад зах нь сумын соёлын төвүүд ажлын байрны том зах зээл болдог. Бас улсын хэмжээний соёлын том бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа юм билээ. Жишээлбэл, Чингис хааны музей байгуулагдлаа. Цаашид Археологи, угсаатны зүйн музей байгуулагдах юм гэсэн. Ингээд мэргэжлийн судлаачийн эрэлт хэрэгцээ цаанаасаа урган гарч байна.
-Эзэнт гүрний үеийн гайхалтай дурсгал олдсон тухай мэдээнүүд судалгаа эрчимжсэнтэй холбоотой байжээ?
-Тавантолгой, Хориг уулын язгууртны оршуулгын судалгаа бүрэн дуусаагүй. Жирийн иргэдийн оршуулгын судалгаа ч үргэлжилж байгаа. Гэхдээ ийм тийм дурсгал олдлоо гэж зарлаж, зарим муу хүний шуналыг өдөөх нь сайхан биш. Дуулианы хөлөөр булш тоногдсон харамсалтай явдал ч гарсан байдаг. Булш оршуулгыг тонож байгаа нь хэд хэдэн учир шалтгаантай. Юуны урьд нийгмийн үнэт зүйлсийн баримжаа буруу байна. Эд хөрөнгийг бүхнээс дээр тавьж байгаагаас мөнгөний төлөө юу ч байсан хийхэд бэлэн болжээ. Бас нэгэн зүйл нь газар шороотой харьцдаг хувиараа алт ухагчдын бүхэл бүтэн арми бий болсон. Тэдний хувьд булш ухах нь тоглоомын ажил. Хулгайн малтлагыг өөгшүүлдэг олон суваг байна. Мөн хувийн музей нэртэй газрууд хулгайн малтлагыг хамгийн ихээр өөгшүүлдэг. Тэнд нэг орчихвол ямар ч хулгайн юм ариун цагаан мэт болж “угаагддаг”. Түүнээс гадна хилээр хууль бусаар гаргах явдал байсаар байна гэж харддаг нь үнэн. Тиймээс бидний хувьд сенсац шуугиан дэгдээхгүй, шинжлэх ухааны зарчмаа баримталж ажиллахыг хичээдэг.
Монголчуудын удамшлын сан 3000 жилийн өмнө эхэлсэн
-Таны Тамирын хөндийд хийсэн Хүннүгийн үеийн судалгаа 2021 онд шилдгээр шалгарч байсан. Энэхүү судалгааныхаа үр дүнгээс танилцуулна уу?
-Тамирын Улаан хошууны судалгааг 2001 онд эхлүүлсэн. Энэ бол 400 гаруй булштай, Хүннүгийн жирийн иргэдийн хамгийн том оршуулгын цогцолбор. Хойд, Урд Тамирын гол нийлж урсдаг Тамирын хөндийд Хүннүгийн 3000 орчим булш бий. Өөрөөр хэлбэл, энэ нутаг бол Хүннүгийн оршуулга, тахилгын хамгийн том төв юм. Эндээс холгүй Хүннүгийн шаньюйгийн ордон Луут хот, тахилын зориулалттай Хэрмэн талын зэрэгцээ гурван хэрэм бий. Манай судалж байгаа Тамирын Улаан хошуунд нэг гэр бүл буюу эгч дүү хоёроос салаалсан таван үеийнхний 30 гаруй хүний булш нэг дор байгааг баталсан. Нэг ёсондоо олон удам дамжсан, тухайн бүс нутгаа хянаж байсан сурвалжтан гэр бүлийн оршуулгын цогцолбор. Энэ бол генетикийн судалгаа хийх том боломж. Мөн Хүннүгийн үеийн овгийн зохион байгуулалт, бүтэц, оршуулгын газруудын үндсэн шинжийг бататган тогтоох ач холбогдолтой. Нийтлэг гарлаараа нэгдэж овог болж, оршуулгын газраа байгуулж байна. Энэ бол маш чухал дүгнэлт. Палеогенетикчид эдгээр булшнаас гарсан хүннүчүүдийн ясанд судалгаа хийхэд скифийн хэв шинжтэй удамшил зүйн зарим бүлгийг илрүүлсэн. Үүнээс үзэхэд Хүннүгийн бүрэлдэхүүнд скиф хэлбэрийн соёлын эзэд, тухайлбал Чандмань-Сагилын соёл, Пазырыкийн соёлынхон шууд багтаж байсныг хөдөлбөргүй баталж байгаа юм. Угаас бидний судалгаа олдвор хэрэглэхүүнд зориогүй, харин хүннү хүнийг судлахад чиглэж байсан. Хүннүчүүд хэвтээ цагийн хүрээнд ямар ард түмнүүдтэй генетикийн холбоотой байсан, босоо цагийн хүрээнд өвөг дээдэс нь ямар хүмүүс байв, орчин үеийн монголчуудтай хэрхэн холбогдох вэ гэсэн хоёр цагийн хүрээнд судалсан.
-Хүннүчүүд ямар төрхтэй хүмүүс байсан бол, өвөг дээдэс нь Монгол нутгийн уугуул оршин суугчид уу, тэд бидний өвөг дээдэс мөн үү гэх зэргээр янз бүрээр таамаглан ярьдаг. Та судалгаандаа үндэслээд ямар тайлбар хэлэх вэ?
-Удамшил зүй байтугай рас буюу төрхтний хувьд ч цэвэр үндэстэн гэж дэлхий дээр байхгүй. Цэвэр цустай гэвэл мөхөл рүүгээ яваа байх. Угсаатан эртнийх байх тусмаа их бага хэмжээний хольцтой байх нь жам юм. Монголчуудын удамшлын сан 3000 жилийн өмнө эхэлсэн. Үүнээс өмнө ч байж магадгүй. Гэхдээ 60 хувийн үндсэн цөмөө алдаагүй өнөө хүрчээ. Хүннүчүүдийн удамшлын сангийн гол цөм нь дөрвөлжин булшны оршин суугчдаас өвлөгдөөд дараа нь дундад зууны монголчуудад уламжлагдсан байдаг. Дундад зууны монголчууд, 2000 жилийн өмнөх хүннүчүүд, 3000 жилийн өмнөх дөрвөлжин булшныхан гэсэн гурван үеийн генийн сангийн 65 хувь нь одоогийн монголчуудад шууд уламжлагдсан. Гол цөм нь 3000 жилийн турш тасраагүй гэсэн үг. Харин үлдсэн 35 хувь нь үе үед өөр байжээ. Хүннүчүүдийн 20-оод хувь нь Баруун Ази, Зүүн Европын сармат гэж нүүдэлчин үндэстэн байжээ. Европ царай төрхтэй тэр хүмүүсийн ген Хүннүд явдаг. Бас монгол нутагт Хүннүгээс өмнө амьдарч байсан скиф төрхийн ард түмнүүдийн ген байгаа. Бас 20-оод хувь нь Умард Хятадын гаралтай байсан. Умард Хятад гэхээр одоогийн хан үндэстэн гэсэн үг биш шүү. Киданчууд, тангадууд, зүрчдүүд, бүр өмнөх үедээ бол сяньбичүүд, ухуаньчууд хамаарна. Дундад зууны монголчуудад бас Умард Кавказ зүгийн индо-европ хэлээр ярьдаг асууд буюу алануудын ген байгаа нь тогтоогдсон.
Газар нутгаа заавал ухаж биш хөрсөн дээрх соёлын өвөөрөө баялаг бүтээж яагаад болохгүй гэж
-Буган хөшөөг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх судалгааны багийг та ахалсан. Ямар номинацад бүртгүүлэв. Судалгааны ажил хэдэн жил үргэлжилсэн бэ?
-Дэлхийн өвд бүртгэгдсэн номинацын археологийн судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Н.Батболд, МУИС-ийн Археологийн судалгааны төвийн доктор Ж.Гантулга бид гурав ажилласан юм. Харин номинац бичих ажлыг удирдан зохион байгуулсан хүн бол манайхаас Дэлхийн өвийн бүх дурсгалыг бүртгүүлэх ажлыг удирдсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Уртнасан гуай. Энэ хүний удирдлагаар бид гурав энэ том ажлын ард гарч, их юм сурч авсандаа баярлаж талархаж байгаа. Өнөөдөр дэлхий дээр соёлын өрсөлдөөн өрнөж байна. Нэг чиглэл нь Дэлхийн өвийн өрсөлдөөн байх. Дэлхийн өвд 30, 40 дурсгал бүртгүүлсэн улсууд бий, гэтэл манайхаас том нутаг дэвсгэртэй, олон хүнтэй атлаа нэг ч өв бүртгүүлээгүй орон байж л байна. Монгол Улс Дэлхийн өвийн жагсаалтад соёлын дөрвөн өв, байгалийн хоёр өвийг бүртгүүлсэн. Буган хөшөөний онцлог нь анх удаа Дэлхийн өвийн нэгдүгээр ангиллаар буюу “Хүн төрөлхтний бүтээлч сод авьяасын шилдэг төлөөлөл” болсон. Үүний зэрэгцээ “Амьд байгаа болон үгүй болсон соёл иргэншлийн цорын ганц буюу онцгой ховор гэрч баримт” гэсэн гуравдугаар ангилалд давхар бүртгэгдсэн. Дэлхийн өвийн нэгдүгээр ангиллаар бүртгүүлэх нь ховор. Аль ч ангилал байсан ялгаагүй Дэлхийн өвд бүртгүүлэх үйл явц хэд хэдэн шатны шүүлтүүрээр дамжиж, олон жил үргэлжилдэг хүнд үйл явц. Манай баг сүүлийн долоон жил улсынхаа төлөө хийж буй хувь нэмэр гэж бодож ямар нэгэн далд ашиг сонирхолгүй нэгэн сэтгэлээр ажилласан. Гэхдээ бүртгүүлсний дараа нь хэрвээ өнгөрсөн долоон жилд энэ номинацад зориулсан цагаа хувийн судалгаандаа зарцуулсан бол хэчнээн ном, өгүүлэл бичих байсан бол гэсэн бодол төрж байсан шүү.
-Энэ өвөрмөц соёлыг үлдээгчид ямар хүмүүс байв?
-Буган хөшөө бол хиргисүүр гэж нэрлэдэг том чулуун байгууламжтай холбоотой. Хиргисүүрийнхэн буган хөшөөг босгосон хүмүүс юм. Гэхдээ хиргисүүр бол аварга том хэмжээтэй, оршуулгын байгууламж ч эд өлгийн зүйл гардаггүй учраас судалгаа хийхэд амаргүй, маш их хөдөлмөр зарцуулдаг. Бид одоогоор 40 гаруй хиргисүүрийн үнэмлэхүй он цагийг цуглуулсан байна. Хиргисүүрийнхний генетик судалгаанаас дүгнэвэл монгол, европжуу төрхтний холимог хүмүүс байжээ. Шууд монголчуудын өвөг гэхээсээ илүү монголчуудын удамшлын сан бүрдэхэд хажуугаас орж ирсэн нэг салаа нь байжээ. Энэ соёл 3200 орчим жилийн өмнө Монгол нутагт бүрэлдсэн аж. Хамгийн эртнийх нь Алтайн нуруу талдаа байна. Тэндээс Хангай, Хөвсгөлийн нуруунд тархсан. Цаашлаад Тагнын нуруу даваад Тувагийн үндсэн нутаг руу, Енисей мөрний хөндий рүү буган хөшөөний соёл нэвтэрчээ. Нэг ёсондоо манайд тархсан буган хөшөөний соёлоос 400 жилийн дараа тэнд скифийн гэж нэрлэгддэг амьтны загварт урлаг төгс хэлбэрээ олсон. Буган хөшөө Төв Азиас гаралтай гэдэг нь ямар ч маргаангүй.
-Дэлхийн өвд бүртгүүлэхийн давуу талаас дурдвал?
-Дэлхийн өвөөр бүртгүүлэхэд зардалтай, төвөгтэй, хамгаалахад бас зарлагатай, хариуцлагатай. Хүн төрөлхтний ирээдүйд зориулж хадгалж хамгаалах үүрэг хүлээж байна. Наад зах нь хамгаалалтын захиргаа байгуулах зэргээр тухайн улсын төрөөс мөнгө гарна. Гэхдээ энэ бол зарлагаа нөхдөг зүйл. Дэлхийн өв бол аялал жуулчлалын супер бүтээгдэхүүн. Дэлхийн өвөөр дагнасан жуулчны компани, онцгой сонирхлын жуулчдын давлагаа, телевизийн контентууд бий. Бид үүнээс хоцролгүй, оролцоод явмаар байна. Ганц, хоёрхон өвтэй бол боломжгүй. Соёлын дөрөв, байгалийн хоёр өвөө эдийн засгийн эргэлтэд оруулах зах зээл нээлттэй. Инновац шингээгээд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүх хэлбэрийг хөгжүүлж болно.
-Археологийн дурсгалд инновац шингээж, зах зээлийн эргэлтэд оруулна гэдэг шинэлэг санаа байна шүү?
-Жаргалант хайрхнаас олдсон Алтай ятга шинэ гадаад паспортыг чимэглэсэн байна лээ. Энэ бол археологийн дурсгал инновац болсны жишээ. Тэгвэл Монголын нэрээр бүртгүүлсэн буган хөшөөг бид лицензжүүлж, патентжуулаад хадгална гэсэн үг биш баялаг болгож хувиргах хэрэгтэй. Монгол гэхээр буган хөшөө, буган хөшөө гэвэл Монгол Улс санаанд буудаг холбоос бий болгоод дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх зам нээгдэж байна. Жишээлбэл, Дэлхийн өвд бүртгүүлснээр буган хөшөөний сувенирийг монголчууд анхлан үйлдвэрлэж, Эйфелийн цамхаг шиг зарах боломжийг нээж байгаа юм.
-Байгалийн баялаг ихтэй манай оронд археологийн дурсгалууд уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн жишээ бий. Тэгэхээр Дэлхийн өвийг хамгаалж, хадгалахад амаргүй байх нь ээ?
-Дэлхийн өвд бүртгэгдсэн хамгаалалтын газраас гадна нөлөөллийн бүсийг хамгаалдаг. Энэ бүс нутагт уул уурхай явуулж, дүр байдлыг нь гутаах барилга байгууламж барихыг хориглодог. Яахав, буруу чихээр сонсвол Монголын газар нутгийнхаа нэгхэн хэсгийг ашиглаж болохгүй мэт санагдах байх. Гэхдээ хожмын монголчуудад сөөм газар ч гэсэн унаган төрхөөрөө өвлөгдөг л дөө. Дэлхийн өвд байгаа нутаг Монголын нийт газар нутгийг сая хуваавал нэг цэгийн хэмжээтэй л дүйцнэ. Өнөөдөр газрын хөрсөө урвуулж, унаган төрхөө бүрэн алдсан улс байна. Тийм газар ч Дэлхийн өв нь унаган төрхөөрөө байж чаддаг. Харин хамгаалж чадахгүй бол Дэлхийн өвийн жагсаалтаас хасдаг практиктай. Манай улсад алтны уурхай хэрэгтэй, Дэлхийн өвийн жагсаалтаас манай энэ өвийг хасаадах гэж муйхарлавал хасагдах амархан. Гэтэл үнэндээ Монголын уудам нутаг дээр шар будааны дайтай газар унаган төрхөөрөө үлдээсэй, үр хойчис маань хэдэн зуун үеэрээ мянга мянган жил энэ агуу соёлоороо бахархаасай гэсэн хүсэл байна. Бүх газар нутгаа заавал ухаж биш хөрсөн дээрх соёлын өвөөрөө баялаг бүтээж яагаад болохгүй гэж.
-Одоо манай улсаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж байгаа дурсгал байгаа юу?
-Алтай Таван богдыг тойрсон газар нутаг, ан амьтан, ургамал, соёлын өвийг багтаасан “Уулын өндөр Алтай” гэсэн холимог номинац явж байгаа. Дэлхийн өвд ерөнхийдөө холимог номинац ховор, манай улс бол хараахан аваагүй байгаа. Энэ жилийн Дэлхийн өвийн хорооны хурлаар манай “Уулын өндөр Алтай” өв засвар хийх том даалгавар аваад буцсан. Экологийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, газар нутгийн хамрах хүрээг тэлэх зэрэг шаардлага тавьсан. Зарим зүйлийн амьтны популяц бидний санал болгосон газар нутгаас өргөн хүрээг хамарч байгаа юм. Энэ өв бүртгэгдэхэд хамгийн ойрхон байгаа. Мөн соёлын ангиллаар бичигдэж байгаа Хүннүгийн хаадын булшнууд, оршуулгын цогцолбор гэдэг номинац нэлээд урагштай байгаа гэж сонссон. Амжилттай бүртгэгдэх бүрэн бололцоотой номинац л даа.
-Хүннүгийн язгууртнуудын оршуулгын цогцолборыг XX зууны дэлхийн нээлтэд багтаадаг. ЮНЕСКО-д бүртгүүлбэл баталгаажуулсан явдал болох нь ээ?
-П.Козловын 1920-оод оны Ноён уулын малтлагыг тэгж үнэлдэг. Үнэхээр бүс нутгийнхаа археологид том нээлт мөн л дөө. Хүннүгээ дэлхийд данслуулах нь олон талын ач холбогдолтой үйл явдал болно.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (2)