Гоо сайхны олимпод тодрох мэдрэмжийн төгс илэрхийлэл

unen
14 цагийн өмнө

Тоглодог дээснийхээ бариулаар микрофон хийж, том өрөөнийхөө хөшигний араас гарч ирэхдээ тайз хэмээн төсөөлж явсан хүүхэд насны гэгээн дурсамж хүн бүрийн сэтгэлд хоногшсон байдаг. Тэдний зарим нь ингэж дүрсгүйтэхдээ ирээдүйд явах замынхаа эхлэлийг тавьсан байдаг уу гэлтэй. Одоо дурдах гэж байгаа хүний авьяас ч хүүхэд ахуйгаасаа тодорсон байх. Учир юу гэвэл түүний дуулж бүжиглэсэн үе ч хүүхэд наснаас эхлэлтэй. Телевизороор дуу хангинахад, сурталчилгааны хөгжим явахад ой гарантай бяцхан охин наадан бүжих нь гэр бүлийнхэндээ инээд хөөр бэлэглэнэ. Хэлд орохоосоо өмнө дуу хөгжимд дуртайгаа гэр бүлийнхэндээ мэдрүүлээд амжсан энэ охин бол Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Бат-Эрдэнийн Болор юм. Хүүхэд байхын хэвлүүхэн, хүний хайрыг татсан охиныг урлагийн замд хөтөлсөн хүн нь түүний ээж. Охиноо юунд дуртайг андахгүй ээж багаас нь ардын бүжгээр хичээллүүлж авьяасыг нь улам тодруулсан байх. Болорыг нэгдүгээр ангид байхад ардын бүжигтэй танилцуулсан нь ээжийн сонголт байв. Гэхдээ үүнийг хувь тохиол гэж хэлж болох. Бүжгийн олон төрлөөс яагаад заавал ардын бүжгийг сонгох болсон нь сонирхол татна. Яг л энэ замаар явах ёстой гэсэн шиг бүжгийн ямар төрлөөр хичээллэх нь Болорын хувьд багад нь тодорхой болжээ. Түүнийг хоёрдугаар ангид байхад бүжиглэх чин хүсэлтэйг ээж нь мэдээд Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулсан гэдэг. Энэ л дугуйлангаас Болор ирээдүйд хэрэгтэй бүхнээ олж мэдсэн. Бас түүний хувьд хүүхэд насных нь хамгийн аз жаргалтай мөч багачууд шуугисан энэ л өргөөтэй холбоотой ажээ. Чухам эндээс тэр мэргэжлийн бүжигчин болох хүсэл мөрөөдлөө тодорхойлсноор 2013 онд Монгол Улсын консерваторийн ардын бүжгийн ангид мэргэжлийн бүжигчин болохоор элсэн орсон гэдэг. Ярилцах зуур Болороос ардын бүжгийг яагаад сонгон суралцах болсон талаар асуухад “Миний хамгийн анх заалгасан бүжиг ардынх байсан. Тэр цагаас хойш тэмцээн уралдаанд оролцож мэргэжлийн сургуульд элсээд төгсөх хүртлээ ардын бүжгээрээ дагнасан. Гэхдээ тэр дунд надад балетчин болох сонголт хийх боломж байсан ч би үндэсний бүжгийнхээ тансаг аялгуу, дахин давтагдашгүй арга барилаас яахан татгалзаж чадах билээ. Үндэсний аугаа их өв соёл, бий биелгээ ямар гайхалтай гэж санана. Хамгийн гол нь ардын бүжиг бүжиглэх үеийн мэдрэмжийг өөр хаанаас ч авч чадахгүй” хэмээн тэрбээр дурдсан юм. 


Болор мэргэжлийн сургуулийн босгыг алхахаасаа өмнө нэлээд хэдэн удаа тайзан дээр гараад үзчихсэн. Тэмцээн уралдаанд оролцоод нүүр хагарчихаад телевизороор гардаг мундаг бүжигчид шиг болохоор мэргэжлийн урлагийн сургуульд ирсэн. Гэхдээ түүний анхны сэтгэгдэл төсөөлснөөс нь өөрөөр угтсан болов уу. Ерөнхий эрдмээс гадна мэргэжлийн хичээл судлах гээд тун завгүй цаг хугацаа түүнийг хүлээсэн байх. Урлагийн сургуулийн өдөр тутмын амьдрал өрнүүн, цаг хугацаа хурдан. Өглөөнөөс орой хүртэл нэг л зүйлийн төлөө хичээнэ. Сургуулийн булан тохой болгон амьд. Заал, танхим, шатны хоосон орон зайг ч хүүхдүүд ашиглаж бүжгээ давтаж, хөгжмөө тоглон сууж байгаа харагддаг. Ийм өрнүүн, баялаг орон зайд нэгэнт орсон бол гарах талаар бодол төрдөггүй болов уу гэмээр. Болор ч энэ хэмнэлийн нэг хэсэг нь болж Монгол Улсын консерваторио 2018 онд Оюун багшийнхаа удирдлагад бүжгийн жүжигчин мэргэжлээр төгс­жээ. Нэгэн цагт консерваторийнхоо өндөр үүдээр ээжтэйгээ хөтлөлцөөд орж байсан охин сургуулийн ширээнээс холдож мэргэжлийн урлагийн тайзан дээр гарах боллоо. Тэр сургуулиа төгссөн жилээ үндэсний гэх тодотголтой урлагийн их театрын бүжигчнээр тайзан дээр анх удаа гарсан юм. 
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл гэгддэг “Нарны домог” ардын бүжгийн жүжгээс эхлээд театрын тайзнаа тавьсан бүтээлүүдэд Болор оролцон тогложээ. Түүний тоглосон бүжгийн жүжгүүдээс “Монголын их хатад”-ын 10 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн цаг үеийн үйл явдлыг толилуулахын зэрэгцээ тухайн үеийн монголчуудын уламжлалт соёл, ёс заншил, бүжиг, хөгжмийг судлан сэргээж тайзнаа амьдруулан тавьснаараа онцлогтой энэ бүтээлийн Чимбай хатны дүрд Болор тоглож байсан. Харин энэ удаа Гоо марал хатны дүрийг бүтээхээр бүжгээ давтаж байна. Үүний зэрэгцээ саяхан амьдралд нь баяр, карьерт нь чимэг нэмэх тэмдэглэлт үйл явдалд оролцож сар гаруйхан хугацааны дараа Энэтхэг улсыг зорихоор болоод байгаа юм. Ээж хүн олон зүйлд “нүдтэй”. Охиноо бүжигчин болох авьяастайг мэдээд тууштай дэмжсэн. Харин энэ удаа Болорын ээж Монголын сайхан бүсгүй тэмцээнд охиноо оролцуулахаар бүртгүүлсэн байв. Энэ үед Болор гаднын оронд аялан тоглолтоор явж байсан бөгөөд миссийн тэмцээнд авьяас, ур чадвараа сорихоор болсныг эх орондоо ирээд л мэдсэн гэдэг. Гэхдээ миссийн тэмцээн Болорын хувьд анхных биш. 

Тэр 2019 онд Манжуурын миссийн тэмцээнд оролцож байсан туршлагатай. Тиймээс ээж нь түүнийг чадна гэдэгт итгэсэн байх. “Монголын сайхан бүсгүй тодруулах тэмцээнд оролцох миний хувьд их гэнэтийн шийдвэр байсан. Ээж минь намайг гадаад руу сургуульд явахаасаа өмнө, залуу байгаа дээрээ энэ тэмцээнд оролцоод үзвэл яасан юм бэ гэдэг саналыг тавьсан. 

Тиймээс би оролцоод үзэхээр шийдсэн” гэж хэлэхдээ Болорын ээждээ, гэр бүлийнхэндээ ямар их хайртай нь мэдрэгдэж байсан юм. Ингэж 23-хан настай охин олон орны сайхан бүсгүйчүүдтэй нэгэн тайзнаа гарахаар болжээ. 
Дэлхийн хамгийн анхдагч олон улсын гоо сайхны тэмцээн бол “Miss World”. Олон улсын энэ наадамд Монгол Улс 2005 оноос хойш 18 жил оролцож байна. 2021 онд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Бөртэ-Үжин уран нугаралтын үзүүлбэрээр “Авьяаслаг мисс”-ээр тодрон хагас финалд шалгаран үлдэж Монгол Улсын хэмжээнд анх удаа томоохон амжилт үзүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадсан. Дэлхийн миссийн шалгаруулалтад тэнцсэн оролцогчид хагас финалд шууд үлдэж үндэсний бүжиг болон уран нугаралтын үзүүлбэрээ анх удаа үзэгчдийн нүдэнд өртөх гол байршилд дэлхийн гурван тэрбум үзэгчийн өмнө толилуулж Монгол Улсын үндэсний хувцас, уран нугаралт, хөгжим, урлаг соёлыг гурван минутын турш толилуулж эх орноо амжилттай сурталчилж чадсан билээ. Болорын хувьд ч энэ амжилтыг давж биелүүлэх боломжтой. Түүний оролцон тоглосон бүжгийн жүжгүүдээс дэлхийд гайхагдах бүтээл олон. Тийм нэгэн бүжгийн жүжиг бол “Тэнгэрийн хутагт”. Догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан тайзнаа амилуулсан энэ бүтээлд Болор хутагтын сэтгэлт бүсгүй Цогзулын дүрийг бүтээн тайзнаа гарсан билээ. Ийм нэгэн авьяаслаг бүсгүй сар гаруйхны дараа эх орноо төлөөлөн дэлхийн сайхан бүсгүйчүүдтэй нэгэн тайзнаа алхахаар бэлтгэлээ яаравчилж цаг хугацаатай уралдан явна.  

 Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22