Б.Дэлгэрбат: “Хайрхан хөгжлийн төв”-ийг цогцолбор хүрээлэн болгохоор зорьж байна


Чингэлтэй дүүргийн “Хайрхан хөгжлийн төв”-ийн дарга Б.Дэлгэрбаттай ярилцлаа.

 -Үйл ажиллагаагаа эхлүү­лээд төдийлөн удаагүй ч маш олон хүн үйлчлүүлдэг газар бол­жээ. “Хайрхан хөгжлийн төв”-ийнхөн одоогоор  хэчнээн төрлийн, ямар үйлчилгээг  иргэдэд үзүүлж байна вэ?

-Манай төв 2020 онд гэр­чилгээгээ авснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн. Энэ байгууламжийн ажлыг 2016 онд эхэлсэн байдаг. Бүрэн дуусгавар болохгүй байсаар багагүй хугацаа зарцуулсны эцэст  гурван жилийн өмнөөс спортын чиглэлийн үйлчилгээг бүрэн ашиглалтад оруулсан юм. 

Ингэснээр бид одоогоор 800-1500 хүний багтаамжтай, стандартын гүйлтийн зам, талбайтай, томоохон байгууллага хамт олны бүх төрлийн нийтийн спорт, наадам, бусад арга хэмжээг зохион байгуулах боломж бүхий хөлбөмбөгийн задгай талбай, стандартад нийцсэн сагс, волейбол, олс таталт, заалны хөлбөмбөг, буухиа гэх мэт бүх төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой дотор заал байгаа. Мөн байгууллага хамт олон, сагсан бөмбөг сонирхогч клуб, баг хамт олон 3х3 болон бусад спорт тэмцээн зохион байгуулах боломжтойгоос гадна талбайгаас гадна газрын теннис сонирхогч клуб, баг хамт олон спорт тэмцээн зохион байгуулах боломжтой газрын теннисийн гадаа талбай бий.

Хамт олны гадаа уулзалт, сургалт, үзвэр, нийтийн бүжиг, үзэсгэлэн зохион байгуулах боломж бүхий дугуй хэлбэрээр тохижуулсан, тайз, хөгжим аппаратур байршуулах боломж­той 250-300 хүний баг­таамж­тай задгай театртай. Хурал, үзэсгэлэн, сургалт зэрэг бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий хөгжим аппаратураар тоноглогдсон 100-150 хүний багтаамжтай урлаг заалтай. Мөн эрүүл мэнддээ анхаарч буй иргэддээ зориулан чийрэгжүүлэх чиглэлээр гүйлтийн зам, дугуй, гантел төхөөрөмж бүхий чийрэгжүүлэлтийн болон уулзалтын өрөө, хүлээн авалтын танхимтайгаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Манайх гаднаа 150-200 автомашины зогсоолтой. Түүнчлэн энэ төвийг ашиглалтад оруулснаар цөөнгүй хүнийг ажлын байраар хангаж байна. Одоогийн байдлаар манайд 24 албан хаагч ажиллаж байна. Үүнээс гадна спорт хорооны зарим албан хаагч манайд бүртгэлтэй байдаг. Нийтдээ 50 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрдмийн цэцэргэлт хүрээлэн. 

-Үйл ажиллагаагаа эхлүүлс­нээс хойш хэр олон хүнд хүрч үйл­­чилсэн бэ. Амралтын өдрүү­дэд ойролцоогоор хэчнээн хүн ирж амарч, зугаалдаг тухайд та тоон мэдээлэл өгч болох уу?

-2020 онд үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй зэрэгцээд дэлхий нийтээр ковид цар тахалтай нүүр тулсан шүү дээ. Ингээд 2022 оноос яг үндсэн зориулалтаараа үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэсэн үг. Энэ ондоо л гэхэд давхардсан тоогоор 37-38 мянган иргэнд үйлчилсэн дүн мэдээ гараад байна. Ингэхдээ мэдээж спортын олон төрлөөр болон амралт, зугаалгын чиглэлээр иргэд маань ирж үйлчлүүлсэн байна. Энэ жилийн хувьд хамгийн багадаа 50 мянган хүн ирж үйлчилүүлнэ гэсэн өөдрөг төсөөлөл гаргасан. Энэ ч үүднээс бид манайхыг зорин ирсэн хэн бүхэнд өөрсдийн үйл ажиллагааны хүрээн дэх бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Одоогийн байдлаар бид зорилтот үйлчлүүлэгчийнхээ 85 орчим хувьд үйлчилгээ үзүүлчихээд байна. Цаашид он дуустал 50 мянган хүнд хангалттай хүрч үйлчилнэ гэж тооцож байгаа юм. Бид хүссэн хүн бүхэнд нээлттэйгээр үйл ажиллагаа явуулдаг учраас зөвхөн Чингэлтэй дүүрэг гэлтгүй улсын хэмжээнд ажиллахад бэлэн байна. Тийм ч учраас энэ ойр орчмын иргэдээс гадна хотын зах, алслагдсан дүүргээс ч иргэд ирж үйлчлүүлдэг. 

-Нэлээд мод тарь­сан харагдаж байна. Ногоон бай­гуу­ламжаа нэмэгдүүлэх, арчилж хамгаалах талд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай төв нийтдээ 80 га газрыг эзэмшдэг. Мод тарих хангалттай зай талбай бидэнд бий. Тийм ч учраас бидний зүгээс иргэд болон аж ахуйн нэгжүүдийг уриалан мод тариулсаар байгаа. Өмнө нь Дээд салхитын энэ хэсэгт модтой байсан юм билээ. Сүүлд янз бүрийн шалтгаанаар устаж үгүй болсон. Тиймээс бид дахин моджуулах шаардлагатай гэж үзсэн. Анх 2016 онд энэ хэсэгт бүтээн байгуулалт хийж эхэлснээс хойш мод тарьсан л даа. 2020 онд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлснээс хойш эрчимтэй тарьснаар одоогоор албан тоогоор 43, албан бусаар 70 гаруй мянган мод тариад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Монгол Улс даяар өрнөж байна. Үндэсний хөдөлгөөнд нэгдэн дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг заргын тамгын газар, дэргэдэх байгууллагууд, сургууль, цэцэрлэгээс авахуулаад үйлдвэр аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэд бүгд мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцсоор байна. Мод тарьснаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой учраас бид цаашид мод тарих ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх болно. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд дүүргийн Засаг даргатайгаа зөвлөлдсөний үндсэн дээр манай төвд ойн инженерийн орон тоог нэмсэн. Оноос өмнө ийм мэргэжилтэнтэй болно. Ингэснээр ирэх хавраас мод тарих үед мэргэжлийн заавар, зөвлөгөөг өгчих нь байна шүү дээ. 80 га газрыг манай ажилчид нэгбүрчлэн харж хандаад, услаад байж чадахгүй учраас мэргэжлийн хүнийг авч ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэр хүний хийх ажил энэ модыг тарьж ургуулахад тохиромжтой, энэ нь тохирохгүй. Эсвэл энэ мод үхжиж байгаа учраас ийм арчилгаа, тордолгоо шаардлагатай гэх зэргээр шаардлагатай арга хэмжээг хэлж өгнө. Манай төвд албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэдийн тарьсан мод байдаг учраас өөрсдийнх нь тарьсан мод юу болж байгааг эргээд мэдээлээд явчихна. Өөрөөр хэлбэл, манай ажилтны хийсэн бүртгэлийн дагуу “Танай тарьсан мод үхжиж эхэлсэн, шарлаж байна, ирж арчилж тордоно уу. Эсвэл та бүхэн ирж модоо услаарай” гэх мэтээр мэдээлэл хүргэнэ. Ингээд тухайн иргэн, байгууллагаас ирсэн төлөөлөлд бид усыг нь гаргаад өгнө. Энэ нь хүссэн бүхэн хүссэн газраа мод тариад орхидгийг болиулахаас гадна эргээд уялдаа холбоотой байж, тарьсан модоо ургуулж, үр дүнгээ үздэг байх тухайд бидний зүгээс хийж буй менежмент юм даа. Хамгийн сүүлд санаачилсан бас нэг ажил нь явган алхалтын зам. Тодруулбал, манай төвийн хаалгаар орж ирэх хэсгээс авахуулаад модон төгөл дундуур иргэдийн салхилж алхах замыг засах юм. Энэ зам манай төвийг бүтэн тойрох байдлаар үргэлжлээд шинээр байгуулахаар төлөвлөсөн Зайсан толгой шиг амралт, зугаалгын цогцолбортой холбоно. Нэг ёсондоо явган алхалтын замаар явахын зэрэгцээ “Хайрхан хөгжлийн төв” дэх бүхий л талбай, байгууламжийг бүхэлд нь харах боломжтой болно гэсэн үг. Энэ явган алхалтын зам урт учраас дунд нь амарч суух хэсэг хийх шаардлагатай болно. Үүнийг Чингэлтэй дүүрэгтэй хамтын ажиллагаатай байдаг гаднын байгууллагуудаар хийлгүүлэхээр төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон бүр өөрсдийн үндэсний онцлогийг харуулсан амралтын хэсэг байгуулж өгөх нь байна. Ингээд өнөөх явган алхалтын замаа бүхэлд нь олон улсын төгөлт гудамж гэж нэрлэнэ. Ийм л төсөөлөлтэйгөөр ажиллаж байна.

-Хөлбөмбөгийн талбай байнгын ашиглалттай байдаг бололтой. Бусад төрлийн үйлчилгээг цаашид байнгын ашиглалттай байлгах боломжтой юу?

-Хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу хийсэн. Бусад газарт ногоон зүлгийг шууд цементэн дээр хучдаг. Гэтэл энэ нь стандартын дагуу биш гэсэн үг. Манай талбайн хувьд доороо хайрга дайрга асгаж байгаад дээрээс нь зүлгээр хучсан байдаг. Мөн талбай өөрөө гүдгэр байхаас гадна усны хаялгыг хийж өгсөн. Энэ тохиолдолд бороо орсон үед талбайд ус тогтохгүй, тамирчид бэртэж гэмтэх аюулгүй гэсэн үг. Үүнээс гадна энэ талбайд автомашины үзэсглэн шоу, байгууллагын фестиваль зэргийг хүртэл хийж байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Юнител”-ийн 1500 хүн анх удаа фестиваль хийж үзлээ. Хангалттай гоё болсон. Саяхан мөн тусгай хүчний байгууллагын офицеруудын тэмцээн болсон. Маш өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн, уралдаан болсон. Энэ чиглэлээр бидний хувьд олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулаад үндсэндээ туршлагажсан гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр дуучид клипний зураг авалт хийдэг. Фитнесс, спинингийн реклам сурталчилгаа хийх зэргээр олон янзаар ашиглаж байна. Спорт заалны хувьд дөрвөн улирлын турш ашиглалттай байдаг. Хөлбөмбөгийн талбайг улирлын чанартайгаар ашиглаж байна. Энэ бол уртаашаа 200м, өргөөшөө 120 метр том байгууламж учраас хучиж хаах буюу өвлийн улиралд ашиглах боломжгүй. Иргэдийн хувьд манай төвд ирж спортын олон төрөлт арга хэмжээг зохион байгуулахаас гадна амарч зугаалахаар маш их ирдэг. Ялангуяа амралтын өдрүүдээр өдөртөө 200-300 хүн ирдэг. Тоон дүн хэлэхэд хэцүү. Учир нь манай төвд маш олон төрлийн, олон арга хэмжээ тогтмол болдог. Тухайлбал, амралтын хоёр өдөрт хөлбөмбөгийн талбай чөлөөгүй байдаг. Цаг агаар тааруу байгаа зарим амралтын өдөр хөл хөдөлгөөн татардаг. Бусад үед байнгын ашиглалттай байдаг даа. Манай төвд хүссэн хэн боловч чөлөөтэй амарч зугаалах боломжтой. Сагс, хөлбөмбөг тоглохоос гадна хүүхдээ салхи­луулах, ууланд авирах хүртэл боломжтой Манайх төсөв бүрдүүлдэг байгууллага учраас хамт олон, албан байгууллагуудын захиалгыг тогтмол авдаг. Ийм үед ногоон талбайгаас амарч зугаалж яваа иргэдийг зайчлах шаардлага гардаг учраас хооронд нь зааглах шаардлага үүсээд байгаа юм.

-Тэмцээн, уралдаантай үед иргэд ногоон зүлгэн дээр амарч, нарлах боломжгүй юм байна. Тэгэ­хээр цаашид энэ хэрэгцээг хангах чиглэлд ямар шийдэл байна вэ?

-Хөлбөмбөгийн талбай амралт хоёроо тусгаарлах шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс бид 2022 онд дүүргийн ИТХ болон Засаг даргатайгаа хамтраад зураг төсөл гаргаад байна. Энэ зураглалын дагуу хөлбөмбөгийн талбайгаас зүүн тийш 300 метрт тэгшилсэн талбай бий. Тухайн хэсэгт бид Зайсан толгой шиг амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөөд зураг төслийн ажил нь дууссан. Одоо хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгаснаар бид ирэх хавар гэхэд амарч саатах, хүүхдүүдээ тоглуулж болох тэр бүү хэл, иргэдийн хэрэгцээг хангах хэсгийг нэмж байгуулахаар ажиллаж байна. Тэнд худалдааны цэг, эко нойлыг нэмж байгуулна. Зайсан толгойг бодвол талбайн хэмжээ нь том учраас олон төр­лөөр ашиглах боломжтой гэсэн үг. 

-Ашиглалтын явцад зай тал­байгаа ашиглаад шинэ тутам хөгжүүлэх хэрэгцээ гардаг байх. Энэ тухайд хамгийн сүүлд ямар санал, санаачилга гарав?

-Тэгэлгүй яахав. Бид “Хайрхан хөгжлийн төв”-өө аль болох олон хүнд хүртээмжтэй, олон төрөл байдлаар иргэдэд ашиглуулах, хэрэгцээг нь хангахыг зорьж, бүтээн байгуулалтаа хийдэг. Үүний дагуу хөлбөмбөгийн талбайн зүүн доод бэл сул чөлөөтэй байдаг учраас иргэд өвлийн цагт цана, чаргаар гулгадаг. Гэхдээ доошлох тусам гуу жалгатай, аюултай байдаг учраас хаалт, хашлага хийхээр төлөвлөж байна. Харин зуны цагт тухайн хэсгийг уулын дугуйн зам болголоо. Нэг ёсондоо Монгол Улсад анх удаа бартаат замын дугуйн талбайтай болж, маршрутыг нь манай дүүрэгт, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбайд ийм замтай болж байгаа юм. Үүний дагуу Олон улсын дугуйн холбоотой хамтраад Монгол Улсад анх удаа есдүгээр сарын 29-нд анхны бартаат замын дугуйн уралдааныг зохион байгууллаа. Оролцогчид, мэргэжлийнхэн төдийгүй иргэд маш таатай хүлээн авсан. Цаашдаа ирэх жилээс энэ хэсэгт дугуйн маш олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулах боломж бүрдэнэ. Бусад цагт мэргэжлийнхэн төдий­гүй эцэг эхчүүд ч хүүхдүүдээ да­гуулж ирээд дугуйн спортын дад­лага, сургуулилалт хийх бо­ломж­той болсныг танай сони­ноор дамжуулан мэдээлэхэд таатай байна. 

-Цаашид бүх талаар хөгжүүлсэн цог­цолбор болох юм байна. Энэ чиг­лэлд ямар төсөөлөлтэй байна вэ?

-Цаашдаа энэ бол маш том цог­цол­бор болно. Чингэлтэй дүүргийн удирд­лагуудын бодлого ч ийшээ чиглэж байна, иргэдийн хүсэлт ч байна. Соёл, спорт амралтын цэ­цэр­лэгт хүрээлэн байгуулахаар зорин ажиллаж байна. Зөвхөн спор­тын цогцолбор бус бусад олон хэлбэрээр хөгжүүлэх бүрэн боломж­той. Иргэд энд мод тарихаас авахуу­лаад ууланд алхах, агаарлаж салхилах, соёлын арга хэмжээ зохион багуулах боломжтой. Энэ чиглэлээр л бүтээн байгуулалтыг хийх ёстой гэж үзээд байгаа юм. Анх энэ төвийг үүсгэн байгуулахдаа Чингэлтэй дүүргийн болон нийслэлийн иргэдэд биеийн тамираар хичээллэх боломжоор хангах үндсэн зорилготой байсан. Үйл ажиллагааны уялдаа холбоог дагаад цаашдын хэтийн бодлогоо хоёр дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгох нь зүйтэй гэж үзсэн л дээ. Ингэснээр соёл, амралтын цогцолбор болгохоор алсын хараагаа тодорхойлсон. Соёл гэдэг агуулгад задгай театрыг байгуулсан бол спортын заалнаас авахуулаад хөл бөмбөгийн талбай, биеийн тамирын бүхий л төрлөөр хичээллэх боломж энд бүрэн бий. Үүнээс гадна амралтын өдрүүдэд жишээлбэл, маш их хүн ирж амарч зугаалдаг учраас цогцолбор байдлаар хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн л дээ. Өглөөний 07:00 цаг гэхэд хамгийн багадаа 20 хүн гүйж байдаг, заримдаа 40-50 ч хүрнэ. Мөн манай төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд маш их ирдэг. Тэмцээн уралдааныг ч зохион байгуулдаг. Тийм ч учраас бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авто машины зогсоолыг тусгайлан байгуулсан. Иргэд нэгэнт олноор цуглардаг газар болсон учраас хэрэгцээ, шаардлагад нь бүрэн нийцсэн цогцолбор болгохын тулд бид үйл ажиллагаагаа жил бүр өргөжүүлэн тэлж байна. Жижиг гэлтгүй ажлыг нэмэлтээр хийсээр л байгаа.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22