Албан бус хөдөлмөр эрхлэлт гэж юу вэ. Энэ асуултад хариулахын тулд дараах тодорхойлолтуудыг ойлгож мэдэх хэрэгтэй. Албан бус эдийн засаг гэж практикт албан ёсны зохицуулалтад огт буюу бүрэн хамрагдаагүй ажиллагчид болон эдийн засгийн нэгжүүдийн эрхэлж буй эдийн засгийн бүх үйл ажиллагааг хэлдэг. Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт гэдэг нь тухайн ажиллагчийн ажиллаж буй газрынх нь шинжээр тодорхойлдог аж ахуйн нэгжид суурилсан ойлголт. Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 15 дугаар Бага хурал(ОУХСБХ)-аас тодорхойлсноор албан бус салбар нь ажлын байр, орлого бий болгох үндсэн зорилготойгоор үйлдвэрлэл,үйлчилгээ эрхэлж буй нэгжүүдээс бүрдэнэ. Албан бус салбар нь өмчлөгч эздээсээ тусгаарлан бие даагаагүй, энгийн бүтэцтэй, жижиг хэмжээтэй, үйлдвэрлэлийн хүчин зүйлс(хөдөлмөр, капитал)-ийн хуваарь байхгүй буюу төрөлжилт багатай, аж ахуйн зохион байгуулалтад ороогүй нэгжүүдийн дэд олонлог юм. Харин албан бус хөдөлмөр эрхлэлт гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаа болон тухайн ажиллагчийн ажлын байртай холбоотой баталгаанд үндэслэн тодорхойлдог ажлын байрт суурилсан ойлголт. Албан бус хөдөлмөр эрхлэлт гэж хуульд буюу практикт үндэснийхээ хөдөлмөрийн хууль тогтоомж, орлогын албан татвар, нийгмийн хамгаалал, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн бусад баталгаанд хамрагддаггүй ажлын хэлбэрүүдийг хэлнэ. Албан бус хөдөлмөр эрхлэлтэд албан буюу албан бус аж ахуйн нэгж, өрхөд албан бус ажлын байранд ажиллагчид, түүний дотор албан бус ажлын байранд ажиллаж буй хөлсний ажилтнууд; өөрийнхөө албан бус аж ахуйн нэгжид ажиллаж буй ажил олгогчид болон бие даасан ажиллагчид; үйлдвэрлэлийн албан бус хоршоодын гишүүд; өрхийнхөө албан буюу албан бус аж ахуйн нэгжид хувь нэмрээ оруулагч гэр бүлийн гишүүд; өрхийнхөө эцсийн хэрэглээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бие даасан ажиллагчид хамаарна.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг яагаад онцгойлон анхаарах ёстой вэ
Дэлхийн ажиллах хүчний 60 гаруй хувь нь албан бус хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний олонх нь зохистой хөдөлмөрийн нөхцөл бүрдээгүй, тэр дундаа нийгмийн баталгаа хангалтгүй нөхцөлд ажиллаж байна. Дэлхийн хүн амын 55 хувь нь нийгмийн хамгаалалд огт хамрагдаагүй байгаагийн дотор албан бус эдийн засагт ажиллагчид зонхилж байна. Түүнчлэн нийгмийн хамгаалалд хагас дутуу хамрагдаж буй маш олон хүн байна.
Монгол Улсад 2021 оны байдлаар 464.0 мянган хүн албан бусаар хөдөлмөр эрхэлж, алба бус хөдөлмөр эрхлэлтийн түвшин 41.2 хувь байв. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж буй 100 хүн тутмын 41 нь албан бус хөдөлмөр эрхлэгч байна. Албан бус хөдөлмөр эрхлэгчгүй нэг ч салбар, нэг ч байгууллага байхгүй, төрийн болон хувийн хэвшлийн аль алинд албан бус хөдөлмөр эрхлэлт өргөн хүрээтэй байна. Олон улсын түвшинд гэрийн үйлчилгээний ажилчид, хөдөө аж ахуйн ажилчид, бие даан ажиллагчид, барилгын ажилчид, бичил болон жижиг үйлдвэрийн ажилчид албан бус хөдөлмөр эрхлэгчдэд зонхилж байгаа бол манай улсад ч энэ хандлага адил байна. Ялангуяа малчид, бие даан ажиллагчид албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дотор зонхилж байна.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлогын түвшин харилцан адилгүй ч дийлэнх нь амьжиргаагаа залгуулахын тулд өчүүхэн бага цалин хөлс, орлогын төлөө тэсвэрлэшгүй хүнд нөхцөлд олон цагаар амралтгүй ажилладаг нь нийгмийн олон асуудлыг дагуулж байна. Тухайлбал, албан бус хөдөлмөр эрхлэгчид бүртгэлгүй, татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болохоор хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн дэмжлэг авч чадахгүй байна. Нийгмийн даатгалд хамрагддаггүй учир ажилгүй болох, бэртэж гэмтэх, өвдөх, жирэмслэх болон амаржих, нас барах зэрэг тохиолдолд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлогын ямар ч баталгаагүй үлдэж байна. Энэ байдлаас шалтгаалан албан бус хөдөлмөр эрхлэгчдийн дотор ядуу амьдралтай хүмүүс, гэр бүл олон байдаг.
Тухайлбал, 2021 оны байдлаар Монгол Улсын нийт малтай өрхийн 35 хувь нь 100 ба түүнээс доош толгой малтай, 4.4 хувь нь 1000 ба түүнээс дээш толгой малтай, үлдсэн нь 101- 999 толгой малтай байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээллээр Монгол Улсад 2021 оны байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа боловч ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй хүн амын хувийн жин 22.4 хувь байна. Үүний дийлэнх нь албан бус хөдөлмөр эрхлэгчид, түүний дотор малчид байх магадлалтай.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албан салбарт хэрхэн шилжүүлэх вэ
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийг албан салбарт шилжүүлэх урт хугацаанд үе шаттай тогтвортой хэрэгжих бодлого хэрэгтэй. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-аас хоёр чиглэлт стратеги баримтлахыг зөвлөж байна. Энэхүү стратегийн дагуу улс орон бүр албан бус хөдөлмөр эрхлэгчдийн доторх орлогын янз бүрийн түвшинтэй бүлгүүдэд тус бүрд нь тохирсон бодлого, арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, харьцангуй өндөр орлоготой албан бус хөдөлмөр эрхлэгчдийг шахалт дарамт үзүүлэхгүйгээр дэмжих, урамшуулах замаар албан салбарт шилжүүлэх, орлого багатай хэсгийг эхний ээлжид нийгмийн хамгаалалд хамруулах арга хэмжээ авах нь эдийн засгийн өсөлт болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд эерэг нөлөөтэй байна.
Энэхүү зөвлөмжийн дагуу улс орон бүр өөрийн онцлогтоо тохирсон үндэсний стратегиа боловсруулах ёстой бөгөөд уг стратегийг “Оношилгооноос хяналт шинжилгээ хүртэл: Үе шаттай хандах арга”-аар боловсруулахыг санал болгожээ. Уг аргын үе шатыг дараах байдлаар тодорхойлсон байна:
-Албан бус эдийн засагт ажиллагчид болон эдийн засгийн нэгжүүдийн нөхцөл байдлыг оношлох:
Ажиллагчдын янз бүрийн бүлгүүд, тэр дундаа эрэгтэй,
эмэгтэйчүүдийн дунд нийгмийн хамгаалалд хамрагдаж чадахгүй байгаа хэсэг, хамрагдахад тулгарч буй бэрхшээл, түүнчлэн албан бус салбарт ажиллаж байгаа эдийн засгийн нэгжүүдийн бүтээмж, шимтгэл төлөх чадавх зэргийг авч үзсэн байна.
-Эрх зүйн зохицуулалт, бодлогын хүрээ болон практик нөхцөлийг шинжлэх:
Албан бус эдийн засагт ажиллагчид нийгмийн хамгаалалд хамрагдахад саад болж буй бэрхшээлийг тодорхойлж, дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ тэдний харилцан адилгүй нөхцөл байдал, нэн тэргүүний хэрэгцээг харгалзан шинэчлэл хийх боломжит хувилбаруудыг тодорхойлоход чиглэнэ.
-Тэргүүлэх чиглэлүүдээ тогтоох:
- Албан бус эдийн засагт ажиллагчдын хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогын хувилбаруудыг тодорхойлж сонгон, хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэс дараа, хугацааны хязгаарыг тохирно
-Бодлогын нэгдсэн хүрээг боловсруулах:
Бодлогын уялдаа холбоо, бүтэц, зохион байгуулалтын хэвийн ажиллагааг хангахад чиглэнэ.
-Хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх:
Хяналт шинжилгээ, явцын үнэлгээний тогтолцоо, эцсийн үр нөлөөний үнэлгээ зэргийн үндсэн дээр бодлогын хүрээг тогтмол хянан үзэж, шаардлагатай тохиолдолд зохих өөрчлөлт оруулж байх нөхцөл бүрдэнэ.
Дээрх бүх үйл явцад ажилчид, ажил олгогчдын төлөөлөл, бусад оролцогч талуудыг оролцуулж байх шаардлагатай. Манай улсын эдийн засгийн өсөлт тогтворгүй, ядуурлын түвшин өндөр бөгөөд дорвитой буурахгүй байгаа өнөөгийн нөхцөлд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн талаар оновчтой бодлого боловсруулж, тэдний доторх янз бүрийн бүлгүүдийн өвөрмөц хэрэгцээнд тохирсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь ажлын байрны хүртээмж, чанарыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой байна.
Н.Аюуш
/Эдийн засагч/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна