“Монголын үнэн” сонин 104 дэх жилийн түүхээ бичиж эхэллээ


Ертөнцийн түүхийг өөрчилсөн томоохон нээлтийн тоонд Германы алтны дархан Иоханнэс Гутэнбэргийн хэвлэх үйлдвэрийн машин зүй ёсоор тооцогддог. Үсэг тус бүрийг цуглуулж хэвлэх аргыг анх хэрэглэсэн, механик хэвлэлийн суурь машин зохион бүтээсэн энэ эрийг “Мянганы хүн”-ээр тодруулж, түүний бүтээлийг “Time–Life" сэтгүүл “Хоёр дахь мянганы хамгийн чухал нээлт” хэмээн зарласан. Одоогоос 500 гаруй жилийн тэртээ хүн төрөлхтөн хэвлэх үйлдвэртэй болж. Харин монголчууд үүнээс хойш 400 гаруй жилийн дараа анхныхаа тогтмол хэвлэлийг Эрхүү хотноо өлгийдөн авсан юм. Хүрээний хувьсгалчид нууц бичиг захидал, ухуулга хуудас энд тэнд нааж байснаа 1920 онд Эрхүүд “Монголын үнэн” нэртэй сонин хэвлүүлэн Нийслэл Хүрээнд оруулж ирсэн түүхтэй. Одоогоос яг 103 жилийн өмнө Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид санаачилж, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх тэргүүтэй бичгийн мэргэд анхны мэдээ, мэдээллийг нь бэлтгэж, тухайн үеийн сэхээтнүүдийн төлөөлөл Д.Ишдорж, Ч.Пүрэв нар ариутган шүүж, Алс Дорнодын Коминтерний нарийн бичгийн дарга нарын газрын дарга Б.З.Шумяцкий, Коминтерний төлөөлөгч С.Борисов, Э.Ринчино нарын оролцоотойгоор гарч байсан энэ сонин 100 гаруй жил насалж, Монгол Улсын түүхийн салшгүй нэг хэсэг болно гэж тэр цагт хэн ч төсөөлөөгүй нь лавтай.

Цэл залуухан хориод настай, сэтгэл зүрх нь гал адил дүрэлзсэн залуухан эх орончид “Монголын үнэн” сониныг санаачилж, хэвлүүлж, 1921 оны Ардын хувьсгалыг удирдсан. Эдгээр эх орончдын хувь тавилан гашуунаар эргэж, ихэнх нь цэл залуугаараа хорвоогоос буцсан. Гэхдээ тэдний эхлүүлсэн ажил, хийсэн хувьсгал, зорьсон зорилго өнөөдөр ч унтраагүй байна. Хил дамжуулан нууцаар оруулан ирж, Хүрээнд амь өрсөн тарааж явсан “Монголын үнэн” сонин гэхэд 104 дэх  жилийнхээ түүхийг өнөөдрөөс бичиж эхэллээ. Иоханнэс Гутэнбэргийн хэвлэх үйлдвэрийн машин ертөнцийн түүхийг өөрчилсөн бол “Монголын үнэн” сонин монголчуудын амьдралыг өөрчлөхөд, хоёр том хувьсгалыг хийхэд асар том түлхэц өгсөн гавьяатай. Энэ сонин монголчуудыг хувьсгалт тэмцэлд уриалан дуудаж, Ардын засгийг байгуулалцаж, анхдугаар Үндсэн хуулийг тэргүүн нүүрэндээ нийтэлж, бүх нийтийг бичиг үсэгт сургаж, 1939 оны дайнд эр цэргүүдтэй хамт Халхын голд байлдаж, хамтрал, коммуныг тунхаглаж явсан юм. “Бүхнийг фронтод” уриатайгаар дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулахын төлөө нийтийн санал асуулгыг орон даяар зохион байгуулалцаж, Нэгдсэн Үндэсний Байгууллагын үүдэн дээр Төрийн далбаа мандсаныг ард түмэндээ мэдээлж, илгээлтийн эзэдтэй хамт  атар газрыг эзэмшиж, үйлдвэр, завод байгуулж, нэгдэлжих хөдөлгөөнийг өрнүүлж, нийтийн соёлыг сурталчилж, нийгмийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, сансарт малчны хүүг үдэж, шинэ амьдрал, шинэ бүхнийг монголчуудад хүргэсэн. “Монголын Үнэн” сонин өөрчлөлт шинэчлэлтийн салхийг хагалж, нийгмийн сэтгэл зүйг 1990 оны хувьсгалд бэлтгэсэн. 1920 оны Ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал ялахад  “Монголын үнэн” сонины байгуулсан гавьяа их. Энэ сонин Монголын сэтгүүл зүйн түүчээ болж,  тогтмол хэвлэл, тэр дундаа өдөр тутмын сонины дэг жаягийг бий болгосон. Энэ сонинд Монголын үе үеийн сэхээтнүүд, соён гэгээрүүлэгчид, бичгийн их мэргэд, зохиолч, яруу найрагчид, эрдэмтэн судлаачид ажиллаж, энэ л сониноос “Ардын эрх”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”,“Уриа”, “Шинэ хөдөө” “Тоншуул” тэргүүтэй шинэ хэвлэлүүд өрх тусгаарлан үүдээ нээж, уншигч олондоо хүрсэн түүхтэй. “Монголын үнэн” сонин Монголын сэтгүүлчдийн “Их сургууль” нь болж,  монголчуудын мэдээллийн эх сурвалж нь байж зуун дамнасан түүхээ бичсэн. Монгол Улсын бүрэн бүтэн байдал, улс үндэстний тусгаар тогтнол, нийгмийн шинэчлэл өөрчлөлтөд ард түмнээ уриалан дуудаж, соён гэгээрүүлж ирсэн “Монголын үнэн” сонины шарласан хуудсанд монголчуудын 103 жилийн амьдрал тэмцэл, алдаа оноо, алдар гавьяа бүгд тэмдэглэгдэн үлджээ. 
Хүнээр адилтган бодвол “Монголын үнэн” сонин 100 давсан настай, Сүхбаатарын хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо энгэртээ гялалзуулсан, намтар түүх ихтэй, үр хүүхдүүд нь төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн буурал. Ийм түүхтэй, ийм гавьяа шагналтай сонин өнөөдөр Монголд бүү хэл Азид ч байхгүй гэж ам бардам хэлж чадна. Өнөөдөр  103 жил тасралтгүй хэвлэгдэн гарч буй цорын ганц сонин болох “Монголын үнэн” сонины 24573 дахь дугаар уншигч танд хүрч байна. Энэ 24573 дугаар бол нийгмийн амьдралын толь, нийтлэлч, уран бүтээлчид, сэтгүүлчдийн хөлс хүч, хөдөлмөр бүтээлээр бичигдсэн Монгол Улсын түүхийн лавлах юм. Үе үеийн үнэнчүүд “Үнэн” сониныхоо түүхээр, үнэн авьяас билиг төгөлдөр эрдэмтэн мэргэд, үзэг, үзэл баримтлалдаа үнэнч явсан ахмад сэтгүүлчдээрээ бахарахдаг. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч  Сономбалжирын Буяннэмэх, Цэрэн-Очирын Дамбадорж, Жамсраны Цэвээн, Дашдоржийн Нацагдорж, Бунибазарын Дорж мээрэн, Галсан-Ишийн Навааннамжил, Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, Мөрдэндэвийн Ядамсүрэн Санжмятавын Дашдэндэв, Сономын Удвал, Лувсандэндэвийн Цэнд-Очир, Мөнгөний Бизьяа, Цэрэндоржийн Цэдэнжав, Шагдаржавын Нацагдорж, Бөхийн Бааст, Чадраабалын Лодойдамба, Лувсандашийн Бадарч, Бямбын Ринчен, Мишигийн Цэдэндорж, Далантайн Тарва, Дагвын Жамьян, Чойжилын Чимид, Цэвэгмидийн Гайтав, Цэвэгжавын Хасбаатар, Минжаахайн Гүрсэд, Сүхийн Доржпалам, Банзрагчийн Жамц, Жамцын Шагдар, Гомбын Жамсранжав, Сономын Лочин, Чимидийн Арьяасүрэн, Шагдайн Цэнд-Аюуш, Балжирын Догмид, Ишийн Батсүх, Шагдарын Дулмаа, Жагдалын Лхагва, Цэндийн Доржготов, Шаравын Бадарч, Бажуудайн Ганбат, Жанчивын Шагдар, Самбуугийн Надмид, Бямбажавын Цэнддоо, Баасанжавын Ганболд, Долгорын Цэнджав, Чойндонгийн Содномдорж, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн зохиолч Лодонгийн Түдэв, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Цэвлээ тэргүүтэй ахмадуудаараа үргэлж бахархдаг билээ. Энэ бахархал үрийн үрд үргэлжилж, шинэ авьяас билигтнүүд “Монголын үнэн” сониноос төрөн гарч, ирэх зууны түүхийг эгнэгт бичилцсээр байна гэдэгт бид итгэдэг. “Ард олны чөлөө, эрх дэлхий дахинаа наран мэт бадран, Монгол Улсын язгуур үндэс, эрдэм соёл ану дэлгэрэн мандах болтугай” хэмээн 103 жилийн өмнө “Монголын үнэн” сонины анхны дугаарын тэргүүн өгүүлэлд тунхаглан бичиж байжээ. Өнөөдөр ч гэсэн “Монголын үнэн” сонин энэхүү уриаг дээдэлж, ард түмний эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн, Монгол Улсын язгуур үндсийг дээдлэн, эрдэм соёлыг түгээх үйлсэд  хичээн зүтгэж байна. 103 жилийн түүхтэй энэ сонин орчин үетэйгээ хөл нийлүүлж, хил хязгааргүй мэдээллийн далайд өөрсдийн гэсэн шинэ орон зайг бий болгохоор шинэ бүхэн рүү тэмүүлж байна. 


Б.Цоожчулуунцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
7
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 5 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 8 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 8 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 8 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 8 цагийн өмнө
SDY Calling you... 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 9 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 9 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22