/ "Монголын үнэн" сонины Ерөнхий редактор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/
-Би МУИС-д сурч, монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэн гэх мэргэжил эзэмшсэн. 1970-аад оны эхнээс нийслэлийн 10 жилийн II дунд сургуульд хэдэн жил багшилсан. Надад аз тохиож, тухайн үед ихээхэн өндөр босготой гэгдэж байсан “Үнэн“ сонинд ажиллах санал ирсэн юм. Энэ сонинд 45 жил ажиллахдаа хянагч, редактораас утга зохиолын ажилтан, сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга хүртэл алба хашжээ. Одоо ч сониндоо хариуцлагатай редактораар ажиллаж байна. Ийн өөрийгөө товойлгон бичихийн учир бол энэ сонинд ажилласан хэн ч өсөж, бичиж, найруулах ихээхэн дадлага туршлагатай болдгийг хэлэх гэснийх юм.
Өнөөдрийн энэ дугаараас уншигч та бүхэн соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, мөн Хөдөлмөрийн баатар, сэтгүүлч Х.Цэвлээ гуайн болон эрдэмтэн мэргэдийн сэтгэгдлийг шимтэн уншина. “Үнэн” гэх энэ их айлд ямаршуухан эрдэм мэдлэгтэй, бичгийн мэргэд ажиллаж байсныг тэр ярилцлага, сэтгэгдэл нийтлэлээс унших болно.
Өнөөдөр гадаа цас хялмаа хаялан, хүйтний эрч чангарч, ес эхэлж буй мэт хүйтэн өвөл эхэллээ. Тэртээх 1920 оны арваннэгдүгээр сарын 10-даар бас л ийм маягаар хүйтэрч өвөл ид эхэлж байхад С.Буяннэмэх тэргүүтэй бичгийн мэргэд “Монголын үнэн” сониныг Эрхүү хотноо анхны дугаараа эрхлэн хэвлүүлж байсныг дурсахад нэн бахархалтай.
Би энд бичгийн их мэргэд хэмээн олонтаа дурьдана. Манай сонинд Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн /Өвгөөдэй/, Цэндийн Намсрай, Лодонгийн Түдэвээс авахуулаад Н.Жамбалсүрэн, С.Лочин, Ц.Балдорж зэрэг эрдэмтэн мэргэд, их бичгийн хүмүүс үе залгамжлан ажилласаар ирсэн баялаг түүх бий.
Намайг 1970-аад оны дундуур энэ сонинд ажилд ороход бараг хэлтэс тасаг бүрд эрдэмтэн, зохиолч, ахмад сэтгүүлч бичиг соёлын нэрд гарсан хүмүүс ажиллаж байсныг дурдъя. Тэр эрдэмтэн мэргэд, бичгийн хүмүүсийн бичсэн хийсэн, зассан залруулсан, найруулж дэглэсэн бүхнийг харж, уншиж, суралцсан хэн ч туршлагажин дадлагаждаг байлаа. Би тэдний л нэг. Бүр сүүлдээ алив хүний бичсэн хийснийг уншиж, үг үсэг, хэл найруулгыг хянаж редакторлах дуртай болдог юм шиг надад бодогддог. Нэгэн жишээ. Түдэв гуай бол хосгүй редактор. Тэр үед ерөнхий эрхлэгчид үдийн ундны дараахан оруулж өгсөн, 28 мөрөөр машиндсан 5-6 хуудас хэртэй бичлэг бүхий тэргүүн өгүүллийг бараг мөр ч үлдээхгүй засварлаж редакторлаад гаргаж ирэх нь олонтаа. Албаны үг хэллэг бүхий өгүүллийг нийтлэлийн өнгө аяс хэлбэрт оруулан, уншуургатай болгодог Л.Түдэв гуайн тэр их редакторлах, засаж найруулах бичиг соёлын их авьяасыг хосгүй гэхээс өөр үг олдохгүй нь. Ер нь “Үнэн” сонины школ гэж тэр бүр нийтэд дэлгэрсэн, зөв сайхан бичих дэг сургууль байсан юм. Тэр дэг сургуулийг буй болгон, хэрэгжүүлэгчид нь аль эрт 1920-оод оноос төдий хүртэл өртөөлөн авчирсан бичгийн хүмүүсийн нөр их хөдөлмөр, гавьяа зүтгэл ямар их байсныг бахархнам.
Монголын нийгмийн амьдралд 100 гаруй жилийн туршид үр өгөөжөө өгч, нэгэн үед удирдан зохион байгуулах үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн энэ сониныг гардан хийж, оюун бодлоо чилээн, ур чадвар, урлан бичих их авьяасаа зориулсан зохиолч, сэтгүүлч, сурвалжлагч, идэвхтэн бичигчдээ бид цаг үргэлж сайхнаар дурсан, үлгэр дуурайлыг нь өнөөгийн залуус ч ажил үйлсдээ хэрэгжүүлсээр яваа билээ.
“Үнэн”-ий шарласан хуудаснаа үлдээсэн үе үеийн сэтгүүлч, сурвалжлагч, бичгийн мэргэдийн бүтээлүүд Монголын нэгэн үеийн түүхийн гэрч, бичиг соёлын арвин дурсгал, архив болон мөнхөрчээ. Хэн ч баллуурдаж арилгахын аргагүй бичгийн тэр их өв соёлыг өнөөгийн “Үнэн”-чүүд өвлөн үргэлжлүүлсээр байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна