“Монголын үнэн” сонин бол түүхийн эх сурвалж



“Монголын үнэн” сонины эхний зургаан дугаарыг Эрхүү хотноо хэвлүүлсэн түүхтэй. Энэхүү зургаан дугаарын тухайн үед гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг судлаачид өндөр үнэлдэг. Тиймээс гадаад улсад хэвлэгдсэн “Монголын үнэн” сонины зургаан дугаарыг эмхэтгэн 1971 онд ном  болгон хэвлүүлж, судалгаа, шинжилгээндээ ашиглаж иржээ. Эдүгээ нэн ховордоод байгаа дээрх номыг “Монголын үнэн” сонины 103 жилийн ойг тохиолдуулан дахин хэвлэж, уншигч та бүхэнд хүргэж байна. “Монголын үнэн” сонины эхний зургаан дугаар бүхий  номыг эмхэтгэн хоёр дахь хэвлэлтийн эх бэлтгэсэн  Стратеги академийн захирал,  улс төр судлаач, доктор Д.Бумдарь, түүхч, доктор, профессор З.Лонжид, Стратеги академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Дүнчигмаа нартай ярилцлаа. 

Д.Бумдарь:  Үнэн, бодит мэдээллийн баталгаа нь сонины редакц   

/Стратеги академийн захирал,  улс төр судлаач, доктор/

-“Монголын үнэн”  сонины эхний зургаан дугаарыг эмхэтгэсэн эхийг хоёр дахь удаагаа хэвлэж байна. Хоёр дахь удаагийн хэвлэлтэд танай академи ямар байр суурьтай оролцож байна вэ?
-Стратеги академи 1955 онд тухайн үеийн МАХН-ын дэргэд Намын түүхийн институт нэртэйгээр байгуулагдаж байсан. Намын дэргэдэх хамгийн анхны судалгааны хүрээлэн болсон түүхт байгууллагын хувьд сургалт, судалгаан дээр МАН-д дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг. Судалгааны байгууллагын хувьд МАН-ын түүхийг үнэн, зөвөөр нь архивлаж үлдээх, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн соён гэгээрүүлэх үйлсийг эрхэмлэдэг. Энэ хүрээндээ “Монголын үнэн” сонины эхний зургаан дугаарыг эмхэтгэн, ном болгон дахин хэвлүүлж, нийтэд зориулж байна. Манай Стратеги академийн дэргэдэх Номын сангийн хамт олон маш их үүрэгтэй оролцлоо. Мөн өмнөх удирдлагуудын ажлын уялдаа холбоон дээр нэмээд Стартеги академитай хамтран ажилладаг түүхчид, академчид голлох үүрэгтэй оролцсон байгаа. 
-Монголын үнэн” сонины эхний зургаан дугаар түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн гэж харж байна вэ?
“Монголын үнэн” бол  Монгол Улсад анхны хэвлэмэл эх сурвалж бий болоход их үүрэг гүйцэтгэсэн түүхэн сонин. Энэ сонины эхний зургаан дугаар анх Монгол Улсад биш тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотод хэвлэгдэж байсан. Тухайн үеийн интерноцианаль, эв санааны нэгдэл, XX зууны дэлхий дахинд гарч байсан өөрчлөлт, баялгийн тэгш хуваарилалт, жам ёсны эрхийн асуудлын төлөөх уриа тэмцлийг дэвшүүлэн тавьж байсан онцлогтой. Ингэснээр нэг талаараа мэдээлэл түгээх, нөгөө талаараа танин мэдэхгүйн, үүн дээр хувьсгалт үйл ажиллагааг дэмжсэн агуулгыг багтаасан байдаг. Өнөөдрийн орчин цагийн залуу судлаачид “Монголын үнэн” сонины түүхийг  судлахад анхны зургаан хэвлэл нь олдоц муутай байдаг. Энэхүү байдлыг нөхөх зорилгоор  “Монголын үнэн” сонины эхний зургаан дугаарыг дахин хэвлэж байна. 
-Өнөөдөр мэдээлэл, технологи хөгжиж, телевиз, сайтуудаар цаг алдалгүй мэдээлэл хүргэж байна. Гэхдээ мэдээллийн эх сурвалж, бодит үнэнийг уншигчид сониноос хүлээж авдаг хэвээр байна. Үүнтэй та судлаачийн хувьд санал нэгдэх үү?
-Сонины үүрэг хэзээ ч хувиршгүй гэж дэлхий дахинд үнэлэгддэг. Өнөөдөр хэдийгээр дижитал эринд шилжсэн ч сонин бол өөрөө салбартаа эх сурвалж болдог үнэ цэн хэвээр байна. Сонин яаж хэвлэгдэж ирсэн,  нийтлэлийн ямар бодлого барьж байсан, ямар мэдээлэл гарч байсан талаарх хөгжлийг судлахад  “Монголын үнэн” сонин түүхэн эх сурвалж нь юм. Энэ эхний зургаан дугаараас эхэлнэ.  Мэдээллийг хамгийн сайн боловсруулж, бүх нийтэд  үнэн, зөв мэдээллийг хүргэж байгаа хамгийн найдвартай эх сурвалж сонины редакц дээр оршиж байна гэж орчин цагт үзэж байна. Тиймээс үнэн, бодит мэдээллийн баталгаа нь өөрөө сонины редакц юм. Мөн зарим улс оронд хаягжуулалтыг эрчимжүүлдэг улмаар ахмад настан, ганц бие иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аж амьдралыг анхаардаг сонин түгээлт тун тустай гэж үзэх тал бий. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

З.Лонжид:  “Монголын үнэн” сонин бол манай тогтмол хэвлэлийн түүхэнд  
онцгой байр суурь эзэлнэ

/Түүхийн ухааны доктор (PhD), профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн /

-“Монголын үнэн” сонины анхны дугаарын товч тоймоос  ярилцлагаа эхэлье. Анхны дугаарт ямар мэдээлэл нийтэлж байсан бэ?
-Энэ сониныг 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ны ням гарагт Коминтерний Эрхүү хот дахь салбарт анх хэвлэж байсан түүхтэй. Анхны дугаарт  Октябрийн хувьсгалын дэлхий дахины болон Азийн орнууд Хятад, Япон, Солонгосын улс төрийн байдлын тухай нийтэлсэн байдаг. Мөн олон газар тархсан монгол үндэстнүүд хэрхэн амьдарч, ямар байдалтай байгаа талаар Монгол, Буриад, Барга, Цахар, Өвөр Монгол, Дээд Монголын монголчуудад  танилцуулахад зориулж,  үнэ төлбөргүй тарааж байсан. 
-Гадаадад нийт хэчнээн дугаарыг хэвлэж байсан бол. Одоо бүх дугаар нь бий юү?
-1920 оны арваннэгдүгээр сараас 1921 оны дөрөвдүгээр сарын 19 хүртэл зургаан дугаар хэвлэсэн байдаг. Үүнээс  таван дугаар нь Монголд бий. Харин сонины хоёрдугаарын хэвлэлт нь ЗХУ-д байсныг Буриадын монголч эрдэмтэн Г.Н.Заятуев абугай олж, тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намын түүхийн институтэд өгсөн байдаг.
-Сонины эхний зургаан дугаарт нийтлэгдсэн бүх материал 1971 онд хэвлэсэн товхимолд багтсан уу?
 - Сонины эхний зургаан дугаарыг товхимол болгон хэвлүүлэхээр  1971 онд Д.Даш абугай эх бэлтгэж, Хэвлэл, утга зохиолыг хянах газарт/Главлит/ зөвшөөрөл авахаар уншиж, хянуулсан байдаг. Энэ үед зарим нэг өгүүлбэрийг хассан тохиолдол гарсан юм билээ. Тухайлбал, хяналтаар  “Чингис хааны тухай дурдсан зарим зүйлийг хасаж хэвлүүл” гэсэн юм гэнэлээ. Тиймээс “Хэвлэл, утга зохиолыг хянах газраас хас хэмээсэн Чингис хааны тухай хэдэн өгүүлбэрийг хасмааргүй байна” гэж Намын түүхийн институтийн захирал, философийн ухааны дэд эрдэмтэн Б.Балдоо ХУЗХГ-ын даргатай уулзжээ. “Мэдээж,  50 жилийн тэртээ бүх монголчууд Чингис хаанаараа бахархдаг байсан цаг үе тул “Монголын үнэн” сонин түүний тухай зориуд дурдсан. Тус  сониныг дахин хэвлэхдээ уг зүйлийг нь хасах ямар ч шаардлагагүй. Хэрэв танай байгууллагын саналаас хасвал бид энэ тухай хэвлүүлэгчийн үгэндээ дурдъя.” гэсэн Намын түүхийн институтийн захирал Б.Балдоогийн үгэнд тус газрын дарга нь “Намын Төв хорооны Үзэл суртлын хэлтэс, Гадаад харилцааны хэлтэстэй зөвлөж, таны саналыг танилцуулъя” хэмээсэн юм билээ. Эдгээр хэлтэс тус газрын саналтай танилцаад Намын Төв хорооноос 1962 оны есдүгээр сард С.Төмөр-Очирын тухай гаргасан тогтоол хүчин төгөлдөр байгаа учир Чингис хааны тухай хэсгийг хасах нь зөв” гэсэн хариу ирүүлжээ. Тиймээс хэдэн өгүүлбэр хасаж, товч тайлбар хавсарган хэвлүүлсэн байдаг. 
-Сонины эхний зургаан дугаар зөвхөн түүхчдэд л хэрэгтэй юү?
-Түүхчид, ялангуяа XX зууны Монголын түүх судлаач, манай болон олон улсын монгол судлаачдад тун чухал түүхийн эх сурвалж болохуйц сонин гэхэд  ер хэтрүүлэг болохгүй дээ. 
-Энэ зургаан дугаарын талаар тусгайлан судалсан судаачид байдаг уу?
-Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ зургаан дугаараас зохиол, бүтээлдээ эшилсэн судлаачид цөөнгүй бий. 
-Эхний зургаан дугаар хэвлэгдсэнээс хойших "Монголын үнэн" сонины нийтлэл хэрхэн үргэлжилсэн бол?
-Үнэн сониныг энэ сонины үргэлжлэл гэж арай хэлж болохгүй мэт. Яагаад гэвэл “Монголын үнэн” сонин бол коминтернийн хэвлэл, “Үнэн” сонин бол тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны хэвлэл юм. Харин Г.Дэлэг гэдэг эрдэмтэн “Үнэн” сонин бол “Монголын үнэн” сонины шууд үргэлжлэл мөн” гэж бичсэн байдаг. 
-Та "Үнэн" сонины соён гэгээрүүлэх үүргийг хэрхэн хардаг вэ?
- “Үнэн” сонин бол манай тогтмол хэвлэлийн түүхэнд  онцгой буюу тэргүүлэх байр суурь эзлэх сонин юм билээ. Ц.Дамбадоржийг эрхлэгч байх үед “Үнэн” сонины нийтлэлийн бодлого тун чамбай байсан. Ер нь 1920-оод оноос 1980-аад оны сүүлч хүртэл монголын насанд хүрэгчдийн олонх нь уншдаг, мэдээлэл авдаг хэвлэл байсан. Жишээ нь, Ц.Дамбадорж 1925 онд “Үнэн” сониныг англи хэлээр хэвлүүлэх саналыг сэдсэн боловч хэрэгжүүлж чадаагүйг түүхчид мөшгөн нягтлууштайг энэ дашрамд хэлье. 
Зүүнтний үед /1929-1932/ хэсэг зуур тус сонинд баян чинээлэг хүмүүс, сүсэгтнүүд, лам хуврагуудыг харааж, зүхсэн, жигшиж зэвүүцсэн нийтлэл хэвлэгдсэн байдаг. Түүнээс хойш нам, төрийн бодлого, чиг шугамыг чанд баримталж, нэлээд төв байдлаар буюу хэлбийхгүй бодлого хэрэгжүүлсэн. 1985 оноос ардчилал, ил тод байдал, олон ургальч үзлийг дэмжиж, түгээж, сурталчилсаар 1990 онтой золгосон. 

Д.Дүнчигмаа: “Монголын үнэн” сонин- судалгааны чухал бүтээл

/Стратеги академийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан/


-“Монголын үнэн” сонины анхны зургаан дугаарыг эмхэтгэн ном  болгон хэвлүүлэх шалтгаан нь юу байв?
- Намын түүхийн институт, "Монголын үнэн" сонин хамтран анх Хэвлэлийн 50 жилийн ойд зориулж 1920-1921 онд хэвлэгдэж байсан зургаан дугаарыг эмхэтгэл болгон гаргасан байдаг. Яагаад  хэвлэн гаргасан бэ гэвэл, “Монголын үнэн" сонины хоёр дахь дугаар олдохгүй байсантай холбоотой. Хоёр дахь дугаарыг Буриад улсын эрдэмтэн Г.Н.Заятуев архивын сан хөмрөгөөс илрүүлэн олсноор “Монголын үнэн” сонины  №2 дахь дугаарыг олоод, фото хэлбэрээр зургийг нь авч Намын түүхийн институтэд бэлэглэж өгснөөр “Монголын үнэн” сонины  эхний зургаан дугаар бүрдэж, ном болгож түүхч Д.Даш эмхэтгэн хэвлүүлсэн. Өнөөдөр “Монголын үнэн” сонины 103 жилийн ойг угтаж эхний зургаан дугаарын эмхэтгэлийг хоёр дахь удаагаа хэвлэн гаргаж байна. 
-“Монголын үнэн” сонины хоёр дахь дугаар яагаад хадгалагдаж үлдээгүй юм бол.  Тухайн дугаарт ямар материал нийтлэгдсэн бэ?
-“Монголын үнэн" сонины хоёр дахь дугаар Монголд ч, тухайн үеийн Орос улсад ч олдохгүй байжээ. Судлаачид судалсны үндсэн дээр олж авсан. Тус дугаарын тэргүүн өгүүлэл “Монгол Улсад ямар засаг хэрэгтэй” гэсэн гарчигтай хэвлэгджээ. Бас “Төвөд, Хятадын хоорондох явдал”, "Хятад улсын доторх байлдаан”, “Сүүлийн мэдээ” гэсэн үндсэн материалууд нийтлэгдсэн байдаг.
-Тухайн үед ном болгон эмхэтгэхэд зарим хэсэг болон өгүүлбэрийг хасаж байсан гэсэн. Энэ удаад орхигдсон хэсгийг эмхэтгэлд багтаасан болов уу?
-Тухайн үеийн нийгмийн шаардлагуудаас хэсэг болоод өгүүлбэрийг хасаж, хэвлэсэн байсан. 1971 онд хэвлэсэн энэ номын олдоц ховордсон. Дахин хэвлэхдээ орхигдсон зүйл, ташаарсан, мөр гээгдсэн хэсгүүдийг оруулж, бүрэн хэвлэх шаардлагатай гэж түүхийн ухааны доктор (PhD), профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн З.Лонжид гуайн зөвлөснөөр энэ номыг хэвлүүлсэн байгаа юм.
-Эхний зургаан дугаарт тусгасан сонины нийтлэлийн бодлого ямар байсан бол?
-Сонинд улс орны дотоод болон гадаад нөхцөл байдлын талаар мэдээлэхээс гадна дэлхий дахины мэдээллийг тусгаж байжээ.  Хөдөлмөрчин ардын хөдөлгөөн яаж өрнөж байгаа, цалингаа нэмэгдүүлэхээр ямар арга хэмжээ авч байгаа, Октябрийн хувьсгалын үр дүн гээд дэлхий нийтийн мэдээллийг нийтэлж, хүн ардаа соён гэгээрүүлж байсан байна. Тухайлбал, МАН-ын үндсэн дүрмийн баримт бичиг болох “Монгол Ардын Намаас гадаад монголын түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг “Монголын үнэн” сонины №5 дугаарт хэвлэсэн байдаг.  Тиймээс энэ сонин бол тухайн үеийн Ардын хувьсгал болон  МАН-ын байгуулагдсан түүхийг  эх үндэс болгон судлах судалгааны эх сурвалж, чухал материал юм. 

  Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 3 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 6 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 6 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 6 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 6 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 6 цагийн өмнө
SDY Calling you... 6 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 6 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 7 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 7 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 7 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22