Дугаараас дугаарын хооронд
Сүүлчийн бороо, нойтон цас болон хувирч даваа гүвээ хаагдан, намрын адаг сарын цасан шуурга найман хүний амь насыг авч явсан харамсалтай мэдээгээр шинэ долоо хоног эхэллээ. Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Өвөрхангай аймагт цас их орсноос малчид их хэмжээний хохирол амсаад байна.
Төрийн ордонд төсөв тойрсон хэрүүл дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Ирэх онд Монгол Улсын ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж Засгийн газар тооцоолж байгаа. Төсвийн хөрөнгийг юунд зарцуулах талаар намын бүлгүүд ээлж дараалан хуралдлаа. Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаж, ирэх дөрөвдүгээр сард ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан нь улс төрийн намуудын дунд хэрүүл дэгдээв. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 400 гаруй мянган ахмад тэтгэвэр авч байгаагаас 70 гаруй хувь нь 550-600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн статистик бий. Юмны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед ахмадуудын тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг уг нь таатай мэдээ. Гэвч АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ 100 000 төгрөгийг сонгуульд зориулсан занга гэж үзэж “Цалин тэтгэвэр нэмэх нэрээр бэлэн мөнгө тараах гэлээ” хэмээн эсэргүүцэл илэрхийлээд УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга тэдний хүсэлтийг ёсоор болгов. Ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Тиймээс УИХ ирэх долоо хоногт төсөв баталж дуусахаар шахуу ажиллах шаардлагатай болж байна. Улсын төсөв нэмэгдэж байгаа учраас Засгийн газар төрийн албан хаагчид, ахмадуудын тэтгэврийг бага ч гэсэн нэмэх санал гаргасан ч бусад намынхан үүнийг улстөржүүлж, төсвөөр барьцаалан хэрүүл хийж эхэллээ.
Өнгөрөгч долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өглөө. Өмнө нь хадаг сүй тавиад л гэр бүлийн амьдралаа эхлүүлдэг байсан бол орчин цагт хөрөнгө мөнгө, нэр хүнд, албан тушаалтай хүртэл гэрлэлтийн асуудал холбогдож, шүүх цагдаад багагүй маргаан дэгдэх болсон. Тиймээс энэ удаа Гэр бүлийн тухай хуулийн төсөлд гэрлэлтийн гэрээ байгуулах, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг тусгажээ. Мөн монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх зорилгоор садан төрлийн хүмүүсийн хоорондын гэрлэлтийг хориглож, иргэний бүртгэлийн байгууллагын мэдээллээс лавлагаа авах болон ДНХ-ийн шинжилгээнд хамрагдах боломжийг тусгаж өгсөн байна.
УИХ-ын чуулганаар нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Өглөө оройдоо түгжрэлд нам гацаж машиндаа хонох шахаад байгаа улаанбаатарчуудын хувьд энэ төсөл багагүй ач холбогдолтой. Хотын шинэ дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулахын тулд замаа өргөтгөж амжихгүйгээс хойш зорчигчдоо цөөлөх бодлого барьж байгаа бололтой. Нийслэлд төлбөртэй бүс бий болгохоос эхлээд төрийн албан хаагчдыг нэг өдөр цахимаар ажиллуулах боломж хүртэл байгааг тэрбээр илэрхийлж байлаа.
Төрийн тэргүүний хувьд сүүлийн нэг сар “морь”-ноосоо ч буух завгүй айлчлал хийж байна. Франц, Хятад, Вьетнам улсад тус тус ажлын айлчлал хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Өнгөрөгч долоо хоногийн таагүй мэдээг “Оюутолгой” ХХК дуулгалаа. Тус компанийн борлуулалт өсөж, 1.2 тэрбум ам.доллар болсон ч зардал нь 1.4 тэрбум ам.долларт хүрээд байгаа гэнэ. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, зардал өссөн учраас Монгол Улсын Засгийн газарт зардлын зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг ирүүлээд байгаа юм байна. Үүнээс гадна “Оюутолгой” компани зардал багатай, өгөөж сайтай байх хэсгүүдийг олборлолтын талбай болгож байгаа бол УУХҮЯ-наас зардал өндөртэй байсан ч олборлолтыг бүрэн хийх, үр ашгаа нэмэгдүүлэхийг шаардаж, үүнээс болж хоёр тал үл ойлголцол үүссэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Өнгөрөгч долоо хоногт хоёр том шүүх хурал боллоо. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайн шүүх хурал эхэлсэн. Биеийн байдал нь тааруу байгаа Т.Бадамжунай шүүх хуралд тэргэнцэртэй оролцож байгаа. Түүний өмгөөлөгч хэрэгт улсын нууцтай холбоотой асуудал яригдах тул шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан юм. Улсын яллагчийн зүгээс “Тагнуулын ерөнхий газраас АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтэст гаргаж өгсөн баримт мэдээллийг тус хэрэгт хавсаргасан байдаг. Энэ баримт мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр мөрдөгч үзлэг хийж цуглуулсан. Мөн төрийн нууцад хамаарах юм. Зарим өмгөөлөгч хэрэгт хавсаргасан баримт материалтай холбоотой асуудлыг ярих учир өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж байна” хэмээн түүний шүүх хурлыг хаалттай явуулахаар боллоо. Мөн төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэв. Шүүхээс Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярыг бусдад учруулсан 1.3 тэрбум төгрөгөө төлсөн ч гэм буруутай гэж үзэн 27 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасжээ. Өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татсан нэгэн дуулиан дэгдсэн нь НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулсан гэх мэдээлэл байлаа. Тэрбээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх хэргээр шалгагдаж байгаа юм байна. Эх орноосоо оргож зугтан АНУ-аас улс төрийн орогнол хүссэн Ч.Сайханбилэг рүү Г.Төмөрбаатар мөнгө шилжүүлэхдээ өөрийн шууд эзэмшлийн “Хонгор Ти энд Си” ХХК-ийн нэрээр гүйлгээг хийсэн аж. Ч.Сайханбилэгт шилжүүлсэн 2.8 сая ам.доллар нь тухайн үеийн ханшаар 8.9 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа. Ийм их хэмжээний мөнгийг Г.Төмөрбаатар ямар эх үүсвэрээр олсон, мөн яагаад Ч.Сайханбилэгт шилжүүлэх болсон гэдгийг хууль хяналтынхан тогтоохоор ажиллаж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна