ТикТокоос “төрсөн” зуун саятан


15 секундийн бичлэгээр цахим ертөнцийг байлдан дагуулах боломжтой эрин үед бид амьдарч байна. Бодит жишээ бол 2020 онд ТикТокт тэсрэлт хийсэн Чарли Д'Амелио. Коннектикут мужийн Норвалк хотын 17 настай охин хэрхэн од болсон,  яагаад түүний нэр  үзэн ядалттай хамт явдаг нь гайхалтай. Тухайн жилдээ Америкийн хамгийн том шоу “The Tonight”-ын зочин болж, “Ододтой бүжиглэе” шоу, Английн “Супер нохой ба турбо муур”  хүүхэлдэйн киноны дубляцад оролцон, загварын шоуны тэргүүн эгнээнд залрах болжээ.  Хэдхэн сарын дотор 100 сая гаруй дагагчтай болсон түүний амжилтыг эв­дэх ТикТокчин одоогоор “төрөө­гүй” байна. Энэ бол цахим сүл­жээнүүдийн бүх цаг үеийн дээд амжилт. Тэр дагагчдынхаа тоо­ноос гадна бэл бэнчингээрээ ч зуун сая давсан хөрөнгөтэй баячуудын эгнээнд багтжээ. 15 секундийн бүжгийн бичлэгээр дүүрэн Чарлигийн хуудсыг 151.2 сая хүн дагажээ. Хамгийн их хандалт авсан бичлэгийг нь 11.4 тэрбум удаа үзсэн байна. 


Цахимд “гал тавьсан охин”

Заримдаа түүний биеэ авч яваа байдал, үйл хөдлөл хүмүүст таалагддаггүй. Гэхдээ сөрөг давлагаа нөгөө талаар түүнийг бас гэр бүлийг нь алдаршуулж байна.  Англи хэлний асуулт ха­риултын  “Quora” сайтад “Чарли Д'Амелио гэж хэн бэ, яа­гаад хүмүүс түүнийг ийм их үзэн яд­даг юм бэ” гэсэн асуулт өрнөж байлаа. Хандалтаараа тэргүүлдэг  шалтгаан нь  хэн ч давтаж бо­лох энгийн хөдөлгөөнүүдтэй хол­боотой. Үзэгчдэд түүний нүүр­ний хувирал, гарын хөдөл­гөөн, хэмнэлд  татагддаг. Фэнүүд нь  “Үзэсгэлэнтэй са­хиусан тэн­гэр, дэлхийн хамгийн шилдэг хүн” гэж тодорхойлдог бол хөдөлмөрлөхгүйгээр  ам­жилтад хүрсэн  өсвөр насны охин гэх нь ч бий. Д'Амелио гурван наснаасаа балет, кран, хип хоп бүжигт суралцжээ. Бүжиг түүний  хүсэл тэмүүлэл бөгөөд хэзээ нэгэн цагт Женнифер Лопесын хажууд бүжиглэхийг мөрөөдөж явснаас “ТикТок”-ын од болох зорилго байсангүй. Чарли нэрд гарсныхаа дараа “Супер боул”-ын үеэр  шүтээнтэйгээ уулзаж, “JLo гайхамшиг” гэж цахим хуудастаа бичжээ.  “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа “Нэрд гарахаасаа өмнө сургуульд сурч, бүжгийн студид хи­чээл­­лэж, гэ­­­рийн даал­­­гавраа хийдэг жирийн л өсвөр насны охин байсан. 2019 оны тавдугаар сард “ТикТок”-т бүртгүүлсэн. Найзуудынхаа бичлэгийг л үздэг байлаа.  Тэдний хүсэлтээр тухайн үед трэнд болж байсан бүжгийн хөдөлгөөнийг хийсэн юм. Анхны бичлэгийг найзуудаас өөр хүн үзээгүй. Хэдэн сарын дараа “Move With Joy” гэдэг хэрэглэгчийн хийсэн энгийн бүжгийн хөдөлгөөнийг давтсан бичлэгээ нийтлэв. Удалгүй утсанд тасралтгүй мэдэгдэл ирлээ. ТикТокт дагагчдын тоо долоогоос хоёр мянга болж нэмэгдсэн байлаа. Энэ бол жинхэнэ галзуурал байсан. Бүх зүйл маш хурдан болсон” гэжээ. Гурав дахь бичлэг цахим орчныг доргиосон. Кортни Кардашьян, бейсболын тоглогч Алекс Родригес нар бичлэгийг хуваалцсанаар Чарлийг дэлхий даяар харжээ.  Харамсалтай нь  тэр  Атланта хотын Жалайя Хар­мон охины  зохиосон бүжгийг хулгайлсан байв. Чарли цахим үзэн ядагчдын бай болжээ. Түүний бичлэг сөрөг сэтгэгдлийн талбар болсон юм. Энэ тухайгаа “Сөрөг сэтгэгдэл, лайк нэмэгдсээр. Түгшүүртэй ч тайлбар хийгээгүй” гэжээ.

ТикТокийг эзлэх томьёо

ТикТок хандалтаараа дэлхийн хэмжээнд тэргүүлсэн цахим сүлжээ болжээ. Богино хэмжээ­ний бичлэг нийтэлдэг, ихэвчлэн хүүхдүүд, өсвөр насныхан нэгдсэн энэхүү сүлжээ  672 сая тандалттай.  Инстаграм 547 сая, Фэйсбүүк 449 сая, Твиттер 159 сая тандалт авчээ. ТикТокийн тэргүүлсэн шалтгаан нь контент бүтээгчдэдээ бусдаас ахиу төлбөр өгдөгтэй холбоотой. Хоёр үзэлт тутамд 4-1000 цент төлдөг аж.  Хэрвээ нэг сая үзэлттэй бол 20-40 ам.доллар төлнө. Ийм зарчмаар ТикТок  эрчээ авчээ. Блогеруудын нөлөөлөл, хүрээ хормоор өсөн нэмэгдэж байна. Дэлхийн алдартнууд, бизнесмэнүүдийг эрэмбэлдэг “Форбс”сэтгүүл ашиг орлогоороо тэргүүлдэг блогеруудын жаг­саалтыг анхлан нийтэлсэн. Энэ­хүү чансаанд 2020 онд нэг сая ам.доллароос илүү орлого олсон долоон блогер багтжээ. Чарли “ТикТок”-оос жилд дөрвөн сая ам.долларын ашиг олсон амжилтаараа жагсаалтыг удаалсан. Харин өнгөрсөн жил 17.5 сая ам.долларын ор­­ло­готой ажиллажээ. Энэ бол АНУ-ын топ 500 индекст багтдаг компаниудын гүйцэтгэх захирлуудын  жилийн дундаж цалингаас давсан үзүүлэлт. Нөлөөллийн маркетингийн “Aviersley” компанийн гүйцэтгэх захирал Мэй Кавауски “Хүмүүс дуртай контент бүтээгчид, инфлюнсерүүдийн сурталчилж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар ч бодолгүйгээр сэтгэл хөд­лөлөөр худалдан авах, даган дуурайдаг” гэжээ.  Нөлөөлөгчид өөрийнхөөрөө  байж чадвал ТикТокт амжилтад хүрнэ гэдэг.  Хэвлэлүүд Чарлигийн ам­жил­­тыг олон талаар дүгнэж, тодор­хойлсон байдаг. “Нью-Йорк Таймс” сонины Тэйлор Лоренз “Нийгмийн сүлжээг захирдаг гүнж”, “Вашингтон пост”-ын Травис М.Эндрюс “ТикТокийн амбан захирагч”, “Нью-Йоркер” сэтгүүлийн Кэссиди Жорж “ТикТокийн нүүр царай” гэж нэрлэсэн байдаг. Харин “Мел” сэтгүүлийн Жозеф Лонго “Z үеийн хачирхалтай, найдваргүй, урьдчилан тааварлашгүй шинэ ертөнцийн биелэл” гэж тодорхойлсон бол “Атлантик”-ийн Рейчел Монро “Чарлигийн дагагчдын тоо өсөхийн хэрээр түүний алдар нэр  рефлекс шинжтэй болсон” гэжээ.  Тэр тэргүүлэгчийн байр сууриа удаан хадгалахгүй гэдгээ сайн мэддэг. “ТикТок” бол өдөр бүр өөрчлөгддөг тогтворгүй ертөнц бөгөөд маргааш түүнийг алдрын тавцангаас арчих дагуулагч гарч ирэхийг үгүйсгэхгүй.  Эн­гийн жишээ дурдахад гадаад төрхөөрөө Чарлитай төстэй гэдгээрээ Лиза Беверли, Элли Зейлер  нар ТикТокт алдартай болжээ. Бүтээлч санааны тухайд “Хүссэнээ л хийдэг. Цаашид ч тийм байна. Төлөвлөгөөтэй, ажил хэрэг болгохыг хүсдэггүй. Эцэг, эх минь нийтлэх бичлэгээ нягтлахыг зөвлөдөг. Үзэгчдэд ямар сэтгэгдэл төрүүлэхийг тааварлахад бэрх” гэжээ. Ашиг олж, дагагчдаа өсгөхийн зэрэгцээ нийгмийн сүлжээг сайн үйлсэд ашиглахдаа Чарли гаргууд. Хандив цуглуулсан хаштегтай бичлэг түүний урын санд олон бий. Тухайлбал, “Procter & Gamble”-тэй хамтран ажилласан  #DistanceDance хаштегтай видеог гурван саяас олон хүн үзвэл орлогоо буяны байгууллагуудад хандивлахаар тохиролцжээ. Сар гаруйн дараа  бичлэгийг 10 тэрбум гаруй хүн үзсэн байна. НҮБ-ын Хүүхдийн байгууллагын хөтөлбөрт ажилд оролцохдоо “Бодитой санаа, эерэг зүйлийг сурталчилж, үзэн ядалтын  эсрэг зогсохыг хүсдэг. Нэгэнт надад платформоос эрх мэдэл өгсөн учраас өсвөр насныханд хэрэгтэй чухал, эелдэг байдлыг сурталчлах ёстой” хэмээжээ.

 

Кардашьяны өрсөлдөгчид

Д'Амелиогийнхон реалити шоугаа “HULU” платформоор  2021 оны есдүгээр сард  цацаж эхэлжээ. Цар тахлын хөл хорионы үед телевизүүд контентоор өрсөлдөж эхэлснээс гэр бүлийн шоу хамгийн эрэлттэй байлаа. Энэ бол нийгмийн нэг үзэгдэл. Баримтат киноны төслийг хариуцсан Белиса Балабан эцэг, эхчүүдийг хүүхдүүдтэйгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар нухацтай ярилцахад түлхэц өгөх зорилгоор уг шоуг эхлүүлсэн аж. Гэр бүлийн реалити шоуны ертөнцөд 14 жил хаанчилсан Кардашьяныханд өрсөлдөгч гарч ирлээ. Орон зайг нь “ТикТок”-оос “ирсэн” Д’Амелиогийн эгч дүүс эзлэв. Өдөр тутмын амьдралаа дэлгэсэн  шоуны ачаар  Чарли “Dunkin” сүлжээ дэлгүүрт гарын үсэгтэй ундаагаа борлуулж, “Супер боул”-ийн сурталчилгаанд тоглосон юм. Эгч Дикси нь ч дагагчдынхаа тоог чамлахааргүй өсгөжээ. Эхний дугаараасаа л үзэгчдийг талцуулж, IMDB сайтын хэрэглэгчид Д'Амелиогийн гэр бүлийг худал хуурмаг, хоёр нүүртэй гэж буруутгав.Мөн “Кардашьяны гэр бүлийн шоунаас ялгарах зүйлгүй”, “Нийгмийн төлөө юу ч хийдэггүй баячуудын тухай нэвтрүүлэг хэрэггүй” гэх зэргээр шүүмжилж байлаа. Эгч дүүс тогоочоо амтгүй хоол хийсэн гэж шоолсон бичлэгээрээ сошиалд “гал тавьсан”. Чарли шууд нэвтрүүлэгт оролцон фэнүүдээсээ нулимс дуслуулан уучлалт гуйж,  цахим заналхийлд өртсөнөө ярив. Гэтэл охины нулимс байдлыг улам дордууллаа. “Дагагчдыг тоо гэж хардаг” хэмээн шүүмжилсэн сая орчим дагагч нь түүнээс нүүр буруулжээ. Энэ мэтчилэн үзэн ядалт, цахим дайралтад өртсөн ч Чарли Д'Амелио алдартнуудын амьдралын хэв маягаа орхих гэж яарсангүй. “ТикТок”-д бичлэгээ оруулж, ивээн тэтгэгчидтэй харилцаж, нэрийн брэндээ хүртэл гаргасан байна.  Шоу бизнесийн туршлагагүй ч Д'Амелиогийн гэр бүл өнгөрсөн хоёр жилд  70 сая ам.долларын ашиг хүртсэн. Тэд “Амазон”, “Hollister”, “Dunkin”, “Prada” брэндтэй гэнэтийн ашгийн гэрээ байгуулж, алдартай компаниудын хувьцааг худалдан авч байна. “Хулу” сувгийн "The D'Amelio Show" реалити цувралд Чарли, Дикси нарын хэрэглэсэн бүтээгдэхүүнүүд өсвөр насны охидын дунд эрэлттэй байдаг. “Тайм” сэтгүүлээс ирээдүйн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэсэн. Шалгаруулалтыг ха­риуцсан Дан Максайн хэлснээр тэд түүх бүтээхэд бэлэн хүмүүс. Зарим нь хэдийнэ түүх бүтээсэн. Ирээдүйд дэлхийг өөрчлөх уран бүтээлч, удирдагч, хамгаалагч, шинийг санаачлагч, идэвхтэн бас нөлөөлөгч аж. Жагсаалтад багтсан хамгийн залуу  нь Чарли  байв. Мөн “Fortune” сэтгүүлийн 40-өөс доош насны алдартнууд, “Vogue” сэтгүүлийн онцлох хүмүүсийн жагсаалтад 2021 оноос хойш багтах болжээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 7 минутын өмнө
Намын бүлгүүд хуралдана 11 минутын өмнө
Ном бичгийн үйл эхлэхэд сайн 1 цагийн өмнө
Намайг үгүй болоход 2024/05/10
Уран нугаралтын түүхийг бүтээгчид 2024/05/10
“Солонгын долоон өнгө шиг хөгжмийн долоон эгшгийн ярууг мэдрүүлнэ” 2024/05/10
Соёлын сайд Ч.Номин уриалга дэвшүүллээ 2024/05/10
Монгол руугаа нүүсэн нүүдэлчид 2024/05/10
Б.Амарзаяа: Тулаан болгон санаснаар өрнөхгүй, хэн нь ч ялж, бас ялагда… 2024/05/10
Товчхон 2024/05/10
Тэрбум модоо тэнгэрт тарих уу 2024/05/10
Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэс нь таримлын сэлгээ 2024/05/10
Д.Амарбаясгалан: Эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлнэ 2024/05/10
Хиймэл оюун ухаан роботын хөгжлийг түргэтгэв 2024/05/10
В.Путин тангараг өргөж, Засгийн газар нь огцорлоо 2024/05/10
Ши Жиньпин Францад айлчиллаа 2024/05/10
Кино урлагийн их хөлгөн тууль 2024/05/10
Б.Уянга: Улсынхаа 20 жилийн ирээдүйг харж “Ajou motor”-ыг сонгосон 2024/05/10
Нарны халуун нэмэгдэж, намчдын хардалт ширүүсэв 2024/05/10
Б.Дөлгөөн: Үндэсний баялгийн санг байгуулсан нь дундаж давхаргыг тэлж,… 2024/05/10