Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр цогц төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. Тухайлбал, “Монголд зочлох жил”-ийн түлхүүр үг “Welcome to Mongolia” байх болно гэдгийг Соёлын сайд мэдэгдээд байгаа юм. Тэгвэл Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Аялал жуулчлалын тухай багц хуулийн төслийн танилгуулгыг хийсэн байна. Тус хуулийг дагалдуудан морин бооцоот уралдаан, төлбөр тааварт тоглоом, казиногийн тухай хуулийн төслүүдийг багцлан УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Эдгээр хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд хэвлэлийнхэнд зарим мэдээллийг өгсөн. Түүний онцолсноор багц хуулийн төслийн хүрээнд нэгдүгээрт, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж буй гол хүчин зүйлүүдийг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт хуулийн гол концепц оршиж байна. Монгол Улсын онцлогийг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход төр засгийн дэмжлэг юу байх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсныг тодотгосон. Аялал жуулчлалын тухай багц хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ. Хуулийн төсөлд ямар заалт тусгасан бэ?
-Монгол Улсад ирсэн жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Тухайлбал, аялал жуулчлалын байгууллагыг тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэтээр ангилал бий болгож байна. Гаднын жуулчдад үйлчилгээ үзүүлэх эдгээр байгууллага нь Монгол Улсын өмчлөлийнх буюу үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой гэдэг үндсэн шалгууртай. Ер нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр үндсэн хүндрэл гарч байна гэж үзсэн. Нэгдүгээрт, нислэлийн давтамж болон тийзний үнэ, хоёрдугаарт, Монгол Улсад ирэх визийн нөхцөл, хөнгөлөлтийн асуудал байгаа юм. Тиймээс багц хуулийн хүрээнд эдгээр асуудлыг шийднэ. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг төрөөс дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Мөн ХЗДХЯ-ны зүгээс ирэх долоо хоногт Гадаад харилцааны яамныхантай уулзаж, Монгол Улсад визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, жагсаалтыг шинэчилж, илүү олон улс орны иргэд Монгол Улсад чөлөөтэй нэвтрэх, аялж зугаалах боломжийг нээж өгөх юм. Мөн аймаг, орон нутгийн зүгээс аялал жуулчлалын маршрут гаргах буюу тухайн орон нутагтаа байдаг үзэсгэлэнт газруудынхаа аялал жуулчлалын отгийн төлөвлөлт зэргийг гаргах эрхийг орон нутагт нь өгье гэж байгаа юм. Ингэж орон нутагт эрх мэдлийг нь шилжүүлэх замаар аялал жуулчлалын маршрутыг бий болгох боломжийг олгоно. Үүнээс гадна Монгол Улсад ирсэн гаднын жуулчдад татварын буцаан олголт олгох талаар энэ хуулийн төсөлд тусгасан. Цаашдаа ан агнуурын зах зээлийг илүү нээлттэй болгоё. Аргаль, янгир, угалз, шонхор шувууны зөвшөөрлийн тогтолцоог нээлтэй болгох нь зүйтэй гэж үзсэн. Аялал жуулчлалын тухай хуулийг дагалдуулж Ан агнуурын тухай хуулийг хөндөнө гэсэн үг. Гэхдээ ховор амьтдын тоо, өсөн нэмэгдэх байдлыг нь харгалзан жил бүр салбар яам нь тоо хэмжээгээ гаргана. Тухайн гаргасан тоо хэмжээгээр нээлттэй дуудлага худалдаагаар бүх ан амьтныг зарж борлуулдаг зарчим руу явна. Үүнд аялал жуулчлалын компаниуд худалдан авснаар өөрсдийнхөө жуулчдад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний тоог нэмэгдүүлдэг зарчимд шилжье гэж байгаа юм.
-Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Монголд казино байгуулах талаар яригдаж байгаа юм билээ. Энэ тухайд хуульд ямар байдлаар тусгасан бэ?
-Аялал жуулчлалын хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн морин бооцоот уралдаан, төлбөр тааварт тоглоом, казиногийн тухай хуулийн төслүүдийг багц байдлаар оруулахаар төлөвлөсөн. Казиногийн талаар, хууль эрх зүйн орчны тухайд өнгөрсөн хугацаанд маш олон удаа, олон төрлийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд казино байгуулъя гэж байгаа юм. Ингэхдээ монгол хүн орохгүй байхаар хуулийн төсөлд тусгасан. Казиногийн лицензийг маш цөөн тоогоор олгоно. Олгохдоо зөвхөн Монголд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх хөрөнгийн дүнгээр нь лиценз олгоно гэсэн үг. Казиногийн тухай хуулийн төслийг манай яамнаас боловсруулаад яамны вэб сайтад нээлттэй байршуулаад олон сар болж байгаа. Сонирхсон хүмүүс ороод харахад нээлттэй гэсэн үг.
М.ӨНӨРЖАРГАЛ