Нийслэлийн Социал демократ Монголын оюутны холбоо ээлжит VII чуулганаа зохион байгуулж, тэргүүнээ сонгон бүтцийн өөрчлөлт хийжээ. Энэ талаар нийслэлийн СДМОХ-ны тэргүүн Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Түүний хувьд VII чуулганд оролцсон төлөөлөгчдөөс олонхын санал авч, нийслэлийн СДМОХ-г тэргүүлэхээр болсон юм.
-Нийслэлийн СДМОХ хурлаа хийж, шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй боллоо. Хурлын талаар товч мэдээлэл өгөх үү?
-Бид 2017 онд ээлжит VI хурлаа хийж байлаа. Түүнээс хойш таван жилийн дараа ээлжит хурлаа зохион байгуулсан нь энэ. Хуралд 160 төлөөлөгч оролцсоноос 135 төлөөлөгчийн ирцтэйгээр санал хураалт явуулж, миний бие нийслэлийн СДМОХ-ны тэргүүн боллоо. Мөн 25 тэргүүлэгч, хяналтын зөвлөлийн таван гишүүнийг шинээр сонгосон.
-Ээлжит чуулган учраас өнгөрсөн хугацааны тайлангаа ярилцсан байх. Ер нь гол асуудал юу байв?
-Цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд оюутан залууст чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж чадсангүй. Харин коронавирусийн хөл хорионы дараа “Дараагийн давлагаа” концепцийг барьж ажиллалаа. Намын 30 дугаар их хурлаар социал демократ үзэл баримтлалыг чиглэлээ болгохоо тодотгон зарласан. Яг үүний дараа холбоо хамгийн түрүүнд нэрээ сольсон байдаг юм. Жил орчмын хугацаанд Эрдэнэтэд форум зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжих гэх мэт хэд хэдэн арга хэмжээ зохион байгууллаа. 2019 онд “Хотын соёлт иргэн” аян өрнүүлсэн. Энэ мэтчилэн хийсэн ажлаа тайлагналаа. Үндсэн том асуудал нь тэргүүн болон бүтцийн асуудал байлаа. Холбооны дүрэмд зааснаар хоёр жил тутамд ээлжит хурал зарлах ёстой. Гэвч 2019 онд болох ёстой байсан хурлаа дахин гурван жилээр хойшлуулсан. Нэг ёсондоо хоёр ч хурал өнжсөн гэсэн үг. Миний бие 2021 оноос тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад хэдхэн хоногийн өмнө жинхэлж байгаа юм. Мөн шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан нь энэ.
-Хойшилсон шалтгаан нь юу вэ?
-Тухайн цаг үе, цар тахалтай холбон тайлбарлаж болно. Мөн намын дүрмийн 42.7 дахь заалттай зөрчилдсөн тал бий. Есөн дүүргийн СДМОХ-ны тэргүүн бүгд 30-аас дээш насныхан. Гэтэл дүрэм дээр 25-аас доош нас гээд заачихсан. Энэ нь саад болсон гэхэд болно. Миний бие 2021 онд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээс хойш дөрвөн дүүргийн СДМОХ-ны хурлыг зохион байгуулж, тэргүүнээр нь 25-аас доош насны залуусыг сонгосон. Сая нийслэлийн холбооны хурлаа хийсэн учраас одоо үлдсэн таван дүүргийнхээ хурлыг зохион байгуулж, бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна.
-Нийслэлийн холбооны шинэ тэргүүний хувьд цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Нэн тэргүүнд “Дараагийн давлагаа”-гаа үргэлжлүүлнэ. Залуус төрийн албыг үнэлэхээ больж эхэлсэн. Тэгвэл бид үүнийг өөрчлөх хэрэгтэй. Залууст төрийн албаны ажлыг ойлгуулмаар байна. Мэдээж дээр дурдсанчлан таван дүүргийн чуулганаа хийнэ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулна. Орон нутгаас ирж буй шинэ оюутнуудад дарамт их ирдэг гэсэн судалгаа бий. Сургууль, дотуур байранд дээд ангийн ах, эгч нар нь дарамталдаг, мөнгө нэхдэг гэх мэт. Иймэрхүү далд дарамтыг ил болгоно. Дарамтад өртсөн оюутнуудад сэтгэл зүйн тусламж үзүүлэхээс эхлээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулна. Ер нь нийслэлийн СДМОХ-ноос санаачлан хийх ажлуудад есөн дүүргийн СДМОХ-ны удирдлагын багийн 150 орчим гишүүн онцгойлон үүрэг гүйцэтгэж ажиллана. Эцэст нь залуус маань намаас дайжих бус улс төрийн оролцоогоо идэвхжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид оюутан залууст ойлголт өгч ажиллана. Хүн зөв цагт үгээ зөв хэлж чадах нь улс төрийн оролцоо юм. Тиймээс залууст наад захын ойлголт өгөхийг хүсэж байна.
Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24526/