МАН-ын бага хурлын гишүүн, БХБ-ын дэд сайд Э.Золбоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Бага хурлын гишүүний хувьд намын бодлого шийдвэрийг хэрхэн таниулж байна вэ?
-Бага хурлын гишүүний хувьд миний бие Цагаан-Уул сумыг хариуцан ажилладаг. Энэ хүрээндээ аймгийн намын хороотойгоо хамтраад өнгөрсөн есдүгээр сарын 22-26-ны хооронд Цагаан-Уул сумандаа болон бусад дөрвөн суманд ажиллаж иргэд, намын гишүүдтэйгээ уулзалт хийсэн. Улмаар Засгийн газрын болон намын бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлгүүд амжилттай зохион байгуулаад ирлээ.
-Намын анхан шатны байгууллагын гишүүд ямар санал хэлдэг бол?
-Уулзалт дээр манай намын гишүүдийн идэвх оролцоо өндөр байсныг хэлэхэд таатай байна. Энэ ч утгаараа намын гишүүд маань төр, засгийнхаа бодлого шийдвэрийг дэмжихийн зэрэгцээ цаашид анхаарах шаардлагатай зарим асуудлын талаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, хөдөө орон нутгийн намын байгууллагад тулгарч байгаа гол асуудлын нэг бол сумын боловсон хүчний нөөц, чадвар гэдгийг олон гишүүн хөндөж байна.
Тодруулбал, “Намын төв байгууллагаас хөдөө орон нутгийн намын үүрийн боловсон хүчний чадавхыг сайжруулах асуудалд анхаарч, системтэй арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллаагүйгээс тухайн орон нутгийн намын ажил унадаг. Цаашилбал, тухайн намын хороо орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд шаардлагуудыг хангахгүй хүмүүс удирдлагаар очсоноос болж сумын хөгжил удааширч байна. Үүнээс улбаалан намын нэр хүнд унах гэх мэт олон сөрөг асуудлууд тулгарч байгаа” гэдгийг хэлж байсан.
-Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Засгийн газар энэ хүнд цаг үед улсын хөгжлийг түргэтгэхэд шаардлагатай байгаа зарим зүйлийг өөрчлөх, сайжруулах зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна. Төрийн яам бүр чиг үүргийнхээ дагуу асуудлуудаа хариуцаад ажиллаж байна. Манай БХБЯ чиг үүргийнхээ хүрээнд хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг боловч хүн амынх нь тал хувь нь нийт газар нутгийнхаа 0.3 хувьд аж төрж төвлөрөл дээд цэгтээ хүрсэн харамсалтай дүр зурагтай амьдарцгааж байна. Хүн дагаж хөгжил ирдэг учир энэ төвлөрлийг сааруулж байж хот хөдөөгийн хөгжлийн түвшин тодорхой хэмжээнд ойртоно.
Үүний тулд иргэдийн хамгийн чухал хэрэглээ болох амьдрах орон сууц болон газрын асуудалд төрийн зүгээс Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхой дэмжлэг үзүүлж эхлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдаад байна. Жишээлбэл, Улаанбаатар хотоос хөдөө рүү шилжин суурьших иргэдэд ипотекийн зээлийн зургаан хувийг гурван хувь болгож бууруулах, урьдчилгаа 30 хувийн 18 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалтын сангаар дамжуулж батлан даалт гаргах ажлуудыг 2023 оноос хэрэгүүлж эхэлнэ.
Нөгөө талдаа шилжин ирж байгаа иргэдийн газрын өмчлөлийн асуудлыг нэн тэргүүнд хурдан шуурхай буюу хүсэлт гаргаснаас 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэх заалтуудыг газрын тухай хуульд нэмж оруулсныг УИХ баталсан.
Н.Нягт
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24527/