НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар: Баянзүрх дүүрэгт эрчим хүчний хэмнэлттэй эко орон сууц баригдаж эхэллээ


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Сүхбаатартай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2017-2020 онд Нийслэлийн орон сууцны корпорацын дарга, 2020-2022 онд Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.

 

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд сүүлийн 30 жил ажилласан үе үеийн Ерөнхий архитекторуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой

 

-Та Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуц­сан орлогчоор ажиллаж байсан. Тиймээс хотын зовлонг хамгийн сайн мэдэх хүн. Агаарын бохирдол, авто замын түгжрэл, амьдралын чанар, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж гээд маш олон асуудал бидэнд байна. Энэ олон асуудлаас юунд илүү анхаарч ажиллав гэдгээс ярилцлагаа эхэлье. 

-Миний хувьд нэг жил гаруй хугацаанд Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт хариуцсан орлогчоор ажилласан байна. Олсон ололт, хийсэн зүйлүүд бий юү гэвэл бий. Гэхдээ хийж эхэлсэн, хийхээр төлөвлөсөн ажил олон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, ОХУ-д гарсан үймээн самуун, хилийн хорио цээр, валютын өсөлт гэх мэт маш олон бэрхшээл тулгарч байна. Өнөөдөр ч биднээс үл шалтгаалах саад, бэрхшээлүүд бүрэн арилаагүй байна. Өнгөрсөн 2021 он бүхэлдээ ковидын жил байлаа. Ажил хийхэд үнэхээр хүнд, ялангуяа бүтээн байгуулалтын ажлууд бүрэн зогсонги байдалд орсон жил байв. Өнгөрч байгаа 2022 онд бид нэлээд ажил амжуулах гэж үзлээ. Гэхдээ дээр дурдсан саад бэрхшээлээс шалтгаалан бүрэн гүйцэд хийж дуусгаж амжсангүй. Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа орон сууцны бодлогын баримт бичгүүдийг сайжруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарч ажилласан. 

Улаанбаатар хотын төвд, нягтрал ихтэй бүсэд орон сууц бариулахгүй байх бодлогыг баримталсан. Маш их бэрхшээлтэй тулгарлаа. Хот байгуулалтын бүрэн эрх нь Ерөнхий архитекторт байдаг. Гэтэл Ерөнхий архитектор маань байшин дээр байшин нэмж барих, байшин хоорондын зайнд байшин барих зөвшөөрөл өгч байна. Ний нуугүй үнэнийг хэлэхэд өнөөдрийн бидний гол зовлон болоод байгаа түгжрэл, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд явган хүний гарц ч үгүй сууж байгаа маань Улаанбаатар хотод сүүлийн 30 жил ажилласан үе үеийн Ерөнхий архитекторуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой. Хотын төлөвлөлтийг алдагдуулсан, зөв төлөвлөж чадаагүйгээс болж бид өнөөдөр ийм нөхцөл байдалд амьдарч байна. Бид үүнийг өөрчлөхийг хүссэн. Тодорхой үр дүнд хүрч чадсан. Үүний үр дүнд 2023 оноос эхлэн Улаанбаатар хотын нягтрал ихтэй бүсэд барилга, орон сууц барихгүй байх бүх нөхцөлийг нь хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж чадсан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нь“Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй бүсэд сургууль, цэцэрлэг болоод нийгмийн дэд бүтцээс бусад зориулалтаар барилга барихгүй” гэдэг заалтыг оруулж өгсөн. 

Бидний хамгийн том ололт бол 23 жилийн дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хуулийн өөрчлөлттэй уялдуулан бид нягтаршил ихтэй бүсүүдээ тогтоогоод явж байна. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Гэвч Улаанбаатар хотод шинээр орон сууцны хороолол үүсгэхдээ дахиад л төлөвлөлтгүй, тооцоо судалгаагүйгээр газар олгож, нягтаршил ихтэй бүсүүдийг шинээр бий болгоод байна. 

Манай Баянзүрх дүүргийн 26, 25, 16, тавдугаар хорооны нутаг дэвсгэр дээр хэтэрхий олон байшин барилга барьсан. Эдгээр хороо хүн амын нягтаршил ихтэй бүс болчихлоо. Энд түгжрэл, агаарын бохирдол, тоос шороо гэх мэт Улаанбаатар хотод тулгамдаад буй бүх л хүнд­рэлтэй асуудал яригдаж байна. Сургууль цэцэрлэг, өрхийн эмнэлэг нэмж барих шаардлага үүсчихлээ. Хүүхдийн тоглоомын талбай барих боломжгүй, автомашины зогсоолгүй байхад л дахиад шинээр барилга байшин барих зөвшөөрлөө барьсан хүмүүс ирээд газар ухаад байдаг. Үүнийг л таслан зогсоохгүй бол Улаанбаатар хотын асуудал хэзээ ч дуусахгүй, улам л нэмэгдээд байх болно. Тиймээс л Ерөнхий архитектортой муудалцаж, энэ хүнийг огцруулах шаардлага тавьж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нягтаршил ихтэй бүсэд орон сууцны зориулалттай барилга байшин барихгүй” гэдэг заалтыг оруулж өгсөн. Үүнээс гадна хот төлөвлөлтөд бас нэг том алдаа гарч байгаа. Зарим компанид том зай талбайтай байшин барилга барих эрхийг ямар ч төлөвлөлтгүйгээр олгосон. Үүнээс үүдэн иргэдийн дунд ялгаварлал бий болсон.

-Илүү тодорхой ярьж болох уу. Яг энэ сэдвээр хүмүүс нэг их яриад байдаггүй л дээ?

-Орон сууцны хүртээмж муу байна. Үүнийг дагаад амьдралын чанарын асуудал яригддаг. Нэг ёсондоо сүүлийн үед хийж байгаа орон сууцны барилгын бүтээн байгуулалт маань иргэдийг ялгаварлан гадуурхах нэг үндэс болоод байна. Тухайлбал, Зайсан руу их том зай талбайтай байр барих зөвшөөрлүүдийг бөөнөөр нь олгосон. Тэнд илүү орлоготой хүмүүс амьдардаг гэсэн ойлголт нийгэмд бий болоод байна.

 Гэтэл хотын захаар бага орлоготой иргэдэд зориулсан жижиг зай талбайтай, өндөр барилгууд бариад байна. Үүний оронд айл өрхүүдийг орлогын хувьд холих бодлого дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, орлого багатай, орлого өндөртэй иргэд тус тусдаа амьдарснаар буцаад маш олон эрсдэл дагуулдаг. Тухайлбал, ядуурал буурдаггүй, гэмт хэргийн гаралт тодорхой хэсэгт нэмэгдэж байдаг гэх мэт сөрөг үр дагаврууд бий болж байдаг. Үүнийг гаднын улс орны хот зохион байгуулалтын жишээнээс харж болно. Энэ буруу төлөвлөлт нийгмийн ялгаа бий болгож, хотжих, соёлжих гэх мэт олон асуудалд тээг болж эхэлдэг. 

-Энэ ялгарлыг яаж бууруулах ёстой вэ?

-Бид баригдаж байгаа орон сууцуудыг орлогынх нь хувьд холихын тулд түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэр ч үүднээсээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргад “Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууц болгоны хоёр хувийг нь түрээсийн орон сууцны санд авъя” гэдэг санал өргөн барьсан. 

Өнөөдөр Улаанбаатар хотын хаана ч орон сууц барьсан хамгийн багадаа 10 орон сууц борлуулахаар барьж байгаа. Нэгэнт борлуулах зорилгоор барьж байгаа л бол тэндээс квадрат метрийг нь тодорхой заагаад хоёр хувийг нь заавал Түрээсийн орон сууцын санд өгдөг байхаар санал өргөн бариад байна. Урьд нь хотын захиргаа хоёр хувийн татвар гээд барилгын компаниудаас шууд мөнгө авдаг байсан бол одоо нийт барьж байгаа барилгынх нь хоёр хувийг гэрээгээр худалдаж авдаг, авсан байраа орлого багатай хэсэгтээ түрээслүүлээд өмчлүүлэх хэлбэрээр суулгах юм. Цаашдаа энэ хоёр хувийг 10-20 хувьд хүргэх ёстой. Ингэж байж иргэдийн амьдрах орчны ялгаа багасна. Суурьшмал бүсийн соёл, хотын соёлын ялгаа арилна. 

 

“Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт”-ыг зайлшгүй хийх шаардлагатай

 

-Өнөөдрийн байдлаар Улаан­баатар хотын хэдэн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж байна вэ. Үүнээс хамгийн том талбарыг онцолбол ?

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 43 байршил эзэнтэй бол­чих­сон, ямар нэгэн байдлаар ажил нь эхлээд байна. Хамгийн сүүлд шалгарсан байгууллагууд иргэдтэйгээ гурван талт гэрээ байгуулахаар айл айлын хаалга тогшоод явж буй бол зарим нь эхнээсээ барилгаа барьчихаад хүлээлгэн өгч байх жишээтэй. Нэмээд таван байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулахаар тендер зарлаад байна. Нийтдээ 46 талбар гэсэн үг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үе үеийн Засаг дарга нар хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байсан. Тэр бүхэн алдаа оноотойгоо бидэнд ирсэн. Бид өмнөх алдааг давтахгүй зөв явахаар зорьж байна. 

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байршил сонгож байгаад судалгаа хийж үзлээ. Дүүрэг бүрд гэр хорооллын иргэдийн 80-аас дээш хувь нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна. Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл, орон сууцны дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй 220 мянган өрхийн 120 мянгыг нь л дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд хамруулах боломжтой байгаа. 

Энэхүү инженерийн шугам сүлжээ хүрэх 120 мянган айлыг орон сууцжуулахын тулд дэд бүтцийг нь татах ажлыг нийслэлээс зохион байгуулаад явж байна. Гэвч төсөв хөрөнгөнөөс болж ажил зогсох эрсдэлтэй болоод байна. Урьчилсан тооцоогоор дэд бүтэц татах ажилд 245.7 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнээс зөвхөн ирэх 2023 онд 43 тэрбум төгрөгийн ажил хүлээгдэж байна. Энэ төсөв байхгүй учраас л “Гэр хорооллын дахин төлөвлөлт” зогсох эрсдэлтэй болоод байгаа юм. Үүнээс гадна Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан гээд бүхий л дүүрэгт инженерийн шугам сүлжээ хүрэх боломжгүй уулархаг бүсүүд бий. 

Манай Баянзүрх дүүрэгт гэхэд л “Монел”, Цагаандаваа, 19, 24, 9, 5, 22 дугаар хорооны уулархаг бүсэд амьдарч байгаа олон айл бий. Энд дахин төлөвлөлт хийж, инженерийн шугам сүлжээ татаж авчрах боломж маш бага. Тиймээс инженерийн шугам сүлжээ хүрэхээргүй газруудад “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт”-ыг зайлшгүй хийх шаардлагатай.

 Одоо бол хаяг нь тодорхой бус, баахан мухар гудамжтай, эмнэлэг, сургууль цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт нийгмийн дэд бүтэц байгуулах нь битгий хэл түргэний машин, галын машин ч очиж чадахгүй, алслагдсан гэр хорооллуудын зовлон их байгаа. Нэгэнт бид тэнд шинэ зүйл хийх гэж байгаа л бол “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт”-ыг хийх ёстой юм. Үүнийхээ дараа эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц буюу хайбрид, пассив амины орон сууц барих хөнгөлөлттэй зээл олгох, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно. “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт” хийгээд ирэхээр аяндаа газрын үнэ цэн өсөж эхэлнэ. Мөн амины, ногоон орон сууц барихдаа ипотекийн зээл, түүнээс бага хүүтэй зээлүүдийг гаргаж иргэдэд амины орон сууц авсан гэрчилгээг нь олгон, урт хугацаанд дахин газар чөлөөлөлт хийхгүй байхаар одооноос төлөвлөж ажиллах ёстой. Хайбрид, пассив амины орон сууц нь бохир, цэвэр ус, халаалт дулааны бие даасан шийдэлтэй учраас иргэдийн эдийн засагт хэмнэлттэй. Түүнчлэн зөвхөн хашаанд мод тарих бус, хашааны гадна талд ч мөн ногоон байгууламж байгуулах боломжтой. Ингэснээр газрын үнэ цэн өсөж, хашаандаа сайхан амьдрахыг хүсэж буй иргэд маань тийш чиглэнэ. Иргэд 150 саяар 2-3 өрөө байр худалдаж аваад, банканд бас хүүтэй мөнгө төлж, дээрээс нь цахилгаан, дулаан, СӨХ-ны мөнгө төлөөд амьдрах уу, эсвэл өөрийнхөө хашаанд 100 орчим сая төгрөгийн бага хүүтэй зээл авч, эрчим хүчний хэмнэлттэй байшин бариад, маш бага зардал төлж амьдрах уу гэдэг сонголтыг өөрсдөө хийх боломжтой болох юм. Иймэрхүү байдлаар орон сууцны холимог тогтолцоог авч явах ёстой юм байна.

 Тиймээс нийслэлийн Орон сууцны корпорац, “Хайбрид хаус” ХХК хамтран “Хайбрид хаус” нэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж, эхний загвар байшингуудыг бариад байна. Төслийн загвар байшингууд маань гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтайгаас гадна нарны илчийг өөртөө шингээн халаах технологитой учраас эрчим хүч хэмнэх давуу талтай. 

Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эергээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгаа юм. Бид стандартын дагуу ногоон орон сууцыг нутагшуулан, олон улсын сертификат авахаар ажиллаж байна. Ингэснээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй зээл авах боломж бүрдэж, иргэд ч мөн хүү багатай ипотекийн зээлд хамрагдан, орон сууцаа авах боломжтой болно.

-Гэхдээ төслийг санхүүжүүлэх гаднын байгууллага олдох уу?

-Олдоно. Эхний санхүүжилт ороод ирсэн. “Хайбрид хаус” төслийн хүрээнд баригдсан загвар байшингууд маань -30 хэм хүртэлх хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих технологийн шийдлийг ашигласнаараа онцлогтой. Энэ төслийг бид хэрэгжүүлж чадах юм бол гэр хороололд гал түлдэг айлууд байхгүй болж, Улаанбаатар хот яндангаасаа сална. Агаарын бохирдол, түгжрэл, иргэдийн амьдралын чанарт асар том өөрчлөлт гарна. Мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагаас бага хүүтэй ногоон зээл авах боломж бүрдэнэ. 

Улаанбаатар хотод гэр хороололд иргэдийн оролцоонд тулгуурлан Азийн Хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь эрчим хүчний хэмнэлттэй эко хорооллын бүтээн байгуулалтыг хийх юм. Уур амьсгалын ногоон сангаас авсан зээлийн 75.7 сая ам.долларын санхүүжилтээр Хөгжлийн банкны охин компани “ДиБиЭм Ассет Менежмент (ҮЦК)” ХХК нь “Ногоон сан”-г байгуулж үйл ажиллагааг удирдах ёстой. Энэхүү “Ногоон сан” нь гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй эко хорооллын барилга барих болон ногоон орон сууц худалдан авч буй иргэдэд зээл олгох санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэн ажиллана.

 Гэтэл үүн дээр Сангийн яам маш хойрго хандаж байгаа. Сангийн яам санаачилгатай ажиллаад “Ногоон сан”-г байгуулж өгөх шаардлагатай байна. Төсөл хэрэгжээд эхэлчихсэн, зураг төслүүдээ гаргачихсан, маш олон барилгын компаниудад эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны стандартыг танилцуулж, мэргэжилтнүүдээ хүртэл бэлдчихсэн байгаа. Барилгын компаниуд ногоон орон сууц барих сонирхол их байна. Иргэд ч бага хүүтэй зээл авч эрчим хүчний хэмнэлттэй орон сууцанд амьдрах хүсэлтэй байна. Уур амьсгалын ногоон сангийн нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээс 75.7 сая ам.долларын санхүүжилтээр “Ногоон сан”-д хөрөнгө оруулалт хийх ажлыг Сангийн яам зохион байгуулахгүй байгаагаас болж төслийн хэрэгжилт удааширч, ашиглаагүй эх үүсвэрийн шимтгэл төлөх зэрэг үргүй зардал гаргахаас гадна Монгол Улс цаашид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ногоон төсөл хэрэгжүүлэхэд шаард­лагатай томоохон санхүү­жүү­лэгчдийн итгэлийг алдаж байна. Хэрвээ Сангийн яам “Ногоон сан”-гаа байгуулчихвал төслийн ажил жигдрэх шатандаа орно. Ирэх жил Цайз, Баянхошуунд энэ эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцнууд баригдаж эхэлнэ. Сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийдээд газраа чөлөөлчихсөн байхад Сангийн яамны шийдвэрээс болж бүх ажил хойшлоод байгаа.

-“Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт”-ыг хийх шаард­­лагатай гэж та сая ярилаа. Иргэд энэ саналыг хэр хүлээж авч байгаа вэ?

-Иргэд маань дэмжиж байна. Ийм шинэчилсэн зохион байгуулалт хийхгүйгээр иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах ямар ч нөхцөл бүрдэхгүй. Нөгөө талаар тэнд нийслэлийн төсөв хөрөнгө хий дэмий үрэгдээд байгаа юм. Жишээлбэл, гэр хороолол дунд сайхан тоглоомын талбай барьдаг. Нөгөөх маань эзэнгүйддэг. Заримдаа тэр хавийн хэдэн архичин цугладаг газар болдог, эсвэл хэн нэгэн нь хавтан чулууг нь зөөгөөд дуусдаг. 

Гэр хорооллын дундуур зам тавих гэхээр газар чөлөөлөх шаардлага үүсдэг, асар их хөрөнгө мөнгө шаардагддаг. Ингээд нэг зам тавиад орхидог, дахиж хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй бол­чихдог. Гэтэл асар өндөр өртгөөр боссон зам зөвхөн замын дагуух айлуудад хэрэг болдог. Бусад айлуудын газрын үнэ цэн өсдөггүй. Хэрвээ бид “Гэр хорооллын шинэ­чилсэн зохион байгуулалт”-ыг хийчих юм бол эхнээсээ бүхий л зам харгуй, гэрэлтүүлэг гэх мэт зүйлсээ төлөвлөөд явчихна. Ингэж байж газрын үнэ цэн өснө. Шинэчилсэн зохион байгуулалттай газар дээр хөнгөлөлттэй зээлээр маш бага зардалтай орон сууцтай болж чадна. 

 

Орон сууцны зээлийн хөтөлбөрүүд ажилгүйдлийг бууруулж, эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлдэг

 

-Та Нийслэлийн орон сууцны корпорацад ажиллаж байсан. Энэ байгууллага хэр амжилттай ажиллаж байгаа вэ?

-Миний хувьд Нийслэлийн орон сууцны корпорацын захирлаар 2017-2020 он хүртэл гурван жил ажилласан. Улаанбаатар хот анх удаа 100 тэрбумын түрээслээд өмчлөх бонд гаргасан. Одоо энэ бондын эргэн төлөлт амжилттай явж байгаа. Ямар нэгэн бэрхшээл тулгараагүй. Энэ бондноос 1200 гаруй өрх түрээслээд өмчлөх орон сууцанд орсон. Энд яг цар тахалтай тэмцэж байсан эмч сувилагч нар, цагдаа, онцгой байдлын ажилчид гэх мэт төрийн албан хаагчид орсон. Өнөөдөр банкнаас олгож байгаа ипотекийн зээл авъя гэхэд 30-аас дээш хувийн урьдчилгаа төлөхийг шаарддаг. Мөн дээрээс нь өндөр хүүтэй.

 Харин Нийслэлийн орон сууцны корпорациас 100 сая төгрөг хүртэлх зээлийг олгодог. Иргэд урьдчилгаа өндөр төлөхгүйгээр өөрийнхөө орлогод нийцүүлэн байр авах боломжтой. 

Нөгөө талаар зээлийн хүү болон үндсэн төлбөрөө тэнцүү төлөх боломжтой. Тиймээс иргэдэд дарамт багатай. Судалгаанаас харахад түрээслээд өмчлөх орон сууцанд орох хүсэлтэй иргэд хамгийн олон байдаг. Бид 100 тэрбумын бондноос гадна 570 сая долларын хөрөнгө оруулалт босгож “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлж эхэлсэн. Мөн Баянголын аманд болон Солонго-1, 2 хорооллыг 430 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар, Ханын материалд 35 сая ам.долларын түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх 2023 онд ажил ид үргэлжилнэ. 2024 онд барилгууд эхнээсээ ашиглалтад орж эхэлнэ. Нийслэлийн орон сууцны корпораци анх байгуулагдахдаа нийслэлээс 600 гаруй сая төгрөгийн татаас авдаг байсан бол өнөөдөр санхүүгийн хувьд бие дааж чадсан. Ажил хариуцаж байгаа хүмүүс маань цаашид энэ төсөл хөтөлбөрүүдийг улам сайжруулж авч явах ёстой.

-Маш олон иргэн орон сууцны зээлд хамрагдаж байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлт хэр байдаг вэ?

-Ер нь иргэд өөрсдийнхөө амьдарч буй байрны зээлийг хамгийн найдвартай төлдөг. Монгол Улсын гаднаас авч байгаа зээлүүдийн дийлэнх хувийг төсвийн хөрөнгөөр буцааж төлдөг бол орон сууцны зээлийг иргэд өөрсдөө төлдөг. Тиймээс улс орны эдийн засаг, төсөв мөнгөнд ямар нэг хүндрэл бэрхшээл дагуулдаггүй. Урт хугацаатай, урьдчилгаа төлбөр, хүүгийн түвшин багатай орон сууцны зээл нь бага орлоготой иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдэхэд ашиглаж байгаа, нэг ёсондоо халамжийн бодлогын хэлбэр. Гэхдээ орон сууцны ийм төрлийн хөтөлбөрүүд нь барилга, банк, хөрөнгийн зах зээл төдийгүй нийт эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт зэрэг бодит хувьсагчдад нөлөөлдөг болохыг олон судалгааны үр дүн харуулдаг.

 Иргэд орон сууцны хөтөлбөрт хамрагдсанаар барилгын салбар дахь орон сууцны эрэлтийг нэмэгдүүлж, үүний нөлөөгөөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд орон сууцны үйлдвэрлэлээ өсгөнө. Ажил эрхлэлт нэмэгддэг, орон сууцны нөөц болон зээл авах боломж өссөнөөр боловсролын хөрөнгө оруулалт мөн өсдөг болохыг олон судалгааны үр дүн харуулдаг. 

-Хотын төвлөрлийг сааруулах асуудлыг олон жил ярилаа. Дагуул хотуудыг байгуулна гэсэн үг нам болгоны мөрийн хөтөлбөрт ордог. Гэвч хэрэгждэггүй. Сая Шинэ сэргэлтийн бодлогод ч гэсэн төвлөрлийг сааруулах асуудал тусгагдаж орсон. Таны бодлоор төвлөрлийг сааруулахын тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?

-Хот байгуулна гэдэг хэдхэн хүн яриад, сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд байгуулчихдаг зүйл биш. Асар их хөрөнгө, бас хугацаа шаардагдана. Тиймээс цаг хугацааг хүлээж суухгүйгээр Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд нэгдүгээрт, орон сууцныхаа бодлогыг маш зөв авч явах хэрэгтэй. Ядаж л авто машины зогсоолыг хүртээмжтэй байхаар төлөвлөсөн, хүүхдийн тоглоомын талбайтай байхаар зураг төслөө гаргасан компанид барилга барих зөвшөөрлийг нь олгодог баймаар байна. Төлөвлөсөн зургийнхаа дагуу барилга барихад хяналт тавьдаг байх хэрэгтэй. Бид өнөөдөр Улаанбаатар хотынхоо дотор 100 км зам тавих чадамжгүй байна гэдэг тун харамсалтай. Нийслэл төсвийн хувьд үнэхээр хэцүү, чамлалттай байгаа.

-Нийслэлийг төсөв мөнгө ихтэй, олон төрлийн татвар хураамж авдаг газар гэж ойлгодог олон хүн бий. Би ч тэдний нэг нь?

-Нийслэл энэ жил гэхэд л 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж өгөх ёстой. Төсөвт мөнгө төвлөрүүлж өгөөд үйл ажиллагааны зардлаа гаргаад цаана нь бүтээн байгуулалтын ажил хийх ямар ч мөнгөгүй үлдэж байгаа. Хэдийгээр би эрх барьж байгаа намын төлөөлөгчдийн нэг ч гэсэн зарим зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр бид түгжрэлийг бууруулахын тулд зам барина, автобус нэмнэ гэж яриад, мөнгө зарцуулаад байна. Гэхдээ хотын зах руугаа дэд бүтэц бий болгоод шинэ суурьшлын бүсүүд бий болгох, төвлөрлийг сааруулахад анхаарал хандуулж чадахгүй байна. Өмнөх нийгмийн үед хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд нэг хүнд ногдох ногоон байгууламж, цахилгаан, дулаан гээд бүх стандартаа барьж явж байсан. 1990-ээд оноос хойш энэхүү бодлого алдагдаж, төвлөрөл бодитоор бий болж, 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн нийслэл хотын хүн амын даац гурав дахин нэмэгдэж, 1.6 саяд хүрээд байна. Хүн амын ердийн өсөлт 35 мянга, механик өсөлт 40 мянга, хотын хүн ам жилд ойролцоогоор 75 мянгаар өсөж байна. Тэр хэрээр хотын даац нэмэгдэж байгаа. Тиймээс иргэдийн орлогод нийцсэн бага хүүтэй орон сууцны төслүүдийг олноор нь хэрэгжүүлбэл санхүүгийн дэмжлэг, зээл олох боломж байна гэж би харж байгаа. Нэг ёсондоо “Гэр хорооллын шинэчилсэн зохион байгуулалт”, “Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц”, “Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн гурван зүйл дээр гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.

 

Бид боловсролын тэгш байдал, чанарт анхаарах ёстой

 

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Тойргийнхоо ямар асуудалд гол анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

-Манай тойргийн хувьд орон сууц, гэр хороолол холимог байдаг. Орон сууцны хорооллын дунд явган хүний зам, гэрэлтүүлэг, камер тавихад анхаарч ажиллалаа. Мөн үүнээс гадна замбараагүй барилгажилт ихтэй. Уг нь хүний амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын тулд л байшин барилга барьдаг биз дээ. Гэтэл бөөр бөөрөөр нь наагаад барьчихсан шигүү барилгууд нь иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлд илүү дарамт болоод эхэлсэн. Түгжрэл ихтэй, ногоон байгууламжгүй, эмнэлэг, галын машин орох боломжгүй нөхцөлд иргэд амьдарч байна. Машин битгий хэл хүн явж чадахгүй байна. Тиймээс явган хүний гарц, зам тавих ажлыг эрчимтэй хийж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр сургууль руу явах явган зам байдаггүй. Автомашины нарийн зам дээр машин нь, хүүхдүүд, томчууд бүгд л чихэлдээд явж байдаг байсан. Тиймээс явган хүний гарц зам гаргалаа. Нэлээд олон хувь хүн, албан байгууллагын хашааг татуулсан, зөвшөөрөлгүй гараашуудыг буулгасан. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

 Гэр хорооллын хувьд түгжрэл их байна. Ялангуяа “Цайз”, “Да Хүрээ” зах руу чиглэсэн авто замын урсгал ихтэй. Тиймээс Улиастайн гол дээр гүүр тавиулаад, Шар хадны эмнэлгийн хойгуур тойруулаад, 9.7 м урттай гүүрэн байгууламж, 4.5 км урт зам тавиулсан. Эндээс “Да Хүрээ” зах, 148 дугаар сургуулийн хойгуур гаргаад Цагаан давааны замтай холбох үүнийгээ “Монел”-ийн замтай холбох замын ажлуудыг хийж эхлээд байна. Дэд төвүүдийн хүрээнд зураг төслөө хийж, УИХ-ын гишүүд маань улсын төсөв дээр, НИТХ-ын төлөөлөгчид нь нийслэлийн төсөв дээр, дүүргийн төлөөлөгчид маань дүүргийн төсөв дээр энэ зургаа танилцуулаад хөрөнгө оруулалтын асуудлыг шат шатандаа шийдвэрлэх замаар ажиллаж байгаа. Үүний үр дүнд ирэх онд энэ холболт замууд нийлээд явчихаар байгаа. Эхний ээлжид 18 км орчим зам тавихаар зураг төсөл гараад ажиллаж байна. Гэхдээ холбох замуудын ажил цаашид үргэлжилнэ. Нийтдээ 30 орчим км зам тавихаар төлөвлөж байгаа. Ингэж байж түгжрэл буурна. Нөгөө талдаа гэртээ очих гэж машин тэрэг нь өвөлдөө хий эргэдэг, зун намартаа шавар шавхайнд суудаг байдал арилна.

-Танай тойрог дээр эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууц барина гэж ярьж байсан. Барилгын ажил хэзээнээс эхлэх вэ?

-Нийслэлийн Орон сууцны корпорац, “Хайбрид хаус” компани хамтран хэрэгжүүлж буй эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцны төслийн хүрээнд XXIV хороололд найман айлын орон сууц баригдаж байна. Энэ орон сууцнууд маань хоёр сарын дараа ашиглалтад орчихно. Мөн үүнээс гадна Цайзад эрчим хүчний хэмнэлттэй жишиг хорооллыг барина. Ирэх онд барилгын ажил эхлэх юм. Мөн энд 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдана.

-Баянзүрх дүүргийн хувьд хүн ам ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ тал дээр ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмж харьцангуй сайжирсан. Одоо бид боловсролын тэгш байдал, чанарт анхаарах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс 148 дугаар сургууль дээр 11 дүгээр сургуулийн салбар хоёр бүлгийг нээлээ. 11 дүгээр сургууль бол Монгол Улсын хэмжээнд математик, физикийн сургалтаараа тэргүүлдэг, төгсөгчид нь хамгийн өндөр оноо авдаг, өөрсдийн гэсэн сургалтын арга барилтай сургууль. Энэ сургуулиас таван багш ирж 148 дугаар сургууль дээр хичээл зааж байгаа. 

Бидний хувьд энэ таван багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ бол ганцхан тойргийн асуудал биш. Баянзүрх дүүргийн иргэд хотын төв рүү хүүхдээ оруулах гэж бөөн юм болдог, оруулсан хойноо хүүхдээ зөөх гэж бас бөөн асуудал болдог. Энэ асуудлыг шийдэх зорилгоор эхний ээлжинд 148 дугаар сургууль дээр салбар бүлэг байгуулаад байгаа юм. Нөгөө талдаа гэр хороололд бараг мартагдчихаад байгаа боловсролын тэгш хүртээмж гэдэг зүйлийг авчрах гэж бид оролдож байна. Цаашид гадаад хэлний сайн сургалттай 23 дугаар сургууль, химийн хамгийн сайн сургалттай 21 дүгээр сургуулиудын салбар бүлгийг байгуулах, мэргэшсэн багш нараар хүүхдэд хичээл заалгах энэ боломжийг бүрдүүлэх боломж бий гэдгийг харуулахыг зорьж байгаа. 

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 14 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 16 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 16 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 17 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 17 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 17 цагийн өмнө
SDY Calling you... 17 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 17 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 17 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 17 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 18 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22