Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагватай ярилцлаа.
-МАН-ын төв аппаратын “гал тогоо”-г хариуцаж байгаа гэдэг утгаар танаас эрх баригч намын бодлогын ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонсъё. МАН 30 дахь Их хурлаараа бодлогын томоохон зорилтуудыг дэвшүүлэн тунхагласан. Энэ ажлын үр дүнг өнөөдрийн байдлаар хэрхэн дүгнэх вэ?
-Одоогоос жил гаруйн өмнө буюу арванхоёрдугаар 6-8-нд МАН 1250 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, бодлого шийдвэрээ гаргасан. Улс орны дараагийн зорилго, стратеги ямар байх вэ гэдэг агуулгын хүрээнд өрнөсөн Их хурал болсон гэж ойлгож болно. Энэ хурлаас бид социал демократ үзэл баримтлалаа тодотгож бататгасан. 3.4 сая хүн амтай, газрын баялаг ихтэй жижиг улс оронд хамгийн тохирсон буюу дундаж давхаргийг дэмждэг үзэл баримтлал. Монголчилбол ерөөсөө л дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэх утга. Тиймээс бид энэ үзэл баримтлалыг баримталж, цаашдын хөгжлийн бодлогоо зарласан. Тухайлбал, МАН 30 дахь Их хурлаараа Шинэ сэргэлтийн зургаан зорилтыг дэвшүүлэн зарласан. Хүнээр жишвэл бид жилдээ нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт орж, биеэ үзүүлдэг шүү дээ. Үүнтэй адил сүүлийн 32 жилд улс орны эдийн засаг яагаад болж өгөхгүй байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийж, өргөн хүрээний судалгаа явуулсан. Энэ оношилгооны үр дүнд зургаан төрлийн “өвчин” илэрсэн. Тиймээс үүнийг эдгээх зургаан сэргэлтийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд гаргаж ирсэн. Үүнд нэгдүгээрт, төрийн бүтээмжийн сэргэлт. Энэ бодлогын хүрээнд цомхон, чадварлаг, өндөр цалинтай төрийн аппараттай байя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр, хурдан, чанартайгаар хүлээн авах ёстой.
Хоёрдугаарт, эрчим хүчний сэргэлт. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 гаруй хувийг ОХУ-аас авч байна. Эрчим хүчний тусгаар тогтнол байхгүй учраас Эгийн голын цахилгаан станцын ажлыг 2023 онд барьж эхлүүлэхээр улсын төсөвт тусгасан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг ч эхлүүлэх гэж байна. Ингэж байж бид эрчим хүчний хувьд хараат бус болно.
Гуравдугаарт, боомтын сэргэлт. Энэ бол манай эдийн засгийн судсыг тэлж, импортоор валют оруулж ирэх гол боломж гэж ойлгож болно. Тийм ч учраас гол боомтуудын үйл ажиллагааг сайжруулах нь зайлшгүй гэж үзсэн. Уул уурхайн бүтээгдэхүүнээ бүх боломжоо дайчлан экспортолж, орж ирсэн хөрөнгөө эдийн засгийн өөр эх үүсвэрт оруулахаас гадна нийгмийн бусад салбараа дэмжих, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах гол зорилготой. Энэ ч агуулгаараа бид ганцхан жилийн дотор өөрсдөө төмөр зам барьж
ашиглалтад оруулж чадлаа.
Тавантолгой Гашуунсухайтын 233 км төмөр замыг ашиглалтад орууллаа. 11 дүгээр сард Зүүнбаян-Хангийн 226 төмөр замыг мөн ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол эдийн засгийн өсөлтийг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж, бололцоо юм. Боомтын сэргэлтийг ингэж өрнүүлснээр эдийн засгийн сэргэлт өнөөдөр 2.6 хувьтай байна. Ирэх онд таван хувьд хүрэх буюу манай улсын эдийн засаг хоёр дахин тэлэх тооцоолол гарсан. Эдийн засгийн ийм өсөлт иргэдийн амьдралд шууд мэрдэгдэнэ.
Дөрөвдүгээрт, аж үйлдвэржилтийн сэргэлт. Бид ганзагын наймаачин шиг амьдарч ханалаа. Аж үйлдвэржиж байж ажилтай, орлоготой буюу амьдралын түвшин өндөр улс орон болох зориолгодоо хүрнэ. Бусад улс орон ч аж үйлдвэржиж байж хөгжингүй шатруугаа орсон байдаг.
МАН дэвшүүлсэн бодлогоо ажил хэрэг болгохын төлөө илүү хүчтэй ажиллана
Уул уурхайгаас олсон мөнгөө аж үйлдвэрийн салбарт оруулж байж эдийн засаг тогтворжиж, хойч үедээ гэрэлтэй ирээдүйг үлдээх боломж бүрдэнэ шүү дээ. Тавдугаарт, ногоон хөгжлийн сэргэлт. Өргөн уудам газар нутгаа байгаагаар нь авч үлдэх нь чухал. Байгалийн баялгаа ашиглаж байгаа ч эргээд нөхөн сэргээлт хийх, цөлжилтийг багасгах, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах зэрэгт төрийн бодлогоор анхаарал хандуулъя гэж байгаа юм. Зургадугаарт, хот хөдөөгийн сэргэлт. Монголчууд бид нийт газар нутгийнхаа 0.3 хувь дээр шахалдаж чихэлдэж амьдарч байна. Гэтэл энэ чигээрээ байхуу эсвэл өргөн уудам газар нутагтаа тархан суурьшиж, асуудал стресс багатай амьдрах уу. Энэ асуултын хариулт нь хот, хөдөөгийн сэргэлт. Тийм ч учраас МАН-аас эмхлэн зохион байгуулагдсан Засгийн газар хот, хөдөөгийн сэргэлтэд онцгой анхаарал хандуулж байгаа. Тухайлбал, Улаанбаатараас орон нутаг руу шилжиж байгаа иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулал олгоно гэдгээ улсын төсвийг батлахдаа зарлачихлаа шүү дээ. Тодруулбал, орон нутагт шилжиж ажилласан тохиолдолд цалингийн урамшуулал олгох, орон сууцны бага хүүтэй зээлд хамруулах зэргээр таатай нөхцөлийг санал болгож байгаа. Тухайн орон нутагт ажлын байрыг шинээр бий болгох, суурьшлын бүсийг нэмэх зэрэг бодлогыг баримталж байна. Ингэснээр нийслэл хотод хуримтлагдсан олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзсэн.
-Шинэ сэргэлтийн бодлого салбар бүрт хүрч, хэрэгжиж эхэлжээ. Тэгвэл эрх баригч намаас зарласан дэвшилтэт бодлогуудын хэрэгжилт ямар байна вэ?
-МАН 30 дахь Их хурлаараа үндсэндээ үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаандаа шинэчлэл хийсэн. Энэ шинэчлэлт, өөрчлөлтийн хүрээнд МАН авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон буюу улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл гаргасан хэн нэгэн этгээдтэй хамтарч ажиллахгүй гэдгээ зарласан. Түүнчлэн дэвшилтэт бодлогуудыг мөн зарласан. Тухайлбал, хамгийн түрүүнд Хүний эрхийн дэвшилтэт бодлогыг тунхаглан зарласан. Энэ хүрээнд бид судалгаа шинжилгээ хийхэд манай улс хүний эрхийн асар хүнд нөхцөлд байна гэх дүгнэлтэд хүрсэн. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэг, хүний эрх зөрчигддөг дүр зураг гарсан л даа. Гэтэл бид Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлооно гэж заасан байдаг. Тиймээс МАН-ын зүгээс хүний эрхийн асуудлыг судалж шинжлээд сайжруулах чиглэлээр тусгайлан ажиллая гэж байгаа юм. Ганцхан жишээ татахад, бидний өдөр тутмын амьдралыг зохицуулдаг хуулиудын 798 заалт нь хүний эрхийн зөрчилтэй гэдэг дүгнэлт гарсан. Ийм л учраас бид төрийн үйлчилгээ авахдаа хүртэл доромжлуулдаг, төрийн албан хаагчийг царайчилдаг, авлига өгөх шаардлагатай болчихдог. Тиймээс бид 62 гишүүн бүхий бүлэгтэй, эрх баригч намын хувьд намар, хаврын чуулганаар 2024 оныг дуустал дээрх 800 орчим заалтад хуулийн өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлчихээд явж байна. Энэ хүрээнд улс орон даяар хүний эрхийн 30 мянган манлайлагчийг бэлтгэх ажлыг мөн эхлүүлсэн. Нэг жилийн хугацаанд хүний эрхийн үзэл баримтлалтай холбоотойгоор Улаанбаатар хотын 205 хороонд бүгдэд нь хүрч, ажиллаж, сургалтаа явууллаа. Үндэсний хэмжээний намын хувьд 330 сумандаа хүний эрхийн сургалтыг хийж дууслаа. Нийтдээ энэ агуулын хүрээнд давтагдсан тоогоор намынхаа 73 мянган гишүүнд хүрч, сургалт уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ бол маш том амжилт. Хамгийн сүүлд дөрөвхөн хоногийн хугацаанд Бага хурлын гишүүдээс бүрдсэн 259 баг гарган, орон нутгийн бүх сумандаа хүрч ажиллалаа.
-Их хурлаас зарласан бодлогуудаас хамгийн их анхаарал татсан нь авлига, албан тушаалын эсрэг дэвшилтэт бодлого байсан. Энэ бодлогын хүрээнд улс төрийн нам анх удаа нийгэмд шүгэл үлээсэн нь нүүрсний хулгайн асуудал болох шиг боллоо?
-Өнгөрсөн 32 жилд Монгол Улс хөгжихгүй байгаагийн гол шалтгаан авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэлтэй гэж үзсэн л дээ. Тийм ч учраас МАН энэ асуудалтай тэмцье гэж 30 дахь Их хурлаараа зарлан тунхагласан. Ингэснээр бид хамгийн түрүүнд Хөгжлийн банкны асуудлаар шүгэл үлээж эхэлсэн. Эрх баригч нам өөрөө энэ асуудлыг хөндсөн. Сайн, муу нь нийлж байж сав дүүрдэг гэдэг. Манай намын 283 мянга 46 гишүүний дотор ч авлига, албан тушаалын асуудалд холбогдсон хүмүүс байгаа нь нууц биш. Тийм ч учраас бид намынхаа дүрэмд өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол намаас түдгэлзүүлэх, хасах заалтыг оруулж ирсэн. Зөвхөн Хөгжлийн банкны асуудалд манай намын 17 хүн нэр холбогдсон. Тэднээс есийг нь намаас хассанд тооцсон, долоо нь намаас түдгэлзсэн байдалтай байна. Тоон дүнгээр яривал зөвхөн Хөгжлийн банкны асуудлыг хөндсөнөөр эргэн төлөлт нь 800 тэрбум төгрөг даваад байна.
Дараагийн кейс нүүрсний хулгай. Энэ асуудлыг эрх баригч нам өөрөө хөндөж, гаргаж ирсэн. Энэ процесс өнөөдөр ч хэрхэн үргэлжилж байгааг та бүхэн харж байгаа байх. Нүүрсний хулгайчидтай тэмцэх мэдээж амаргүй. Асар их мөнгөтэй бүлэглэлтэй тулж байна шүү дээ. Талбай дээр болж байгаа органик жагсаалыг мөнгөөр хөлсөлсөн хүмүүсээр дүүргэж байгааг та бид харлаа. Ард иргэдийн зөв шаардлагыг будилуулах, саармагжуулах, үймээн самуун дэгдээх, улмаар хулгайтай тэмцэхээ зарласан Засгийн газрыг унагаахад турхирах тохиолдол ч гарч байна. Энэ Засгийн газрыг унагах сонирхол нүүрсчдэд маш их байгаа. Учир нь энэ Засгийн газрыг унагаж байж, хулгайгаа нуун дарагдуулах сонирхол их байгаа нь илт.
Жагсагчдын зүгээс гаргаж буй зайлшгүй, зүй ёсны шаардлагад Засгийн газар хариу өгч ажиллаж байна. Тухайлбал, нүүрсний хулгайчидтай хариуцлага тооц гэсэн, тооцсон. Тодорхой тооны хүнийг баривчилж, цагдан хорилоо, мөрдөн шалгах ажиллагааг ч явуулж байна. Ажлын хэсэг байгуул гэлээ, байгуулсан. Эрүүгийн хуулиа өөрчил гэсэн, өөрчиллөө. Хэлэлцүүлэг явуул гэсэн, явууллаа. Олон нийтэд зарласан нэрийг голсон, нэмээд томоохон албан тушаалтнуудаас бүрдсэн нэр бүхий 17 хүнийг зарлалаа. Одоо АТГ, прокурор, хууль, шүүхийнхний хийх ажил үлдсэн.
Үйл явц ингэж өрнөж байгаа нь МАН 30 дахь Их хурлаараа авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг зогсохоо зарласны үр дүн гэж харж болно.
Маш олон, том дүнтэй хулгайг олон нийтэд ил болгож, хууль хяналтынхны мэдэлд шилжүүлсэн нь бидний ажлын үзүүлэлт. Ерөөсөө цаашид ч бүх намд энэ процессыг өрнүүлэх учиртай. Ингэж байж улс төрийн намуудад хулгайчид биш, явцуу эрх ашигтай хүмүүс орж ирдэггүй болно. Олон нийтийн төлөө бие, сэтгэлээ зориулах, эх орноо гэсэн сэтгэлтэй, чадвартай, боловсролтой хүмүүсийн эрүүл нэгдлийг бүрдүүлэх нь бидний гол зорилго болж байгаа юм. Үндсэндээ бидний дэвшүүлсэн энэ зорилтын хөрс суурь одооноос тавигдаж байна гэж залуу хүний, залуу улстөрчийн, эрх баригч намын Намын байгуулалтын газрын даргын албан тушаалтны хувьд харж байна.
-Жендэрийн эрх тэгш байдал МАН-ын бодлогын цөмд байна гэдгээ зарласан. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуульд энэ талаарх өөрсдийн саналаа хүргүүлж амжсан уу?
-Жендэрийн асуудалд МАН нэлээд өргөн хүрээнд анхаарал хандуулан ажиллаж байна. НҮБ, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА-тай хамтарсан төслийн хүрээнд 2022 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах хүрээнд олон талын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах уриан дор МАН-ын бүх удирдах албан тушаалтныг оролцуулсан хэлэлцүүлгийг олон улсын ардчиллын өдрөөр мөн зохион байгуулсан. Үүнээс хойш бүх аймгийг хамруулсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай сургалтыг ч хийлээ.
МАН Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу анх удаагаа улс төрийн намуудаа манлайлж Жендэрийн үндэсний хороонд тайлангаа хүргүүллээ. Анх удаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын баримт бичигтэй боллоо. Удахгүй болох Бага хурлын хоёрдугаар хуралдаанаараа энэ бодлогын баримт бичгийг батлахаар зэхэж байна.
Энэ баримт бичгийг боловсруулахын тулд бүх аймаг, сумаар явж намын гишүүдийнхээ саналыг авч тусгасан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайд 2023 он маш чухал. Учир нь ирэх оны долдугаар сар гэхэд Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батална. Энэ хуулиар МАН эрх баригчийнхаа хувьд сонгуулийг мөнгөний хүчин зүйл багатай, хүйсийн харьцаа, нөлөө багатай байхаар буюу бүх нийтэд хүртээмжтэй хууль болгох талд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Бидний зүгээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайд олон заалтыг тусгасан байгаа. Ирэх онд Улс төрийн намын тухай хуулийг батлах болов уу. Энэ хуульд ч бидний зүгээс оруулах саналынхаа бэлтгэл ажлыг хангаж байна. Бүх шатны эмэгтэй боловсон хүчнээ чадваржуулах, нөлөөг нь нэмэгдүүлэх хүрээнд нам өөрөө Фредрих Эбертийн сантай хамтран эмэгтэйчүүдийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
-МАН бусад улс төрийн намаа манлайлаад нийгэмд үүрлэсэн томоохон хулгай, луйврын талаар шүгэл үлээж эхэлсэн. Үүний цаана олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас эсэргүүцэл, үгүйсгэлтэй нүүр тулж байгаа байна уу?
-Бидний шүгэл үлээсэн асуудлууд нэг удаад, өргөс авч байгаа мэт алга болохгүй нь ойлгомжтой. Харин үүнийг эхлүүлнэ гэдэг том ажил. Үргэлжлүүлээд богино хугацаанд үр дүн гарч эхэлж байгаа нь хоёр дахь амжилт. Цаашлаад МАН бол 101 жилийн турш хөгжиж яваа том институц. Намын бодлого өргөн хүрээнд үйлчлээд, галт тэрэг хөдлөөд эхлэхээр үүнд дургүйцэж бухимдах, эсэргүүцэх хэсэг бүлэг бий. Гэлээ гээд намын төв аппаратын, том бодлого өрнөж байгаа тохиолдолд бид эсэргүүцлээс айж бэргэхгүй, бас ухрахгүй. Цаашид дэвшүүлсэн бодлогоо үргэлжлүүлэх, дэвшүүлсэн зорилтоо ажил хэрэг болгохын төлөө илүү хүчтэй ажиллах болно.
-Та Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч. Сонгогдсон цагаасаа хойш ямар ажлуудыг хийж амжуулав?
-2020 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнд миний бие, Б.Сүхбаатарын хамт Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Манайх бол маш том тойрог. 110 мянган оршин суугчтай. Бидний зүгээс хамгийн түрүүнд хийсэн ажил бол хороодын тоо тав байсныг ес болгож задалсан. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулахаас гадна хүртээмжтэй байдлыг харгалзсантай холбоотой. Гэр хороолол болон байшин хороолол холилдсон онцлогтой тойрог учраас хороодын тоо олон. Өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоо ч цөөнгүй. Бид хоёрын зүгээс хамгийн түрүүнд оршин суугчдадаа амласан амлалт бол харанхуй гудамжийг гэрэлтүүлэх ажил байсан. Манай тойргийн гэр хорооллын бүсэд харанхуй гудамж ихтэй, хүн амьдрахад таатай бус, орой үдэш аюултай, камержуулалт байхгүй, иргэд маань бага насны хүүхдүүдээ орой үдшийн цагаар гадуур явуулахдаа санаа сэтгэл зовнидог, гэмт хэрэг гардаг учраас эхний ээлжид харанхуй гудамж үлдээхгүй гэдэг зорилтыг дэвшүүлэн ажиллалаа.
Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд нийт гэр хорооллынхоо 80 хувийг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болголоо. Эхний ээлжид тавдугаар хорооны арын хэсэг, 19, 22, 24 дүгээр хороогоо гэрэлтүүлэгтэй болгосон. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Камержуулалтын хувьд үндсэндээ бүх гудамжинд хийгээд дуусаж байна.
Бидний хувьд камержуулалтыг хийж дуусгаад тухайн хорооны цагдаад хүлээлгэж өгдөг. Хэрвээ тухайн хэсэгт гэмт хэрэг гарвал цагдаад хандаж, шүүлгэх боломжтой. Үүний дагуу гэмт хэрэг илрүүлэлт нэмэгдсэн дүн мэдээтэй байна. Нөгөөтэйгүүр бид боловсролын чиглэлд тухайлан анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, сургуулиудын тохижилт, дотоод үйл ажиллагааны программ, анги дүүргэлтийг зохистой түвшинд хүргэх, хүүхдүүдийн сурах орчныг таатай болгох чиглэлд түлхүү анхаарч байна. Мөн орчин тойрны тохижилт их чухал. Учир нь, залуучууд гэрээс гараад явахад гутал хувцас нь шороотой хутгалдчихдаг. Гэтэл бид чинь нийслэлийн иргэд шүү дээ. Нийслэл ганцхан хотын төвд байдаггүй. “Монел”, “Монос”-т амьдарч байгаа бүх иргэн нийслэлийнх. Зөвхөн төв талбай юм уу 40 мянгатад очсоноороо хотын иргэн гэдгээ мэдэрдэг байх ёсгүй. Тухайн хороонд амьдарч байгаа хэн боловч нийслэлийн иргэн гэдгээ орчин тойрноосоо мэдэрдэг байх учиртай л гэж үзээд байгаа юм. Ийм л ойлголтыг тойргийнхоо иргэдэд төрүүлэх үндсэн философитойгоор ажиллаж ирлээ. Тийм ч учраас гэр хорооллын дундах авто замыг нэмэгдүүлэх чиглэлд нэлээд анхаарч байна. Гэхдээ маш олон замтай учраас гудамж бүрд засмал зам тавих боломжгүй. Өнөөдөр нэг км замыг тэрбум төгрөгөөр хийдэг. Гэтэл улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн төсөв хэмжээ хязгаартай.
Хөрөнгө санхүүгээс хамааралтай учраас бид гэр хорооллын бүх гудамжийг жилдээ хоёр удаа түрдэг. Өөрөөр хэлбэл, зуны эхэн сард газар гэсэж, шавар шалбааг үүссэн нөхцөлд түрж, янзалдаг. Мөн намар дахин засах шаардлага үүсдэг. Зун бороо орж, зам эвдэрдэг учраас намар зайлшгүй засах шаардлагатай болдог л доо. Энэ нь мэдээж нөгөө л иргэдийн амьдрах орчны ая тухыг хангах хүрээнд хийдэг ажил. Эдгээр ажлыг бид өөрсдийн хөрөнгөөр болон найз нөхдийн тус дэмээр буюу хүмүүсийн сайхан сэтгэлд тулгуурлаж хийдэг. Учир нь, энэ төрлийн ажлын зардал төсөвт суудаггүй. Гэсэн ч бид олны итгэлийг авч сонгогдсон учраас боломж, бололцоогоороо хийдэг гэж ойлгож болно.
-Хороодод хамгийн их тулгамддаг нь тохижилт үйлчилгээний ажил байдаг. Энэ чиглэлээр хийсэн ажлаасаа танилцуулна уу?
-Өнгөрсөн онд тохижилт үйлчилгээний цөөнгүй ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, 2021-2022 онд хийсэн болон хийж буй ажлыг дурдахад 16 дугаар хороонд гэр хорооллын газар чөлөөлөлт хийж, дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг эхлүүлээд байна. Үр дүнд нь гэр хорооллын иргэд маань хананаасаа ус гоождог, боловсон нойлтой байшинд амьдардаг болох боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Энэ бол нийслэлийн иргэний наад захын хэрэгцээг хангах зорилтын хүрээнд төлөвлөсөн ажлуудын нэг. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 6,7,8 дугаар байрыг дахин барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг мөн явуулж байна. Төвлөрсөн дулааны шугам сүлжээг мөн оруулж, хуучныг нь сэргээн завсарлаж байна.
-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувьд иргэдтэй хамгийн ойр ажилладаг субьект. Энэ утгаараа иргэдэд нэн тэргүүнд тулгамдаж буй асуудалд анхаарал хандуулдаг, шийдвэрлэдэг байгаасай л гэж хүсдэг. Энэ тухайд таны сонгогдсон тойргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг саадгүй авч чадаж байна уу, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн тухайд ямар байна вэ?
-Ярилцлагын эхэнд хороодыг задалсан талаар дурдсан. Үүний учир нь ерөөсөө л энэ юм. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмж муу байсан учраас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах үүднээс хороодыг хуваасан гэсэн үг. Ингэснээр нэмж байгуулсан хорооны тоогоор өрхийн эмнэлэг, цагдаа зэргийг шинээр байгуулсан. Төрийн үйлчилгээг иргэн бүрд ойртуулахын тулд таван хороог ес болгож нэмэгдүүлсэн. Эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд анхан шатны тусламж үзүүлдэг газар бол Өрхийн эмнэлэг. Тэр ч утгаараа бид хоёр тойргийнхоо Өрхийн эмнэлгүүдтэй маш ойр ажилладаг. Тэр дундаа сүүлийн хоёр жил ковидоос үүдэлтэйгээр өрхийн эмнэлэгтэйгээ хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага үүссэн. Тиймээс зарим эмнэлэгт машиныг нь шийдэж өглөө. Эмч нар айл өрхүүдээр явж бүртгэл мэдээлэл хүргэх зэрэгт зөөврийн компьютер шаардлагатай болсон учраас мөн шийдэж өгсөн.
Үүнээс гадна эмч, сувилагчдынхаа сэтгэлзүйд дэмжлэг үзүүлэх талд нэлээд анхаарч ажиллалаа. Учир нь, ковидын үед тэд маань өдөр шөнөгүй ажиллаж байгаа мөртлөө л иргэдэд хараалгаж загнуулах, доромжлуулах явдал их гарсан. Үүнээс үүдэлтэйгээр сэтгэл санаагаар унах гэх мэт асуудал үүссэн л дээ. Тиймээс бидний зүгээс тэдэндээ сэтгэлийн дэм үзүүлж, урамшуулахаас гадна хувцсаар жигдрүүлэх зэрэг байдлаар анхаарал тавьж ажилласан. Байшин хорооллын тухайд хамгийн их анхаарал хандуулж, хамтарч ажиллах ёстой субьект бол СӨХ. Тиймээс бид өнгөрсөн намар тойргийнхоо хороодын бүх СӨХ-ны даргыг хүлээн авч уулзаж, санал бодлыг нь сонсон, газар дээрээ шийдэх боломжтойг нь шийдлээ.
Цаашид бодлогын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудалтай СӨХ-тойгоо хамтарч ажиллахаар болсон. Түүнчлэн иргэдийн сэтгэлд хүрсэн үйлчилгээ явуулдаг, сайн ажилладаг СӨХ-доо шагнаж урамшуулах ажлыг ч зохион байгууллаа. Ингэхдээ иргэдэд чиглэсэн байдлаар буюу иж бүрэн тоглоомын талбай байгуулах, тохижилтын ажил хийж өгөх зэргээр урамшуулсан. Түүнчлэн хуучны барилгуудад дахин дулаалга хийх ажлыг СӨХ-гоор дамжуулан хийж байна. Боловсролын тухайд тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдтэй мөн байнгын байдлаар хамтарч ажилладаг. Гадна тохижилт, тоглоомын талбай, машины зогсоол, авто замын тохижилт зэрэгт анхаарал хандуулж, үүссэн асуудлыг тухай бүр шийдвэрлэх байдлаар ажилладаг. Манай Баянзүрх бол нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Тийм ч учраас манай тойрогт ч мөн асуудал ихтэй, хүнд нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүд бий. Тухайлбал, 128 дугаар цэцэрлэгт агаар сэлгэлт хийх зайлшгүй шаардлага үүссэн байсан. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдүүд ханиад томуу хүрэх тохиолдол их гардаг. Тиймээс хүйтэн агаарыг дулаан болгож, нэг температураар агаар сэлгэдэг төхөөрөмжөөр иж бүрэн тоноглохоор ажлаа эхлүүлсэн. Энэ ажлыг мөн л найз нөхдийнхөө дэмээр хийж байна. Мөн 169 дүгээр цэцэрлэгийн барилга насжилт өндөртэй болохоор дулаалга маш муу, хүйтэн учраас бүтэн дулаалга хийж, цонхнуудыг нь солих, иж бүрэн засварыг ирэх онд хийхээр төлөвлөгөөнд оруулчихаад байна.
Төрөөс иргэдэд хүрдэг үйлчилгээний чанар, хүртээмжид төвлөрч ажиллана
-Нийслэлийн төлөөлөгчид иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах шаардлагатай байдаг. Иргэдтэйгээ уулзах, санаа бодлыг нь сонсох, эргээд тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх талд ямар байдлаар ажиллаж байна вэ?
-Цар тахлаас үүдэлтэйгээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдтэйгээ уулзах боломж хомс байлаа, ерөнхийдөө хумигдал байлаа шүү дээ. Хөл хорио цуцлагдсанаас хойш тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтыг тогтмолжуулж, хорооны Засаг дарга нартайгаа байнгын хамтарч ажиллаж байна. Хорооны дарга нарын зүгээс иргэдэд үүссэн асуудал бүрийг бидэнд уламжилж, шийдвэрлэх замаар хамтарч ажилладаг. Мөн бидний утас байнгын асаалттай байдаг учраас иргэд маань хүссэн цагтаа санал бодлоо илэрхийлэн холбогдож байдаг. Жишээлбэл, өвлийн цагт орон сууцны халаалт тасалдах, халуун ус ирэхээ больчихлоо гэх мэтээр үүссэн асуудлаа хэлж иргэд маань утсаар холбогддог. Тэр бүрд Дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад уламжилж, шийдвэрлэх зэргээр байнгын холбоотой ажилладаг.
Сошиал сүлжээг мөн ашиглаж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүссэн хүнтэйгээ холбоотой байх боломжийг бидэнд техник технологийн дэвшил олгож байна шүү дээ. Тийм учраас фэйсбүүк сувгуудаар дамжуулан тойргийнхоо иргэдтэй хамтарч ажилладаг. Цаашид тойргийнхоо иргэдтэй хийх уулзалтыг долоо хоногт нэг удаа тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн. Манай тойргийн хувьд олон хороо, газар нутгийг хамардаг учраас бүх хүнд хүрч ажиллахад учир дутагдалтай тал бий. Гэсэн хэдий ч бид иргэдтэйгээ тулж уулзах уулзалтаа тогтмолжуулаад явна. Одоогийн байдлаар хийж байгаа ажлаа шалгаж, явцтай нь танилцах зэргээр ажиллаж байна.
-Залуу хүний хувьд залуучуудтайгаа ямар байдлаар хамтарч ажилладаг вэ. Манай улс бол залуучуудын орон. Тиймээс энэ бол яалт ч үгүй тусгайлан анхаарал хандуулах шаардлагатай сигмент болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Залуучуудыг хэзээ ч орхигдуулж болохгүй. Тийм ч учраас бид өнгөрсөн намар залуучууддаа хандсан арга хэмжээг тусгайлан зохион байгууллаа. Учир нь, тойрогтоо очоод нэгдсэн уулзалт зохион байгуулахад залуучууд бараг ирдэггүй. Тиймээс залуучуудын хөгжил, боловсролд анхаарах зорилгоор “Намрын академи” нэртэйгээр зохион байгууллаа. Өнгөрсөн есдүгээр сарын 15-16-нд “Найрамдал” зусланд 500-600 залуусын оролцсон томоохон арга хэмжээ л дээ. Энэ уулзалтад манай тойргийн залуучууд өөрсдийн хүсэл эрмэлзлээр ирж оролцсон. Энэ үеэр тэдэнд таван чиглэлийн хичээлийг заасан.
Ингэхдээ хүний хөгжил болон амьдрах орчноо хэрхэн сайжруулах вэ гэдэг сэдвийн хүрээнд Б.Сүхбаатар төлөөлөгч, миний бие оюун ухаан, танин мэдэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг сэдвийн хүрээнд хичээл заалаа. Энэ бол залуучуудыг хувь хүн талаас нь хөгжүүлэх, хооронд нь танилцуулж, нөхөрлүүлэх үндсэн зорилготой арга хэмжээ. Цаашид улирал бүр тогтмол зохион байгуулна. Дулаан цаг ирэхээр “Хаврын академи”-ийг зохион байгуулах юм. Түүнчлэн залуучуудад хандсан цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Япон улсад сувилагчийн мэргэжлээр суралцуулах ажил. Улмаар тухайн улс орондоо ажиллах боломжоор хангах хөтөлбөрийг тойрогтоо зарлан хэрэгжүүлж байна. Үүнд тойргийн залуучууд маань маш идэвхтэй хамрагдаж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласны үндсэн дээр 10 оюутанд сургалтын тэтгэлэг олголоо.
-Тойргийн тань иргэдийн өмнөөс ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалттай танилцъя?
-Дээр дурдсан олон асуудлыг анхаарлын гадна үлдээж болохгүй нь гарцаагүй. Түүнчлэн ирэх жилээс бид тойрогтоо ногоон байгууламж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эхний ээлжид 19, 24 дүгээр хороонд нийтдээ 10560 ширхэг мод тарихаар бэлтгэл ажлаа хангачихаад байна. Ер нь гэр хорооллын бүсэд мод тарих нь маш олон давуу талтай. Наанадаж хөрсний бохирдлоос хамгаалахаас авахуулаад агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин тойрныг ногоон бүс болгох ажлыг бусад хороонд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөлөө.
Мөн 19 дүгээр хороонд 240 метр авто зам барихаар төлөвлөгөөнд тусгалаа. Тавдугаар хороонд эхлүүлээд байгаа инженерийн ажлыг дуусгахын зэрэгцээ 70 метр авто зам барина. Гэр хорооллын бүсэд эхлүүлсэн гэрэлтүүлгийн ажлыг ирэх онд бүрэн дуусгаж, 100 хувьд хүргэнэ.
Камержуулалтын ажлаа ч мөн бүрэн дуусгаад хороодод хүлээлгэж өгнө. 32 дугаар хороонд 100 метр авто замын ажлыг дуусгана. 37 дугаар сургуулийн гаднах авто замын зогсоолыг хийнэ гэх мэтээр ажлын төлөвлөгөөгөө гаргасан.
-Улаанбаатар хотын ирэх оны төсвийг хэдхэн хоногийн өмнө баталлаа. Үүнд Баянзүрх дүүрэгт хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв тусгав. Тэр дундаа танай тойрогт нийслэлийн хөрөнгө оруулалтаар ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан бэ?
-Миний сая дурдсан буюу 2023 онд хийхээр төлөвлөсөн ажлуудыг нийслэлийн төсвийн хүрээнд хийх юм. Б.Сүхбаатар төлөөлөгч бид хоёрын хувьд тус бүрдээ 600, нийтдээ тэрбум 200 сая төгрөгийг тойрогтоо тусгуулж чадлаа. Энэ төсөв бүхэлдээ бид хоёрын тойрогт зарцуулагдана гэсэн үг. Ерөөсөө иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах зорилтот таван ажилдаа бүрэн зарцуулах юм.
Авто зам, гэрэлтүүлэг, инженерчлэл, зам талбай, тохижилтын ажилд зориулагдана гэж ойлгож болно. Бидний хувьд дан ганц улсын төсвийг хараад байдаггүй. Олон улсын төсөл хөтөлбөрийг татах зэргээр гуйхдаа гуйж, хамтрахдаа хамтраад, байж болох бүхий л боломж, бололцоогоор тойрогтоо хөрөнгө оруулалт татдаг.
Б.Сүхбаатар төлөөлөгч бид хоёрын хувьд иргэдийнхээ амьдрах орчныг тавтай тухтай болгоход гол анхаарлаа хандуулсан. Тийм ч учраас камержуулалтын ажилд гол анхаарлаа хандуулсан гэж ойлгож болно. Тиймээс гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох ажил өнөөдрийн байдлаар 70-80 хувьд хүрсэн байна. Камержуулалтын ажил ч мөн энэ хэмжээнд хүрсэн. Үлдсэн хугацаанд илүү иргэдийнхээ дунд орж ажиллах төлөвлөгөөтэй байна. Тэр дундаа иргэдэд төрөөс хүрдэг үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудалд илүү төвлөрье гэж байгаа юм. Цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт үүссэн асуудлыг шийдвэрлэх, шинээр урган гарч байгаа асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллана.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/