Танхай банди: “Монгол буддизм” гэдэг нь Чингис хааныг дахин төрүүлэх зорилгоор зарласан тендерт ялсан төслийн үр дүн


СУДЛААЧИЙН ҮГ

Улаан хүрэн, тэрмэн шамтав, футболк хааш яайш эгэлдрэглэж, хятад таавчиг  хөлдөө угласан тарган лам, мөрөндөө үүрсэн өлзий цүнхээ нандигнан тэвэрсэн алхаж яваа дүр төрхийг улаанбаатарчууд харсан л байх. Түүнийг харахад л этгээд нөхөр гэдэг нь илэрхий. Ном соёлын ертөнцөд түүнийг танихгүй хүн тун ховор энэ эр цахим ертөнцөд ч дуулиантай нэгэн. Төвөд судлаач Баатад овогт Гончигийн Ням-Очирыг Монголд “Танхай банди” гэдгээр нь илүүтэй мэддэг билээ. 

 -Таны шинэхэн туурвисан бүтээ­лүүдийг уншлаа. Ойлголтын хувьд нэлээд сонирхолтой байж болох өнцгүүдийг олж харлаа. Үүнээс Ардын хувьсгал ялснаар МАН төр барьж, Чингис хааныг тахин шүтэх үзлийг бэлгэдлүүддээ нуугаад ямар нэг байдлаар шүтэн дээдлээд ирсэн нь анхаарал татлаа. Та энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-”Үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. МАН-ыг анх байгуулахад  язгуур үндсээ хамгаална гэж том зорилго тавьсан. Манж Чин улсын төр байх үед монголчуудыг  үнэт зүйлгүй, эрхэмлэн дээдлэх шүтлэггүй байлгахыг зорьж, Чингис хааны тахилга үйлдэхийг хориглодог байлаа. Их эзнийг эрхэмлэн дээдлэх, сүслэн бишрэх итгэл үнэмшил монголчуудын дунд хүчтэй байсан нь Чингис хааныг бүх цаг үеийн турш шүтэхийг хориглож ирсэнд оршино. Ардын хувьсгал ялсны гол шалтгаан болох “Язгуур үндсээ хамгаалъя” гэдэг зорилгыг МАН-ын эрмэлзэх арван зүйлдээ оруулж өгснөөр алтан ургийнханд найдвар төрж эхэлсэн. Хэдийгээр феодалын нийгэм байсан ч Манжийн төр алтан ургийнханд маш хатуу хандаж, байнга дарамтанд байлгасан.


-Чингис хаанаа шүтээнчилж, тахин шүтэх үзэл бидэнд хэдийнээс бүрэлдсэн юм бол?

-Чингис хааныг шүтэн дээдлэх үзэл Юань улс мөхсөн үеэс эхлэлтэй. Өөрөөр хэлбэл, 1368 онд Юань гүрэн бутарч, Монгол хаад эх нутагтаа ирээд Умард Юань улс байгуулсан үеэс. Урьд нь язгууртнуудын дунд даосизмын хэлбэрээр өвгөдийн сүнсийг тахих маягаар байсан бол жирийн ардын дунд бонг шашны хэлбэрээр оршиж байж. Их гүрний тансаг амьдралд дассан эзэд уруудан доройтож, анд нөхөргүй, зэр зэвсэггүй, цэрэггүй болж эв нэгдлээ алдсан. Эдийн засаг, оюун санааны хувьд ядуурч бараг туйлдаад ирсэн. Баян тансаг байх үед үнэт зүйлээ тоогоогүй бол уруудан доройтоод ирэх үест үнэт зүйлээ таньж эхэлсэн хэрэг. Улмаар Умард Юань улс хэсэг хүчирхэгжиж, тэлж ирсэн шүү дээ. Үүнийг манжууд олоод харсан байгаа юм. Манжийн эрхшээлд орсны дараа манжууд монголчуудад нэг л зүйлийг тулгасан байдаг. Энэ нь “Манай эзэн хааныг Чингис хаан мэт болго” гэсэн. Ингэхийн тулд “Гэсэрийн тууж”-ийг бараг айл болгоны тоогоор хэвлэж өгсөн. Тэр том судрыг олон тоогоор хэвлэнэ гэдэг асар  их зардал гарах нь ойлгомжтой биз дээ. Айл бүрд ургийн бичгээр нь сольж тараасан. Манжийн хааныг шүтүүлэхийн тулд пи-ар хийж байна шүү дээ. Чингис хаан гэдэг ийм харгис, хүн алж талдаг мангас шиг, гэтэл Гэсэр бол хүн алчихаад араас нь буян хийж ном уншдаг гэсэн санаатай. Гэтэл монголчууд сөргүүлээд оюун санаандаа “Жангар”-ыг бүтээсэн. “Гэсэр” нь бичмэл эхтэй, “Жангар” нь аман хэлбэрээр байдаг нь ийм учиртай. Энэ хоёр хөлгөн тууль явж явж Чингис хааныг бурханчилж шүтэх үзэлд зангилагддаг. Ер нь Монголд өрнөсөн дайн тулаан, хувьсгал тэмцэл, бослогын түүхийг харахад монголчуудын оюун санаанаас Чингис хааныг мартуулах гэсэн гаднын улс орнуудын явуулга л байдаг.

-Монголчууд Чингис хаанаа гол шүтээн болгож өөрийн гэсэн бие даасан шашин үүсгэсэн гэдэг санааг номноос тань уншлаа. Энэ шашин нь гол шүтээндээ зориулсан сантай, зүрхэн тарни, уншлагатай байжээ?

-Энэ санаагаа тайлбарлахын тулд эхлээд төвөдүүдийн талаар ярих хэрэгтэй болно. Төвөдүүдэд  оросууд их тааламжгүй байлаа. Хятадууд тэдэнд тийм ч муу байсангүй. Яагаад гэхээр Монголын улс төрд төвөдүүдийн оролцоо их байж л дээ. Ер нь Монголын улс төр гэж юу байх юм бэ. Бид өнөөдөр нүүрс, Боловсролын зээлийн сан, хулгай зэлгий л яриад байна. Бидний оюун санаа ахуйгаасаа салж, алсыг харж чадахаа байсны л эмгэнэлт дүр зураг. Бидний жинхэнэ улс төр, итгэл үнэмшил бол үзэл санааг тунхаглаж, их эзнээ дахин төрүүлэх тэр зүгт явах ёстой. Энэ үзэл санаа Чингис хааныг нас барсны дараагаас л дэлгэрч эхэлсэн. Өнгөрсөн найман зууны тэртээд Төв Азид боловсролтой, шинжлэх ухаанч байсан ард түмэн нь төвөдүүд. Ингээд их эзний залгамжлагч нар төвөдүүдийн дунд тендер зарласан. Ингээд Төвөдийн  шашны дөрвөн гол урсгал тендерт оролцсон. Нэгдүгээрт, Сажийн урсгал. Энэ урсгал Хубилай хааны үед орж ирээд Монголын хааны хүүг, Төвөдийн хааны гүнжтэй гэрлүүлж Алтан ургийн хүү төрүүлэх санал тавьж. Сажийн урсгалын гол төлөөлөгч Пагва лам ордос хуримын зан үйлийг дэглэсэн байдаг. Бидний хуримын зан үйл Хятад, Оросоос өөр байдгийн учир энэ шүү дээ. Хоёрдугаарт, Өгөөдэй хааны үед орж ирсэн Гармаавагийн урсгал байна. Энэ урсгал Чойжин буулгаж, Чингис хааны сүнсийг хүний биед оруулж харьцаж байх технологи санал болгосон. Үүнийг монголчууд санхүүжүүлсэн. Гуравдугаарт, бонг шашин. Энэ урсгалын зан үйл одоо ч бидний дунд байна. Уул, овоонд утаа май тавьж, сан тавих зэрэг. Бонгийн урсгал энэ утаагаар дамжуулан Чингис хааныг тэнгэрээс буулгаж ирнэ гэж үзсэн. Энэ технологийг мөн л бид санхүүжүүлсэн. Юань гүрний уналтын үе буюу XIV, XV зуунд энэ зан үйл монголчуудын суурь заншил болсон. Дөрөвдүгээрт нь, Гэлүгва урсгал сүм хийд, сургууль дэгтэй хутагт хувилгаадын системээр Чингис хаанаа тодруулж байхыг санал болгосон нь VIII Богд хүртэл уламжилж ирснийг бид мэднэ. Мэдээж цаг үеэ дагаад өөрчилж шинэчлээд явах нь мэдээж. Энэ дөрвөн урсгал Төвөдөд бол тус тусдаа байдаг бол Монголд оруулж ирээд холиод  нэг болгосон. Өнөөдөр бид Чойжин гүртэнгээ буулгаад, уул овоогоо тахиж, сан хийморио тавьж, хутагт хувилгаадаа тодруулдаг өөрийн гэсэн шашин, соёлыг бий болгож хөрөнгө оруулсан технологиудаа өөриймсүүлээд авсан юм. Монгол онцлогтой буддизм гэдэг  чинь л энэ.


-Тэгэхээр Монгол буддизм бидний Чингис хаанаа тахин шүтэхэд зориулж дэглэж, үүтгэсэн шашин гэж хэлээд байна уу?

-Бид өөрсдөдөө зориулж Чингис хаанаа дахин төрүүлэх аргачлалыг төвөдүүдээр хөгжүүлүүлээд буцаагаад Монголдоо авчирч холиод өөриймсүүлээд авсан шашин. Энэ бол Монголын улс төр болоод соёл. Шашинд тулгуурлаж соёл бий болдог. Соёл, шашин, итгэл үнэмшил, улс төр гэдэг чинь бүгд зангидсан гар шиг нэг цул юм. Зүйрлэвээс алга нь шашин, нударга нь төр гэж үзвэл таван хуруу нь соёл, боловсрол, итгэл үнэмшил гэх мэтээр салаална. Ц.Дамдинсүрэнгийн дэг сургуулиас төрсөн төвөд судлалын том төлөөлөгч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш “Бид Чингис хаанаа судлах ёстой. Судлахдаа монголчууд найман зууны турш шашнаар дамжуулан яаж тээж ирснийг, тэр их дарамт шахалтыг хэрхэн давсан талаар судлах нь Монголын төвөд судлалын гол зорилго байх ёстой” гэж хэлсэн.

-Бид Чингис хааныхаа шүтээн хөргийг хэдийнээс эхлэн зурж эхэлсэн юм бэ. Энэ талаар баримт сэлт байдаг уу?

-Ер нь буддын шашны дүрслэх урлаг анх үүсэхдээ эртний Грек, Ромын уран баримлын соёл Македонын Александрын үед Төв Азид ирснээр Гандхарын соёл гэдэг Энэтхэгийн бурхны шашны соёлтой нэгдсэнээс эхлэлтэй. Бурхдын дүрийг Грек, Ромын уран баримал шиг биетэй болгож хад чулуун дээр сийлдэг болж. Мөн түүнийгээ зэс, гуулиар урладаг, хананд зурдаг болж хөгжжээ. Ямар ч зүйл тэр дундаа урлаг ч ялгаагүй өрнө, дорно хоёр бие, биедээ шинэ санаа өгч харилцан нэвчсэнээр хөгжиж байдаг. Чингис хааны байлдан дагууллын үед Непал буюу балбачууд армийн дархчууд байж. Тэд метал боловсруулдаг технологитой. “Балбын дархан балбаж хийсэн” зэр зэвсэг хамгийн сайнд тооцогддог байж. Тэр ч бүү хэл монголчуудын дунд “Бүгдийн дээр хаан, хааны дээр дархан” гэдэг хэлц ч бий болсон юм. Түүхийн хувьд наашлаад Өндөр гэгээн 13, 14 настайдаа Төвөдөд шавилан суухаар очиж. Очих үед Лхасын Бодала ордныг 2000 орчим хятад уран барилгачин,  800-аад төвөд, 300 орчим балба дархчууд, 12 монгол зураач ажиллаж, бариад дууссан байж. Өндөр гэгээн Бодала ордныг барихад гол үүрэг оролцоотой байсан Балбын 300 дархныг худалдаж аваад Монголд иржээ. Балба дархчуудыг дагуулаад одоогийн Өмнөговийн нутгаар орж ирэх үеэс  тараан суулгаж эхэлсэн байгаа юм. Тараан суурьшсан балбачууд нутаг орондоо гэрлэж бараалан өөрсдийн ур хийцийг гаргаж эхэлсэн нь Ноён сэврэй, Далай Чойнхор, Дарьганга, Батноров, Долнуур, Их Хүрээ  гэх мэт уран дархны сод хийц бидний өв соёлд нэвчин урлаг болон хөгжиж эхэлжээ. Мөн балбачуудыг дагаж хувцас хэрэглэл, эхнэр үс гэх мэт соёл орж ирснээр бидний халх соёлын нэг хэсэг болсон хувцас хэрэглэлийн деталиуд өөрчлөгдөн хүнд, нүсэр чамин, хээнцэр болж эхэлжээ. Непалд судалгааны ажлаар явахад эдгээр соёлын ул мөр одоо ч байна. Өндөр гэгээний дагуулж ирсэн дархчууд тухайн үеийн элит хэсгийнхнийг хувцаслаж эхэлж л дээ. Одооных шиг л мөн ялгаагүй моод дагах, гоё ганган харагдсан зүйл рүүгээ шуурах хандлага байж л байгаа шүү дээ. Энэ бидний халх соёлд багтсан зүйлс бол Гималайн урлаг. Түүнээс ганцхан монголчуудад зориулаад харь гаргийнхан нисдэг тавгаар бууж ирээд өгсөн юм биш. Зөвхөн Монголын соёл, хаана ч байхгүй юм шиг яриад байж болохгүй. Энэ бол өрөөсгөл ойлголт. Монголын соёлыг судлахын тулд Гималайн соёлыг судлах ёстой болдог. Дэлхийн төвөд судлаачид Монголын соёлыг Гималайн соёлын ай савд багтаадаг. Бид хоёр хөршөөсөө зан үйл, өв соёлын хувьд өөр байдаг шалтгаан ийм. Өвөг дээдэс маань хоёр их хөршөөсөө соёлын асар том ялгарал бий болгосноор уусан нэгдэх аюулаас сэргийлж чадсан маш том бодлогын шийдвэр гаргасан нь эндээс ажиглагддаг. Өөр байсныхаа сул талыг ч 1911-1913 оны эрх чөлөөний хувьсгалын дайн байлдаанд амссан. Халх эрчүүдийн шовгор оройтой малгай дайсны бай болдог. Харин өвөрмонголчууд цагаан ямбуугаар толгойгоо ороогоод, хөлд хөнгөн гутал өмсөөд гүйдэг. Халхуудын хээ угалзтай ганган чамин гутал тээр болохоос хэтрэхгүй. Баруун монгол, өвөрмонголчуудаас хувцас хэрэглэлийн хувьд ч өөр байдаг учир ийм.

Одоо Чингис хааны шүтээн хөргийг хэн урлаж эхэлсэн юм бэ, Монголын дүрслэх урлаг хэзээнээс хөгжиж эхлэв гэдгээ ярьцгаая. Шүтээн хөргийг Өндөр гэгээнээс хойш урлаж эхэлсэн байгаа юм. Өндөр гэгээнээс өмнө шүтээн хөргийг зурсан тохиолдлууд одоогоор мэдэгдэж байгаа нь мэр сэр бий. Барагцаагаар Мин гүрний уналт, Лигдэн хааны үеийнх байж магадгүй гэж үзээд байгаа. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байсан Далтын хуралд Лигдэн хааны суврагачин отгийнхон буюу урианхай нарын шүтэж байсан хөрөг бий. Энэ хөрөг нэлээд урт бөгөөд хятадууд маш нимгэхэн пүүсүү торгон дээр бэхээр зурсан байдаг. Энэ шүтээн хөрөг өөрийн уншдаг номтой, атаа таван тэнгэр буюу говийн Лхагаар голлосон адууны тэнгэр Дамбий Янсан бурхан, Бурхан Халдун уулын савдаг гүртэн Чянбууг зураад хамгийн дээр нь Чингис хаанаа дүрсэлсэн байдаг. Түүний дээр тэнгэр дүрслэгдсэн буй. Монголчуудын уран зурагт эхлээд тэнгэрээ дүрсэлдэг. Тэнгэрт Алтан гадас хийгээд Долоон бурхан одыг зурна. Алтан гадасаа жилийн дөрвөн улиралд, дөрвөн өөр байрлалд орших долоон бурхан од хас тэмдгийг илэрхийлдэг. Түүнчлэн тухайн зурагт тойруулаад 99 тэнгэрээ дүрсэлсэн байдаг нь одоо байгаа шүтээн хөргүүдээс хамгийн алдартай, эртний зураг гэж үзэж байгаа. Монголд хамгийн түгээмэл байгаа дайны тэнгэр буюу Далх бурхнаар голлосон Чингис хааны шүтээн зураг урлал IV Богдын үеэс хүчээ авч эхэлсэн. IV Богдыг Чойжин буюу Далх бууж тодруулсан. IV Богдыг төвөдүүд нааш нь явуулахдаа дайны тэнгэр, дэргэдийн багш, аягачин шивэгчин гээд бүх дагуултай нь явуулсан. IV Богд одоогийн Гандангийн дэнжид ирж буугаад Далх бурхан буюу Чингис хаанаа тахидаг болсноор Их Хүрээ энд суурьших нөхцөл бүрдсэн гэж болно. Гандан хийдийг барих болсон уг шалтгаан нь ч мөн Чингис хааны тахилгатай холбоотой юм. Гандангийн урчууд хамгийн олон Далх бүтээдэг. Ганданд хамгийн их Далх бурхан байдаг.

-Яг төдөн онд зурсан гэдэг багцаа таамаг байдаг уу, ямар зургийн аргаар зурсан юм бол?

-1630-аад он буюу яг Өндөр гэгээний өмнөх үеийнх гэж үзээд байгаа юм. Хятадын венхуа зургийн арга хэлбэрээр зурсан зураг юм даа. Мин улсын үеийн маш алдартай уран зургийн хэлбэр. Хятадын цаг агаар бүрхэг саарал тэнгэр байдагтай холбоотойгоор зургууд нь бүрсгэр саарал байдаг. Зургаа зурахдаа пүүсүү торгыг загасан цавуугаар цардаад дээр нь бэхээр зурдаг. Зөвхөн язгууртнууд энэ аргаар зурдаг. Ийм аргаар зурсан Чингис хааны хамгийн эртний шүтээн хөрөг одоо хувь хүний цуглуулгад байна. Монголын соёлын өв судлаачид дунд энэ танка зураг руу орж судалгаа хийх судлаач одоохондоо бурханч лам Пүрэвбат гуайн хэдэн шавиас өөр  алга. Гэтэл Монголын цуглуулагч нар академик түвшинд хөгжөөд ирлээ. Дэлхийн хаана Монголтой холбоотой, Чингис хаантай холбоотой зүйл байна дөрөв, тавхан хувиараа цуглуулагчид л олж ирж байна. Чингис хаан ба Монголын бурхны шашин гэдэг Чингис хааны бурханчилж зурсан дүрүүдтэй үзэсгэлэн гаргах гэж байгаад ковидтой холбоотойгоор цуцласан. Эхлээд Чингис хааны шүтээн хөргийг венхуа арга хэлбэрээр пүүсүү торгон дээр бэхээр зурж байсан бол сүүл рүүгээ Төвөдийн танка зургийн арга барил орж ирснээр шороон будгаар зураад эхэлсэн. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн эртний шүтээн зургийг нэрлэвэл венхуа хэлбэрээр зурсан тэр зураг л байх шив.

-Таны номонд багтсан Чингис хааны шүтээн хөргийг  хаана харлаа гэж бодоод байсан чинь Дайны бурхан нэрээр ном зохиолуудад байдгийг саналаа. Тэгэхээр бид дайны бурхныг Чингис хаан гэж бодоод байгаа юм биш биз дээ?

-Англи, Америк гэх мэт улсын томоохон цуглуулагчдын гарт Гималайн урлаг Дайны бурхан гэдэг нэрээр хадгалаастай байгаа. Яагаад гэдгийг би одоо тайлбарлаж нэг бодитой түүх ярьж өгье. 1764 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хааны багш байсан жанжаа хутагт Ролбийдорж гэж Хөхнуурын монгол байлаа. Тэр жил Хөхнуурт аав нь нас барахад нутагтаа очоод буцахдаа Ордост өвөлжсөн байдаг. II Богд Манжийн төрийн эсрэг бослогод оролцсон, мөн монголчууд Чингис хааныхаа тахилга үйлдээд Манжийн хааныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Чингис хааны тахилга хийхийг хориглосон байлаа. Дэлхийд өөрийн гэсэн тахилгатай хаан Чингис хаанаас өөр байсангүй.


Монголчууд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хийгээд Найралт төв хаадад тахилга дэглэж өгсөн боловч газар аваагүй. Монголчуудад бол Чингис хааны тахилга уламжлал болсон тул хиймээр болоод байна биз дээ. Ингээд Ордосын Занги тайж жанжаа хутагт Ролбийдоржид хандаж “Бид хорин жил Чингис хааныхаа тахилгыг хийсэнгүй. Бидэнд тахилгыг дэглэн сануулж, тус болооч” гэж гуйсны дагуу жанжаа хутагт дэглэж өгч. Тэр дэг жаягийн дагуу тахилга үйлддэг газар Дорнод аймгийн Булган суманд байх хэцүү ван Тогтохтөрийн тахилгын ордон, Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт байх Хөгнөханы хийд байж. Хөгнөханы хийдэд тахиж байсан шүтээн хөрөг манай нэг нэртэй зохиолчийн хүүд одоо ч бий. Тэр “Дайны тэнгэр” гэдэг тайлбарын тухайд Манжийн хааны хавчлага, дарамтнаас салах гэж л тийн нэрлэсэн юм. Тухайн зурагт тулгуурлаад хятад, англи, монгол, кирил бичгээр жанжаа Ролбийдорж ямар зураг зурсан юм, Англид байгаа нь, Америкт байгаа нь ямар учиртай юм гэхчилэн миний бичсэн тайлбар бий.

-Энэ монголчуудын шашин юм бол бид шүтээн хөргөө залж, уншлага, заллагаа үйлдэж эзэн сангаа уншмаар байна. Монголоор орчуулаад хамгийн энгийнээр ойлгогдохуйц болгоод өгч болдоггүй юм уу?

-Би нэг франчайзинг хийж үзэж байна. Аргаа бараад өөрөө тулж ажиллаад үзье гэж шийдлээ. Одоо ямар ч айлд, эсвэл албан газар орсон их эзний хөрөг байгаа юм. Тээр дээр залчихсан, доор нь хоосон орон зай. Тэр орон зайд ганзайгаа тавиад өглөөд арц уугиулдаг, эзэн хааныхаа зүрхэн тарни буюу УМ МАХА ДЭВА РААЗА САРВА СИДДИ ЗА гэж 21 удаа уншиж утаагаар дамжин их эзний сүр, сүлд эзэнгүй хөө хуяг руу орлоо гэж дотроо сэтгэн уншдаг болчихвол сайн.

2017 онд “Чингис хааны шүтээн хөрөг” гэдэг ном, залгуулаад өнгөрсөн жил “Эзэн сангийн тайлбар”гарснаас хойш боломжтой айлууд “Чингис хааны тахилгын өрөө”-тэй болж эхэллээ. Би “Херо” энтертайнментын продюсерээр ажилладаг. Саяхан Бээжинд дуучин Тэнгэрийн гэрт зочиллоо. Гэтэл мань эр гэртээ тахилгын өрөө дэглэчихэж. Нутаг орноосоо хол яваа түүнд аврал, элбэрэл нь Чингис хаан юм байна. Ер нь нутаг орноосоо хол харийн улсад байгаа хүн л эх орныхоо үнэт зүйл, эрхэм нандин бүхнийг мэдэрч ухаардаг бололтой. Бидний гаргасан ганзайг гадаадаас их захиалж авдаг шүү. Би 2017 оноос Д.Эрдэмбилэг агсантай ажилласан. Намайг судлаач болохоор Эрдэмбилэг ах чи нэг ултай суурьтай орчин үеийн хүнд ойлгогдох эвент маягаар энийг хөгжүүлэхэд тус бол гэсэн юм. Д.Эрдэмбилэг ахын санаа хэн ч очоод тахилга тайлгаа хийчихдэг хагас шүтлэгийн хэлбэртэй хагас урлагийн бүтээл хийхийг л зорьсон юм. Тийм ч учраас голд нь суварга гаргах гэж үзээд тэр нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад явсан. Харин уран барималч А.Очирболд энэ санааг маш сайхан гаргаж өгсөн.

Би “Тэнгэрийн андгай” цогцолборт хэдэн хүүхэд цуглуулаад эвент хийлээ л дээ. Хүүхдүүдэд эзэн санг монголоор уншуулж, монгол цэргийн цусан тангараг өргөдөг зан үйлийг заахад  төгс сурсан. Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд лам жаалуудад эзэн сан заалаа. Тэд байнгын уншлагтай тул хэнгэрэг цан, дун бүрээгээ татаад уншдаг болсон. Үүндээ урамшаад энэ жил Батноров суманд арваад хүүхэд бэлдэх гэж байна. Дорнодын Халх гол сумын Их бурхантад Чингис хааныг их ор суух зан үйл хийсэн газар бонгийн шашны зан үйлийг нь сэргээгээд хүүхдүүд бэлтгэх гэж байна. Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг сумын нутагт Хүршигийн цагаан сүлдийг ахин сэргээн тахих түүнд хүүхдүүдийг бэлтгэх ийм төлөвлөгөөтэй байна. Ер нь цаашид Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас эхлээд Чингис хааны эзэн санг зааж, уншуулж сургамаар байгаа юм. Тэр насанд хүүхдүүд маш бадрангуй байдаг. Үндэс язгуураа хэн юм бэ гэдгээ яг мэдэрдэг тэр үед нь эзэн сангаа заавал үнэт зүйлээ эрт олно гэсэн үг. Дээр нь Чингис хааны тухай маш сайн хялбаршуулсан ном уншуулж, эзэн сангаа заавал уншуулж сургах ёстой юм байна. Нэлээн хэдэн туршилт хийж үзээд ард түмэндээ тайлагнан Кобаяши Такаширогийн 1960 онд бичсэн “Чингис хаан” гэдэг жижигхэн, халаасны номыг монгол бичгээр Даланбаярын орчуулгаар гаргалаа. Одоо кирилл рүү хүүхдэд зориулсан хэлбэрээр хөрвүүлж байна. Миний зорилго бол 5000 ширхэг хэвлээд газар газрын тавдугаар ангийн хүүхдүүдэд тараах. Хүүхдүүдийн хичээлээс гадуур унших ном болгочихъё л доо. Арван жилийн дараа энэ хүүхдүүд эзэн сангаа уншдаг, эх оронч суурь хүмүүжилтэй, үндэсний үзэлтэй ард түмний суурь болно.

Өнөөдрийн бид шашингүй үзлээр хүмүүжсэн болохоор эзэн санг шашны ном гэдэг үзлээр хандаад тоохгүй байна. Яагаад хүүхэд байхаас нь суурь хүмүүжил болгох ёстой гээд байгаа юм бэ. 2008 оноос эхлээд өдийг хүртэл Өвөрмонголд шашны судалгаа хийж байна. Өвөрмонголд 2008 оноос эхлээд бүх нутаг хошууд Ордосоос тоног авч, цагаан сүлд залаад эзэн сангаа уншаад эхэлсэн. Хэдийгээр Ордосоос өөр газар эзэн сан уншихыг хориглосон ч ямар үр дүн гарав. Аравхан жилийн дотор нийтээрээ уншаад сурчихсан, Хятадын төрийн дууллын дараа ангиараа зогсож байгаад эзэн сангаа уншдаг болсон. Хамгийн гол нь эх түүхээ сонирхон судласны үндсэн дээр монгол хүн болж төрснөөрөө бахархаж эх оронч суурь хүмүүжил суух зөв үр дүн харагдаж байгаа.

-Нэгд, шашны модернизаци буюу шинэчлэл, хоёрт, монголчуудын хайгаад байгаа үнэт зүйл. Эдгээрийг уялдуулаад таны өгүүлсэнчлэн шашингүйн үзлээр хүмүүжсэн бидний үеийнхэнд шашны утга учрыг ухаж ойлгуулах, үр хүүхдээ балчраас нь энэ ухааныг ойлгуулж, хүмүүжүүлэх системийг санал болгож байна гэж ойлголоо?

-Яг үнэн, ерөөсөө л тийм зүйлийг хүсээд байгаа юм. Үүнийг хийж хэрэгжүүлэхийн тулд нэгдүгээрт, шинжлэх ухааны суурь судалгаа шаардлагтай болно. 2008 оноос эхлэн Өвөрмонголд хийсэн шинжлэх ухааны суурь судалгаандаа Чингис хаанаа яаж тахиж, шүтэж байна, сүм хийдийн ямар уламжлал байна, ямар ном, судар уншиж, цээжлэх ёстой юм гэдэг ажлыг хийсэн. Бидний монгол судлал төгс болж чадахгүй байгаа баримтыг гаргаж ирсэн нь судлалсан болоод орхисноос үүдэлтэй. Уг шагыг нь ухаж төнхөхгүй байна. Монгол хурим, ёслол зан үйлийн мөрөөр ухаад байхаар шашин руугаа ордог. Төвөд судлалаар 18 наснаас эхлээд өдий 50 хүртлээ явахдаа Төвөд, Энэтхэг, Непал, Өвөрмонголын нутгаар хэрэн хэсэж “Бидний соёл Гималайн ай савд багтах юм байна. Ном судар, зан заншил соёл даган ирэхдээ ингэж, ингэж хөгжсөн юм байна” гэдгийг ойлгожээ. Энэ соёлыг монголчууд өөртөө уусгахдаа гол зорилго нь Чингис хаанаа дахин төрүүлэх үзэл санаанд суурилсан байдаг.

-Ер нь Чингис хаан судлалын хөгжил ямар түвшинд явна. Цаашид бид энэ судлалаа хэрхэн хөгжүүлбэл зохилтой юм бэ?

-Непал бурхан багшийн төрсөн нутаг, бурхан багшийн үр сад гэдэг утгаараа дэлхийн буддын шашны ном зохиолуудыг өөрсдөө дахин хэвлэдэг. Бурхан багшийн судалгаа хийдэг хүмүүсийг эх орондоо авчирч тэтгэлэг өгч сургаад ном бичүүлж англи хэлээр гаргуулдаг. Яг үүнтэй адилхан зарчмаар бид Чингис хааныхаа судалгааг хийж хөгжүүлмээр байгаа юм. Өнөөдөр чамлах юмгүй Чингис хааны музейтэй боллоо, бага, дунд ангийн хүүхдүүдийг үзүүлж, харуулдаг боллоо. Одоо үүндээ түшиглээд өөрсдийгөө гололгүй шинжлэх ухааны судалгаагаа хиймээр байна. Бидний нэг муу тал бол өөрсдийгөө голдог араншин. Чингис хааны тухай гаднынхан бичвэл үнэн, зөв байдаг, харин монгол хүн бичвэл “Энэ одоо юу чадав л гэж, ямар олигтой л юм болов гэж” гэсэн үл тоомсорлох хандлага ажиглагддаг. Миний хувьд их эзнийг шүтээнчлэн тахих зан үйл энэ найман зууны турш яруу найраг, шүлэгт хэрхэн тусав, уран зургаар хэрхэн илэрхийлэв гэдгийг судалдаг. Энэ өнцгөөс нь судалдаг хүн Монголд надаас өөр хараахан алга.

-Таны номонд дурдсан баримтыг ярилцлага эхлэхэд та багахан дурсаад өнгөрлөө. Чингис хаанаа тахих үзлийг МАН-ын бэлгэдлүүдээр халхавчилж үзэл суртлын тэр хавчлага дарамттай он жилүүдэд авч үлдсэн байх нь?

-Социализмын үеийн тэр дарамт, хавчлагатай он жилүүдэд Монголын удирдагчид Чингис хаанаа огтхон ч мартаагүй. Ардын хувьсгалын эхний он жилүүдэд цэргийн тугийг магнаг торгоор хийдэг байсныг “Магнаг үсэгтэй тугийг ээ, Магнай дээрээ мандуулсан юм аа хө” гэдэг дуунаас мэднэ. Тугийг хоёр торго хавсарч оёдог байж. Тэр хавсарсан дотор дайны тэнгэр Далх бурхнаа зүрхэн тарнитай нь модон бар дээр сийлдэг. Улаанбаатар хотын зүрхэнд байх Д.Сүхбаатарын морьтой хөшөөг урласан С.Чоймбол гуай тухайн бэлгэдлүүдийг хэрхэн шингээж нуусныг  би номондоо дурдсан. Тойруулан барьсан 14 арслан хаадын хаан гэсэн бэлгэдлийг агуулдаг гэх мэт олон зүйл бий.

-Танд сониноор дамжуулаад дайх үг байна уу?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийж буй, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутгийн төв болгох олон ажил төлөвлөсний  нэг нь Батноров суманд байрлах “Тэнгэрийн андгай” цогцолбор. Цогцолборын үйл ажиллагаа  жигдэрч хөлөө олон тогтворжиж, өнгө төрхөө оллоо. Энэ хөшөө цогцолборт миний үүрэг оролцоо бага ч эвентүүдийг нь хариуцан ажиллаж байгаа юм. Тэгээд нэг сонин зүйл ажигласнаа хэлье. Энд сүүлийн хоёр жил казахууд Баян-Өлгий аймгаас зорьж олноороо ирлээ. Тэд ирээд “Тэнгэрийн андгай” цогцолборт тангараг өргөж байна. Үндэстний хувьд тэд өөрсдийн гэсэн андгай, тангарагтай. Хөшөөний ерөнхий эскиз буюу бидний XIII зууны үеийн хувцас казах хувцастай төстэй юм байна. Хоёрдугаарт, тэд нэг санал тавьсан нь надад сонирхолтой санагдсан. Тэнгэрийн андгай хөшөөг Толбо нуурын эрэгт барьж, Чингис хааны эзэн санг казах хэлээр орчуулж өгөөч гэсэн санал тавьсан. Казахстан руу нүүж одсон төрөл төрөгсөдөө урьж залан тэр хөшөөнд андгай тангараг үйлдэх, эзэн санг унших зан үйлтэй болмоор байна гэсэн. Ер нь бид “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд энэ “Тэнгэрийн андгай” хөшөөт цогцолборыг боомт нутгууддаа хуулбарлан босгож монгол туургатнаа аялал жуулчлалын хэлбэрээр татах нэг боломж бололцоо байж болох юм. Дэлхийн монгол туургатандаа соёлын түрлэг хийж, зөөлөн хүчний бодлогыг тэлэх нэг арга. Энэ утгаар нь Монгол Улсын Засгийн газар дэмжинэ гэвэл зөв зүйтэй санаачилга болно. Одоохондоо би хүүхдүүдэд хөтөч болох суурийг нь тавьж эзэн сангаа уншдаг, түүхээ ярьдаг болох талаас нь сургалтаа хийгээд явж байна. Энэ жил ямартай ч 10 хүүхдэд зааж сургана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Сайхан ярилцлага боллоо танд баярлалаа.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


1
angry
0
care
1
haha
20
liked
8
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.91
2023/07/04
0
0
Мөн ч дураараа унгас алдах юм даа, шарын шашны үед үндэсний ухамсар доод цэгтээ хүрцэн бсан шүү.
Хариулах
203.98.76.230
2023/07/04
0
0
Энэ Шар хаданд байх ёстой хүншдээ! Хүмүүсийг мэдэхгүйгээр нь далимдуулж мунхаруулна гэж!!!
Хариулах
64.119.20.17
2023/06/07
0
0
Шинжлэх ухаан боловсрол ёс зүйд суралцаж уламжилалт зан заншилаа дээдлэж байж өмөж дэвжэнэ.Түүнээс харь түвдийн хог шарын шашин шүтээд өөдөлсөн юм хаана байна .Яасан их эргэж төрөх дуртай ьэнэмэл сүнс вэ ??төрлөө олохгүй байж түмнийг түвшитгэх үү Далай лам Богд бас дээрээс Чингис хааныг нэмэх дутаж балай балинч чинь!!!!!!
Хариулах
192.82.67.175
2023/06/04
0
0
Тэнгэр шүтээнт монголчууд байгаль дэлхий, уул ус, өрлөг эжийгээ шүтэж дэлхийг морин төвөргөөнөөр донсолгож байсан түүх. Шашин биднийг номхон хүлцэнгүй болгож оюун санааг бузарласан. Чингис хаан буддизм шүтээд дэлхийн талыг эзэлсэн бол хамаа алга би шүтье
Хариулах
192.82.82.248
2023/06/03
0
0
Бөөн холион бантан. Өвөрлөгчид шашинжих тусмаа хятадад гүн бат суугдаж уусаж эх хэлгүй болсон шүү.
Хариулах
202.21.107.66
2023/06/02
0
0
МБШТөв Гандантэгчэнлин хийд Чингис хааныхаа сан тахилга Хааны мэндэлсэн өдөр үйлддэг .
Хариулах
202.126.90.143
2023/06/02
1
0
Энэ залуу их зүйл бүтээж байгаа.Уламжлалт соелоо их дэлгэрүүлж байгаад талархая
Хариулах
66.181.161.59
2023/07/04
0
0
Үхсэн ацны уламжлалт соёл хаана бна 10удаа эргэж төрөөд мандан бадарсан түүх Богдын????Гарамжав авгайн захиалга мөнгөнд худалдагдсан асман лам!!!!Одоо Монголчуудад үндэсний ухамсар, эрдэм мэдлэг ,эх оронч үзэл л аврал!!!
Хариулах
202.9.46.52
2023/06/02
0
0
Ялангуяа халх монголчууд бие биеэ үгүйсгэж муучлах донтой юм шиг заавал нэг доромж хараал хэлдгээр хэлдгээр болиосой!!!
Хариулах
66.181.161.131
2023/06/02
2
0
Үгүйсгээд байгаа нохдууд Чингис хаанаас салгах бодолтой нөгөө л гадны нохдууд дүрээрэй мөн шүү. Эхлээд тэр номын уншчих дараа нь үгүйсгэлээ бурцгаа.
Хариулах
66.181.161.59
2023/07/04
0
0
Үхсэн ацны уламжлалт соёл хаана бна 10удаа эргэж төрөөд мандан бадарсан түүх Богдын????Гарамжав авгайн захиалга мөнгөнд худалдагдсан асман лам!!!!Одоо Монголчуудад үндэсний ухамсар, эрдэм мэдлэг ,эх оронч үзэл л аврал!!!
Хариулах
202.55.188.86
2023/06/02
0
3
Манжийн төр алтан ургийнханд маш хатуу хандаж, байнга дарамтанд байлгасан. Энэ бол бараг худлаа байх шүү. Аймар дарамтлаад байсан юм байдаг юм уу? Харин ч манайханд нэлээн найр тавьж байсан, хүчээр биш аргаар захирч байсан баримт нотолгоо бол их бий ш дээ. Монголд ноёдод гүнж нараа өгч найр тавьж байсан байдаг. Цалин фүнлүгээр нилээн сайн хангаж байсан байдаг. Тийм дээ. Мануусыг жаахан тогтоож байсан.
Хариулах
192.82.82.248
2023/06/03
0
0
Үнэн2
Хариулах
202.55.188.86
2023/06/02
2
2
Шал худлаа. Ямар ч баталгаа нотолгоо байхгүй. Өөрийнхөө бодсоноор ярьж болохгүй шүү дээ.
Хариулах
64.119.29.129
2023/06/02
0
0
Маш тодорхой баримттай ярьжээ.
Хариулах
192.82.82.248
2023/06/03
0
0
Дурараа шааж өгчээ
Хариулах
202.55.188.86
2023/06/02
1
0
Ямар баримт байгаан, үхсэн баас, дандаа хулдаа шааж байдаг гар ш дээ. Өөрийнхөө бодосноор бусдын толгойг угааж байдаг хүн
Хариулах
66.181.161.247
2023/06/02
0
1
Ном нь ямар нэртэй юм бол
Хариулах
66.181.161.7
2023/06/02
1
0
Бүхнийг мэдэгчийн дүрд тоглож бгаа солиотой хог.
Хариулах
66.181.161.60
2023/06/02
0
0
Чи судлаж мэдкү л д
Хариулах
Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 10 минутын өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 минутын өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 23 минутын өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 27 минутын өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 30 минутын өмнө
SDY Calling you... 50 минутын өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 55 минутын өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 1 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 1 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 1 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22